Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1128

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/01128

 

 

“СӨ ” ХХК-ийн дампуурсанд

тооцож, татан буулгах тухай хүсэлттэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00741 дүгээр шийдвэртэй “СӨ ” ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй, “КБ ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 6 448 420 387 76 төгрөгийг, Б.Б-ийн 2 000 000 төгрөгийн цалин гаргуулах нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч “СӨ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т , нэхэмжлэгч “КБ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, түүний өмгөөлөгч Т.О , гуравдагч этгээд “ХГ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц , түүний өмгөөлөгч Д.Н , хэрэг гүйцэтгэгч А.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Хүсэлт гаргагч “СӨ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СӨ ” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу 5 758 401 669 төгрөгийн өр төлбөрөө төлж чадахгүй болж, дампуурсанд тооцож татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргасан. “СӨ ” ХХК нь 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан, барилга барих тусгай зөвшөөрөлтэй учир “ХГ ” ХХК-ийн газар дээр баригдаж байгаа барилгад хөрөнгө оруулалт хийсэн. “СӨ ” ХХК үйл ажиллагаандаа хэрэглэхээр “ГБ ” ХХК-иас 700 000 000 төгрөг, дараа нь “ХХБ ” ХХК-иас 2 000 000 долларын зээл авч өмнөх “ГБ ” ХХК-иас авсан 700 000 000 төгрөгийн зээлээ төлсөн. Мөн “КБ ” ХХК-иас 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 52 тоот жижиг, дунд бизнесийн зээл, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 60 тоот шуурхай зээл зэргийг авсан. 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар эдгээр зээлийн төлбөр нь 4 749 141 767 төгрөг, хуримтлуулсан хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 009 259 902 төгрөг, нийт 5 758 401 669 төгрөгийн өр төлбөртэй байна. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар “СӨ ” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд компанийн өөрийн хөрөнгө нь 4 263 536 000 төгрөг, “КБ” ХХК-д төлөх 5 758 401 669 төгрөгөөс 4 263 536 000 төгрөгийг хасахаар манай өөрийн хөрөнгө нь -1 494 860 000 төгрөг байгаа. Мөн энэ дүнг 10-д хуваах ёстой. Тухайн үед бид дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргасан боловч хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр дахин хөрөнгөжих боломжгүй гэж үзсэн. Манай компанийн төлбөрийн чадваргүй болсон үндэслэл нь төгрөгийн зээлийг долларт шилжүүлсэн нь ханшийн огцом өсөлттэй холбоотой. Ийм учраас бид зарим нэг асуудлуудыг шийдэх гэж банк, санхүүгийн байгууллага, хамаатан садан гээд бүх хүмүүсээс зээл авсан. “КБ” ХХК нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу 2015 оны 3 дугаар сард “СӨ” ХХК, “ХГ ” ХХК-иудын үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар сонинд зар гаргасан. Ингээд бид шүүхэд хандсан. Нэхэмжлэгчдийн анхны хурал 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр болж, хэрэг гүйцэтгэгчээ томилсон, хэргийг 1-2 сарын дотор дуусгах боломж байсан боловч “КБ ” ХХК нь Баянгол дүүргийн цагдаад өргөдөл өгч, цагдаа дээр 3, 4 жил шалгагдсан. Ийм байхад хүүг нэмж тооцно гэвэл шударга биш. “КБ ” ХХК 2015 оны 6 дугаар сард нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах өдрийнхөөрөө хүүг тооцоогүй, илүү тооцсон. Гэвч бид зөвшөөрсөн, нэгэнт үүргээ биелүүлж чадахгүй төлбөрийн чадваргүй болсон тул “СӨ ” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч “КБ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “КБ ” ХХК нь “СӨ ” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 52 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 4 500 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 60 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 250 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн. Энэхүү зээлийн материалыг “СӨ ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.А, Ц.Т, Т.Р нар бүрдүүлсэн. Зээлийг эдгээр хувьцаа эзэмшигчдийн өөрсдийн компани болох “ХГ ” ХХК-ийн барилгын санхүүжилтэд зарцуулж, барилга бүрэн ашиглалтад ороогүй гэдэг үндэслэлээр зээлийг хуваарийн дагуу төлөөгүй. 52 тоот зээлийн гэрээний зээл, хүүгийн төлбөрийг төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл, хүүгийн төлбөрийг тэнцүү төлөхөөр тохирч сар бүр 206 043 822 төгрөг, 60 тоот гэрээгээр 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд мөн тэнцүү төлөхөөр тохирч сар бүр 29 328 229 төгрөг төлөхөөр тус тус тохирсон. Гэтэл зээлдэгч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Үүрэг үүсэх үеийнх нь нөхцөл байдал нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон гэх шаардлагыг хангаагүй. Банк 52 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 4 499 141 767.12 төгрөг,хүүгийн төлбөрт 1 548 171 245.17 төгрөг, нийт 6 047 313 012.29 төгрөг, 60 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 250 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 151 107 375.47 төгрөг, нийт 401 107 375.47 төгрөг нэхэмжилж нийт 2 зээлийн гэрээний үүрэгт 6 448 420 387.76 төгрөгийг гаргуулж, үүргийг “ХГ ” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж-30, үйлчилгээний зориулалттай 7820 метр квадрат талбай бүхий барилга, 1500 м.кв эзэмших эрхтэй газрын хамт борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “СӨ ” ХХК-тай хөдөлмөрийн түр гэрээ байгуулж, туслах ажилтнаар орсон. Сард 1 000 000 төгрөгийн цалин авахаар гэрээгээр тохирсон. Менежер н.О-ын  шууд удирдлага доор туслахаар өдөр шөнөгүй ажиллаж байсан боловч сүүлийн 2 сарын цалин болох 2 000 000 төгрөгийг компани мөнгөгүй гэж одоог хүртэл өгөөгүй байна. Иймд тус компаниас цалин 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бие шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар “СӨ ” ХХК-ийн дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр ажиллаж, Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлтийг гаргаж, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулсан. “СӨ ” ХХК нь 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэйгээр, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан, улсын бүртгэлийн 9011041043 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 17 дугаар байрны 07 тоот хаягт байрлан ажилладаг. 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр барилга, угсралтын ажил эрхлэх, авто машины тоног төхөөрөмж худалдах, суурилуулах, засварлах үйл ажиллагаа явуулахаар, дүрмийн сангийн хэмжээ 520 000 000 төгрөгөөр нэмэгдэж, 3 гишүүнтэй болж өөрчлөгдсөн. “СӨ ” ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Т , хувьцаа эзэмшигч Г.А 52 000 000 төгрөг буюу дүрмийн сангийн 10 хувь, Т.Р 416 000 000 төгрөг буюу 80 хувь, Ц.Т  нь 52 000 000 төгрөг буюу 10 хувь тус тус эзэмшдэг. “СӨ ” ХХК нь “ТХБ ” ХХК, “ХБ ” ХХК, “ГБ ” ХХК, “ХХБ ” ХХК зэрэгт валютын болон төгрөгийн данстай. Тус компанийн 2013, 2014, 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг үндэслэн дүгнэлтээ гаргасан бөгөөд 2016 оноос эхлэн Х тайлан өгсөн учир 2017, 2018 оны санхүүгийн тайланг оруулаагүй болно. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14600 дугаартай шүүгчийн захирамжаар “СӨ ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон. Төлбөрийн чадвартай эсэхийг илэрхийлэх 3 загварыг ашиглаж, санхүүгийн болон төлбөрийн чадварын шинжилгээ хийж дүгнэлтээ гаргаж, төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон.

Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2013 оноос 2016 оны тайлангийн үзүүлэлтүүдээс зарим зүйлийг тодруулахад 2014 оны санхүүгийн тайланд мөнгө 75 267 777 төгрөг байх ба 4 052 371 955 төгрөгийн өр тайлагнасан. Үндсэн хөрөнгөнд “Э” үйлчилгээний төвийн барилгад зарцуулсан 3 924 431 124 төгрөгийг тусгаж бүртгэсэн. 2014 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу шинээр мэдүүлсэн санхүүгийн тайландаа өмнөх жилүүдийн тайландаа өмнөх жилүүдийн буруу мэдүүлсэн санхүүгийн тайлангаа залруулан мэдүүлсэн байх ба мөнгө 11 342 777 төгрөг болж бууран, дансны авлагад “ХГ” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн барилгыг 5 014 167 184 төгрөг болгон бүртгэж үндсэн хөрөнгөөс 3 863 508 050 төгрөгийг хасаж, 4 502 531 089 төгрөгийн өр төлбөр тайланд тусгасан. Энэхүү санхүүгийн тайлангуудаас харахад компанийн өр төлбөр 4 493 974 695.31 төгрөг болж, өөрийн хөрөнгийн 671.27 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно” гэж заасан. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү “СӨ” ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болсон. Төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь “СӨ” ХХК 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “ГБ ” ХХК-иас 700 000 000 төгрөгийн зээл авч барилгын ажилдаа зарцуулсан, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “ХХБ ” ХХК-иас 2 000 000 ам.долларын зээл авч, уг зээлээсээ “ГБ ” ХХК-ийн зээлийг төлсөн. 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “КБ ” ХХК-иас 4 500 000 000 төгрөгийн зээл авч, “ХХБ ” ХХК-иас авсан 2 000 000 ам.долларын зээлийг төлж тус компанийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн тогтворт байдал, хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. “СӨ ” ХХК хөрөнгийн эх үүсвэрийн бодитой тооцоололгүй, барилгын ажлыг эхлүүлж, их хэмжээний зээлийн өр төлбөрт орж, нэг зээлийг нөгөө зээлээр төлж байсан нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, ханшийн зөрүү зэрэг зөвхөн банкны зээлээс 999 000 000 төгрөгийн алдагдал хүлээж, өр төлбөрүүдээ төлөх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна. “СӨ ” ХХК-ийн удирдлага нь удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, нөхцөл байдлыг бодитой дүгнэж чадаагүй, төлбөр тооцоог цаг бүрт нь барагдуулаагүй, ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон учраас компани төлбөрийн чадваргүй болж, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байна.

Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 12443 дугаар захирамжаар шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар “СӨ ” ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар дараах мэдээлэл ирсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Энэ хуулийн 41.2, Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулахаар зээлдэгчээс барьцаалсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь зээлийн барьцаа болно. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. Мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна гэж тус тус заасан.

“СӨ ” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “КБ ” ХХК-иас зээл авахдаа 52 тоот барьцааны гэрээ, барьцаалбар үйлдэж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж-30 байрлалтай, 7820 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэл бүхий “Э ” үйлчилгээний төвийн барилгыг барьцаалсан байна. Уг “Э ” үйлчилгээний төвийн барилга нь “ХГ ” ХХК-ийн эд хөрөнгөнд бүртгэлтэй, 1500 м.кв газар эзэмших гэрчилгээ нь мөн “ХГ ” ХХК-ийн эзэмшилд байгаа. Гэвч тус компанийн үүсгэн байгуулагч н.А, Т.Р , Ц.Т  нар нь нэг гэр бүлийн гишүүд буюу хамаарал бүхий этгээд байгаа. Нэхэмжлэгч “КБ  ХХК-ийн зээлийн хөрөнгө бүхэлдээ барилгын ажилд зарцуулагдсан байх тул уг хөрөнгийг Дампуурлын тухай хуульд заасны дагуу мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчид шилжүүлж өгөх нь Дампуурлын хуулийн зохих заалттай нийцэж байна. Мөн лавлагаагаар 3315 м.кв үйлчилгээний орон сууцны зориулалттай газар эзэмших эрх байсан боловч энэ нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу “СӨ ” ХХК-ийн дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар эзэмших эрхийн хугацаа дууссан. Төв аймагт орших газар эзэмших эрх нь шүүгчийн захирамжаар хүчингүй болсон. Бүртгэлээр ирсэн авто машинуудын нэг нь эвдэрсэн, бусад авто машиныг өөр этгээдэд шилжүүлж өгсөн. “СӨ ” ХХК нь “Э ” үйлчилгээний төвийг барьж ашиглалтад оруулахын тулд “ХХБ ” ХХК-иас 2 000 000 ам.доллар, “ГБ ” ХХК-иас 700 000 000 төгрөг, “ХБ ” ХХК-иас 252 000 000 төгрөг, “КБ ” ХХК-иас 5 300 000 000 төгрөг, “ХА ” ХХК-иас 335 700 000 төгрөг, ХЗХ-оос 395 000 000 төгрөг, ББСБ-иас 170 000 000 төгрөг, 80 000 000 төгрөг, 545 000 000 төгрөг, 250 000 000 төгрөг, 1 600 000 000 төгрөг, Говь хангай мебель компаниас 260 000 000 төгрөг нийтдээ 13 100 000 000 төгрөгийн зээл авч, уг барилгад хөрөнгө оруулсан байна. “СӨ ” ХХК болон “ХГ ” ХХК нарын хамтарсан хөрөнгөөр баригдсан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж-30 байрлалтай, 7820 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэл бүхий “Э ” үйлчилгээний төвийн барилга нь нийтдээ 9 800 000 000 төгрөгийн өртгөөр баригдсан байна. Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. “ГБ ” ХХК дахь “СӨ ” ХХК-ийн дансны үлдэгдэл нь 2 462 000 төгрөгөөс өөр хуваарилагдах эд хөрөнгө байхгүй.

 Харин зээлийн зориулалтын дагуу хөрөнгө оруулсан “Э ” үйлчилгээний төвийн барилгыг худалдан борлуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтад нийцнэ. “СӨ ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэгч нарын хурлыг зарлан хуралдуулахад “КБ ” ХХК болон Б.Б нар шүүхэд нэхэмжлэл гарган хүргүүлсэн болно. “КБ ” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагаа 4 568 468 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 10 048 988 792.58 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Миний бие дүгнэлтдээ онцгой ажиллагааны журмаар дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, эвлэрэх, багасгах ажиллагаа хийгддэггүй тул “КБ ” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг оруулаагүй. Дампуурлын шинжилгээний загваруудаар дампуурлын шинжилгээ хийсэн. Дампуурлын шинжилгээгээр дампуурлын түвшинд хүрч, төлбөр төлөх чадваргүй, үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломж эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл магадлал маш өндөр түвшинд хүрсэн байна.

“СӨ ” ХХК-ийн дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаарх санал: Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “СӨ ” ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “СӨ ” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэгийг хангасан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35, 38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэжээ.          

Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар “СӨ ” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан “СӨ ” ХХК-иас 6 448 420 387.76 төгрөг гаргуулж “КБ ” ХХК-д олгож, улсын бүртгэлийн Ү-2203025300 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж-30, үйлчилгээний зориулалттай 7820 метр квадрат талбай бүхий барилгын үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан “СӨ ” ХХК-иас 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид “КБ ” ХХК-иас төлсөн 32 400 052 төгрөг, Б.Батмөнхөөс төлсөн 46 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СӨ ” ХХК-иас 32 400 052 төгрөг гаргуулж “КБ ” ХХК-д олгож,

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг нэхэмжлэгчид хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э од хариуцуулахаар шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “ХГ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 1 дэх заалтад Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан “СӨ ” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг хангаж дампуурсанд тооцож татан буулгаж шийдвэрлэсэн.  Шийдвэрийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан “СӨ ” ХХК-иас 6 448 420 387.76 төгрөг гаргуулан “КБ ” ХХК-д олгож, улсын бүртгэлийн Ү- 2203025300 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж-30, үйлчилгээний зориулалттай 7820 м.кв талбай бүхий барилгын үнээс үүргийн гүйцэтгэлийн хангасугай” гэж заасныг гуравдагч этгээд “ХГ ” ХХК нь хүлээн зөвшөөрөхгүй, хуульд нийцэхгүй ба шийдвэрийн 1, 2 дахь заалт нь хоорондоо зөрчилтэй, шүүх Дампуурлын тухай хуульд заасан дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг шийдвэрлэсэн үү эсхүл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк эрх бүхий этгээдээс зээл олгох зээлийн маргааныг хянан шийдвэрлэсэн үү гэдэг нь ойлгомжгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-т зааснаар хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг нэхэмжлэгч хариуцах ба хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татан буулгах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй” гэжээ.  Уг дүгнэлт, мөн Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “хуваарилагдах эд хөрөнгө”, мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан “мөнгөн хөрөнгийг хувиарлах” хуулийн зохицуулалт нь хариуцагчийн эд хөрөнгөнд хийгдэх ажиллагаа юм. Гэтэл шүүх дүгнэхдээ хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгө гэсэн атлаа гуравдагч этгээдийн барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нь ойлгомжгүй. Дампуурлын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн буюу “СӨ ” ХХК-ийн эд хөрөнгийг худалдан борлуулахаас биш “ХГ ” ХХК-ийн эд хөрөнгийг худалдах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтын улсын бүртгэлийн Ү-2203025300 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж-30, үйлчилгээний зориулалттай 7820 м.кв талбай бүхий барилгын үнээс үүргийн гүйцэтгэлийн хангасугай гэсэн хэсэгт өөрчлөлт оруулан хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

