Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1127

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/01127

 

 

 

“СТ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00674 дүгээр шийдвэртэй “СТ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б, Д.Э нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2 105 987 310 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Б , хариуцагч Д.Э , хариуцагч нарын өмгөөлөгч А.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СТ ” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Б-тай ЗГ20161017 дугаартай зээлийн барьцаат гэрээг байгуулж, энэхүү гэрээнд “КТ ” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Э нь батлан даагчаар оролцож гэрээнд гарын үсэг зурсан. Мөн мөнгө хүлээн авсан бүхий л баримтад Д.Б, Д.Э нар нь хамт гарын үсэг зурж байсан болно. Д.Э  нь дээрх гэрээнд батлан даагчаар гарын үсэг зурсан нь үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол түүний өмнөөс төлбөрийг нөхөн хариуцахыг зөвшөөрсөн гэж үзэхээр байх ба үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хүлээхээр Иргэний хуульд заасан. Мөн нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх нь нээлттэй байна. Энэхүү гэрээгээр нийт 5 400 000 юанийг 9 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй байхаар, хугацаа хэтэрсэн тохиолдолд сар бүр 3 хувийн хүүтэй байхаар, хугацаа хэтэрсэн тохиолдолд сар бүр 3 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. “СТ ” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 юань, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500 000 юань, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 600 000 юань, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 900 000 юань, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1 000 000 юань, нийт 5 000 000 юанийг зээлдэгч Д.Б-гийн дансанд шилжүүлж, мөн мөнгө хүлээн авсан баримтад Д.Э ын хамт гарын үсэг зурж баталгаажуулсан. ЗГ20161017 дугаартай зээлийн барьцаат гэрээний оролцогч нь Д.Б бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дууссан боловч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл зээлийн хүүд 380 000 юанийг төлсөн бөгөөд үүнээс хойш зээлийн хүү болон төлбөрийг хугацаандаа төлөөгүй. Одоогийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 юань, зээлийн хүү 70 000 юань, хэтэрсэн хугацааны хүү /гэрээний 1.1-т сард 3 хувь байхаар тохиролцсон/ 1 083 000 юань нийт 6 153 000 юанийн төлбөрийг төлж барагдуулахгүй хугацаа хэтрүүлж, хохироож байна. Дээрх зээлийн гэрээний дагуу нийт /Монгол банкны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн юанийн ханш 342 төгрөг 27 мөнгө/ 6 153 000 юань буюу 2 105 987 310 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б би “СТ ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй, харин БНХАУ-ын иргэн тухайн үед “СТ ” ХХК-д Ерөнхий захирал ажилтай байсан В.Х-аас зээлийг авсан. В.Х Ж нь зээлийг миний данс руу шилжүүлдэг байсан бөгөөд уг зээлийг Д.Б би аваагүй, Д.Э  нь миний дансаар дамжуулан В.Х Ж-аас авсан. В.Х Ж нь зээлийн хариу төлбөр болгон хүүгээ олгосон зээлээсээ суутган авч хувьдаа орлого болгон авдаг байсан. “СТ ” ХХК нь зээлийн гэрээний үндсэн дээр компаниас олгогдсон гэж байгаа энэ тухайгаа баримтаар нотлох ёстой ба хүлээлгэж өгсөн, шилжүүлсэн, компанийн тайлан тооцоонд тусгагдсан гэх мэт баримт байх ёстой. Мөн тухайн үед гэрээ байгуулснаараа дамжуулж зээл олгоогүй байж зээл өгсөн мэтээр буруу ташаа ойлголт төрүүлж В Х Ж-ны өмнөөс зээлийг авч үндэслэлгүй хөрөнгөжих гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.          

