Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 122/2022/000047/З |
Дугаар | 147/ШШ2022/00160 |
Огноо | 2022-04-25 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 147/ШШ2022/00160
2022 оны 04 сарын 25 өдөр Дугаар 147/ШШ2022/00160 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Баруун -Урт сум, 2-р баг, “Тээвэрчид”-ийн 9-3 тоот хаягт оршин суух, утасны дугаар 86160666, Халтар овогт *******,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Баруун -Урт сум, 6-р баг, “Дөрвөлж”-ийн 3-4 тоот хаягт оршин суух, утасны дугаар 90518451, Мээрэн овогт *******,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Баруун -Урт сум, 1-р баг, “Амгалан”-гийн 1-4 тоот хаягт оршин суух, утасны дугаар 86517575, Боржигин тайж овогт *******,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Баруун -Урт сум, 2-р баг, “Тээвэрчид”-ийн 5-3 тоот хаягт оршин суух, утасны дугаар 89758189, Зээрднүүд овогт ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум, “Төмөртийн овоо”-нд үйл ажиллагаа явуулах “*******” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлэх, дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Энхбаяр, Б.Энхжаргал, Б.Мөнхбаатар, С.Даваадорж Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Энхбаяр, Б.Энхжаргал, Б.Мөнхбаатар, С.Даваадорж нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан “2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлэх, дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Бид “*******” ХХК-нд өрөмдөгчөөр ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөх ажлаас халагдсан. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 207 дугаартай шийдвэрээр ******* ХХК-ийн өрөмдөгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэр нь Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 891 дүгээр тогтоолоор баталгаажин хүчин төгөлдөр болсон.
Иймд дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор Х.Энхбаяр дундаж цалин 824,666 төгрөгийг 21,5 өдөрт хувааж нэг өдрийн цалин 38,356 төгрөгийг ажилгүй байсан 150 хоногоор үржүүлж 5,753,400 төгрөг, Б.Энхжаргал дундаж цалин 824,666 төгрөгийг 21.5 өдөрт хувааж нэг өдрийн цалин 38,356 төгрөгийг ажилгүй байсан 150 хоногоор үржүүлж 5,753,400 төгрөг, С.Даваадорж дундаж цалин 933,333 төгрөгийг 21.5 өдөрт хувааж нэг өдрийн цалин 43,410 төгрөгийг ажилгүй байсан 150 хоногт үржүүлж 6,511,500 төгрөг, Б.Мөнхбаатар дундаж цалин 893,066 төгрөгийг 21.5 өдөрт хувааж нэг өдрийн цалин 41,538 төгрөгийг ажилгүй байсан 150 хоногт үржүүлж 6,230,700 төгрөгийг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгахыг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ.
Нэхэмжлэгч нар нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд:
Бид анх нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааг 150 хоногоор тооцсон. Одоо анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 177 хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг гаргуулахаар доорх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
1.Х.Энхбаяр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дундаж цалин 824,666 төгрөгийг 21 өдөрт хувааж нэг өдрийн цалин 39,270 төгрөгийг ажилгүй байсан 177 хоногоор үржүүлж 6,950,790 төгрөг,
2. Б.Энхжаргал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дундаж цалин 824,666 төгрөгийг 21 өдөрт хувааж нэг өдрийн цалин 39,270 төгрөгийг ажилгүй байсан 177 хоногоор үржүүлж 6,950,790 төгрөг,
3.С.Даваадорж шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дундаж цалин 933,333 төгрөгийг 21 өдөрт хувааж нэг өдрийн цалин 44,444 төгрөгийг ажилгүй байсан 177 хоногт үржүүлж 7,866,588 төгрөг,
4.Б.Мөнхбаатар дундаж цалин 893,066 төгрөгийг 21 өдөрт хувааж нэг өдрийн цалин 42,530 төгрөгийг ажилгүй байсан 177 хоногт үржүүлж 7,527,810 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсч байна.
