Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 126/ШШ2023/0047

 


 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргасан прокурор: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Х.,

Дүгнэлтийн шаардлага: Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.А 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0063912 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокурорын дүгнэлтийн талаар.

1.1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б нь Хөвсгөл аймгийн татварын татварын улсын байцаагч Х.А-ын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0063912 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар.

2.1. Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нь Д.Б-г стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтыг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0063912 дугаартай шийтгэлийн хуудсаар 150,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б нь 2022006 дугаартай зөрчлийн хэргийн материалыг шалгалтаар хянаад татварын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0063912 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт бичжээ.

Гурав. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

3.1. Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.А нь Д.Б нь худалдан авагч иргэнд төлбөрийн баримт олгоогүй гэх 2022006 дугаартай гомдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Д.Б-д 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

3.2. Материалд цугларсан нотлох баримтуудтай танилцахад холбогдогч Д.Б-ийн ...миний бие нь 12 дугаар багт Хаус барилгын материалын дэлгүүрийг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Үндэсний баяр наадмаар 1 сар шахуу амарсан. Үндсэндээ 1 сар л үйл ажиллагаа явуулж байна ..., ... Хаан банкны пос терминал машины захиалга өгсөн байгаа 2 хоноод гарна гэсэн гэх мэдүүлгээс өөр нотлох баримт гомдлын материалд авагдаагүй байна.

3.3. Харин хохирогч С.Э-аас мэдүүлэг авсан тэмдэглэлд мэдүүлэг өгсөн хүнээр гарын үсэг зуруулаагүй байх тул зөрчлийг шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан холбогдогч Д.Б-гийн үйлдсэн зөрчлийн нөхцөл байдлыг бүрэн шалгаж, нотлох баримтаар тогтоолгүйгээр шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт Д овогтой Б нь төлбөрийн баримт олгоогүй болох нь системийн мэдээлэл, ярилцлага зэрэг нотлох баримтаар тогтоогдсон... гэж дүгнэсэн атлаа тогтоох нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байх бөгөөд шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрөл хэмжээг бичээгүй нь ойлгомжгүй байна.

3.4. Учир нь Д.Б нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д заасан төлбөрийн баримт олгоогүй, эсхүл мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй зөрчлийн алиныг нь үйлдсэн болохыг шалгаж, нотлох баримтаар тогтоолгүйгээр Д.Баасанцэрэнд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0063912 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.5. Иймд эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчиж, холбогдогч Д.Б-д шийтгэл оногдуулсан байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч Х.Алтанзулын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0063912 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.

Дөрөв. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Тус аймаг дахь татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 19 дэх хэсгийн 2.6-д зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Зөрчлийн холбогдогч Д.Б-гийн өгсөн мэдүүлэгт 2022 оны 6 сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үндэсний баяр наадмаар 1 сар шахуу амарсан, үндсэндээ 1 сар шахуу үйл ажиллагаа явуулж байна гэх мэдүүлэг нотлох баримтаар авагдсан.

4.2. Харин хохирогч гэх С.Э гомдол гаргасан байдаг. Уг хүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл зөрчлийн материалд авагдсан байгаа боловч эрх, үүрэг тайлбарлаагүй. Тэмдэглэл танилцуулаагүй байдаг. Түүний мэдүүлэгт дурдсан үйл ажиллагааг болсон гэж ойлгож болохгүй юм. Энэ мэдүүлгээс харахад тухайн иргэнд худалдан авсан үйлчилгээ үзүүлсэнийх нь төлөө төлбөр авсан баримтыг олгоогүй шалтгаанаа Хаан банкны пос машин захиалсан боловч бүртгэгдээгүй байгаа гэж хэлсэн байна.

4.3. Тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 9 сард шийтгэл оногдуулахад С.Э гэдэг хүнд үйлчилгээ үзүүлээд төлбөрийн баримт олгоогүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т заасан төлбөрийн баримт олгоогүй, эсхүл мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй зөрчлийн алиныг нь үйлдсэн болохыг шалгаж, нотлох баримтаар тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан.