 Хариуцагч Д.Э  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Д.Э  миний бие БНХАУ-ын иргэн тухайн үед “СТ ” ХХК-д Ерөнхий захирал ажилтай байсан Ван Хай Жунтай удаа дараа хэлэлцсэний эцэст дараах байдлаар мөнгө зээлж авсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээл 2 000 000 төгрөг, шилжүүлсэн 1 980 000 төгрөг, зээлийн хүү 20 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээ 500 000 төгрөг, шилжүүлсэн 475 000 төгрөг, зээлийн хүү 25 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн хэмжээ 600 000 төгрөг, шилжүүлсэн 594 000 төгрөг, зээлийн хүү 6 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн хэмжээ 900 000 төгрөг, шилжүүлсэн 891 000 төгрөг, зээлийн хүү 9 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн хэмжээ 1 000 000 төгрөг, шилжүүлсэн 980 000 төгрөг, зээлийн хүү 20 000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 5 000 000 төгрөг, шилжүүлсэн 4 920 000 төгрөг, зээлийн хүү 80 000 төгрөг байна.

Дээрх зээлийг “СТ ” ХХК-иас аваагүй болно. Тийм ч учраас бид тохиролцоод БНХАУ-ын иргэн В.Х Ж нь зээлийн хариу төлбөр болгон хүүгээ олгосон зээлээсээ суутган авч хувьдаа орлого болгон авдаг байсан. Тухайн үед захирлаар ажиллаж байсан компанитай гэрээ байгуулсан учир нь “Монгол Улсын иргэн, мөн компани хоёр зээлийн гэрээ байгуулах нь илүү хялбар” гэдэг саналыг В.Х Ж тавьсан. Харин дараа нь В.Х Ж энэ тохиролцоогоо өөрчилж компани дээр үл ойлголцол байгаа, мөн “компани ямар ч мөнгөгүй байгаа учраас би мөнгө олоод чамд хувиасаа зээл олгоё, гэхдээ чи зээлийн хүүгээ цаг тухайд нь төлнө шүү энэ нь миний хувьд ашиг болох юм” гэх шаардлага тавьсан. В.Х Ж хувиасаа Д.Б-гийн данс руу шилжүүлж надад уг зээлийг олгосон.

 Гэтэл “СТ ” ХХК нь В Х Ж-ны хувиасаа олгосон зээлийг компанийнх гэж ойлгож болохгүй, надад зээл олгоогүй байж олгосон мэтээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хэрэв тэр мөнгө бичгээр хийсэн зээлийн гэрээний үндсэн дээр компаниас олгогдсон гэж байгаа бол энэ тухайгаа баримтаар нотлох ёстой ба хүлээлгэж өгсөн, шилжүүлсэн, компанийн тайлан тооцоонд тусгагдсан гэх мэт баримт байх ёстой. “СТ ” ХХК тухай үед гэрээ байгуулснаараа дамжуулж зээл олгоогүй байж зээл өгсөн мэтээр буруу ойлголт төрүүлж В Х Ж-ны өмнөөс зээлийг авч үндэслэлгүй хөрөнгөжих гэж байгааг зөвшөөрөхгүй. “СТ ” ХХК-ийн захирал О.Б-тэй зээлийн гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б, Д.Э нараас 1 716 484 050 төгрөгийг гаргуулж, “СТ ” ХХК-д олгож, “СТ ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 389 503 260 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 10 686 886.55 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8 740 370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б, Д.Э нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдал, үйл баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн “....шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд хариуцагч Д.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу “ “СТ ” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2016/069 тоот “Хувьцаа эзэмшигчийн шийдвэр” гэх баримтад В Х Ж-ны гарын үсэгт” шүүгчийн захирамжаар шинжээч томилуулах, мөн Хил хамгаалах ерөнхий газраас В Х Ж-ны Монгол Улсын хилээр орсон, гарсан лавлагааг гаргуулах тухай тус тус гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нь “Уг гарын үсгийн шинжилгээ хийлгэх нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй, ВХЖ “СТ ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, харин Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа гаргуулах хүсэлт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой баримт биш” гэж хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Түүнчлэн, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасанцогтоос хариуцагчийн гаргасан дээрх 2 хүсэлтүүдийг дахин шүүхэд гаргахад анхан шатны шүүхээс “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу Хил хамгаалах ерөнхий газраас лавлагааг гаргуулах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах эрхтэй талаар заасан тул шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой” гэж үзэж хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал, анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан хүсэлтүүдийг хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж хүсэлтүүдийг хангахгүй орхисон атлаа нэхэмжлэгчээс яг адилхан хүсэлтүүдийг дахин гаргахад хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой хүсэлт гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьж, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан.

Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг үндэслэн татгалзлаа нотлохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад чухал ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулахаар дараах хүсэлтүүдийг шүүхэд гаргасан.

 Үүнд: Нэхэмжлэгч компани болон Татварын ерөнхий газраас “СТ ” ХХК-ийн 2016 оны жилийн эцсийн тайланг гаргуулснаар Татварын ерөнхий хуульд заасны дагуу хуулийн этгээд нь татварын тайландаа өөрийн өглөг, авлага, хөрөнгө оруулалт гэх мэтчилэн бүхий л санхүүгийн мэдээллүүдийг тайлагнасан байдаг бөгөөд зээлийг нэхэмжлэгчээс авсан эсэхэд эргэлзээ төрөх боломжтой юм. Нэхэмжлэгч “СТ ” ХХК-иас тухайн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргасантай холбоотой баримтуудыг /хурлын тэмдэглэл, хурлын зар гэх мэт/ гаргуулах хүсэлт гаргасан. В.Х Ж-аас мөнгийг шилжүүлж авсан байхад “СТ ” ХХК нь хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг нөхөж үйлдэн, ВХЖ хөрөнгийг “СТ ” ХХК-ийн хөрөнгө мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэдгийг тогтоох зорилготой байсан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас “СТ ” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулахаар хүсэлтийг гаргасан.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхэд “СТ ” ХХК-ийн гэрчилгээнд 2017 оноос О.Б-ийг захирлаар томилсныг бүртгэсэн байдаг бөгөөд одоо ВХЖ нь тухайн хуулийн этгээдэд хувьцаа эзэмшдэг эсэх нь тодорхойгүй, үүнийг тодруулах зорилготойгоор энэхүү хүсэлтийг гаргасан. Хэрэв В.Х Ж нь хувьцаа эзэмшигч биш бол “СТ ’” ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа гэсэн үг юм. Бид зээлийг хуулийн этгээдээс бус БНХАУ-ын иргэн В.Х Ж-аас авсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ВХЖ-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд ВХЖ нь “СТ ” ХХК-д хувьцаа эзэмшдэг эсэх нь тодорхойгүй байсны улмаас бид ВХЖ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй. Энэхүү нотлох баримтуудаар БНХАУ-ын иргэн тухайн үед “СТ ” ХХК-д ерөнхий захирал ажилтай байсан В.Х Ж буюу иргэнээс зээл авч, зээлийн хүү төлдөг байсан ба зээлийн гэрээний харилцаа ВХЖ болон Д.Б, Д.Э нарын хооронд үүссэн гэдгийг нотлох боломжтой байсан.

Хариуцагч нар хариу тайлбар гаргасан цагаас эхлэн “... “СТ ” ХХК нь нэхэмжлэгч биш, БНХАУ-ын иргэн В.Х Ж нь нэхэмжлэгч, В.Х Ж-аас авсан мөнгийг ВХЖ-д буцааж өгнө” гэж маргасан, үүнийг нотлох үүднээс дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар гаргуулахыг хүссэн боловч хангахгүй орхисон юм.

Бидний зүгээс гаргасан хүсэлтүүдийг хангаагүй шийдвэрлэснээс болж бид хариу тайлбар буюу өөрийн татгалзлаа нотлох болон мэтгэлцэх боломж олдоогүй болно. Гэвч анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг ойлголгүй, хэт нэг талыг баримтлан хариуцагч нарыг хохироосон шийдвэр гаргасанд бид гомдолтой байна. Тодруулбал нэхэмжлэгч болох “СТ ” ХХК нь тухай үед хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөс зээл олгоогүй байж зээлийг олгосон мэтээр зээлийн төлбөр нэхэмжилж, В Х Ж-ны өмнөөс мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжих гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчаас зээлийн хүүг буцаан төлсөн баримтуудыг гаргаж өгсөн ба тухайн баримт дээр зээлийн хүүг В Х Ж-ны данс руу шилжүүлсэн нь тодорхой харагддаг.  Анхан шатны шүүх нь анхнаасаа нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтыг хөдөлбөргүй нотлох баримтын хэмжээнд үнэлж, хариуцагчаас гаргасан хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд.заасны дагуу мэтгэлцэх боломжоор хангаагүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан. Дээрх байдлаар анхан шатны шүүх маргааны үйл баримтад үнэн зөв дүгнэж чадаагүй бөгөөд гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч “СТ ” ХХК нь хариуцагч Д.Б, Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 153 000 юань буюу 2 105 987 310 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

“СТ ” ХХК болон Д.Б нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 5 400 000 юанийг 9 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 3 сараас хэтрэхгүй хугацаагаар 3 хувийн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон 000316871 дугаартай “И ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалан, ЗГ20161017 дугаартай зээлийн барьцаат гэрээг бичгээр байгуулсан үйл баримт хэргийн 5-9 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон.

Талуудын хоорондын дээрх гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг бүхий Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч 4 920 000 юанийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь хэргийн 16-25 дугаар талд авагдсан баримтаар нотлогдсон. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж зааснаар хариуцагч Д.Б зээлдэгчийн хүлээх үүргийн хүрээнд авсан мөнгөө гэрээгээр тохирсон хүүгийн хамт буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч тайлбар гаргахдаа “ “СТ ” ХХК-иас зээл аваагүй, тус компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн В.Х Ж-аас авсан зээлийг компани шаардах эрхгүй” гэж нэхэмжлэлээс татгалзсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй тайлбараа нотлоогүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийг нотлогдсон хэмжээгээр хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Хариуцагч нь “КТ ” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар 2 000 000 төгрөгийг ВХЖ-д хүлээлгэн өгсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг гаргаж өгсөн ба уг баримтад В Х Ж-ны гарын үсэг зурагдсан. Энэ нь түүний өмнө мөнгө хүлээж авсан баримтад зурсан гарын үсэгтэй ижил байгаа, нэхэмжлэгчийн зүгээс уг гарын үсгийг үгүйсгээгүй байхад төлөгдсөн төлбөр тооцооноос хасч тооцоогүй нь буруу бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд хариуцагчийг 2 000 000 төгрөгийг буцаан төлсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалтад заасны дагуу Д.Э ыг зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй байна. Талуудын хоорондын гэрээний 3.6.2-т хамтран үүрэг гүйцэтгэгч байвал нөхөх үүрэг хүлээх буюу үндсэн зээлдэгчийн дараа үүргийг хүлээх заалт оруулсан боловч энэ нь Д.Э  хамтран зээлдэгч гэх агуулгыг шууд заагаагүй.

Зээлийн гэрээнд Д.Э ын эрх зүйн байдал “батлан даагч” гэж бичигдсэн.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.”, 460.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.” гэж тус тус заажээ.

Батлан даагчийн хувьд Д.Э  үүргийг хамтран хариуцахаар гэрээнд заагаагүй, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж илт чадахгүй болсныг нотолсон баримт байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа түүнийг батлан даагчийн хувьд шаардлага гаргаагүй байна. Д.Э ыг зээлдэгч гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймээс Д.Э ад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч Д.Б-аас 1 714 484 050 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00674 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-аас 1 714 484 050 /нэг тэрбум долоон зуун арван дөрвөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга тавин төгрөг/-ийг гаргуулж, “СТ ” ХХК-д олгож, “СТ ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 387 503 260 төгрөг, хариуцагч Д.Э ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагчаас 8 740 370” гэснийг “хариуцагч Д.Б-аас 8 730 370” гэж  өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 730 370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                        ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                             Б.НАРМАНДАХ