Жич: Шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд хэргийг шүүхээр шийдвэрлэгдэх өдөр хүртэл хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагыг буюу цалин , нөхөн олговрыг нэмэгдүүлэн тооцох болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд хариу тайлбартаа: Тус шүүхэд Б.Мөнхбаатар нарын гаргасан шүүхийн ажиллагааны явц дахь цалин гаргуулах гэх өргөдөлтэй танилцаад хууль зүйн үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.Нэхэмжлэл гэгчид дурдагдсан төлбөрийг манай компани хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь:
1.1.Тухайн хугацаанд энэхүү асуудлаар иргэний хэргийг дагнасан шүүхүүд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан ба шүүхийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болсон үйл баримт өргөдөлд дурдагджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үүргийг хуулиар хүлээсэн.
Бодит байдал дээр дурдсан хугацаанд шүүх иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан тул манай компанийн санаачлага үйл ажиллагаа явагдсан гэх шалтгаан нөхцлийн хувьд бололцоогүй юм.
1.2. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүхэд шууд харъяалагдахгүй байна.
1.3. Мөн хуулийн энэхүү зүйлд зааснаар эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх үндсэн нөхцөл болсон “хөдөлмөрийн эрхийн маргаан” үүссэн эсэх нь тогтоогдоогүй байснаас гадна маргаан шийдвэрлүүлэхээр хандах эрх олгосон хуулийн хугацаа нэгэн адил дуусгавар болсон нь тогтоогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч Ц.Эрдэнэзуу хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох боломжгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч тал дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Х.Энхбаяр, Б.Мөнхбаатар, С.Даваадорж, Б.энхжаргал нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3-6/
3.2. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 147/ШШ2021/00207 дугаартай шийдвэр /хх-7-16/
3.3. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 222/МА2021/00008 дугаартай магадлал /хх-17-26/
3.4. Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2021/00891 дугаартай тогтоолын хуулбар /хх-27/
3.5. Х.Энхбаярын 0149986 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-28-29/
3.6. Б.Мөнхбаатарын 0061148 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-30-31/
3.7. С.Даваадоржийн 000132447 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-32/
3.8. Б.Энхжаргалын 0269822 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-33-34/
3.9. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-54/
3.10. Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 03/374 дугаартай албан бичиг
4. Хариуцагч тал дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Сүхбаатар аймаг “*******” ХХК-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/22 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” тушаал
4.2. Сүхбаатар аймаг “*******” ХХК-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04/22 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” тушаал
4.3. Сүхбаатар аймаг “*******” ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 53/21 дугаартай “Бүтэц, орон тооны өөрчлөлт хийх тухай” тушаалын хуулбар
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Энхбаяр, Б.Энхжаргал, Б.Мөнхбаатар, С.Даваадорж нар нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан Х.Энхбаяр, Б.Энхжаргал нар ажилгүй байсан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 150 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт тус тус 5,753,400 төгрөг, Б.Мөнхбаатар 6,230,700 төгрөг, С.Даваадорж 6,511,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан 117 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт Х.Энхбаяр, Б.Энхжаргал нар тус бүр 6,950,790 төгрөг, Б.Мөнхбаатар 7,527,810 төгрөг, С.Даваадорж 7,866,588 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулсан бөгөөд шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ.” ... гэж заасан. Урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжлэгч Х.Энхбаяр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дундаж цалин 824,666 төгрөгийг 21 өдөрт хувааж нэг өдрийн цалин 39,270 төгрөгийг ажилгүй байсан 177 хоногоор үржүүлж 6,950,790 төгрөг, Б.Энхжаргал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дундаж цалин 824,666 төгрөгийг 21 өдөрт хувааж нэг өдрийн цалин 39,270 төгрөгийг ажилгүй байсан 177 хоногоор үржүүлж 6,950,790 төгрөг, С.Даваадорж шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дундаж цалин 933,333 төгрөгийг 21 өдөрт хувааж нэг өдрийн цалин 44,444 төгрөгийг ажилгүй байсан 177 хоногт үржүүлж 7,866,588 төгрөг, Б.Мөнхбаатар дундаж цалин 893,066 төгрөгийг 21 өдөрт хувааж нэг өдрийн цалин 42,530 төгрөгийг ажилгүй байсан 177 хоногт үржүүлж 7,527,810 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Энэхүү асуудалтай холбоотой маргааныг тус шүүхээр хянан шийдвэрлэж байсан ба шүүхийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үүргийг хуулиар хүлээсэн.