4.4. Зөрчлийн шинжийг анхаарч үзэх шаардлагатай. Төлбөрийн баримтыг энэ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага төлбөрийн баримт явуулах төлбөрийн баримт олгох хэрэгслүүдийг олгоно гэж заасан байдаг. Пос машиныг захиалаад ирээгүй байгаа тохиолдолд ашиглахгүйгээр олгодог зохицуулалт бий.

4.5. Ebarimt, QR код хэрэглэr 1 сар гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулсан мөртлөө пос машин аваагүй байгаа нь энэ зөрчлийг үйлдсэн гэж үзэхгүй. Стандартын шаардлага хангаагүй төхөөрөмж хэрэглэж байгаа зэргээс зөрүүтэй байгаа юм.

4.6. Энэ зөрчлийг эрх бүхий албан тушаалтан буруу зүйлчилж шийдвэрлэсэн. Зөрчлийн үйл баримтаа нотлох баримтаар тогтоогоогүй, хууль зөрчсөн. Дэлгэрэнгүй байдлаар харагдахгүй байгаа учраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа зохих журмын дагуу явагдаагүй. Төлбөрийн баримт олгоогүйгээр нь шийдвэрлэнэ гэж байгаа бол өмнөх сарын орлогыг захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгөөгүй, холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулж 150.000 төгрөгөөс илүү үнийн дүнгээр торгож эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргасан тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэв.

Тав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1.Прокурор Б.Б-ийн шүүхэд гаргасан дүгнэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Зөрчилд холбогдогч Д.Б нь 2022 оны 6 дугаар сараас Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх бөгөөд хувь хүн, хуулийн этгээд нь татвар ногдох орлого олсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн тохиолдолд цахим төлбөрийн нэгдсэн систем /ebarimt.mn/-д бүртгүүлж, борлуулалт хийсэн тухай бүр эцсийн хэрэглэгчид төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, мөн стандартын шаардлага хангасан кассын машин тоног төхөөрөмжийг ашиглах үүрэгтэй байдаг.

5.2. Цахим төлбөрийн нэгдсэн системд бизнес эрхлэгчээр бүртгүүлснээр эцсийн хэрэглэгчид төлбөрийн баримтыг олгох татварын систем дэх эрх нь үүсэх юм. Мөн кассын машин тоног төхөөрөмж, хэвлэлийн хор, цаас зэргийг ашиглаж байж баримтыг хэвлэж өгөх боломж бүрдэнэ.

5.3. Д.Баасанцэрэнд холбогдох гомдол нь төлбөрийн баримтаа авч чадаагүй гэх гомдол боловч тухайн үед шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн, бизнес үйл ажиллагаа нь жигдрээгүй, холбогдох байгууллагад шаардлагатай бүртгэлийг хийлгэж амжаагүй үед болсон зөрчил байсан.

5.4. Иймд Д.Б нь нэгдсэн системд бүртгүүлж эрхээ авах, кассын машин тоног төхөөрөмжөө суурьлуулах, татварын албанаас QR код авах зэрэг төлбөрийн баримт өгөх боломжийг бүрдүүлж амжаагүй байсан учраас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т зааснаар хариуцлага тооцох боломжгүй байсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч С.Э-д баримтыг нөхөн гаргуулж гомдлыг барагдуулсан, мөн Д.Б нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6-д заасан зөрчлийг үйлдсэн байсан тул Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.А-ын үйлдсэн 20220006 бүртгэлийн дугаартай, иргэн Д.Б-д холбогдох 0063912 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр болохыг тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Зургаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

6.1. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 19 дэх хэсгийн 2.6 дахь заалтаар ямар тохиолдолд шийтгэл оногдуулаад байгаа юм бэ гэхээр 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс иргэн Д.Б нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

6.2. Худалдаа эрхэлж байгаа хүмүүс кассын машин, хэвлэлийн хор, цаасыг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах ёстой. Манайд татварын албанд ebarimt эзэмшигчээр бүртгүүлж код авах ёстой байдаг. Тухайн аж ахуй нэгж нь бүртгэлээ хийлгээгүй.

