Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00200

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Н.Жаргалтуяа,

Шүүгдэгч А.Эрдэнэдалай нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эрдэнэдалайд холбогдох эрүүгийн 1738000000009 тоот хэргийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Цогнууд овогт Алтанзагасын Эрдэнэдалай, 1990 оны 8 дугаар сарын 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 27-01 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, регистрийн РЮ90082171 дугаартай.

Шүүгдэгч А.Эрдэнэдалай нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт эхнэр Н.Жаргалтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч А.Эрдэнэдалай нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт эхнэр Н.Жаргалтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Н.Жаргалтуяагийн: “Нөхөр бид хоёр хилийн цэргийн ард явж байсан чинь нөхөр Эрдэнэдалай нь гэв гэнэт над руу дайраад хамар луу гараараа шууд цохьсон, тэгэхэд хамраас цус гоожиж би алгаараа дараад зогсож байхад хадам аав Алтанзагас ирсэн. Нөхөр Эрдэнэдалай намайг хүчээр машинд суулгаад өмсөж явсан майкаа тайлаад над руу шидээд тэр шидсэн майкаар нь хамрынхаа цусыг арчаад машинд сууж гэртээ очсон. Машинд явж гэрт очих хооронд Эрдэнэдалай миний толгой руу 3,4 удаа гараараа цохиж, хэл амаар доромжилж ална, хядна гэх мэтээр зөндөө харааж занаж байсан. Дараа нь Мөрөн сумын 3 дугаар багийн 27-01 тоотод гэртээ очиход би ээжийндээ очмоор байна гээд хадам аав Алтанзагасаас зөндөө гуйж, авраач гэж гуйгаад байхад огт тоосон шинжгүй байсан. Үүнд би үнэхээр гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р тал/,

Гэрч М.Цолмонгийн: “Гэрт ороход манай охин Жаргалтуяа орон дээрээ хамар ам нь цус нөж болчихсон сууж байсан. Намайг харангуутаа уйлчихсан. Манай охин Жаргалтуяа нь нөхөр Эрдэнэдалайтай гэрлээд 4 жил болж байгаа сууснаасаа хойш 4 удаа гэртээ гүйж ирсэн. Ирэхдээ зодуулж нуруу, гарын шуу, мөр, хөлөндөө хавдчихсан л ирдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

Гэрч М.Алтанзагасын: “Ээжийнд хүргэж өг гээд машины хаалга руу өшиглөөд орилж хашгирч хэлж байсан. Тэгэхэд нь би та нар гэр оронтой хүмүүс юм байгаа биз дээ. Тэгээд ч ээжийндээ очиж санаа сэтгэлийг нь зовоогоод яахав архи уусан хүмүүс гэртээ харьцгаа гэж хэлээд ээжийнд нь хүргэж өгөөгүй. Мөрөн сумын 3-27-01 тоотод байх гэрийнх нь үүдэнд буулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 453 дугаартай

- Н.Жаргалтуяагийн биед гэмтэл тогтоогдлоо.

- Н.Жаргалтуяагийн биед дээд уруулд няцралт болон дотор салстад язралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

- Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Эрдэнэдалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч А.Эрдэнэдалай нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хувьд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 1738000000009 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Цогнууд овогт Алтанзагасын Эрдэнэдалайг бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнэдалайг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Эрдэнэдалайд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр                                                                                                                                          торгох ялыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тогтсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эрдэнэдалайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.НЯМСҮРЭН