Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2022/02875

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ч.Нямсүрэн, шүүгч А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 13 гудамж, 5а тоот хаягт оршин суух, Адуучин овогт Сээтэнгийн Нямцэен /рд:ЧД76052706/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Толгойт-6, өөрийн байр хаягт оршин байх, Сонгинохайрхан дүүргийн Наядугаар цэцэрлэг ТБАГУТҮГ /рд:9123946/-т холбогдох,

 

            Гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Нямцэен нь Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт туслах багшийн ажил хийгээд 7 жил болж байгаа бөгөөд 2021 оны 11 дүгээр сард цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганцэцэгт баруун жигүүрийн шатны үйлчлэгчийн ажил хийх хүсэлт гаргахад 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн баруун жигүүрийн шатны үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. 2022 оны 02 сарын 15-ны өдрийн өглөө ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байтал слейсер, нярав н.Мөнхцэцэг нар ирээд нярав Мөнхцэцэг нь намайг салбар бүлгийн гал тогооны пийшингийн хоёр талын тос асгасан хэсгийг цэвэрлээдэх гэхээр нь би энэ хэсэг чинь цахилгааны утас нь харагддаг, тог цохидог шүү дээ би хүрэхгүй гэж хэлсэн. Гэтэл н.Мөнхцэцэг гэдэг хүн “чи ажлаа хийхгүй байна. Чиний ур чадварын үр дүнгийн мөнгийг чинь олгохгүй гэж хэлж уурласан. Тэгээд слейсер н.Даваасүрэн энэ гал тогооны өрөөний тогийг салгачих гэж хэлтэл н.Даваасүрэн гал тогооны өрөөнд хананд өлгөөтэй байх шит-ийг унтраачхаад н.Мөнхцэцэгт унтраачихлаа гэж хэлээд гал тогооны өрөөнөөс гарсан юм. Би чийгтэй алчуураар тэр арч гэсэн хэсгийг арчиж байх үед тогонд цохиулсан. Тухайн үед миний бие салганаад чичрээд хүйтэн хөлс цувж байсан. Тэгэхээр нь би байгууллагынхаа эмч дээр очиж үзүүлтэл эмч халуун цай уух уу, одоо яана аа гээд тайвшруулах 1 ширхэг эм өгсөн юм. Тэр орой нь гэртээ хариад байж байтал 22 цагийн үед гэв гэнэт таталт өгч ухаан алдаад түргэн дуудтал түргэний эмч ирж үзээд тайвшруулж дусал залгасны үндсэн дээр гайгүй болсон. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ГССҮТ-р үзүүлсэн чинь түлэнхий тасагт хэвтүүлсэн. Түлэнхий тасагт 6 хоног хэвтэж гарч ирчхээд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлээд мэдрэлийн эмчийн хяналтад 2022 оны 04 сарын 18-ны өдөр хүртэл гэрээр эмчилгээ хийлгэсэн. Мэргэжлийн хяналтын газрын комиссын 2022 оны 03 сарын 18-ны өдрийн комиссын шийдвэрээр “Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын 2.1.1-д зааснаар ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж, байх үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөн тул үйлдвэрлэлийн осолд тооцсон” гэсэн дүгнэлт гарсан. Би 2022.04.19-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганцэцэгтэй уулзаад “миний актын хугацаа дууссан. 1 дэх өдрөөс ажилдаа орно гэж хэлээд эмчилгээний зардал 3,000,000 төгрөг болсон тул байгууллагаас гаргаж өгөх боломж байна уу гэтэл эрхлэгч Б.Ганцэцэг нь “би чиний өмнөөс торгууль төлсөн энэ мөнгийг чинь гаргаж өгч чадахгүй, чи тэр нярав н.Мөнхцэцэгээсээ гаргуулж ав” гэсэн. Цахилгаан утсыг нойтон алчуураар арчсан зүйл байхгүй. Гал тогоонд байрлах дөрвөн ширэмтэй том тогооны тавцан дээр зүүн гараараа тавиад баруун гараараа тогооны хажуу талыг арчих үед тогонд цохиулсан. Тэрнээс би цахилгааны утас байрлах шалны гадаргуу хэсгийг арчаагүй юм. Баруун зүгийн шатны үйлчлэгчийн ажил хийж байсан. Би баруун жигүүрт байх нойл, коридор цэвэрлэх үүрэгтэй. Миний бие 2022 оны 02 сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 3276 тоот тогтоолоор С.Нямцэений эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч уг гэмтлийг С.Нямцэенд санаатайгаар учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Намайг ГССҮТ-өөс гараад гэртээ байж байхад манай ар гэрийнхэнтэй уулзаад надад 1,000,000 төгрөг өгсөн байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т ”Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна” гэж хуулиар зохицуулж өгсний дагуу С.Нямцэен миний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал, эм тарианы зардал болон бусад холбогдох эмчилгээний зардал болох 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