“СӨ ” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлбөрийн чадваргүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2015/11681 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2015/14879 дугаар захирамжаар Ш.Б-ыг түр хэрэг гүйцэтгэгчээр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2018/11973 дугаар захирамжаар А.Э ыг хэрэг гүйцэтгэгчээр томилжээ./1хх-ийн 82, 90,192-193 дугаар тал/

Түүнчлэн, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2015/14600 дугаар захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, төлбөрийн чадваргүйд тооцож, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхээр заажээ. Мөн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ  төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмын дагуу нэхэмжлэгчдийн нэхэмжлэл гаргах хугацаа нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна. /1хх-ийн 88 дугаар тал/

Анхан шатны шүүхийн дээрх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаа нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2, 5.3 дахь хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгчдийн хурал зарласан ч дампуурал зарласан этгээдийг дахин хөрөнгөжүүлэх санал ирээгүй  байх тул анхан шатны шүүх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн “СӨ ” ХХК-ийн гаргасан  дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч  “КБ ” ХХК нь нэхэмжлэлээ 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 20 минутад шүүхэд гаргасан, Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөр огноолсон. Шүүх уг нэхэмжлэлийг хэзээ хүлээн авсан болохоо дардас дээр бичээгүй ч нэхэмжлэгчдийн анхны хуралдааны тэмдэглэлд дурдсанаар хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нар  Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг зөрчөөгүй болно. /1хх-ийн 95-138, 141-145, 146-147 дугаар тал/

 “СӨ ” ХХК нь “КБ ” ХХК-иас 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 52 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 4 500 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, мөн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 60 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 250 000 000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож тус тус зээлдсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “ХГ ” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203025300 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж-30, үйлчилгээний зориулалттай 7820 м.кв талбай бүхий барилга, 1500 м.кв эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг үйл  баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /1хх-ийн 112-121, 122-136 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны  гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

 Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн төлбөрийг төлөөгүй бөгөөд зээлдүүлэгч гэрээнээс татгалзсан байх бөгөөд банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй болно. Зээлдэгч нэхэмжлэгчийн зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт шаардсан дүнг баримтаар няцаагаагүй байна.

Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул зээлдэгч  “СӨ ” ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд түүнтэй салшгүй холбоотой зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээ дуусгавар болох үндэслэлгүй.

Дампуурлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Дампуурлын хэргийг үүсгэх, хянан шийдвэрлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулагдаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохицуулна гэж заажээ.

 Нэхэмжлэгч “КБ ” ХХК нь хариуцагч “СӨ ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7702 дугаар шүүгчийн захирамж хэрэгт авагдсан. /2хх-ийн 241 дүгээр тал/ Иймд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг дампуурлын хэргийн хамт шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно. Энэ тохиолдолд барьцааны эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх бүхий нэхэмжлэгч дампуурлын ажиллагааны хүрээнд шаардлага гаргасныг буруутгах боломжгүй.  

Анхан шатны шүүх дампуурлын хэргийг шийдвэрлэхдээ хуульд зааснаар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү 6 448 420 387.76 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ. Гуравдагч этгээдийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байх тул хангах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1-д зааснаар дампуурлын хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийн удиртгал, тодорхойлох хэсэгт хүсэлт гаргагч “СӨ ” ХХК-ийг “хариуцагч” гэж тэмдэглэсэн нь буруу хэдий ч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00741 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                          ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                               Б.НАРМАНДАХ