| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 194/2025/0931/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1365 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1365
2025 05 22 2025/ШЦТ/1365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа
улсын яллагч Ц.Чингүүн /томилолт/,
хохирогч Н.Б,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2506 00000 0371 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ...... аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. тоотод оршин суух хаягтай, урьд
Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 жил 1 сарын хорих ялыг нэмж 10 жил 7 сарын хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ................. эзэмшлийн байшингийн цонхыг хөшин нэвтэрч алтан, монетан эдлэл, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 12,612,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах хэргийн оролцогчид оролцож, мэдүүлэг тайлбар өгснийг сонсов. Үүнд:
Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “2025 оны 02 сарын 25-ны өдөр хойшоо ээжрүүгээ алхаж явсан байгаа. Тэгж явж байгаад тоот нь анзаараагүй. Хаалганы завсрааар харсан хүн байгаагүй. Тэгээд тогшсон чинь хүн байгаагүй. Эзэнгүй байна гээд хамгийн цаад талын цонх хөшөөд орсон байгаа. Орсон чинь эмэгтэй хүний юм байсан. Тэрнээс би 2 бөгж авсан. Би нэг л гинж авсан байгаа. Мөнгөн аяга бусад нь би авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Хохирогч Н.Б мэдүүлэхдээ “2025 оны 02 арын 13-ны өдөр 12:30 цаг минутанд манай охиныг явсаны дараа хашааны гадаа ажилаад байж байдаг байсан. Манай хашааруу 12:35 минутанд орсон байдаг. 12:40 үед цонх хөшөөд эвдэж орж байгаа нь камерт бичигдсэн байсан. Том өрөөнд байсан 4 мөнгөн аяга, зүү ороосон дайлантай 2 хөөрөг, хоёр хос бөгж, нийтдээ 4 бөгж, эрнэррийн гинж, миний гинж, хос ээмэг, цангирган эмэг, унждаг ээмэг, манид эмэг 2, алтан эмэг 1 зэргийг алдсан байгаа. Хохирлоо бүрэн барагдуулмаар байна. Хөөрөгний хоёр бөгсийг буцааж авсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав.
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 22 минутад 898670... дугаараас “Байшинд хулгай орсон байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь ............тоот гэх ертөнцийн зүгээр урагш нь харсан ногоон өнгийн төмөр хаалгатай банзаар тойруулж барьсан хашаатай айл өрх нь онгорхой байсан хашааны хаалгаар ороход хашааны хойд талд ертөнцийн зүгээр урагш харсан цагаан өнгийн байшин байх ба уг байшин ертөнцийн зүгээр урагш харсан ... Н.Бын байшин нь ертөнцийн зүгээр урагш харсан 3 цонхны хамгийн баруун талын цонхыг хөшиж хулгай орсон байна гэснээр уг вакум цонхны гадна талд үзлэгийг хийхэд уг цонх нь 77x43 см хэмжээтэй салхивчтай байх ба уг салхивч онхорхой байв ... үзлэгийг дотор талд хийхээр тогтож байшингийн хаалгаар дотогш ороход үүдний таамбар хэсэг байх баруун талдаа байшин дотор орох хар өнгийн төмөр хаалгатай байв. Хаалгаар дотогш орж цагийн зүүний дагуу үзлэг хийхэд унтлагын өрөө, том өрөө, жижиг өрөө, гал тогоо, нойлын өрөө гэсэн зохион байгуулалтай байв. Унтлагын өрөөнд орж үзлэгийг хийхэд эд зүйлс эмх цэгцтэй байх ба 2 хос монетан ээмэг, 4 ширхэг монетан бөгж, 2 ширхэг ээмэг, 3 ширхэг монетан гинж алга болсон гэх газрыг 1 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг үргэжлүүлэн том өрөөнд орж хийхэд мөн зүйлс эмх цэгцтэй байх бөгөөд мөнгөн аяга 3 ширхэг байсан гэх газрыг 2 дугаараар, 2 ширхэг хөөрөг даалин байсан гэх газрыг 3 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дэх тал/,
Хохирогч Н.Бын “Би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өглөө ажилдаа явсны дараа 10 цагийн үед манай эхнэр над руу миний ээмэг бөгж байхгүй байна, хаана байгаа вэ гэж асуухаар нь би эхнэрээ тоглож байна гэж бодоод чи надаар тоглоод байгаа юм уу гэж хэлээд инээгээд өнгөрсөн ... би өөрийн гар утсаараа гэрийнхээ хяналтын камерыг шүүж үзсэн. Тэгтэл 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 40 минутад бор ногоон өнгийн малгайтай, дээгүүрээ улаан өнгийн, доогуураа цацруулагчтай хар өнгийн куртиктэй, бор ногоон өнгийн өмдтэй, дунд зэргийн махлаг, бор шардуу царайтай, 30-35 орчим насны эрэгтэй хүн манай гэрийн зочны өрөөний цонхны жижиг салхивчийг гадна талаас нь хөшиж онгойлон орж ирээд манай зочны өрөөний зурагтны мөлхөө тавилга руу өнгийж байгаад унтлагын өрөө рүү ороод хэсэг хугацааны дараа эргэж гарч ирэхдээ халаасандаа юм хийж