2.Хариуцагч “Сонгинохайрхан дүүргийн Наядугаар цэцэрлэг” шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Нямцэен нь 2021 онд туслах багшаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр үйлчлэгчийн орон тоонд ажиллах хүсэлт гаргаж 2021 оны намраас тус ажлын байранд томилогдсон. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлын байран дээрээ тогонд цохиулсан гэх асуудал гарсан байсан. Тухайн үед гал тогоонд ганцаараа цэвэрлэгээ хийж байсан гэх, цэцэрлэгийн шууд удирдлага болох Б.Ганцэцэг энэ тухай 2022 оны 02 сарын 16-нд мэдсэн. Тухайн үед С.Нямцэен ил харагдах шарх шалбархайгүй байсан ба цэцэрлэгийн зүгээс чөлөө өгч улмаар эмчилгээндээ зарцуулаарай гээд 1,000,000 төгрөг, дахиад хамт олноос 300,000 төгрөг цалин үр дүнгийн урамшуулалд 467,504 төгрөг, нийт 1,767,504 төгрөгийн тусламж үзүүлсэн. Мөн хуулийн дагуу дүүргийн Мэргэжлийн хяналтын албанд хандаж 2022 оны 03 сарын 07-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт гаргуулсан. Тус актаар ч цахилгаан гүйдлийн нөлөө онош тогтоосон боловч тухайн үед ажлын байран дээр осол болсныг гэрчлэх хөндлөнгийн гэрч байхгүй, ажилтан аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөөгүй осолд өртөхөд хүрсэн гэх дүгнэлт гарсан. Мөн түүнчлэн 380КВ-ын цахилгаан гүйдэлд цохиулсан хүн шууд нас барах, наалдах, шидэгдэх, маш хүнд гэмтэл авдаг гэсэн мэргэжлийн байгууллагын тайлбар ч бий. Ингээд дүүргийн Мэргэжлийн хяналтын алба ажил олгогчийн зүгээс ямар нэг хууль зөрчсөн алдаа байхгүй гэж үзэж торгууль, шийтгэл хүлээлгээгүй юм. Гэтэл С.Нямцэен дахин Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасныг шалгаад Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 3276 тоот тогтоолоор С.Нямцэений биед санаатай гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шат шатны хууль хяналтын байгууллагууд С.Нямцэенд учирсан гэмтэлд хэн нэгнийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзсээр байтал С.Нямцэен элдэв асуудал үүсгэн байгууллагын ажилд саад учруулж үндэслэлгүйгээр 3,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Нямцэений иргэний үнэмлэхний хуулбар, Протлаб гэх баримт, “Med Trauma” эмнэлэгийн үзлэгийн хуудас, Халиун нэгдсэн эмнэлэгийн 35,000 төгрөгийн баримт, “Аржу” ХХК-ийн эмийн сангийн 1,600 төгрөгийн төлбөрийн баримт, “Монгол фарм” ХХК-ийн төлбөрийн баримт, “Эмиралд фарм”-ын төлбөрийн баримт, “Увидаст” эмийн сангийн төлбөрийн баримт, СХД-ийн ЭМТ-ийн төлбөрийн баримт, “Бэришзул” ХХК-ийн төлбөрийн баримт, “Нобо” ХХК-ийн төлбөрийн баримт, Монос эмийн сангийн төлбөрийн баримт, “Нинж баясах” эмийн сангийн төлбөрийн баримт, “Бэришзул” ХХК-ийн төлбөрийн баримтууд, “Аржу” ХХК-ийн 11,200 төгрөгийн төлбөрийн баримт, “Тал булаг” ХХК-ийн төлбөрийн баримтууд, U smile эмийн сангийн төлбөрийн баримт, МТ ШТС-ын төлбөрийн баримт, Сод монгол групп ХХК-ийн төлбөрийн баримт, “Газ-Ойл” ХХК-ийн ШТС-ын төлбөрийн баримт,  “Аргал-Ойл” ХХК-ийн ШТС 7-ын төлбөрийн баримт, МТ ШТС-ын төлбөрийн баримт, 10,000 төгрөгийн төлбөрийн баримт, МТ ШТС-ын төлбөрийн баримт, Монсуль ШТС-ын төлбөрийн баримт, МТ ШТС-ын төлбөрийн баримтууд, М-Ойл ШТС-ын төлбөрийн баримт, “Шунхлай трейдинг” ХХК-ийн ШТС-ын төлбөрийн баримтууд, 11,850 төгрөгийн төлбөрийн баримт, 23,900 төгрөгийн баримт, “Газ-Ойл” ХХК-ийн ШТС-ын 23,850 төгрөгийн төлбөрийн баримт, “Петростар” ХХК-ийн ШТС-ын төлбөрийн баримт, Azuka Khunsnii delguur гэх 5,000 төгрөгийн төлбөрийн баримт, 47,800 төгрөгийн төлбөрийн баримт, “Шунхлай трейдинг” ХХК-ийн ШТС-ын 23,183 төгрөгийн төлбөрийн баримт, 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 25,000 төгрөгийн төлбөрийн баримт, “Газ-Ойл” ХХК-ийн ШТС-ын 23,850 төгрөгийн төлбөрийн баримт, 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 15,000 төгрөгийн баримт, 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 4,118 төгрөгийн төлбөрийн баримт, 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 23,900 төгрөгийн төлбөрийн баримт, 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 31,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 21,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 7,967 төгрөгийн төлбөрийн баримт, “Ойн бирж” ШТС-ын төлбөрийн баримт, 2022 оны 05 сарын 15-ны өдрийн 24,000 төгрөгийн төлбөрийн баримт, 29,000 төгрөгийн төлбөрийн баримт, 8,500 төгрөгийн төлбөрийн баримт, СU-141 дэлгүүрийн төлбөрийн баримт, 23,400 төгрөгийн төлбөрийн баримт, “Ти Эм Ойл” ХХК-ийн ШТС-ын төлбөрийн баримт, “Цанд-Од” гэх 51,000 төгрөгийн баримт, төлбөрийн баримт, Захиалгын №936176 тоот 51,000 төгрөгийн баримт, Хаан банкны 2022 оны 04 сарын 06-ны өдрийн журналын №4294728,№4605315 тоот баримтууд, фото зургууд, Нандин ломбардны №1829451, №1831145, №1831653, №1831032 тоот барьцаат зээлийн гэрээнүүдийн хуулбар, С.Нямцэений Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан өвчний түүхэд хавсаргасан баримтууд, Цанд-Од эмнэлзүйн лабораторийн шинжилгээний бичгүүд, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн төвийн 2022 оны 07 сарын 18-ны өдрийн баримт, С.Нямцэенээс А.Эрдэнэбаярт олгосон итгэмжлэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 3276 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар, 2022 оны 06 сарын 22-ны өдрийн зүрхний хэт авиан шинжилгээний протокол гэх баримт, өвчтөний картын хуулбарууд,