6.3. С.Э-ийн гомдлыг шалгаж үзэхэд тухайн үед ebarimt хэвлэж өгөх боломж бүрдээгүй байсан юм гэдэг. Прокурорын ярьж байгаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6-д заасан шийтгэл бол 8.1-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах юм бол өмнөх сарын орлогын 2 хувиар торгох санкцтай. Үүнээс өмнөх хугацаа нь гэхээр 5 сарын орлого болно.

6.4. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол бүртгүүлэх ёстой байдаг. Татварын алба гэж байгаагын хувьд зөвлөх үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6-д заасан заалтаар шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай. Д.Б-д холбогдох зөрчлийн материалыг манай татварын байцаагч тухай бүрд нь прокурорын хяналтад хүлээлгэж өгдөг. Өөрөөр хэлбэл прокуророос бүртгэлийн дугаар аваад татварын улсын байцаагч нь прокурорын хяналтын дор хяналт шалгалтаа явуулж байгаа. Бүхэл бүтэн процесс нь прокурорын хяналтан доор явагдаж байгаа.

6.5. Прокурорын зүгээс өөрийнхөө хяналтанд явагдаж байсан хяналт шалгалтын ажиллагааг хүчингүй болгохоор дүгнэлт бичиж байгааг ойлгохгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д зааснаар зөрчлийг үйлдсэн байхад 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд заагаагүй холбогдогчид завшсан шийтгэл оногдуулсан гэж байна. Би 150 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн шийтгэл оногдуулсныг бага хэмжээний шийтгэл биш гэж үзэж байна. Зөрчлийн тухай 11.19 дүгээр зүйлийн 8.1-т зааснаар шийтгэл оногдуулсан бол харин ч бага шийтгэл гарахаар байсан. Энэ бол шийтгэл завшуулсан үйлдэл биш юм. 2022 оны 6 дугаар сард үйлдэгдсэн зөрчил биш юм. Эрх бүхий албан тушаалтан хөөн хэлэлцэх хугацаа тооцохоор торгуулийн дүнгээр тооцож үзвэл ийм нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна гэв.

Долоо. Гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

7.1. Д овогтой Б миний бие Мөрөн сумын 12 дугаар багт House нэртэй барилгын материал, худалдааны дэлгүүр ажиллуулдаг. Татварын улсын байцаагч нь гомдлын дагуу НӨТ хэвлэж өгөөгүй гэх үндэслэлээр 150 000 төгрөгөөр торгосон. Би энэ мөнгийг төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх прокурорын гаргасан дүгнэлт, түүний үндэслэл, хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.А-ын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0063912 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гуравдагч этгээдийг ... стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй... гэсэн зөрчлийг гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасныг үндэслэн шийтгэл оногдуулжээ.

3. Уг шийтгэлийн хуудсыг прокуророос ...холбогдогчийн үйлдсэн зөрчлийн нөхцөл байдлыг бүрэн шалгаж, нотлох баримтаар тогтоолгүйгээр шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт ... Д.Б нь төлбөрийн баримт олгоогүй болох нь системийн мэдээлэл, ярилцлага зэрэг нотлох баримтаар тогтоогдсон... гэж дүгнэсэн атлаа тогтоох нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулсан байх бөгөөд шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрөл хэмжээг бичээгүй..., зөрчлийн алиныг нь үйлдсэн болохыг шалгаж, нотлох баримтаар тогтоолгүйгээр Д.Баасанцэрэнд шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргажээ.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, мөн хэсгийн 1.1-д Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчил гаргагчийн зөрчил үйлдсэн талаар нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг заавал тогтоох ёстой.

