| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0211/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/199 |
| Огноо | 2017-08-07 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2017/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн 20172200335 тоот хэргийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.С-,
Шүүгдэгч Б.С- нь согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоот хашааны үүдэнд байсан иргэн Э.Г-ийн “Пикон” маркын улсын дугааргүй мотоциклийг хулгайлж, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Б.С- нь согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоот хашааны үүдэнд байсан иргэн Э.Г-ийн “Пикон” маркын улсын дугааргүй мотоциклийг хулгайлж, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Э.Г-ийн: “2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод найз О-д очоод хашааны гадаа нь мотоциклио тавиад орж цай уучихаад гараад ирэхэд мотоцикль маань алга болсон байсан. Тэр өдөр би өөрийнхөө ногоон өнгийн Пикон маркын ногоон өнгийн мотоцикльтэй явж байсан. Би мотоциклоо 2015 оны хавар Цагаан-Уул сумаас шинээр нь 1.620.000 төгрөгөөр авч байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Б.М-ын: “...явж байгаад намайг зогсоогоод эндээ хүлээж байгаарай би яваад ирье гээд Б.С- ганцаараа явган явсан. Тэгээд 20 орчим минут болоод ногоон өнгийн пикон маркын мотоцикль авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч П.Г-ын: “... бид нар Мөрөнгөөс гараад нилээд явж байтал Б.С- энд ингэсхийгээд зогсчих би явчихаад ирье гээд явсан. Бид нар наана Хядагийн рашаан дээр байж байтал нэг мотоцикль уначихсан ирсэн. Ирээд М- гэдэг залууд мотоциклоо үзүүлээд зарахаар ярьж тохирсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 19 дүгээр хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.С- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-55-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 201722000335 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул шүүгдэгч Б.С-т холбогдох Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсгийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тогоруутан Б.С-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч Б.С-ыг 150 /нэг зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН