| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/04311/И |
| Дугаар | 101/ШШ2022/04753 |
| Огноо | 2022-11-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/04753
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Д.Ганболд, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг *******,******* тоот хаягт оршин суух Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг *******,******* дугаар байр 24 тоот хаягт оршин суух М-д холбогдох,
Гэм хорын хохиролд 7,612,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамбаасүрэн, иргэдийн төлөөлөгч Д.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн *******,******* дугаар байрны хойд талын явган хүний замаар явж байх үед Т.М*******ын жолоодон явсан ******* УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, шилбэ тавхайн шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан. Тухайн хэрэгт Т.М*******д цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлж шүүхээс түүнд өршөөл үзүүлэн хэргийг шийдвэрлэсэн.
Эрүүгийн шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх үед миний зүгээс 15 сая төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч холбогдох баримтуудыг минь шүүхэд гаргаж өгөх байсан өмгөөлөгч маань шүүх хуралд суулгүй алга болсноос баримтуудаа өгч чадаагүйгээс хохирлоо бүрэн гаргуулж авч чадаагүй.
Би Т.М*******ын надад учруулсан гэмтлийн улмаас нөхөн сэргээх эмчилгээнд 9.348.000 төгрөг зарцуулахаас 2022 оны 01 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд 4.370.000 төгрөг, эм тарианд 102.300 төгрөгийг, хүүхдээ харуулахад 3.000.000 төгрөг, эмчилгээнд ирж очих унааны зардалд 140.000 төгрөг, бүгд 7.612.300 төгрөгийн зардал энэ хүний учруулсан гэмтлийн улмаас зарцуулаад байна. Энэ ослын улмаас би эрүүл мэндээрээ хохирохоос гадна хүүхдээ тэвэрч чадахгүй, ажил хийх, хүний тусламжгүйгээр суух, явах үйлдлийг хийж чадахгүйд хүрч цаг хугацаа, зардал чирэгдэл гарч маш их хохирсон боловч шүүх хурлаас хойш нэг ч удаа холбогдолгүй, тааралдсан ч танихгүй юм шиг өнгөрч надад мөнгөөр үнэлэхгүй их хохирол учруулсанд одоог хүртэл гомдолтой явдаг.
Нэхэмжлэгчийн хувьд эмчилгээнд 11 удаа явсан бөгөөд ингэж явахдаа 205,000 төгрөгийн зардал гарсан хэдий ч 140,000 төгрөгийн баримт байгаа тул баримтын хүрээнд 140,000 төгрөг нэхэмжилсэн. Нэг удаагийн зардал 11,000 төгрөг гарсан гэж тооцсон байгаа.
Мөн нэхэмжлэгч нь 4,370,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь ослын улмаас яс нь арьсаа цоолж гарч эдгэхэд сорвижилт ихтэй байсан тул үүнд нь энэ эмчилгээг хийлгсэн. Төлбөрийг картаа уншуулж төлж байсан болохоос тэр төлбөр нь ямар байгууллагын нэр дээр төлөгдөж байгааг үйлчлүүлэгчийн хувьд мэдэх боломжгүй юм.
Иймд хариуцагч Т.М*******аас түүний үйлдсэн эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 7.612.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.М******* нь Э.*******ийн эмчилгээний зардалд ослын дараа баримтаар нотлогдох 1,150,000 төгрөг, мэс заслын зардалд зориулж бэлнээр 1,000,000 төгрөг, нийт 2,150,000 төгрөг төлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11-р сарын 04-ний өдрийн 2021/ДШМ/950 дугаар магадлалд тодорхой бичсэн байдаг.
Мөн нэхэмжлэлд өмгөөлөгч маань сураггүй алга болсноос хохирлоо бүрэн гаргуулж авч чадаагүй гэжээ. Түүний өмгөөлөгч сураггүй болж шүүх хуралдаанд оролцоогүй нь Т.М*******тай огт хамааралгүй хэрэг юм.
Гэм буруугийн хувьд нотлогдсон үйл баримт байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зардлууд нь баримтаар нотлогдохгүй, түүнчлэн Т.М*******ын гэм буруугаас шууд учирсан гэм хорын хохирол гэдэг нь тодорхойгүй байна.