3.1.1. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүхэд шууд харъяалагдахгүй байна.
3.1.2. Мөн хуулийн энэхүү зүйлд зааснаар эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх үндсэн нөхцөл болсон “хөдөлмөрийн эрхийн маргаан” үүссэн эсэх нь тогтоогдоогүй байснаас гадна маргаан шийдвэрлүүлэхээр хандах эрх олгосон хуулийн хугацаа нэгэн адил дуусгавар болсон нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 147/ШШ2021/00207 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Х.Энхбаяр, Б.Энхжаргал, Б.Мөнхбаатар, С.Даваадорж нарыг урьд эрхэлж байсан “*******” ХХК-ийн өрөмдөгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан шийдвэрлэсэн байна.
4.1.1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 222/МА2021/00008 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
4.1.2. Дээрх магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2021/00891 дугаартай Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор хариуцагч талын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзан шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.1.3. Нэхэмжлэгч Х.Энхбаяр, Б.Энхжаргал, Б.Мөнхбаатар, С.Даваадорж нарыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсноос хойш хариуцагч нь ажилтныг ажилд томилоогүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.
4.1.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” бөгөөд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нар нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, тэдгээрийн хөдөлмөрлөх болон цалин хөлс авах эрх зөрчигдсөн байна.
5. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллага буюу шүүхэд гомдол гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан бөгөөд энэхүү нэхэмжлэл нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд хамаарагдаж байна.
6. Нэхэмжлэгч нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардаж 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй, уг заалтыг зөрчөөгүй байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроо шаардах эрхтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заажээ.
8.1. Тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 147/ШШ2021/00207 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Х.Энхбаярын дундаж цалин 824,666 төгрөг, Б.Энхжаргалын дундаж цалин 824,666 төгрөг, Б.Мөнхбаатарын дундаж цалин 893,066 төгрөг, С.Даваадоржийн дундаж цалин 933,333 төгрөг гэсэн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд үүнийг ажлын 21 өдөрт хуваавал Х.Энхбаярын нэг өдрийн цалин 39,270 төгрөг, Б.Энхжаргалын нэг өдрийн цалин 39,270 төгрөг, Б.Мөнхбаатарын нэг өдрийн цалин 42,530 төгрөг, С.Даваадоржийн нэг өдрийн цалин 44,444 төгрөг байна.
8.2. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал ажлын 192 өдөр байх бөгөөд нэхэмжлэгч нар нь нийт 177 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилж байх тул Х.Энхбаярт олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 39,270х177=6,950,790 төгрөг, Б.Энхбаярт олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 39,270х177=6,950,790 төгрөг, Б.Мөнхбаатарт олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 42,530х177=7,527,810 төгрөг, С.Даваадоржид 44,444х177=7,866,588 төгрөгийг тус тус хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, баталгаажуулалт хийхийг хариуцагч “*******” ХХК-д даалгах нь зүйтэй байна.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-т “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан;” шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлд зааснаар шүүхэд шууд харъяалагдахгүй” гэх тайлбар үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас 29,295,978 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 304,430 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал ажилгүй байсан 177 хоногийн цалинтай тэнцэх олговорт Х.Энхбаярт 6,950,790 төгрөгийг, Б.Энхжаргалд 6,950,790 төгрөгийг, Б.Мөнхбаатарт 7,527,810 төгрөгийг, С.Даваадоржид 7,866,588 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч “*******” ХХК-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан 29,295,978 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 304,430 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