 

Хариуцагчаас, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, С.Нямцэенд цалин олгох хүснэгтүүд, Ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Хаан банкны журналын №8916329 тоот мөнгөн шилжүүлгийн баримт, С.Мөнхцэцэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 3276 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/68 дугаар тушаалын хуулбар, С.Нямцэений ажлын байрны тодорхойлолтын хуулбар, С.Нямцэений хөдөлмөрийн гэрээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 сарын 20-ны өдрийн А/25 дугаар тушаал, хавсралт, Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам, 2021-2022 оны хичээлийн жилийн багш ажилчдын ажиллах болон амралтын цагийн зохицуулалт хийсэн тэмдэглэлийн нэгтгэл, С.Нямцэений 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл цалин олгох хүснэгт, Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 03 сарын 03-ны өдрийн А/06 тоот тушаалын хуулбар, , Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн удирдлагын багийн шуурхай хуралдааны №1 тоот тэмдэглэл, Цэцэрлэгийн салбар бүлгийн гал тогооны схем зураг, , Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 14 тоот албан бичиг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 15/03169/19 тоот техникийн нөхцөлийн хуулбар, УБЦТС ХК-ийн харьяа Баруун түгээх төвийн шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн хуудасны хуулбар, Газардуулга шалгасан протокол №167, С.Нямцэенд нийгмийн даатгалаас листийн олгосон мөнгөн дүнгийн нэгтгэл, орлогын дэлгэрэнгүй баримт, 2022 оны 04 сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн төлбөрийн хүсэлт болон орлогын дэлгэрэнгүй баримтууд, С.Нямцэенд олгосон мөнгөн дүнгийн нэгтгэл, цалин олгох хүснэгтүүд, Хаан банкны журналын №8916329 тоот мөнгөн шилжүүлгийн баримт, С.Мөнхцэцэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 01 сарын 03-ны өдрийн шаардах хуудас №17, зарлагын баримт №17 гэх баримт, гэрч Г.Цэрмаагийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч С.Нямцэен нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Наядугаар цэцэрлэгт холбогдуулан гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргав.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

5.Нэхэмжлэгч нь “...ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ тогонд цохиулсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлэг, эм, эмчилгээний зардал, эмнэлэгт хэвтэж байх үеийн хоол ундны зардал, шатахууны зардалд 3,000,000 төгрөг гаргуулна” хэмээн шаардав.

Хариуцагч нь “...нэхэмжлэгч С.Нямцэен нь тогонд цохиулсан эсэх нь тогтоогдоогүй, мөн байгууллагын зүгээс эмчилгээндээ зарцуул гээд 1,000,000 төгрөг, дахиад хамт олноос нь 300,000 төгрөг, цалин үр дүнгийн урамшуулалд 467,504 төгрөг, нийт 1,767,504 төгрөгийн тусламж үзүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргав.

 

6.С.Нямцэен  нь 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн Наядугаар цэцэрлэгт туслах багшаас үйлчлэгчийн ажилд шилжин томилогдон ажиллаж байжээ. Тэрээр 2022 оны 02 сарын 15-ны өдөр цэцэрлэгийн гал тогооны өрөөнд цэвэрлэгээ хийж байх үедээ тогонд цохиулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбар, 2022 оны 03 сарын 18-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 3276 тоот тогтоол, ГССҮТ-ийн 2022 оны 02 сарын 16-ны өдөр нээсэн “Өвчний түүх” зэрэг баримтаар тогтоогдов.

 

7.Нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

8.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 3276 тоот тогтоолд “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 6829 дугаартай шинжээчийн 1.С.Нямцэенгийн биед цахилгаан гүйдлийн үйлчлэл гэмтэл тогтоогджээ. 2.Уг гэмтэл нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөр алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг бичгийн бусад баримтууд цугларчээ. Материалд цугларсан баримтуудаар иргэн С.Нямцэен нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 80 дугаар цэцэрлэгийн гал тогооны өрөөнд цэвэрлэгээ хийж байх явцдаа цахилгаанд цохиулж “цахилгаан гүйдлийн нөлөө”-нд өртөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч уг гэмтлийг С.Нямцэенд санаатайгаар учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх гомдлыг гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нь “...С.Нямцэен нь тогонд цохиулсан эсэх нь тогтоогдоогүй” хэмээн маргадаг боловч дээрх баримтаар С.Нямцэенгийн биед цахилгаан гүйдлийн үйлчлэл гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан болох нь нотлогдов. Тиймээс хариуцагчийн энэхүү татгалзал үндэслэлгүй юм.

 

9.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 03 сарын 18-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-д дүгнэснээр газардуулгын утас хуучирч муудсан ажиллагаа доголдсон байх магадлалтай, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм зөрчиж, хамгаалалтын резинэн бээлий өмсөөгүй нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гаргахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйл хэмээн тэмдэглэжээ.

