Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 147/ШШ2022/00111

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 23 өдөр         Дугаар 147/ШШ2022/00111        Баруун-Урт сум

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт байрлах, /РД:8247072/, “*******” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт байрлах, /РД:3680681/, “*******” ХХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага:

 

“Үндсэн зээлийн төлбөр 150,000,000 төгрөг, зээлийн хүү 8,130,700 төгрөг, алданги 79,065,300 төгрөг, нийт 237,196,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч: “*******” ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч *******

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Цацралтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Ариунжаргал

 

Хариуцагч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч  ******* нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “Үндсэн зээлийн төлбөр 150,000,000 төгрөг, зээлийн хүү 8,130,700 төгрөг, алданги 79,065,300 төгрөг, нийт 237,196,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Манай байгууллага нь хариуцагч “*******” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17/02 дугаартай Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийн зээлийн жилийн 3 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар олгосон байдаг.

“*******” ХХК-ийн удирдлагатай удаа дараа уулзаж төлбөр төлөх талаар албан бичгээр болон амаар хэлж, ярьж нэхэмжлэж байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлж барагдуулаагүй бөгөөд гэрээ байгуулсан хугацаа дуусч уг зээл нь хугацаа хэтрэлттэй чанарын зээлийн ангилалд шилжин бидний ажилд хүндрэл учруулж байна.

Иймд “*******” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд:

Үндсэн зээлийн төлбөр 150,000,000 төгрөг, зээлийн хүү 8,130,700 төгрөг, алданги 79,065,300 төгрөг, нийт 237,196,000 төгрөгийг хариуцагч *******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “*******” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй “*******” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

Манай компани нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Оёдлын үйлдвэрлэл, Сүлжмэлийн үйлдвэрлэл, Сав, баглаа, боодлын үйлдвэрлэл, Гадаад, дотоод  худалдааны үйл ажиллагаа, Үйлдвэрлэлээ дэмжсэн үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 2018 оны 9 дүгээр сард компанийн хувьцааны 65 хувийн хувьцааг “Ум тэнгэр трейд” ХХК, 35 хувийг ““*******” ОНӨААТҮГ нь тус тус эзэмшихээр өөрчлөгдсөн билээ.

Зүүн бүсийн нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэ ажлын байр бий болгох үндсэн зорилгын хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний савалгаа болох шуудай үйлдвэрлэхээр тоног төхөөрөмжийг худалдан авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу бидэнд захиалагчтай холбоо тогтоож үйл ажиллагаа явуулахаар болсон ч БНХАУ-аас хямд үнэтэй шуудай импортоор орж ирдэг шалтгаанаас улбаалан мөн төр засгийн тогтворгүй үйл ажиллагаанаас болж бидний хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн.

Ингээд бага хэмжээгээр ч болов үйлдвэрлэл явуулж байсан ба дэлхий дахинд үүссэн нөхцөл байдал “Covid-19” цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор үйл ажиллагаа бүрэн зогсож, захиалгын ажил орж ирээгүй, өнөөдрийн байдлаар ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа болно.

Нэхэмжлэгч нь манай “*******” ХХК-ийн 35 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд үүссэн нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа.

Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “*******” ОНӨААТҮГ-тай “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн гэрээ” байгуулан 150,000,000 төгрөгийг зээлсэн ба уг мөнгө нь үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулалтын дагуу бүрэн ашиглагдсан юм.

Дээрх нөхцөл байдлын улмаас компани нь үйл ажиллагаа явуулаагүй тул ямар нэгэн орлого олоогүй гэрээний 9-р зүйлд заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдал буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэхэд төлөвлөгдөөгүй эрсдэл үүссэнийг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 8,130,700 төгрөг, нийт 158,130,700 төгрөгийн хэмжээнд маргаангүй ба хугацаа хэтэрсэн алдангид тооцсон 79,065,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3.Хариуцагчийн өмгөөлөгч С.Цацралтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хариуцагч тал үндсэн зээл, зээлийн хүүн дээр маргахгүй. Харин нэхэмжлэгч алдангид нэхэмжилсэн 79,065,300 төгрөгийн 50 хувиас чөлөөлье гэсэн боловч үлдэх 50 хувийг хариуцагчийн зүгээс төлөх боломжгүй байна. Нэгдүгээрт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор, хоёрдугаарт гэрээг хуулийн дагуу тайлбарлавал 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 48 сарын хугацаатай буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуусахаар зээлийн гэрээ байгуулагдсан.

