Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 147/ШШ2022/00098

 

 

 

 

2022 оны 03 сарын 17 өдөр         Дугаар 147/ШШ2022/00098        Баруун-Урт сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13-р хороо, 99-р байрны 178 тоотод оршин суух, утасны дугаар 88390926, 99557326, Боржигон овогт *******

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, “Далан”-гийн 13-1305 тоотод оршин суух, утасны дугаар 88010357,  Боржигон овогт *******

 

Нэхэмжлэлийн шаардлага:

 

“Зээлийн төлбөрт 8,028,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч: ******* /цахимаар/

Хариуцагч: *******

Хариуцагчийн өмгөөлөгч; У.Хүрэлсүх /цахимаар/

Гэрч; ******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Ариунжаргал

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан “Зээлийн төлбөрт 8,028,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Миний бие хариуцагч *******тэй 2016-2017 оны үед найз нөхдийн холбоотой байсан. ******* нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Да хүрээ” авто захаас Toyota Prius-20 маркийн 3996 УБЯ улсын дугаартай авто машиныг худалдан авахад 8,028,000 төгрөг дутаад байна, мөнгө байвал зээлээч, удаахгүй зээлсэн мөнгөө буцааж өгнө гэсэн. Ингээд миний бие итгэж *******ийн мөнгө шилжүүл гэсэн ХААН банкны 5018401361 тоот данс руу өөрийн ХААН банкны 5095061716 тоот данснаас 8,028,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч ******* нь зээлийн төлбөрийг буцаан шаардахад зээлийн төлбөрийг удаахгүй өгнө, хөдөө байна, хот руу орохоороо өгнө гэх зэргээр худлаа ярьж улмаар миний утсыг блоклож сураггүй алга болсон.

Миний бие 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******ээс зээлийн төлбөр 8,028,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2020/06992 дугаар шүүгчийн захирамжаар “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Мөн *******ээс төлбөрөө буцаан гаргуулахаар цагдаагийн байгууллагад хандсан боловч 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3353 дугаар Прокурорын тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1/2589 дугаар Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар ******* нь *******өөс 8,028,000 төгрөг авсан нь тогтоогдсон боловч тус хэрэг маргаан иргэний маргаан тул иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн болно.

Хамгийн сүүлд *******ийн хаяг олдохгүй байсан тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсээс ирүүлсэн албан бичгээр Алтангэрэл овогтой Шинэцэцэгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, “Далан”-гийн 13-1305 тоотод оршин суудаг болохыг тогтоож өгсөн.

Иймд миний бие *******ээс зээлийн төлбөрт 8,028,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