Хуулинд эмчилгээний зардал төлөхөөр заасан байхад шатахууны зардал, эмийн мөнгө гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Эмчилгээний зардал гэх Sign beauty буюу Beauty life Эмнэлгийн тодорхойлолтоор 4,370,000 төгрөгийн зардал гарсан гэх боловч нэхэмжлэгчийн өөрийн гаргаж өгсөн шилжүүлэгийн баримтаар 3,926,000 төгрөг төлсөн байна.
Мөн Хана мед гэсэн газарт төлбөр төлөгдсөн байгаа нь эргэлзээтэй буюу мөнгө төлсөн газар, эмчилгээ хийлгэсэн газрын нэр зөрүүтэй байна. Түүнчлэн гоо сайханы үйлчилгээ авсан байх тул энэ нь хөлний гэмтэлд хамааралгүй байна.
Шатахууны зардалд нэхэмжилсэн төлбөрийн баримт дээрх огноо зөрүүтэй, бас ийм баримтыг хэн ч хаанаас ч олоод авах боломжтой бөгөөд нэхэмжлэгчээс өөрөөс нь гарсан зардал гэж үзэхэд эргэлзээтэй.
Гэрчээс асуугдсан хүн мэдүүлэхдээ цалингаа бэлэн авсан нэг сар ажиллаад л больсон гэж тайлбарладаг бөгөөд хүүхэд асрахад гарсан зардал нь хариуцагчийн гэм буруутай хамааралгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Иргэдийн төлөөлөгчөөс хохирогч Э.*******ийн эмчилгээ болон бусад зардлыг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
4.Нэхэмжлэгчээс: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/892 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ДШМ/950 дугаар магадлал, хагалгааны өмнөх болон дараах гэрэл зураг, Sign beauty clinic эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21-34 дугаар дүгнэлт, Sign beauty clinic эмнэлгийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22-18 дугаар тодорхойлолт, Sign beauty clinic эмнэлгийн асуумжийн баримт, Э.*******, Ж.О нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ, ХААН банк дахь Э.*******ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн баримтууд, Ж.О гэх гарын үсэгтэй Хүүхэд асрах гэрээний төлбөр тооцооны баримт гэх гар бичмэл, 1110570362, 1110570054 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, Магнай трейд ХХК-ийн төлбөрийн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4724 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Ог асуусан тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,472,300 төгрөгийг хангаж, 140,000 төгрөгт холбогдох хэсгийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Т.М*******д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 7,612,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3.Хариуцагч Т.М******* нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн *******,******* дугаар байрны хойд талын замд Тоёота Приус-41 маркийн *******УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч ...чиг өөрчлөгдөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчиж, ухрах үйлдэл хийхдээ ухрах араандаа хийлгүй урагшилсны улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Э.*******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд зэргийг гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/892 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, Өршөөл үзүүлэх тухай хуулиар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 2021/ДШМ/950 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 4-9 дүгээр тал/
4.Дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Э.*******ийн биед баруун шаант тахилзуур ясны ил хугарал, шилбэ тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/892 дугаартай шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 сарын 04-ны өдрийн 2021/ДШМ/950 дугаартай магадлал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 сарын 03-ны өдрийн 4724 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-9, 13-18, 43-45 дугаар тал/
5.Нэхэмжлэгчээс эмчилгээний зардалд 7,612,300 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагч Т.М*******д холбогдуулан эрүүгийн журмаар гэм хор учруулсны хохирол арилгуулна гэж тодорхойлж байна.
6.Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/892 дугаар шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 2021/ДШМ/950 дугаар магадлалаар хариуцагч Т.М*******ын гэм буруутай үйлдлийн улмаас Э.*******ийн эрүүл мэндэд гэм хор учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүн, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Иймд хариуцагчид хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар, учруулсан хохирол-г тодорхойлохдоо, хохирол бодитой учирсан буюу нотлогдсон байх, тухайн хохирлыг гэм буруутай этгээд учруулсан байх шинжүүдэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Учир нь, зөрчигдсөн эрхийг сэргээхдээ учирсан хохирол бүрийг арилгуулах боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.4.4-т заасан аргаар гагцхүү гэм буруутай этгээдээс учруулсан хохирлыг арилгуулах журамтайг дурдах нь зүйтэй.
