Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 147/ШШ2022/00155

 

 

 

 

2022 оны 04 сарын 21 өдөр         Дугаар 147/ШШ2022/00155        Баруун-Урт сум

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, шүүгч Т.Байгалмаа, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 4-р баг, “Дэрсэн хонхор” гэх газар нутаглах, утасны дугаар 89306644, 94088874, Боржгин жуухай овогт *******гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р баг, “Баясгалант”-ын   4-2 тоотод оршин суух, утасны дугаар 99829729, Боржигон овогт *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8,377,950 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 10,377,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ******* /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох /цахимаар/

Иргэдийн төлөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Ариунжаргал

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохирол 8,377,950 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 10,377,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие 17-75 УАК улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автотээврийн хэрэгслийг Жавзмаа овогтой Пунцагдашаас 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 8,000,000 төгрөгөөр худалдан авч, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Гэвч 2021 оны 9 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнийн 23 цагийн үед хариуцагч ******* нь миний эзэмшлийн 17-75 УАК улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автотээврийн хэрэгслийг жолоодон явж байх үедээ зам тээврийн осол гаргаснаас надад 10,377,950 төгрөгийн хохирол учраад байна. Үүнд:

-2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Мастер үнэлгээ” ХХК-аас гаргасан 17-75 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирол 7,368,950 төгрөг,

-17-75 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэргийн газраас журмын хашаа руу тээвэрлэсэн төлбөр 215,000 төгрөг,

-журмын хашаанаас “Мастер плаза” засварын газар руу тээвэрлэсэн төлбөр 360,000 төгрөг,

-“Мастер плаза” засварын явах эд ангийн оношилгооны төлбөр 64,000 төгрөг,

-“Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний төлбөр 370,000 төгрөг,

-*******гийн буруутай үйлдлээс болж өмгөөлөгч авсан төлбөр 2,000,000 төгрөг нийт 10,377,950 төгрөг болж байгаа.

*******гийн дээрх буруутай үйлдлийг Тээврийн цагдаагийн газраас шалгаж 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Тээврийн прокурорын газрын 95 дугаар прокурорын тогтоол гарч 210300280 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж *******д Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

******* нь надад учруулсан гэм хорын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй алга болсон учир аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна.

17-75 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхэд улсын дугаар нь 37-65 ХХМ болж өөрчлөгдсөн.

Учир нь өмнөх өмчлөгч Ж.Пунцагдаш нь Улаанбаатар хотын хаягтай, миний бие орон нутгийн буюу Өвөрхангай аймгийн хаягтай, тухайн автотээврийн хэрэгслийн арлын дугаар нь NHW203356243 бөгөөд огт өөрчлөгдөөгүй болно.

 

Иймд надад учруулсан гэм хорын хохирол 8,377,950 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 10,377,950 төгрөгийг хариуцагч *******гөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гардаж авсан боловч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/

3.2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/

3.3. 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ж.Пунцагдаш, ******* нарын хооронд байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээ /хх-5-6/

3.4. Тээврийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 95 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолын хуулбар /хх-7-10/

3.5. “Мастер үнэлгээ” ХХК-ийн автомашин  техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралтын хуулбар /хх-11-16/

“Мастер үнэлгээ” ХХК-ийн автомашин  техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралтын хуулбар /Тээврийн прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар хх-86-90/

3.6. Автомашины гадны талын эвдрэлийг харуулсан фото зургийн хуулбар /хх-17-20/

3.7. Төрийн мэдээллийн сангаас авсан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-21/

3.8. “Авто гоулд” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 18, 10 дугаар сарын 18-ны өдрийн “Кассын орлогын ордер” /хх-22-23/

3.9. “Авто мастер сүлжээ”  “Нимонс” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17-75 УАК улсын дугаартай автомашинд хийсэн оношилгоо /хх-24-25/

3.10. “Мастер плаза” ХХК-д 63,999 төгрөг, “Авто гоулд” ХХК-д 215,000 төгрөг төлсөн баримтын хуулбар /хх-26/

3.11. “Мастер үнэлгээ” ХХК-д үнэлгээний төлбөр 370,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-27/