1.2 Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ******* миний бие *******тэй үерхдэг байх хугацаанд ******* нь уучлалт гуйж өөрөө машин худалдан авч надад өгсөн. Би мөнгө зээлээгүй, машин худалдаж авах төлөвлөгөө, боломж ч байхгүй байсан. Тухайн үед машинаа буцаагаад ав, эвлэрэхгүй гэхэд бэлэг өгчихөөд буцааж авахгүй гээд буцааж аваагүй, банк бусад хураагдсан. Иймд олон жилийн дараа гэнэт зээлсэн мөнгөө буцааж авна гэж худалд хэлж шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Гэрч ******* мэдүүлэхдээ: “... ******* бид хоёр найзууд. *******, ******* нар нь pacebook-ээр танилцаж, нэг нэгэндээ сайн гээд үерхэж байсан. Манайхыг 1-р хороололд байхад тэр хоёр машин худалдаж авсан гээд манайд ирж байсан бөгөөд ******* тухайн үед “******* надад машин авч өгсөн, бэлэглэсэн” гэж ярьж байсан болохоос зээлсэн гэж яриагүй.” Гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 26з 3-3 /3465 дугаартай албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/1134 дугаартай *******өд гомдлын хариу хүргүүлсэн “Хариу мэдэгдэх хуудас”, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/01323 дугаартай шийдвэр, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1/2589 дугаартай *******өд гомдлын хариу хүргүүлсэн “Хариу мэдэгдэх хуудас”, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3353 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2020/06992 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч *******ийн хүсэлтээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3353 дугаартай тогтоолоор “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, гомдлын 8385 дугаартай материалаас *******ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл, хохирогчоор өгсөн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, 3996 УБЯ улсын дугаартай автомашины зураг, *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хэрэг бүртгэлтийг хаасан прокурорын тогтоол, *******ийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор болон Нийслэлийн прокурорын газарт гаргасан гомдол, гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай Баянзүрх дүүргийн Прокурорын болон Нийслэлийн прокурорын газрын тогтоол, хариу мэдэгдэх хуудас зэргийг шүүх 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 147/ШЗ2022/00126 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2015 онд Шинэцэцэгтэй танилцсан. Машин гэлтгүй маш олон зүйл авч өгч байсан. 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 8,028,000 төгрөгийг шилжүүлж машин авч өгч байсан. Машин авахуулчихаад надтай уулзахгүй алга болсон. Би машинаа авъя гэхээр зарчихсан, яах гэж надад өгсөн юм бэ? гэж хэлдэг байсан. Хамт амьдрах юм чинь болно гээд байхаар нь би итгээд өгсөн юм. Иймд машины төлбөрийн урьдчилгаа болгож өгсөн 8,028,000 төгрөгөө Шинэцэцэгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжилж байгаа 8,028,000 төгрөгийг миний данс руу хийгээгүй. Машин зардаг хүний дансанд хийсэн. Машиныг бол чамд бэлэглэж байна, намайг уучлаарай гэж хэлээд өгсөн. Өөрөө надад туслая, дэмжье, машины урьдчилгаа төлбөр хийж өгье гэж байсан. Тэрнээс хойш намайг дарамталж өөрийнхөө эрхшээлд байлгах гээд байсан. Машинаа буцаагаад ав гэж зөндөө хэлж байсан. Манай гэрийн гадаа ирээд “чамд бэлэглэсэн юм чинь авахгүй” гэж байсан. Хамгийн гол нь намайг хүнтэй сууж, хүүхэд гаргасны дараа нэхэмжлэл гаргаж, мөнгө нэхэж эхэлсэн. Миний хувьд түүнээс мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/1134 дугаартай *******өд гомдлын хариу хүргүүлсэн “Хариу мэдэгдэх хуудас”, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1/2589 дугаартай *******өд гомдлын хариу хүргүүлсэн “Хариу мэдэгдэх хуудас”, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3353 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол зэргээс нэхэмжлэгч ******* 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 17-р хороо “Да хүрээ” авто худалдааны төвөөс Prius-20 маркийн автомашин худалдан авахадаа 8,028,000 төгрөгийг машин худалдаалдаг хүний данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ. 

 

6.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн төлбөр гаргуулах гэж тодорхойлж байх ба зээлийг гэрээний дагуу олгож, эргэн төлүүлэх бөгөөд зээлийн дүн, ногдуулах хүү, зээлдүүлэх хугацаа, үүргийн төлбөр, хөнгөлөлт, торгууль зэрэг бусад нөхцлийг гэрээнд заадаг. Дээрх байдлаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.

 

7.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.”, 276.2 дахь хэсэгт  “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасанчлан нэхэмжлэгч ******* нь Prius-20 маркийн автомашиныг худалдан авахад зориулж 8,028,000 төгрөгийг төлсөн, улмаар машиныг хариуцагч *******ийн өмчлөлд шилжүүлсэн талаар зохигчид маргахгүй байна.

     

8.Мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт “бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж хуульчилсан байх ба бэлэглэгч хуульд заасан хугацаанд бэлгийн талаар эрх бүхий байгууллагад шаардлага гаргаагүй, улмаар нэг жилийн хугацаанд бэлэглэлийг хүчингүй болгоогүй учраас нэхэмжлэгч дээрх гэрээг хүчингүй болгох эрхээ алджээ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, ... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.” гэж заажээ.

 

10. Нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн гэм бурууг нотлох, түүний татгалзлыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,398 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******ээс зээлийн төлбөрт 8,028,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,398 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.ЭРДЭНЭЗУУ