5. Иргэн С.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаарт багт байрлах шинээр нээгдсэн House барилгын материалын дэлгүүрээр үйлчлүүлсэн 223.000 төгрөгийн үйлчилгээг карт уншуулан хийсэн ч төлбөрийн баримт нэхээд ч өгөөгүй гэсэн гомдлыг Хөвсгөл аймгийн татварын хэлтэст гаргаж, улмаар тус газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэл оногдуулахдаа зөвхөн холбогдогчийн мэдүүлгийг үндэслэсэн болох нь хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн хувийн хэргээр нотлогдож байна.

6. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ2 дахь хэсэгт Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан бөгөөд уг заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг дээр дурдсан хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлийн материал бүрдүүлэх үүрэгтэй.

7. Гэтэл хэрэгт авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд ...иргэн С.Э-ийн худалдан авалтын төлбөрийн баримтыг олгоогүй болох нь төлбөрийн баримтын систем болон ярилцлагын тэмдэглэл, ажлын зураг авалтаар тогтоогдож байна гэж дурдсан атлаа ярилцлагын тэмдэглэлээс бусад тэмдэглэлд дурдсан баримтууд болох төлбөрийн баримтын системийн бүртгэл, ажлын зураг авалттай холбоотой баримтуудыг зөрчлийн материалд хавсаргаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан ... тухайн үед ажлын зураг авалт хийсэн талаар баримтыг хавсаргаагүй... гэх тайлбар болон прокурорын дүгнэлтдээ хавсарган ирүүлсэн зөрчлийн хэргийн хувийн хэргээр тус тус тогтоогдож байна.

8. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр ...Иргэн Д.Б нь нэгдсэн системд бүртгүүлж эрхээ авах, кассын машин тоног төхөөрөмжөө суурилуулах, татварын албанаас QR код авах зэрэг төлбөрийн баримт өгөх боломжийг бүрдүүлж амжаагүй байсан учраас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д зааснаар хариуцлага тооцох боломжгүй байсан гэж тайлбарлажээ.

9. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Татвар төлөгч хүн, хуулийн этгээд, мөн хэсгийн 2.6 дахь заалтад Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд, тус хэсгийн 8.1 дэх заалтад Төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь гэж заасан байна.

9. Эдгээр зохицуулалтууд нь тус бүртээ бие даасан зөрчлүүд бөгөөд нэгийг нь хэрэглэх боломжгүй тохиолдолд нөгөөг нь хэрэглэх боломжтой зохицуулалт биш, тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтыгтатвар төлөгч нь стандартын шаардлага хангасан кассын болон пос машин хэрэглэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд, мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтыг бизнес эрхлэгч нь бараа бүтээгдэхүүн борлуулж, үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой төлбөрийн баримтыг хэрэглэгчид олгох үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус тус шийтгэл оногдуулна.

10. Гэтэл хариуцагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасанхолбогдогчийн гаргасан гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл хэсэгтэй нийцэж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй болох нь маргаан бүхий шийтгэлийн хуудаст ... олсон нь хэсэгт төлбөрийн баримт олгоогүй гэсэн атлаа шийдвэрлэх нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6-д заасан шийтгэл оногдуулсугай... гэснээр нотлогдож байна.

11. Энэ талаар прокуророос ...Д.Б нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д заасан төлбөрийн баримт олгоогүй, эсхүл мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй зөрчлийн алиныг нь үйлдсэн болохыг шалгаж, нотлох баримтаар тогтоолгүйгээр Д.Б-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй.

12.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр прокурорын гаргасан дүгнэлтийг хангаж, Хөвсгөл аймгийн татварын хэлтсийнтатварын улсын байцаагч Х.Алтанзулын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0063912 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Б-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр дүгнэлтийг хангаж, Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.А-ын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0063912 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР