Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 147/ШШ2022/00154

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 21 өдөр         Дугаар 147/ШШ2022/00154        Баруун-Урт сум

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч П.Болормаа, Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, Өлзийт хорооллын 200 тоот хаягт оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, утасны дугаар:99997563, Баянмөнх овогт *******т холбогдох

 

 Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын нөхөн төлбөр 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдааны оролцогчид:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, 

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /цахимаар/

 Иргэдийн төлөөлөгч *******

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй гэж мэдэгдсэний дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Цагдаагийн ерөнхий газар нь ******* ХХК-тай 2019 оны 09 сарын 20-ны өдөр ГОД30С191048667 тоот даатгалын гэрээг байгуулж, цагдаагийн албан хаагчийн амь нас, эрүүл мэндэд учрах гэнэтийн ослын эрсдлээс даатгуулсан. 2020 оны 02 сарын 22-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа жолооч, ахлах ахлагч М.Бат-Өлзий нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа бууны  суманд оногдож, гэнэтийн осолд орж, 2020 оны 03 сарын 02-ны өдөр нас барсан.

******* ХХК нь даатгалын гэрээний дагуу Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 42/493 дугаар албан тоотоор нөхөн төлбөр гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, гүйцэтгэх захирлын 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 3012002080 дугаар тушаалаар нөхөн төлбөрт 15,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэж, 2020 оны 03 сарын 05-ны өдөр урьдчилгаа 5,000,000 төгрөгийг Бат-Эрдэнийн 5084228513 тоот дансанд, 2020 оны 04 сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг М.Бат-Өлзийгийн эхнэр Нарантуяагийн нэр дээрх 5644248762 тоот дансанд тус тус шилжүүлсэн.

Иргэний хуулийн 123 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 10 дугаар зүйлийн 10.3, 10.4-т заасан ******* ХХК- нь даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн зардлаа буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна.

Шаардах эрх шилжүүлж авсны дагуу 2020 оны 05 сарын 04-ний өдөр Авлигатай тэмцэх газарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дахь заалтыг үндэслэн иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг шийдвэрлэсэн талаар Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхийн алинаас нь ч хариу өгөөгүй бөгөөд уг эрүүгийн хэргийг 2020 оны 06 сарын 11-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн болохыг тус шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргаж, шийтгэх тогтоолыг авч байж мэдлээ.

Тус тогтоолоор ******* ХХК-ийн хүсэлт болон хохирлын асуудлыг шийдвэрлээгүй орхисон байх тул даатгалын нөхөн төлбөрт олгосон 15,000,000 төгрөгийг Г.Батсууриас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй оролцож, тайлбар гаргах болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг төлсөн баримт, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 42/493 тоот албан бичиг, мөнгө олгохыг хүссэн өргөдөл,  ******* ХХК-ийн захирлын  2020 оны 04 сарын 08-ны өдрийн 30I2002080 тоот нөхөн төлбөр олгох тухай тушаал, харилцагчийн дансны хуулга, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 11-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоол, ******* ХХК-ийн 2022 оны 01 сарын 25-ны өдрийн 2201/155 тоот итгэмжлэл олгох тухай албан бичиг зэрэг баримтууд,

 

4. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбар, өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.

 

5. Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийг хариуцагч ******* төлөх үндэслэлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй

байна.

2. Нэхэмжлэгч *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт төлсөн хохирол 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.           

 

            2.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

2.2. ******* ХХК-нь Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан гэнэтийн ослын даатгалын гэрээний улмаас талийгаач М.Бат-Өлзийгийн даатгалын нөхөн төлбөрт 15,000,000 төгрөгийг төлснөөр шаардах эрх шилжсэн. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийн хохирлыг гэм буруута этгээд Г.Батсууриас гаргуулна гэжээ.

 

            3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж няцаасан. Үүнд:

 3.1. Хариуцагч ******* миний бие Цагдаагийн албан хаагч байсан учир мөн даатгуулагч байсан.

3.2. Даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар Даатгагдсан ажилтны биед санаатайгаар хохирол учруулах, танхайн сэдэлтэй болон гэмт хэргийн шинжтэй үйлдлээр учруулсан хохиролд гэрээний 10.3 дахь заалт үйлчлэхгүй гэсэн байгаа.

3.3 Гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Цагдаагийн газрын зүгээс хууль тогтоомж, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журмыг мөрдөх, аюул ослоос урьдчилан сэргийлэх болон хохирлыг багасгах боломжит бүх арга хэмжээг авч байх үүрэгтэй байсан.

