| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 194/2025/1154/Э/220/2025/0762 |
| Дугаар | 2025/ШЦТ/1373 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1373
2025 05 22 2025/ШЦТ/1373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунзаяа,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2503 00084 0420 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ........... аймаг ........ суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт ................... гудамжны 615 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө ............... уулзварын замд Toyota pruis маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлдөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчиж явган зорчигч С.Үг мөргөсний улмаас амь насыг хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах хэргийн оролцогчид оролцож, мэдүүлэг тайлбар өгснийг сонсов. Үүнд:
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мэдүүлэхдээ “Талийгаач нөхөр С.Үг алдсандаа харамсаж байна. Холбогдогч тал надад ямар нэгэн хохирол төлбөр гэж өгөөгүй. Маш их гомдолтой байгаа. Ажил явдлын үеэр 1.000.000 төгрөг өгсөн тэрнээс өөр мөнгө өгөөгүй. Оршуулгын зардалд 17.299.886 төгрөг, машины зээл 26 сая төгрөг, цалингийн зээл 21 сая төгрөг, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлахаар тэмдэглүүлэв. Үүнд:
Улсын яллагчаас:
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 цаг 55 минутад ........ … дугаараас “..... УБТ дугаартай машин хүн мөргөсөн байна. Мөргүүлсэн хүн нь нас барсан байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 8-9, 10-16 дахь тал/,
Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт /хх-ийн 7 дахь тал/,
Хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн “С.Ү нь миний нөхөр. Бид 2 хамт амьдраад 10 жил болж байсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүү одоо 8 настай, бага охин одоо 5 настай. Би зам тээврийн ослын талаар бол мэдэхгүй байна тухайн үед цуг яваагүй. Тухайн үед нөхрийгөө гэрээс гараад явсныг мэдээд хайж явж байгаад зам дээр цагдаа нар ирсэн байхаар нь тодруулж асууж мэдсэн. Тухайн өдөр манай нөхөр С.Ү 12 цагийн үед манай хүргэн ахтай цуг 0,5 литрийн архийг хувааж уугаад орой 18-19 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд гал түлээд гэр дулаацах хооронд би хажуу айл руу 2 хүүхдээ дагуулж ороод байж байсан. Ер нь бол би гэр болон хажуу айл хооронд орж гараад л явж байсан. Тэгээд гэр дулаацчихсан байхаар нь бид нар гэртээ орсон. Би хэсэг гэртээ байж байгаад буцаад хажуу айл руу хумсаа янзлах гээд орсон. 23 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэхэд манай нөхөр ҮС.Ү хувцсаа тайлчихсан унтах гээд, 2 хүүхэд унтчихсан байсан, тэгээд би буцаад хажуу айлд ороод 00 цагийн үед буцаж гэртээ орж ирэхэд манай нөхөр байхгүй байсан. Намайг хажуу айл руу орох үед маргааш өглөө ажилтай унтлаа гээд хэвтэж байсан. Гэрээс гарах үедээ хаачих гэж байгаа талаараа бол хэлээгүй. Манай нөхөр С.Ү нь 1997 оны 07 дугаар 17-ны өдөр Улаанбаатар хотод айлын 3 дахь хүүхэд болж төрсөн. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшээгүй, Төв аймгийн Заамар суманд 9 дүгээр ангиа төгссөн. 18 нас хүртлээ барилга дээр ажилладаг байсан. 18 нас хүрээд ..........а ХХК-нд түгээгчээр ажиллаж байгаад дараа нь жолоочоор ажиллах болсон. 3 жил гаран ажиллаж байгаад гараад ...... ХХК-нд түгээгчээр ажилд ороод ажиллаж байсан. Жолоочийн зүгээс ямар нэгэн байдлаар холбогдож уулзаж уучлал гуйсан зүйл байхгүй. Ажлын явдлын үеэр жолоочийн эгч, дүү 2 нь ирээд 1.000.000 төгрөг өгөөд буяны ажилд нь хэрэглээрэй гэж хэлээд явсан. Мөргөсөн хүн нь яасан юм бэ гэж асуухад хоригдчихсон байгаа гэж хэлж байсан. Би маш их гомдолтой байгаа буяны ажлын зардал болон сэтгэл санаанд учирсан хохирол зэргийг нэхэмжилж гаргуулах хүсэлтэй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 36 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч О.Бийн “...Тухайн үед би гэртээ байж Б найзтайгаа уулзчихаад ирье гэж байсан тэгээд л машин аваад гарсан байх. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Хохирол төлбөрийг буруутай гэдэг нь тогтоогдвол ******* өөрөө төлж барагдуулна ... Би машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 141 дэх тал/,
