| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/03915/И |
| Дугаар | 101/ШШ2022/03770 |
| Огноо | 2022-09-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/03770
| 2022 09 15 | 101/ШШ2022/03770 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 103 дугаар 1001 тоот хаягт оршин суух А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх тухай гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, Э.Бат-Эрдэнэ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 23-ны өдрийн 21076 тоот захирамжаар төлбөр төлөгч Жэй Кэй Си ХХК болон Б.Амгалан нараас 6,110,749,850.32 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 3 сарын 11-ний өдөр хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ Эстимэйт ХХК нь үнэлгээ хийхдээ зах зээлийн өргөтгөлийн хандлагаар гэсэн ганцхан хүснэгтээр үнэлгээг гарган зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байдаг.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан дээд шатны байгууллагад хандсан боловч хууль журмын дагуу явагдсан хэмээн хариу өгсөн.
Өнөөдрийн байдлаар ковид цар тахал болон барилгын материал, орон сууц барилгын үнэ маш өндөр болсон бөгөөд 2019 оны үнэлгээнээс даруй 3-4 дахин нэмэгдсэн байдалтай байна.
Үүний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас доогуур үнээр албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулах өндөр магадлалтай байгаа.
Мөн өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулж байсан. Үүнд нь гомдол гаргасны үндсэн дээр хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь ажиллагааг явуулах болсон. Иймд үнэлгээ тогтоосноос хойш хуульд заасан 6 сарын хугацаа өнгөрсөн тул дахин үнэлгээ тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 21076 дугаар захирамжаар төлбөр төлөгч Жэй Кэй Си ХХК болон Б.Амгалан нараас 6,110,749,850.32 төгрөг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх төлбөр төлөгч нарт шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул захирамжид дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн.
Үнэлгээнд нэхэмжлэгч тал гомдол гаргаж ажиллагааг удаашруулсан ба энэ хугацаанд 6 сар өнгөрсөн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригын улмаас үүссэн. Иймд үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаж, энэ хугацаанд нь зах зээлий үнэ ханш өөрчлөгдсөн нь манай байгууллагын үйл ажиллагаанаас болоогүй.
Мөн зах зээлийн үнэ ханшид их хэмжээний өөрчлөлт орсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Амгалан нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж Рояль Кэстль хотхон 103 дугаар байрны 1001 тоотод байрлах 240 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхон Зайсангийн тойруу 30 тоот хаягт байрлах аялал жуучлалын зориулалттай 480 мкв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, тус дүүрэг, хороонд байрлах Энхжин хотхон Зайсангийн тойруу 30 тоот хаягт байрлах 0.4 га газрын үнэлгээг дахин тогтоолгох тухай гомдлын шаардлага гаргасныг, хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/21076 дугаартай шүүгчийн захирамжаар 6,235,598,867.67 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан графикийн дагуу төлөх, төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдийн эвлэрлийн баталж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 33-35 дугаар тал/
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Жэй Кэй Си ХХК болон Б.Амгалан нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206019938 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу 30 тоот, 480 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, газар, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Рояал Кэстл 130-1001 тоот хаягт байрлалтай 240 мкв талбайтай орон сууцыг 2018 оны 10 сарын 10-ны өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авч, үнэлгээ тогтоохоор шинжээч томилсон нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үнэлгээ тогтоосноос хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон гэх үндэслэлээр дахин үнэлгээ тогтоолгоно гэж тодорхойлж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан.
Нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийн санал дээр нэгдээгүй тул 2019 оны 2 сарын 15-ны өдөр 57 тоот тогтоолоор шинжээчээр Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон үйл баримт тогтоогдож байна. /х.х-ийн 811-113 дугаар тал/
Шинжээчээр томилогдсон Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан-аар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар Жэй Кэй Си ХХК-иас 2019 оны 5 сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдөр 001/ХТ2021/00156 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./хх-ийн 128-135 дугаар тал/
Дээрх үйл баримтуудаас үзэхэд төлбөр төлөгч нарын өөрсдийн хүсэл зоригоос хамаарах нөхцөл байдлын улмаас анхны үнэлгээ тогтоосон хойш 6 сараас дээш хугацаа өнгөрсөн нь дахин үнэлгээ тогтоолгох хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.
Мөн дахин үнэлгээ тогтоолгох гол нөхцөл болох ...үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон... гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Тодруулбал, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд орчны зах зээлийн үнэ ханшийн судалгаа, шинжилгээний дагуу худалдаа үйлчилгээний бие даасан барилгын үнэ ханшийн мэдээлэл авагдсан байх бөгөөд өртөгийн хандлага болон зах зээлийн хандлагын тооцоо судалгааг хийж зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээгээр тооцож гаргасан шинжээчийн үнэлгээг үгүйсгэх, нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Иймд хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн гомдлоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Амгалангийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Амгалангийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, З.БАЯРМАА