Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 147/ШШ2022/00400

 

 

 

 

 

 

   

 2022 оны 11 сарын  03  өдөр      Дугаар 147/ШШ2022/00400       Баруун-Урт сум

           

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5-р багт оршин суух, утасны дугаар 80869606, Зээрднүүд овогт Мажигийн Чингүнжавын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5-р баг, “Цагаан худаг” гэх газар нутаглах, утасны дугаар 89660329, Боржигон овогт Бандийн Гэрэл-Одод холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага:

“Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 12,840,277 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Чингүнжав

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Хариуцагч Б.Гэрэл-Од

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал /цахимаар/

Иргэдийн төлөөлөгч: Б.Болортуул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Чингүнжав нь хариуцагч Б.Гэрэл-Одод холбогдуулан   “Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 12,840,277 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            Б.Гэрэл-Од нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5-р багийн нутаг “Талын хонхор” гэх газарт хохирогч М.Чингүнжавыг зодож, эрүүл мэндэд нь “доод эрүүний 31, 32 дугаар шүдний булгаралт, дээд эрүүний 21, доод эрүүний 41 дүгээр шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн юм.

            М.Чингүнжав би өөрийн эрүүл мэндэд гэмтэл учирснаас болж “UB ONE MEDICAL CLINIC” шүдний эмнэлэгтэй гэрээ хийж, имплант 4 шүд хийлгэхээр болж 12,120,000 төгрөгийг төлсөн. Мөн ирж, очих унааны зардалд 720,277 төгрөг нийт 12,840,277 төгрөг болсон. Өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Б.Гэрэл-Одод хэлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд миний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 12,840,277 төгрөгийг Б.Гэрэл-Одоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Гэрэл-Од шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд М.Чингүнжав нь шүд хийлгээгүй, саяхан тааралдахад хэвээрээ байсан. Өөрөөр хэлбэл шүүхэд шүдээ хийлгэсэн мэтээр тайлбарлан хуурамч баримт бүрдүүлж өгсөн. Үүнийг нотлох амархан бөгөөд М.Чингүнжав шүүх хуралдаанд биечлэн оролцоход ойлгомжтой болно.  Миний хувьд гэм буруугийн талаар маргахгүй боловч хэтэрхий их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 4 ширхэг шүд хийлгэхэд зах зээлийн дундаж үнэ хэд болохыг тогтоолгох хүсэлтэй байх бөгөөд тогтоогдсон хэмжээгээр төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Мөнххаан сумаас Улаанбаатар хот руу ирж очих унааны зардал 720,277 төгрөг гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ хооронд нийтийн зорчих тээврээр зорчиход 100,000 төгрөг ч хүрэхгүй зардлаар ирж очдог. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байсан боловч бид шүүх хуралдаан болохын өмнө уулзаж ярилцаад 3 шүдний төлбөрт 9,000,000 төгрөг өгч, авахаар тохиролцсон байсан. Би эрүүгийн шүүх хуралдааны өмнө төлбөрийг төлж барагдуулах зорилгоор Төрийн банкнаас малчны зээл 8,000,000 төгрөг авсан боловч мөнгөө үрчихсэн. Эмчилгээний зардлын хувьд баримтаар авагдсан тул маргах зүйлгүй. Харин бензин, тосны баримтын хувьд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайн үед өөрийн болон хүний машинаар ч явсан байж болох учир нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулах хүсэлтэй байна гэв.

           

3.  Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/

3.2. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоол /хх-3-11/

3.3. “UB OSSTEM” клиник эмнэлэгтэй 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Имплант хийлгэх гэрээ” /хх-12-14/,

3.4. “UB OSSTEM” клиник эмнэлгийн имплант шүд хийлгэх үнийн санал /хх-15/,

            3.5. Оёдол авахуулахаар Улаанбаатар хотод ирж, буцахад зарцуулсан бензиний баримт, шүд хийлгэхээр Улаанбаатар хотод ирж, буцахад зарцуулсан бензиний баримт, эм худалдан авсан баримт, шүд хийлгэхэд төлсөн баримт зэрэг нийт 12,840,277 төгрөгийн баримт болно.

 

4. Хариуцагч Б.Гэрэл-Од шүүхэд нотлох баримт гаргаагүй болно.

