Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Н-д   холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0021

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч,  Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Х.Н/цахимаар/, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл  нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны  өдрийн 2021/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн давж заалдах гомдлоор Х.Н-д холбогдох эрүүгийн 2139000280037 дугаартай 1 хавтас, нийт 243 хуудастай хэргийг 2021 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн итгэснээр хянан хэлэлцэв.

 

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Дунд ус” гэх газраас олон тооны мал буюу иргэн Г.М-ын13 настай хар зүсмийн, 12 настай хүрэн зүсмийн 2 адууг хулгайлж нийт 3600000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Дунд ус” гэх газраас иргэн Г.М-ын12 настай хар зүсмийн морийг хулгайлж 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл Х.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Х.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд   тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Н-г2 жилийн хорих ялаар шийтгэж,

Шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан meg559107 дугаар бүхий цахим гарал үүслийн бичгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан соёолон насны морины үнэ болох 900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, соёолон насны морийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж,    13.104.700 төгрөгийн үнэ бүхий 05-89 ХЭҮ улсын дугаартай “Toyota fielder” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй  болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах гомдол болон давж заалдах  шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын  07-ны  өдрийн 83 дугаартай  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  давж заалдах гомдол  гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Х.Н нь  2021 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс  2021 оны 01 дүгээр  сарын 11-ний  өдрийн  хооронд Хэнтий аймгийн  Мөрөн  сумын  нутгаас  иргэн  Г.М-ын 3 тооны  морийг  хулгайлж 6600000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ  хүлээн зөвшөөрч, мөрдөн  байцаалтын  шатанд  хохирлыг  төлж  барагдуулан, хохирогчийг хохиролгүй болгосон болно.

Өмгөөлөгчийн зүгээс  өөрийн үйлчлүүлэгч Х.Н-д анхан  шатны шүүхээс  эрүүгийн хариуцлага  оногдуулахдаа Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.7 дүгээр  зүйлийн  1.3 дахь  хэсэгт  заасан “ялын доод хэмжээний хоёрны нэгээс  багагүй ял оногдуулах” гэснийг журамлан 1 жилийн хорих ял оногдуулах  санал  гаргасан ба  шүүх өмгөөлөгчийн  саналыг үндэслэлгүй гэж үзэн  Х.Н-д 2 жилийн хорих  ял оногдуулж  шийдвэрлэсэн.

Иймд  миний үйлчлүүлэгч Х.Н-ийн  өөрийн үйлдэлдээ гэмшиж  буй хандлага, учруулсан хохирлыг нөхөн төлсөн  зэрэг байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр  зүйлийн  1.3 дахь  хэсэгт  заасныг журамлан анхан шатны шүүхээс  оногдуулсан хорих ялыг  хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

 

Хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Н-д холбогдох эрүүгийн хэрэгт анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэвлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өнгө үү...гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн  өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан гаргасан давж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Х.Н нь олон тооны мал буюу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Дунд ус” гэх газраас иргэн Г.М-ын13 настай хар зүсмийн, 12 настай хүрэн зүсмийн 2 адууг хулгайлж нийт 3600000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Дунд ус” гэх газраас иргэн Г.М-ын12 настай хар зүсмийн морийг хулгайлж 3000000 төгрөгийн нийт 6600000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр адуу алдсанаа мэдээд малын эмч нартай уулзахад манай багийн Н 2 туранхай адууны бичиг авсан байсан бөгөөд уг зураг нь ажиллах гэж байгаа биш хээр явж байгаа адууны зураг авсан юм болов уу гэмээр зураг байсан. Ганаа дээр их тарган жинтэй 2 адууны мах зарсан сураг дуулдсан. Тэрийг Н өгсөн байсан тул сэжиглэж байна...” гэх  мэдүүлэг  /хх-ийн 16 тал/

Гэрч С.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... “...Х.Ннь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд ирсэн бөгөөд малын 559107 гэсэн дугаар бүхий гарал үүслийн бичигтэй хоёр тооны адууны мах зарсан. Уг хоёр адуу нь нэг нь 201 кг, нөгөө нь 207 кг татсан бөгөөд би 1 кг махыг 6000 төгрөгөөр тооцоод 2.448.000 төгрөгийг 5949092283 дугаарын дансанд шилжүүлсэн...”гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 тал/

 Гэрч Т.Жавхлантөгсийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...  2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн малчин Х.Н гэх хүн 2 адууны гарал үүслийн бичиг авах гэсэн юм гэж ирээд утсан дээрээ 2 адууны зураг харуулсан бөгөөд би файлаар авах гэтэл болохгүй байсан тул өөрийнхөө утсаар утсан дээрээс нь зургийг нь дарж аваад гарал үүслийн бичиг олгосон... Би уг хоёр тооны адууны бичиг олгохдоо адууг зурагтай нь тулгаж хараагүй... Миний хувьд гарал үүслийн бичиг олгох эрх байхгүй....“гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/

 

Шүүгдэгч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр адуундаа явж байгаад Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Улаан-Өндөр” гэх газар... хар зүсмийн 1 тооны морийг уураглаж бариад ирсэн. Морио уяж хоноод өглөө босоод гэрийнхээ гадаа ганцаараа ажилласан. Махыг нь өөрийнхөө эзэмшлийн 05-89 ХЭҮ улсын дугаартай “Fielder” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Хэрлэн сумын ченж болох Батзоригт өгч өөрийнхөө хаан банкны 5949092283 дугаартай дансаар 1.600.000 төгрөг авсан”...гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113 тал/,

 

“....Би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би адуугаа хараад өөрийнхөө хонгор зүсмийн морьтой явж байхад Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Дунд-Ус” гэх газар... хүрэн зүсмийн 2 морийг уургалж бариад өөрт байсан хазаараар хазаарлаж хөтлөөд гэртээ харьсан... Би авч ирсэн морьдоо уяж хоноод өглөө босоод 07 цагийн орчимд гэрийнхээ гадаа ажилласан... махыг нь 7 хөл болгоод өөрийнхөө эзэмшлийн 05-89 ХЭҮ улсын дугаартай “Fielder” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад ченж болох Ганганцэцэгт өгч өөрийнхөө хаан банкны 5949092283 дугаартай дансаар 2.400.000 төгрөг авсан...гэсэн мэдүүлэг / хх-ийн 52-54 тал/  зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй нотлох баримтуудаар  бүрэн нотлогджээ.  

 

 Шүүгдэгч Х.Н нь бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

 Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож 2 жилийн хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны  өдрийн 2021/ШЦТ/83  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ийн  цагдан хоригдсон 42  /дөчин хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                                                     

                                                                                              Б.ДЭНСМАА