Гэрч О.Гийн “Би 2025 оны 01 сарын 01-02 нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад найз *******ийн хамт түүний машинд юм ярингаа Улаанбаатар хотоор явж байсан. Тэгээд Б жолоо бариад би жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж явсан. Тэгээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд явж байхад нэг хүн гар өргөөд бид 2 тэр хүнийг аваад Дарь-Эхийн дунд буудалд хүргэж өгсөн. Тэгээд Яармаг руу намайг хүргэж өгөхөөр болоод Дарь-Эхийн замаас ............. уулзвар луу ордог зам руу урдаас зүүн гар тал руугаа эргээд орсон тэгтэл CU билүү GS 25 дэлгүүрийн тэр хавиас бид хоёрын хажуугаар нэг машин хурдтай ороод ирсэн, тэгэхэд манай найз ******* тэр машинтай зэрэгцээд явж байсан. Зэрэгцэж явж байсан машин миний зүүн гар талд явж байх шиг байсан би тухайн үед гар утсаа оролдоод явж байсан тэгээд хальт зам руу харахад гүүрэн дээр хүн явж байгаа юм уу зогсож байгаа юм шиг харагдсан. Тэгээд л зэрэгцэж явсан машин хажуугаар гарах үед манай найз Б огцом тоормос гишгэх шиг болоод машин эргэлдээд явчихсан. Тэгээд гүүрний бетонон хашлагыг эхэлж мөргөөд дахиад цааш эргэлдээд Тэс колонкийн тэнд зогссон тэгээд би зам руу харахад нөгөө зам дээр явж байсан хүн алга болчихсон байсан тэгэхээр нь нөгөө хүн хаачиваа гээд буугаад хайхад зам дээр гутал нь хэвтэж байсан. Тэгээд гүүрнээс тонгойгоод харахад гүүрний дор хэвтэж байсан тэгээд Б 102, 103 руу дуудлага өгсөн. Тэгээд түргэний машин удалгүй ирээд тэр мөргүүлсэн хүнийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирэхийг хүлээсэн. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийсэн. Би тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг бол анзаарч хараагүй. 50-60 орчим км цагийн хурдтай л явж байсан байх. Хажуугаар явж байсан шахаад ороод ирлээ гээд тоормосоо гишгэсэн тэгэхэд би суудлаасаа огцом урагшаа болсон тэгээд л машин эргэлдээд түс тас гэх чимээ гараад юм мөргөөд эргэлдээд зогссон. Би гар утсаа оролдож явж байгаад зам руу харахад хүн явж байгаа харагдсан. Гэхдээ би тэр хүнийг замын яг аль хэсгээр явж байгааг бол анзаарч хараагүй. Б тухайн үед замын 2 дугаар эгнээгээр явж байсан. Тэр хажуугаар зөрж орсон гээд байгаа машин миний талаар буюу зүүн гар талаар орж ирсэн санагдаж байна гэхдээ би гар утсаа оролдож явсан болохоор сайн анзаараагүй. Ослын улмаас ямар нэгэн машинтай мөргөлдөж, шүргэлдсэн зүйл байхгүй. Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн осол болох үед зам сэлүүхэн хөдөлгөөн сийрэг эсрэг урсгалаас машингүй, гадаа харанхуй, замын гэрэлтүүлэг ассан, зам халтиргаатай гулгаатай байсан. Цас ороогүй байсан. Ослын улмаас миний биед учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг/1 хх-ийн 157 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 486 дугаартай “Амь хохирогч С.Үгийн цогцост гавлын орой, суурь ясны үйрч бяцарсан олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины эдийн няцрал, бяцрал, толгойн хуйхны цус хуралт, цээжний зүүн талын олон хавирганы хугарал, гол судасны урагдал, хоёр уушгины авчилт, няцрал, зүүн бөөр, дэлүүний эдийн урагдал, язрал, зүүн дунд чөмөг доод 1/3 хэсгийн далд зөрүүтэй хугарал, дагзны хуйханд шарх, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн сарвуу, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 2025.01.02-ны өдрийн 04 цаг 40 минутын цогцосны гадна үзлэгээр нас бараад 3-4 цаг болжээ. Амь хохирогчийн цус нь нэгдүгээр бүлгийн харьяалалтай байна. Амь хохирогчийн цусанд 2,4 промилли, ходоодны шингэнд 2,2 промилли спиртийн зүйл илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 170-180 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, өнгө үзэмжийн хувьд техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь урд бупер байхгүй, урд копуд урд хэсэгт хонхойсон баруун хойд хэсэгт хонхойж хэв гажилтанд орсон, радиатор цоорж хөргөлтийн шингэн гоожсон, урд жааз кузовны урд бэхэлгээ хэв гажилтанд орсон, урд хоёр их гэрлийн суурь хугарсан, шил арчигчны сав хагарсан, дуут дохио ажиллахгүй, баруун талын шил арчигч хугарсан. Их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй. Урд бупер байхгүй, урд копуд урд хэсэгт