Гэрээний 6.2-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаар алданги тооцох эрх үүснэ гэж тайлбарлана. Бид алдангийн хэмжээг 17 хоногийн хугацаагаар тооцвол алдангиас 13,441,109.5 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Зээлийн гэрээний хугацаа дууссан гэдэг нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хугацааг тооцно. Хугацаан дээр тохирвол маргах зүйлгүй. Дуусгавар болсон хугацаанаас хойш алданги тооцуулна. Миний хувьд хууль зүйн талаас нь гаргалгаа гаргаж эвлэрэх санал тавьж байгаа болохоос хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоогүй тул шууд эвлэрэх, хүлээн зөвшөөрөх эрх хэмжээ байхгүй. Уг зээл нь банк болон түүнтэй адил эрх бүхий байгууллагаас олгож байгаа зээлийн хэлбэр биш учир шүүхэд хандах хүртэл хугацаагаар үүргийн гүйцэтгэл тоолох хугацаа зогсоно гэж тайлбарлаж байгаа.

Зээлдэгчийн үүрэг болох тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т “Зээлдэгч нь зээлийн төлбөрөө бүрэн төлнө, төлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ.” гэж заасан. Харин зээлийн гэрээний хугацаа гэдэг нь гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа 48 сар, 6.2-т зааснаар хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тооцоход хугацаа хэтэрснээс хойш шүүхэд хандах хүртэлх 17 хоногоор бодоход 13,441,109.5 төгрөг дээр маргаан байхгүй тул алдангид илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулсан 17/02 дугаартай “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн гэрээ”-ний хуулбар /хх-ийн 6-8-р тал/, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Төлбөрийн даалгавар”-ын хуулбар /ХХ-ийн 9,10-р тал/, Харилцагчийн гүйлгээ /хх-ийн 11, 12-р тал/,

 

5. Хариуцагчаас Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн “Баталгаа гаргуулах тухай” хүсэлт /хх-ийн 30-32-р тал/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 33-р тал/, “*******” ХХК-ийн дүрэм /хх-ийн 34-39-р тал/, Монгол Улсын Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимаас 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр олгосон 02/129 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ”-ний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22/35 тоот хүсэлтийн дагуу шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар МУ-ын ЗГ-ын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоол, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/29 тоот захирамж, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/96 тоот захирамж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/199 тоот захирамж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/200 тоот захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/214 тоот захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/245 тоот захирамж зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  Гэрээнд заасан хугацаа гэдгийг зээл төлөх графикийн дагуу зээлээ төлөх хугацаа гэж ойлгож байгаа. Энэ хугацаанд төлөөгүй тул алданги тооцох нь үндэслэлтэй. Үндсэн зээл болон зээлийн хүүгийн хувьд хариуцагч маргах зүйлгүй гэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс алдангид нэхэмжилж буй 79,065,300 төгрөгөө 50 хувиар багасгах боломжтой гэв.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 8,130,700 төгрөг, нийт 158,130,700 төгрөгийн хэмжээнд маргах зүйлгүй, харин нэхэмжлэгчийн зүгээс алдангид тооцсон 79,065,300 төгрөгөө 50 хувиар багасгах боломжтой гэж байх боловч үлдэх 50 хувийг нь төлөх боломжгүй. Нэгдүгээрт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор, хоёрдугаарт гэрээг хуулийн дагуу тайлбарлавал 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 48 сарын хугацаатай буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуусахаар зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээний 6.2-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаар алданги тооцох эрх үүснэ гэж тайлбарлана. Бид алдангийн хэмжээг 17 хоногийн хугацаагаар тооцвол алдангиас 13,441,109.5 төгрөгийг төлнө. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын хооронд байгуулсан 17/02 дугаартай “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн гэрээ”, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Төлбөрийн даалгавар”-ын хуулбарууд, “Харилцагчийн гүйлгээ”, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай 17/02 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

5. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17/02 дугаартай  зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 3%/-ийн хүүтэйгээр зээлж авсан ба зохигчдийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх зээлийн гэрээний харилцаа үүссэн байна

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлйин 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”. гэж заажээ.

 

7. Талуудын маргааны зүйл нь алдангид нэхэмжилсэн 79,065,300 төгрөг байх ба үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 8,130,700 төгрөгийн тухайд хариуцагч маргахгүй байна.

 

8.  Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1-д заасан 48 сарын хугацаанд хариуцагч зээлээ төлөөгүй, гэрээний 6.2-т “Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө.” гэж тохиролцсны дагуу хариуцагч зээл, зээлийн хүү, алданги төлөх үүрэгтэй байна.

 

9. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуусч байх ба шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоход хугацаа хэтрэлт 17 хоног байна.

 

10. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн үндсэн зээл 150,000,000 төг + зээлийн хүү 8,130,700 төг = 158,130,700 x 0.5% = 790,653 төг x 17 хоног = алданги 13,441,101 төгрөг байна гэж үзлээ.

 

11. Иймд хариуцагч “*******” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 8,130,700 төгрөг, алданги 13,441,101 төгрөг, нийт 171,571,801 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-т олгож, алдангид илүү нэхэмжилсэн 65,624,191 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

12. Нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,343,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,015,809 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6  хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 8,130,700 төгрөг, алданги 13,441,101 төгрөг, нийт 171,571,801 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 65,624,191 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,343,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,015,809 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