3.4 Г.Батсуурийн зүгээс амь хохирогчид учирсан бодит хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлж барагдуулсан. Даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.13 дахь хэсэгт буруутай этгээдээс учирсан хохирлоо бүрэн төлсөн бол хохирол нэхэмжлэхгүй гэсэн зохицуулалт байгаа. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

             4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

   5. *******” ХХК болон Цагдаагийн ерөнхий газрын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр байгуулагдсан гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр нэхэмжлэгч нь Цагдаагийн албан хаагч нарын амь нас, эрүүл мэндийг нэг хүнийг 15,000,000 төгрөгөөр үнэлэн, 1 жилийн хугацаагаар даатгасан, даатгуулагч даатгалын хураамж төлжээ.

 

  6. Талууд даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасны дагуу бичгээр байгуулсан ба зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

  7. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа жолооч, ахлах ахлагч М.Бат-Өлзий нь 2020 оны 02 сарын 22-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд тус цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч Г.Батсуурийн алдсан бууны  суманд оногдож, гэнэтийн осолд орж, 2020 оны 03 сарын 02-ны өдөр нас баржээ.

 

8. Нэхэмжлэгч ******* ХХК нь М.Бат-Өлзийгийн амь насанд учирсан хохиролд 15,000,000 төгрөгийг Батөлзийгийн эхнэр Нарантуяад төлсөн бөгөөд уг төлбөрийг хариуцагчаас шаарджээ.

 

9. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7.-д “даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, даатгалын гэрээний 3.8-т даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нөхөн барагдуулсны дараа буруутай этгээдээс даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжилнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

9. Хариуцагч Г.Батсуурийг Цагдаагийн газарт жижүүрийн офицероор ажиллаж байсан ажилтны хувьд Цагдаагийн ерөнхий газар ******* хоёрын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний дагуу гэнэтийн ослын даатгалд даатгуулсан цагдаагийн байгууллагын ажилтан гэж үзнэ.

 

10. Хариуцагч ******* нь  “..даатгуулагч болон түүний ажилтан даатгалын тохиолдолд буруутай байх тохиолдолд даатгагч нь хохирлын нөхөн төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхээс татгалзах”-аар гэрээний 10.3-т тохиролцсон тул хариуцахгүй гэж татгалзсан. 

 

11. Гэрээний 10 дугаар зүйлийн 10.4-т зааснаар “..даатгуулагчийн ажилтнаас даатгагдсан ажилтны биед санаатайгаар хохирол учруулах, танхайн сэдэлттэй болон гэмт хэргийн шинжтэй үйлдлээр учруулсан тохиолдолд гэрээний 12.3 дах заалт үйлчлэхгүй гэсэн нь гэмт хэргийн улмаас гэнэтийн осол болсон тохиолдолд гэрээний 10.3-т заасныг баримтлахгүй байхаар талууд тохиролцсон байна гэж шүүх үзлээ.

 

 12. Хариуцагч Г.Батсуурийн үйлдсэн гэмт хэргийн улмаас даатгуулагч М.Бат-Өлзийгийн амь нас хохирсон болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 11-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 

13. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т “..гэнэтийн ослоос хойш 12 сарын хугацаанд даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран даатгалын үнэлгээнээс нөхөн төлбөр олгохыг заасан. Осол 2020 оны 2 сарын 22-ны өдөр болсон ба осол гарснаас 3 сар гаруй хугацааны дараа 2020 оны 6 сарын 11-ний өдөр уг осолтой холбоотой эрүүгийн хэрэг шийдэгдэж 124 тоот шийтгэх тогтоолоор амь хохирогчид 21,500,000 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь тогтоогдсон.

 

14. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2 дахь хэсэгт: “.. даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй гэж, 439.4-т:”..даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй болохыг тус тус заасан. Иймд даатгалын компани нь гэрээний дагуу буруутай этгээдээр хохирлыг төлүүлэхээр тус байгууллагатай гэрээ байгуулсаны дагуу шаардлагатай мэдээллийг өөрөө цуглуулах үүрэгтэй байтал тус үүргээ хэрэгжүүлж, буруутай этгээд Батсуурийн төлсөн хохирлыг харгалзан үзэлгүй, гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т заасан хугацааг баримтлалгүйгээр, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.13-т заасныг зөрчиж үүргээ гүйцэтгэсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

15. Иймд хариуцагч ******* нь амь хохирогчид учруулсан хохиролд 21.500.000 төгрөгийг төлсөн нь Даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.13 дахь хэсэгт “..буруутай этгээдээс учирсан хохирлоо бүрэн төлсөн бол хохирол нэхэмжлэхгүй” гэж гэрээгээр талууд тохиролцсон, энэ нь даатгалын тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзээд нэхэмжлэлийн 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 16. Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийг хариуцагч ******* төлөх шаардлагагүй гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзэв.

 

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн хариуцагч Г.Батсууриас даатгалын нөхөн төлбөр 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ

 

                                      ШҮҮГЧИД                      П.БОЛОРМАА

 

                                                                            Г.ЖАРГАЛМАА