7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгах зохицуулалтаас дүгнэхэд бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, зардал байдлаар гаргуулахаар зохицуулсан байх бөгөөд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд эмчилгээ оношилгооны зардлыг оруулаагүй байна.
Хариуцагч нь Sign beauty clinic-ийн эмчилгээний зардал 4,370,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.
Хуулийн дээрх зүйлд зааснаар эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг гаргуулах эсэх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлээр зохицуулсан гэм хор арилгуулах эрхийн нийтлэг зохицуулалттай харьцуулах шаардлагатай байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 228.3 дахь хэсэг, 228.4 дэх хэсэгт эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах болон эмчилгээний зардлыг хэрхэх талаар зохицуулсан зохицуулалтын зорилго агуулгаас үзэхэд гэм хорыг арилгах журмыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар хязгаарлаарлаагүй байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1. дэх хэсэгт заасан зохицуулалтад дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт, Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж зохицуулсан байна.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу эрүүл мэндэд учирсан гэм хорын хувьд зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдэх боломжгүй тул хуульд зааснаар гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох зохицуулалтын дагуу эмчилгээнд хэрэглэгдэх зардлыг мөнгөөр тооцон шаардсан нь үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 сарын 03-ны өдрийн 4724 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэх үйл баримт тогтоогдож байна./хх-ийн 22-42 дугаар тал/.
Sign beauty clinic эмнэлгийн дүгнэлт, тодорхойлолт, Э.*******ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, үйлчлүүлэгчийн карт зэрэг баримтуудаар Э.*******ийн эмчилгээнд 4,370,000 төгрөгийн зардал гарсан болох нь нотлогдож байна. /хх-ийн 19-20, 23-30 дугаар тал/
Хариуцагчаас зайлшгүй гарах зардал биш гоо сайханд зориулагдсан үйлчилгээ байна. Мөн 3,926,000 төгрөгийн төлбөрийг Ханна эмнэлэг гэх газарт шилжүүлсэн байна гэж маргаж байх боловч хариуцагчийн дээрх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох, хариуцагч хариу тайлбар, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн дурдсан үйл баримтыг няцаах, үгүйсгэх үүрэг хариуцагч талд шилжих бөгөөд хариуцагчийн гаргасан тайлбараар эмчилгээний зардалд 3,926,000 төгрөг зарцуулсан. Нэхэмжлэгч төлбөрийг Sign beauty clinic эмнэлэгт шилжүүлээгүй гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчаас эмчилгээний зардалд 4,370,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
8.Нэхэмжлэгчээс эм тарианд 102,300 төгрөг, шатахууны зардалд 140,000 төгрөг, хүүхэд асрах үйлчилгээний төлбөрт зарцуулсан зардал 3,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй холбоотой адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.
Хэргийн 31 дүгээр талд авагдсан төлбөрийн баримтуудаар нэхэмжлэгч нь эм тарианд 102,300 төгрөгийн зардал гаргасан болох нь нотлогдож байна.
Мөн гэрч, Ж.Огийн мэдүүлэг, түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, төлбөр шилжүүлсэн баримт хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар хүүхэд болон өөрийгөө асруулахад нэхэмжлэгчээс нийт 3,102,300 төгрөгийн зардал гарсан гэж үзэхээр байна.
Иймд тухайн зардал нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан ...сувиллын зардал...-д хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
9. Харин шатахууны зардалд 140,000 төгрөг зарцуулсан гэх шаардлагын тухайд, шатахуун худалдаж авсан гэх 2 ширхэг төлбөрийн баримтаар нэхэмжлэгчийн дурдсан ...эмчилгээ, үйлчилгээ авах нэг өдрийн унааны зардлыг 11,000 төгрөгөөр тооцсон гэх тайлбар болон 140,000 төгрөгийг шатахуунд зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлар үндэслэл бүхий байна.
10.Иргэдийн төлөөлөгчийн хохирогч Э.*******ийн эмчилгээ болон бусад зардлыг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэх дүгнэлтийг дээрх үйл баримтуудаар үндэслэлтэй байна гэж үзэв.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 7,472,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 140,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Т.М*******аас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч Т.М*******аас 7,472,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 140,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 134,506 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Н.САРАНГҮН