“Мастер үнэлгээ” ХХК-д үнэлгээний төлбөр 370,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт /Тээврийн прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар хх-91/

3.12. Б.Болдбаатарын жолоодох эрхийн лавлагааны хуулбар /хх-28/

3.13. Б.Болдбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/

3.14. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-30-31/

3.15. Нотлох баримт гаргуулах тухай хүсэлт /хх-32/

3.16. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ж.Пунцагдаш, ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ /хх-84-85/

3.17. Төрийн мэдээллийн сангаас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр авсан “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа

           

4. Нэхэмжлэгч С.Чүнсрээгээс гаргасан хүсэлтийн дагуу шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас *******д холбогдох зөрчлийн 2208000118 дугаартай хэргээс холбогдох баримтуудыг /хх-43-63/ бүрдүүлсэн байна.

 

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 9 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнийн 23 цагийн үед хариуцагч ******* нь миний эзэмшлийн 17-75 УАК улсын дугаартай Toyota Prius-20 маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодож байх үедээ зам тээврийн осол гаргасан буруутай үйлдлийг Тээврийн цагдаагийн газраас шалгаж 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Тээврийн прокурорын газрын 95 дугаар прокурорын тогтоол гарч 210300280 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж *******д Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

 

 

Иймд надад эд хөрөнгөнд учруулсан хохирол 8,377,950 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 10,377,950 төгрөгийг хариуцагч *******гөөс гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ******* нэхэмжлэлийг 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хариуцагч ******* нь 17-75 УАК улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчснөөс 17-75 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан, уг тээврийн хэрэгсэл нь Ж.Пунцагдаш, ******* нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 25, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах” гэрээний дагуу NHW203356243 арлын дугаартай, 17-75 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч *******гийн өмчлөлд шилжсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлж улмаар 3765 ХХМ улсын дугаартай болж өөрчлөгдсөн үйл баримт тогтоогдож байгаа ба тээврийн хэрэгслэлийн арын дугаар хэвээр байгаа болно.

 

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээгүй гэх үндэслэлээр хавтаст хэргийн 11-20, 24-27 тал, хүчинтэй хугацаа дууссан гэх үндэслэлээр хх-21, 28, 29 талд авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

           

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” заажээ.

 

          Нэхэмжлэгч ******* нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлоо арилгуулахаар  шаардах эрхтэй байна.

 

7. Нэхэмжлэгч С.Чинсэрээ нь нэхэмжлэлийн шаардлагыг “Мастер үнэлгээ” ХХК-ийн гаргасан машинд учирсан бодит хохирол 7,368,950 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 370,000 төгрөг, “Мастер плаза” засварын явах эд ангийн оношилгооны төлбөр 64,000 төгрөг, тээврийн хэрэгслийг хэргийн газраас журмын хашаа руу тээвэрлэсэн хөлс 215,000 төгрөг, журмын хашаанаас “Мастер плаза” засварын газар руу тээвэрлэсэн хөлс 360,000 төгрөг нийт 8,377,950 төгрөгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******гөөс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч улмаар “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж уг гэрээний 4.2-т зааснаар өмгөөлөлийн хөлс 2,000,000 төгрөг төлсөн учир гаргуулахаар шаардаж байна.

 

9. Гэтэл нэхэмжлэгч нь өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний дагуу өмгөөллийн хөлс  2,000,000 төгрөг төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй байна.

   

         10. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “...нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг ...өөрөө нотлох баримтаа ...нотлох үүрэгтэй” гэсэн хуулийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй.

 

         11. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т: “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болно.

 

13. Иргэдийн төлөөлөгч эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөх нь зүйтэй  гэсэн дүгнэлтийг гаргав.

 

14. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,997 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гөөс улсын тэмдэгтийн хураамжид 148,997 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт зааснаар хариуцагч *******гөөс эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 8,377,9502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гөөс улсын тэмдэгтийн хураамжид 148,997 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид гардан авснаас хойш 14

хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОРМАА

 

                                                                     ШҮҮГЧИД                      Ц.ЭРДЭНЭЗУУ

 

                                                                                                             Т.БАЙГАЛМАА