хонхойсон баруун хойд хэсэгт хонхойж хэв гажилтанд орсон, радиатор цоорж хөргөлтийн шингэн гоожсон, урд жааз кузовны урд бэхэлгээ хэв гажилтанд орсон, урд хоёр их гэрлийн суурь хугарсан, шил арчигчны сав хагарсан, баруун талын шил арчигч хугарсан эврэл гэмтэл нь ослын үед үүссэн эвдрэл байна. Дуут дохио ажиллахгүй байгаа нь ослын үед үүссэн эвдрэл байх боломжтой. Шингэн дамжуулгатай тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.47кН, баруун талдаа 2.79кН, зөрүү нь 11% (стандарт <20%), 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.64кН, баруун талдаа 1.71кН, зөрүү нь 4%, (стандарт <30%) Зогсоолын тоормос зогссон. Автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 28100cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 3700cd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0cd /стандарт 100000-2250000cd/ байна. Стандартын шаардлага хангахгүй байна. Их гэрлүүд хол, ойр дээрээ шилжиж асдаг боловч стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослын үед гэрлийн суурь хэв гажилтанд орж бэхэлгээ хугарсанаас тусгалын өнцөг өөрчлөгдсөнөөс үүссэн” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 234-238 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4773 дугаартай “Явган зорчигч С.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна” гэсэн магадалгаа /1 хх-ийн 248-250 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2 хх-ийн 5 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баруун талаас харсан камерын бичлэгт үзлэг хийхэд Зураг 1. Тээврийн хэрэгсэл нь зам дээр эргэлдэн орж ирж байгаа нь харагдаж байна. Зураг 2. Тээврийн хэрэгсэл нь зам дээр эргэлдэн орж ирж байгаа нь харагдаж байна. Зураг 3. Тээврийн хэрэгслийн зүүн гар талаас цэнхэр өнгийн куртиктай хүн бууж байгаа нь харагдаж байна. Зураг 4. Тээврийн хэрэгслийн зүүн талаас буусан цэнхэр өнгийн курткатай хүн цааш явж байгаа нь харагдаж байна. Зураг 5. Тээврийн хэрэгслийн баруун гар талаас хар өнгийн хувцастай хүн бууж цэнхэр өнгийн куртиктай хүний хараас явж байгаа нь харагдаж байна. Автомашин ирж байгааг харсан камер гэх нэр бүхий бичлэгт үзлэг хийхэд зураг 1. Тээврийн хэрэгсэл ирж байгааг харуулав. Зураг 2. Тээврийн хэрэгсэл ирж байсан чиглэлэээ өөрчлөн замын хашлага тал руу эргэж байгааг харуулав. Зураг 3. Тээврийн хэрэгслээр замын гүүрний хашлага хэсгийг мөргөж байгааг харуулав. Зураг 4. Тээврийн хэрэгсэл замын гззрний хашлага хэсгийг мөргөн наашилж байгааг харуулав. Зураг 5. Тээврийн хэрэгсэл гүүүрний хашлага хэсгийг мөргөөд нааш эргэлдэн ирж байгааг камерын харах өнцгөөс гарч байгааг харуулав” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 6-8 дахь тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хохирсон Баасанцэцэгийн Энхнарангийн сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511.5-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэмт хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэснийг танилцуулав” гэсэн баримт /1 хх-ийн 37 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2 хх-ийн 13 дахь тал/,
*******ийн яллагдагчаар өгсөн “Би 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр найз О.Гийн хамтаар нөхрийн эзэмшлийн Тоуоtа Рruis маркийн ……….. УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодон гадуур явж байгаад найз О.Гийг хүргэж өгөхөөр Дарь-Эхээс Яармаг орох гээд Дарь-Эхээс 17 дугаар сургууль ордог шинэ замаар явж байтал замын гүүр хэсэгт 1 хүн зогсож байгааг харсан тэгээд би жолооны хүрдээ баруун гар тал руугаа буюу гүүр тал руу эргүүлсэн тэгтэл машин шарваад гүүрний хашлага мөргөөд эргэлдээд л явчихсан тэгээд машин эргэлдэж байгаад зогссон тэгэхээр нь би машинаасаа бууж ирээд нөгөө зам дээр зогсож байсан хүний зүг эрүү харсан тэгэхэд тэр хүн алга болчихсон байсан тэгээд би гар утсаа машинаасаа очиж аваад цагдаад дуудлага өгөөд утсаар ярингаа тэр хүнийг хайсан тэгсэн чинь нөгөө хүн гүүрний дор уначихсан байсныг хараад цагдаад дуудлага өгчихөөд шууд түргэн тусламжид дуудлага өгсөн. Тэгээд түргэний машин ирээд эмчтэй нь цуг нөгөө гүүрний дор уначихсан байсан хүн дээр очиж эмч нь үзээд цагдаа ирэхлээр шийдвэрийг нь хэлнэ гэж хэлээд цагдаа ирэхийг хүлээсэн. Тэгээд цагдаа ирээд тэр хүнийг нас барсан байна гээд бүрэлдэхүүн дуудсан юм. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт үзлэг хийсэн. Хэмжилт үзлэг хийж дуусгаад намайг машиндаа суулгаад драгер багаж үлээлгэж шалгаж байсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 47 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн өмгөөлөгч Л.Болорчулуунаас дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулав. Үүнд:
Улсын яллагчийн шинжлэн судалсантай давхацсан шинжээчийн дүгнэлтүүд /1 хх-ийн 170-173, 199-200 дахь тал/,
2017 онд төрсөн хүү С.Үгийн ........., 2020 онд төрсөн охин С.Үгийн .........нарын төрсний гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 137-138 дахь тал/,
Зээлийн мэдээллийн лавлагаа /1 хх-ийн 133 дахь тал/,
Хаан банкны 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаартай “...Та хаан банкны УБИБ-ны харъяа БГ бичил тооцооны төвөөс 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ........... тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 17,500,000 төгрөгийн зээлийг 42 сарын хугацаатай жилийн 19.2% хувийн хүүтэйгээр, хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн үлдэгдэл 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 11,725,990,7 төгрөг, зээлийн хүү 9,781,290,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 415,305.6 төгрөг, нийт 21,923,587.1 төгрөг байна. Зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарьт хугацаанд төлөх үүргээ биелүүлэлгүй 1745 хоног хэтрүүлэн, төлөлт хийгээгүй байгаа тул хуваарьт хугацаанд төлөх ёстой төлбөр болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 21,923,587.1 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулна уу” гэсэн албан бичиг /1 хх-ийн 135 дахь тал/,
Хууль ёсны төлөөлөгч Б.Эгаас гаргаж өгсөн “С.Үг мөргөж амь насыг нь хохироосон гэх хэрэгт нийт 16,947,027 төгрөг” хохирлын тооцооны баримтууд /1 хх-ийн 132 дахь тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар 1 хуудас баримт,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч О.Алтанчулуу дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд давхацсан дуудлага лавлааны хуудас /1хх-ийн 6 дахь тал/, Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт /1хх-ийн 7 дахь тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 10-11 дэх тал/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай маягт /1 хх-ийн 37 дахь тал/, хохиролын тооцоо /1хх-ийн 42 дахь тал/, иргэний хариуцагч О.Бийн мэдүүлэг /1хх-ийн 141 дэх тал/, гэрч О.Гийн мэдүүлэг /1хх-ийн 156-157 дахь тал/, шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 170-173 дахь тал/, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 234-238 дахь тал/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /1хх-ийн 248-250 дахь тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 6-8 дахь тал/,
*******ийн гэрчээр мэдүүлэг /1хх-ийн 155 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 757 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн *******ийн 40/эм гэж хаяглан ирүүлсэн ЗК8179819 хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртын агуулж илрээгүй” гэсэн дүгнэлт /1хх-ийн 161-162 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 235 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд хадгалагдаж байх 91.H265 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 00:35:09 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь хяналтын камерийн тусгалын зайнд хол дүрслэгдэх, үл хөдлөх цэгийн байршил авах боломжгүй тул хурдыг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /2хх-ийн 212-215 дахь тал/,
*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд
Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 9 дэх тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 11 дэх тал/,
Жолоодох эрхийн лавлагаа /2 хх-ийн 13 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 10 дахь тал/,
Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /2 хх-ийн 14 дэх тал/,
Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 248 дугаартай “Ганбаатарын Б нь тус хорооны Зүрх Уул 4 дүгээр байрны 615 тоотод ам бүл 7 болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /2хх-ийн 15 дахь тал/,
2008 онд төрсөн охин ............, 2013 онд төрсөн хүү Батгэрэлийн Ашид-Ачит, 2015 онд төрсөн хүү ............., 2017 онд төрсөн хүү ........., 2020 онд төрсөн охин ......, 2005 онд төрсөн хүү ........... нарын төрсний гэрчилгээний хуулбар /2 хх-ийн 16-21 дэх тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх 1 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсон бол тэмдэглэх нь зүйтэй.
******* нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 17 дугаар сургуулийн уулзвараас Дарь-Эх уулзварын замд 2025 оны 01 дүгээр сарын 02-ниы шөнө Toyota pruis маркийн ...............2 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлдөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчиж явган зорчигч С.Үг мөргөсний улмаас амь нас нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, гэрч О.Г, иргэний нэхэмжлэгч О.Б нарын мэдүүлэг, амь хохирогч С.Үгийн эрүүл мэндэд хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, *******ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоосон мөрдөгчийн магадалгаа, техникийн шинжээчдийн дүгнэлт, хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг бичмэл нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Авто тээврийн хэрэгслийн жолооч гэж авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамаарна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойлсон байдаг.
Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн байх, үүний улмаас хүний амь нас хохироосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд *******ийн үйлдэл нь хохирогчийн амь хохирсонтой шууд шалтгаант холбоотой байна.
Тээврийн прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас талийгаачийн гарцгүй газраар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гарцгүй газраар зорчсон байдал, нөгөө талаас шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгаагүй, шаардлага хангаагүй гэрэлтэй явсан байдал зэрэг нь нөлөөлжээ.
Уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол хор уршиг тогтоогдсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгаас талийгаачийн оршуулгын зардалд 16,947,027 төгрөг, Б.Эгийн нэр дээрх тээврийн хэрэгсэл худалдан авсан гэх 27,600,000 төгрөгийн зээл, талийгаачийн нэр дээрх 21,923,587 төгрөгийн цалингийн зээл, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр зэргийг нэхэмжилсэн ба шүүгдэгч *******оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эд 2,000,000 төгрөг нөхөн төлсөн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд улсын яллагчаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тусгай мэдлэг шаардсан шинжээч томилж гаргуулахаар заасан тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дахь хэсэгт “Шүүх ... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ... учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар ... зэрэг нөхцөл байдлыг харгалзан ... нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заажээ.
Сэтгэцийн эмгэгийн зэргийг шинжилгээний байгууллага тогтоохоор жишиг аргачлалд заасан ба хавтаст хэргийн хүрээнд сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох боломжгүй тул хэлэлцэхгүй орхилоо. Мөн талийгаач болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын авсан хэрэглээний зээлийн төлбөрийн үлдэгдлийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч О.Б нараас 14,947,027 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эд олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******, О.Б нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.
Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаягтай, нөхөр болон 5-19 насны 4 хүүхдийн хамт амьдардаг гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хор уршиг арилахгүй нөхөгдөхгүй гэх шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Чингэлтэй дүүргийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******ид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ид шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч О.Б нараас 14,947,027 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эд олгосугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч О.Б нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