С.Нямцэен  нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын байран дээр гэмтсэн байх ба Сонгинохайрхан дүүргийн Наядугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 сарын 20-ны өдрийн А/25 тоот “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах тухай” тушаалд  зааснаар тус цэцэрлэгийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл нь ажлын журам боловсруулан, өөрсдийн чиг үүргийн дагуу өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, багш ажилчдад өдөр тутамд зааварчилгаа өгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, журмыг хангуулах үүрэгтэй байжээ.

Хариуцагчаас баримтаар тус цэцэрлэгийн “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр”-ийг ирүүлсэн байх ба 2022 оны 02 сарын 14, 15-ны өдрүүдэд цэцэрлэгийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байх боловч С.Нямцэенд танилцуулаагүй байна. Түүнчлэн 2022 оны 01 сарын 03-ны өдөр шаардах хуудас үйлдэн ажлын байранд шаардагдах цэвэрлэгээний материалыг С.Нямцэенд олгосон байх ба гар ариутгагч, вок, агааржуулагч, шил цэвэрлэгч, э/алчуур гэсэн 5 нэр төрлийн бүтээгдэхүүн хүлээлгэн өгчээ. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-д дүгнэснээр хамгаалалтын резинэн бээлий өмсөөгүй нь үйлдвэрлэлийн осол гарах шалтгаан болсон гэх ба, нэхэмжлэгчид ажил олгогчоос хамгаалалтын резинэн бээлий олгосон баримт хэрэгт авагдаагүй болно.

Дээрхээс үзэхэд хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6, 28.1.8-д заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

10.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна”, мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

11.Хариуцагч нь нэхэмжлэгчид өвчтэй байх хугацаанд нь 1,767,504 төгрөгийн тусламж үзүүлсэн гэж тайлбарладаг боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 1,000,000 төгрөгийг цэцэрлэгийн эрхлэгч болох Б.Ганцэцэг хувиасаа, 300,000 төгрөгийг цэцэрлэгийн нийт ажилчид тодорхой хэмжээний мөнгөн хандив цуглуулсан, 467,504 төгрөгийг С.Нямцэенгийн цалин урамшуулалд олгосон болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдов. Тиймээс олговол зохих цалин хөлс, ажилтан хамт олны сэтгэлийн мөнгөн тусламжийг С.Нямцэенгийн эрүүл мэндэд учирсан хохиролд тооцох нь үндэслэлгүй юм.

 Иймд С.Нямцэенгийн эрүүл мэндэд учирсан хохиролд эм, эмчилгээ, эмнэлгийн зардалд баримтаар тогтоогдсон 748,430 төгрөг /“Med Trauma” эмнэлэг 320,000 төгрөг,  Халиун нэгдсэн эмнэлэг 35,000 төгрөг, “Аржу” ХХК- эмийн сан 16,000 төгрөг, “Монгол фарм” 26,400 төгрөг, “Эмиралд фарм” 12,300 төгрөг,  “Увидаст” эмийн 27,700 төгрөг, СХД-ийн ЭМТ 94,758 төгрөг, “Бэришзул” ХХК эмийн сан 4,160 төгрөг, Монос эмийн сан 26,662 төгрөг, “Нинж баясах” эмийн сан15,600 төгрөг, “Бэришзул” ХХК эмийн сан 18,000 төгрөг, 35,000 төгрөг, “Аржу” ХХК эмийн сан 11,200 төгрөг, “Тал булаг” ХХК эмийн сан 2,200 төгрөг, 8,500 төгрөг,  U smile эмийн сан 94,950 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Харин эмчилгээний зардлаас бусад  шатахуун, газ, хүүхдийн дусал, хумсны хутга, түргэн хоол, хүнс /цуйван, pizza hut, kfc, йогурт, пороро сүү, шоколад/, хугацаатай хадгаламж цуцалсан 500,000 төгрөг, ломбардын төлбөрийн баримт зэрэг нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд хамааралтай гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлээс 2,251,570 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

12.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 748,430 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 22,512 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

 

13.Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч “Сонгинохайрхан дүүргийн Наядугаар цэцэрлэг”-ээс гэм хорын хохиролд 748,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Нямцэенд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,251,570 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,512 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


 
      

 

 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.УРАНЗУЛ

 

           
                                     ШҮҮГЧИД                                                   Ч.НЯМСҮРЭН

                                                        
  
              А.ЭНХТӨР