 

5.  Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжилж буй хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч М.Чингүнжаваас хариуцагч Б.гэрэл-Одод холбогдуулан гаргасан “Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 12,840,277 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Хариуцагч Б.Гэрэл-Од нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас миний нүүрэн тус газар мөргөж доод эрүүний 31, 32 дугаар шүд, дээд эрүүний 21, доод эрүүний 41 дүгээр шүдний хугарал, сулрал бүхий хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн. Миний хувьд 3 шүдний төлбөр гаргуулах талаар Б.Гэрэл-Одод хэлж байсан.  Эмнэлгээр явж ирээд шүд хийлгэх төлбөрийн баримтыг түүнд үзүүлэхэд “малчны зээл аваад төлнө” гэж хэлсэн. 2022 оны 6 дугаар сарын 26-ны үед Б.Гэрэл-Одын эхнэр над руу залгаад “төлбөр мөнгийг чинь шүдээ хийлгүүлээд ирсний дараа төлнө” гэж ярьсан. Тэгэхээр нь миний 4 шүд суларсан байгаа шүү гэж хэлсэн. 7 сарын 04-ний өдөр шүдний эмнэлэгт очиж гэрээ байгуулж, шүд хийлгэх төлбөрөө бүрэн төлөөд ажилбараа эхлүүлсэн. Одоо миний 4 шүдний доод сууриуд бүгд хийгдсэн. Доод шүдэнд 3 сарын дараа дээшээ ажилбарууд хийгдэнэ. Дээд шүдэнд 6 сарын дараа буюу цагаан сар болтол ажилбар хийгдэхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл яс, төмөр хоёр нь хэвштэл ажилбар хийгдэхгүй. 2022 оны 10 дугаар сарын 20-ны үед шүдний эмнэлгээс дуудахад нь очиж шүднийхээ хэвийг өгсөн. 11 дүгээр сардаа багтаад доод шүднүүд хийгдэнэ. Дээд нэг шүд болоогүй. Угаасаа шүд хийгдэж байгаа учир төлбөр мөнгөө бүрэн төлсөн. Тэгээд энэ төлбөрөө хариуцагчаас гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан. Бензин тосны хувьд түлшний үнэ өссөн. Аймаг, сумын хооронд жижиг тэргээр явахад 100,000 төгрөгийн шатахуун ордог.  Улаанбаатар хот руу 2 удаа мэс ажилбар хийлгэхээр явсан.

НӨАТ-ын баримтаараа, ирж очсон он, сар, өдрөөрөө бензиний баримт, худалдан авсан эмийн баримт хэрэгт байгаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж заасан тул Б.Гэрэл-Одоос “Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 12,840,277 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Б.Гэрэл-Од нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 

 

Бид өмнө нь ярилцаад 3 шүдний төлбөрт 9,000,000 төгрөг өгч, авахаар тохиролцсон байсан. Би шүүх хуралдааны өмнө төлбөрийг төлж барагдуулах зорилгоор Төрийн банкнаас малчны зээл 8,000,000 төгрөг авсан боловч мөнгөө үрчихсэн. Эмчилгээний зардлын хувьд баримтаар авагдсан тул маргах зүйлгүй. Харин бензин, тосны баримтын хувьд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайн үед өөрийн болон хүний машинаар ч явсан байж болох учир нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулах хүсэлтэй байна гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Сүхбаатар  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Гэрэл-Одийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогч М.Чингүнжав цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгтБусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч М.Чингүнжав нь хариуцагч Б.Гэрэл-Одоос гэм хорын хохирол шаардах эрхтэй байна.

 

8. Нэхэмжлэгч М.Чингүнжавын “UB OSSTEM” клиник эмнэлэгтэй 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Имплант хийлгэх гэрээ”-ний дагуу төлсөн 12,120,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр худалдан авсан шатахууны үнэ 225,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр худалдан авсан шатахууны үнэ 58,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр худалдан авсан шатахууны үнэ 105,370 төгрөг, “Түшиг-Од” фармаас 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр худалдан авсан эмийн үнэ 10,100 төгрөгийн баримтуудыг үндэслэн 12,518,470 төгрөгийг хариуцагч Б.Гэрэл-Одоос гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

9. Нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр худалдан авсан шатахууны үнэ 161,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр худалдан авсан шатахууны үнэ 156,000 төгрөг, зогсоолын төлбөр 5,000 төгрөгийн баримтууд үг, үсэг нь баларсан, уншигдахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 321,807 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. 

 

10. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Гэрэл-Одоос гэм хорын хохиролд 12,518,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Чингүнжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 321,807 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Болортуулын нэхэмжилж буй хохирлыг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

12. Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,394 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 215,245 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Гэрэл-Одоос эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 12,518,470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Чингүнжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 321,807 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,394 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 215,245 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                               ШҮҮГЧ                                               Ц.ЭРДЭНЭЗУУ