байгаа нь харагдсан ба зурагтны мөлхөө тавилгын хажуугийн шүүгээний хаалгыг онгойлгоод дараа нь гал тогооны өрөө рүү ороод гялгар уут авч гарч ирээд зурагтны мөлхөө тавилганаас эд зүйл аваад уутанд хийгээд аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. Би хяналтын камераа шалгаж үзээд хулгай орсныг мэдээд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчим цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба би өөрөө гэртээ шууд ирээд эд зүйлээ шалгаж үзэхэд утлагын өрөөний толины урд манай эхнэрийн ээмэг бөгжний хайрцаг дотор байсан 3,6 граммтай алтан сүүжин ээмэг 1 хос, монетан цагиран ээмэг 1 хос, купонтайгаа хосоороо монетан ээмэг 3 ширхэг, 3 ширхэг монетан гинж, 4 ширхэг монетан бөгж зэрэг эд зүйлс болон зочны өрөөний зурагтны хажуугийн шүүгээд байсан бага, дунд, их гарын 3 ширхэг, мөнгөн аяга, дээр үеийн мөнгөн аяга 1 ширхэг, миний өвөөгөөс өвлөгдөж ирсэн дээр үеийн шүрэн толгойтой, алтан нуухтай, бага гарын зааны ясан хөөрөг 1 ширхэг, миний аав надад өгч байсан даваа толгойтой, алтан нуухтай, шар халтар манан хөөрөг 1 ширхэг, зүүсэн ороосон шар өнгийн миний хөөрөгний дайлан зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан ... би өвөөгөөс өвлөгдөж ирсэн дээр үеийн шүрэн толгойтой, алтан нуухтай, бага гарын зааны ясан хөөргийг үнэлж мэдэхгүй байна, их дээр үеийн болохоор үнэлж барахгүй байх, миний аав надад өгч байсан даваа толгойтой, алтан нуухтай, шар халтар манан хөөрөг нь 3,500,000 төгрөг болох байх, эхнэрийн 3.6 граммтай алтан сүүжин 14 хос ээмгийг 2024 оны 10 дугаар сард мөнгөн завъяагаас 1,116,000 төгрөгөөр худалдан авч байсан, монетон цагираган 1 хос ээмгийг 2012 онд авч байсан одоо үнийг нь мэдэхгүй байна. Кулонтайгаа 3 хос монетан ээмгийг 2 жилийн өмнө авч байсан үнийг нь мэдэхгүй. 3 ширхэг монетан гинжний хоёрыг нь олон жилийн өмнө авч байсан болохоор үнийг нь бас санахгүй байна. Харин нэг гинжийг нь 2 жилийн өмнө 1,100,000 төгрөгөөр худалдан авч байсан, 4 ширхэг бөгжийг бас мэдэхгүй байна. 2 ширхэг бөгж нь хуримын хос том бөгж байсан нөгөө хоёр ннь нэг нь бас том 4,5 граммтай бөгж байсан юм. Ямар ч байсан хуримын хос бөгжнөөс бусад монетон эдлэлүүдийш ломбарданд барьцаанд тавихад бараг 7,000,000 төгрөг болж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 43 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 39 минут 59 секундад саарал өнгийн малгайтай улаан өнгийн куртиктай эрэгтэй хүн байшинд нэвтрэн орж байна. Тухайн эрэгтэй хүн 12 цаг 40 минут 09 секундэд хяналтын камерын доор байх шүүгээг онгойлон 12 цаг 41 минутад 09 секундэд өмсөж яваа улаан өнгийн куртикны баруун талын халаасанд ямар нэгэн эд зүйл хийж байна. Дүрс бичлэгийг үргэжлүүлэхэд 12 цаг 41 минутад 16 секундэд буйдангийн арын өрөө рүү орох бөгөөд 12 цаг 42 минут 18 секундэд гарч ирэн хяналтын камерын доор байх шүүгээний хаалгыг хааж байна. Хяналтын камерын доор байх шүүгээний хаалгыг хаасны дараа буюу 12 цаг 43 минут 24 секундэд гал тогооны ширээний дэргэд байх хар өнгийн шүүгээг онгойлгон дотроос нь эд зүйл авч буй хадгалагдсан байна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 13-18 дахь тал/,
Дамно ХХК-ий 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн БЗД2-25-161 дугаартай “Шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан хөөрөг 1 ширхэг 1,500,000 төгрөг, Шүрэн толгой 1 ширхэг 1,500,000 төгрөг, даваа толгойтой, алтан нуухтай, шар халтар манан хөөрөг 1 ширхэг 2,600,000 төгрөг, 6-тай дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 200,000 төгрөг, дээр үеийн 5-тай үндсэн тагштай мөнгөн аяга 1 ширхэг 1 ширхэг 350,000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг 110,000 төгрөг, алтан, сүүжин 1 хос ээмэг 3,6 грамм 900,000 төгрөг, монетан, цагиран 1 хос ээмэг 3,5 грамм 507,500 төгрөг, монетан унждаг 2023 онд авч байсан, хосоороо 2,4 грамм 348,000 төгрөг, монетан кулонтой 6,6 грамм гинж 957,000 төгрөг, монетан гинж эрэгтэй 7,2 граммтай 1,044,000 төгрөг, монетан нарийн гинж эмэгтэй 1,7 граммтай 246,500 төгрөг, монетан эмэгтэй бөгж 3,8 граммтай 551,000 төгрөг, монетан эрэгтэй бөгж 5,2 граммтай 754,000 төгрөг, монетон эмэгтэй 4,5 граммтай бөгж 652,500 төгрөг, монетон бөгж 2,7 граммтай 391,500 төгрөг, нийт 12,612,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-50 дахь тал/,
Эд зүйл хүлээн авсан тухай “сэжигтэн *******өөс 2 ширхэг /жижиг цагаан, дунд гарын бор хүрэн өнгөтэй, мөнгөн халбагатай/ хөөргийг хүлээн авав” гэсэн тэмдэглэл /хх-ийн 57 дахь тал/,
2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “хохирогч Н.Бын эхнэр Ж.Э-д дунд гарын шар халтар мана хөөрөг 1 ширхэг, жижиг зааны ясан хөөрөг 1 ширхэг, толгойгүй, нуухгүй, халбагагүй, хөөрөгний мөнгөн халбага 1 ширхэгийг хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 97 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95 дахь тал/,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 76-81 дэх тал/,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 81-82 дахь тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 71-72 дахь тал/
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн
Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оншилгооны дүгнэлт 1 хуудас,
Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн дүрс оношилгооны ОХБ-ийн багц нэхэмжлэлийг хянах маягт 2 хуудас,
Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн эмчийн эмчилгээний жорын хуудас 2 ширхэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, яллах, өмгөөлөх талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ц.Мандалын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
******* нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр .............тоот Н.Бын эзэмшлийн байшингийн цонхыг хөшин нэвтэрч алтан, монетан эдлэл, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 12,612,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Н.Бын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хулгайлах гэмт хэргийн хувьд бусдын өмчлөх эрхэд нууц далд сэм аргаар, идэвхтэй үйлдлээр, шунахайн сэдэлтээр халдаж тухайн эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш бодит хохирол учирсан байх шинжийг агуулдаг.
Хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан зүйлчлэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дэх заалтад “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заажээ.
Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг
Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хугацаагаар байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, авто мухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн авто машин, гарааш, албан тасалгаа, үйлдвэрийн эд хөрөнгийн хадгалах зориулалттай байр зэргийг тус тус ойлгоно.
Орон байр, хамгаалсан байр, агуулах нь бусад этгээдийн хувьд нэвтрэхийг хориглосон, нэвтрэхэд зөвшөөрөгдөөгүй орон зай бөгөөд үүнийг мэдсээр байж түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэргээр зөрчиж орсон үйлдэл нь хууль бус нэвтрэлт болдог.
Бусдын өмчлөх эрхэд халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, бодит хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, амар хялбар аргаас эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт агуулсан тул гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл гэж үзнэ. Уг гэмт үйлдэл болон учирсан хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирчээ.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үлэмж хэмжээний хохирол учруулан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бад нийт 12,612,000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд Шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан хөөрөг 1 ширхэг /1,500,000 төгрөг/, даваа толгойтой, алтан нуухтай, шар халтар манан хөөрөг 1 ширхэг /2,600,000 төгрөг/ зэргийг биет байдлаар буцаан өгсөн байх тул төлбөл зохих хохирлоос хасаж тооцох нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 8,512,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бад олгохоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн зүгээс хөнгөн ял шийтгэл ял оногдуулж өгнө үү гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Шүүхээс шүүгдэгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлтэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *******өд шүүхээс оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцогдсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үлэмж хэмжээний хохирол учруулан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******өд 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******өд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******өөс 8,512,000 /найман сая таван зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Бад олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцогдсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