Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/04694

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ж.О /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК /рд:/-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Баттулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.О би “Х” ХХК-тай 2020 оны 04-р сарын 29-ний өдөр 20/13 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ”-г байгуулж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16-р хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах “Эрчим Арт” ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны “А” блок орон сууцны тоот хаягт байршилтай 47 м.кв талбайтай /айл-4/ 2 өрөө орон сууцыг 52 сая төгрөгөөр худалдан авсан юм.

Түүнчлэн орон сууцны үнийг гэрээний 3.2-т зааснаар хугацаанд нь 100% төлсөн боловч “Х” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх орон сууцыг шилжүүлж өгөхгүй байсаар байгаа бөгөөд гэрээний 4.1-д зааснаар уг орон сууцыг 2020 оны 3-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэж өгөх үүргээ биелүүлэхгүй бүтэн 2 жил гаран хугацаа өнгөрөөд байгаа юм.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно’:, 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдагч нь эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ", гэж тус тус зааснаар иргэн Ж.О миний бие нь худалдан авсан орон сууцаа өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

“Х” ХХК-ийн энэхүү үйлдэл нь иргэн миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн буюу МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “МУ-ын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасныг шууд зөрчиж байна.

Ж.О би агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд тодорхой заасан ХЭЛЦЭЛ-ийг “Х” ХХК-тай байгуулсны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн.

Иймд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй” гэж заасны дагуу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Ж.О намайг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16-р хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах “Эрчим Арт” ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдсан 80 айлын орон сууцны “А” блок орон сууцны  тоот хаягт байршилтай, 47 м.кв талбайтай /айл-4/ 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Хурлын ирцтэй холбоотой хариуцагч нь шүүхэд тайлбар ирүүлээгүй. Товыг мэдсэн байх тул хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх саналтай байна.

Нэхэмжлэгч нь анх Х ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн барьсан орон сууцны А блокийн 6 давхарт орон сууц захиалсан. Улмаар 2020.4.29-нд гэрээ байгуулсан өдрөө 52 сая төгрөгийг 100 хувь төлсөн. Гэтэл гэрээний 4.1-д зааснаар 2020 оны 3-р улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч одоог хүртэл хүлээлгэж өгдөггүй. Энэ талаар асуухад орон сууцыг ашиглалтад оруулахад захиалагчид хамааралгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг. Мөн гэрээнд гэрчилгээ гаргуулах талаар хариуцагчид үүрэг хүлээлгэсэн байдаг. Мөнгө шилжүүлж төлбөр төлсөн баримт байдаг ба гэрээнд төлбөрийг бүрэн төлсөн талаар дурдсан байгаа юм. Иймд өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Б нь 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй.

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 20/13 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний хуулбар /хх4-5/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хх6/, “Х” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20/20 дугаар албан тоотын хуулбар /хх8/-г нотлох баримтаар ирүүлсэн.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах, 80 айлын орон сууцны А блок орон сууцны м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.О нь орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх хариуцагчийн төлөөлөгчид 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гаргуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

Цаашлаад өнөөдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шуудангаар хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 20/13 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулсан байна. /хх4-5/

Энэхүү гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах, 80 айлын орон сууцны А блок орон сууцны  дугаар давхарт,  м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чанартай барих, нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, тохиролцсон 52,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Улмаар нэхэмжлэгч нь гэрээний үнэ болох 52,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдож байна. /хх6/

Түүнчлэн гэрээний 3.2-т төлбөр бүрэн төлөгдсөн талаар заасан байна.

Иймд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул хариуцагч нь уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн хураамжийг буцаан олгох журамтай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Оийг Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах, 80 айлын орон сууцны А блок орон сууцны  м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 418,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-с 417,950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 50 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Ж.От олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД