Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2022/01576

 

 

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2022/01576

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/01571/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, утас: 8806****, ТД84****** регистрийн дугаартай, А овогт А.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар багт байрлах, утас: 7555****, 9511****, 205**** регистрийн дугаартай, Д............................ ТӨХК-нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Д............................ ТӨХК-д 2011 оноос эхлэн өдийг хүртэл ажиллаж байгаа ба албан ажилдаа үнэнчээр зүтгэж, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ шударгаар биелүүлж ирсэн ба өдийг хүртэл аливаа асуудлаар сахилгын зөрчил гаргаж, хариуцлага хүлээж байгаагүй болно.

Гэтэл хариуцагч Д............................ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/*** дугаартай, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар намайг ...2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт Авто тээврийн албаны ажилчдын дунд компанийн захиргаа жолооч нарыг хоморголон халж байгаа тухай худал мэдээлэл тарааж, үйлдвэрийн төв оффист ажлын цагаар ажилчдыг хууль бусаар цуглуулж, үймээн гаргахыг завдсан, гар утсаар зөвшөөрөлгүй бичлэг хийж, захиргааны албан тушаалтнуудтай зүй бус харьцаж, ёс зүйн зөрчил гаргасан... гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус тушаал гэж үзэж байна.

Учир нь миний бие уг тушаалд дурдсан үйлдлүүдийг гаргаагүй бөгөөд намайг аливаа асуудлаар зөрчил гаргасан болохыг шалгаж тогтоосон зүйл байхгүй, ёс зүйн хорооны шийдвэр гараагүй, түүнчлэн дээр дурдсан зүйлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль болоод надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас халах хэмжээний ноцтой зөрчилд тооцогдохгүй зүйлүүдээр шалтаглан намайг ийнхүү ажлаас халж байгаа нь хуульд нийцэхгүй.

2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр болсон үйл явдлын тухайд гэвэл Д............................ ТӨХК нь мөн оны 5 дугаар сард төрийн мэдэлд шилсэн цагаас хойш үйлдвэрийн болоод дотоод үйл ажиллагаа нь ерөнхийдөө зогсонги байдалтай байсан ба Автотээврийн албаны зарим жолооч нарт орон тоо цөөрсөн нэрийдлээр ажлаас халах мэдэгдлүүдийг өгсөн эхэлсэнтэй холбоотойгоор тус албаны жолооч нар компанийн удирдлагуудтай уулзсан боловч тэр үеэр удирдлага болон удирдлагуудын аль алиных нь зүгээс ямар ч зүй бус харьцаа үүсээгүй, хэрүүл маргаан гараагүй, хүч хэрэглэсэн асуудал бол бүр ч гараагүй, тайван уур амьсгалтайгаар уулзалдаад өнгөрсөн ба миний бие тэрхүү жолооч нарыг дуудаж цуглуулсан, худал мэдээлэл тараасан зүйл огт байхгүй болно.

Тэрхүү уулзалтын үеэр жолооч нарыг төлөөлөн надаас гадна 2-3 жолоочоос яагаад ийм асуудал үүсэх болсон, хууль бусаар халж, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөх талаар санал бодлоо л хэлж ойлгуулахыг оролдсоны төлөө ийнхүү намайг худал зүйлээр гүтгэж, ажлаас халж байгаа нь хуулийг ноцтой зөрчихийн зэрэгцээ, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Ийнхүү бидний уулзалтаас болж компанийн нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлсэн зүйл огт байхгүй ба гар утсаар бичлэг хийсэн, тараасан зүйл байхгүй.

Түүнчлэн ийнхүү намайг ажлаас үндэслэлгүйгээр халсныг үндэслэн миний хөлслөн амьдарч байсан Д............................ ТӨХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоот орон сууц /хариуцагчаас ажилчдадаа хөлслүүлж, цалингаас хөлсөө суутган авдаг/ хөлслүүлэх гэрээг цуцалж, намайг орон сууцаа хүлээлгэж өгөхийг шаардах зэргээр намайг хохироож байна.

Иймд намайг Д............................ ТӨХК-ийн Авто тээврийн албаны суудлын машины жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд иргэн А.А нь Д............................ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/*** дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

НЭГДҮГЭЭРТ, Д............................ ТӨХК болон А.А нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Гэ**** дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээний 6.5.14-д ...Компанийн нэр хүндэд нөлөөлөх ёс зүйн зөрчил гаргасан /хулгай хийсэн, худал мэдээлэл тараасан, бусдыг залилан мэхэлсэн шинжтэй үйлдэл гаргасан/ бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тусгажээ.

Д............................ ТӨХК-ийн Ерөнхий захирлын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/** тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 7 дугаар зүйлийн 7.3.3.3-д Компанийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг ноцтой зөрчсөн буюу давтан үйлдэл, эс үйлдэл гаргасан ноцтой зөрчил болохоор заасан байна.

А.А нь Д............................ийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах, 6 дугаар зүйлийн 6.2.1-д Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, журам, зааврыг чанд баримтлах, 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцах, 6 дугаар зүйлийн 6.4.5-д ...бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх... гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д ...хүнлэг бус харьцсан, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон, зүй бус харьцсан..., 7.1.3-д ...худал мэдээлэл түгээсэн, ажил хэргийн нэр хүндэд халдсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй бий болгосон гэсэн дээрх дүрмийн заалтуудыг зөрчсөн байна.

ХОЁРДУГААРТ, Нэхэмжлэлд ...удирдлагуудын аль алиных нь зүгээс ямар ч зүй бус харьцаа үүсээгүй, хэрүүл маргаан гаргаагүй, жолооч нарыг дуудаж цуглуулсан, худал мэдээлэл тараасан зүйл огт болоогүй гэжээ.

Гэтэл А.А нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 08 цагийн үед автотээврийн албаны компанийн ажилчдын дунд компанийн жолооч нарыг хоморголон халж байгаа талаар худал мэдээлэл тарааж, үйлдвэрийн төв оффист ажлын цагаар ажилчдыг хууль бусаар цуглуулж үймээн гаргахыг завдсан, гар утсаараа зөвшөөрөлгүй бичлэг хийж, захиргааны албан тушаалтнуудтай зүй бус харьцаж ёс зүйн зөрчил гаргасан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг, Ж.У, Н.Б, Д.Э, Ц.Э нарын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогч аль нэг нь гаргасан бол гэж Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Компанийн Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар нотлогдож байгаа тул Д............................ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/*** тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

"Д............................ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/*** дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ба орон сууц хөлслүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан хөлслөгч нь Д............................ ХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд орон сууц хөлслүүлэх гэрээ мөн адил цуцлагдана... гэсний дагуу Орон сууц хөлслүүлэх гэрээ дуусгавар болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 3 дахь тал/, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Гэ**** дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 4-6 дахь тал/, Д............................ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/*** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 7 дахь тал/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 8 дахь тал/, 2022 оны 4 дугаар сарын 01-ний өдрийн **/ОСХГ/2022 дугаартай Орон сууц хөлслүүлэх гэрээний хуулбар /хавтаст хэргийн 9 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 10 дахь тал/ зэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нь хариу талбартаа холбогдуулан Д............................ ХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/*** дугаартай Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 27 дахь тал/, Д............................ ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 28-55 дахь тал/, Д............................ ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/** дугаартай Ёс зүйн дүрэм батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 56 дахь тал/, Д............................ ХК-ийн Ёс зүйн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 57-64 дэх тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 65 дахь тал/, Н.Б, Д.Э, Ц.Э, Ж.У нарын тодорхойлолт /хавтаст хэргийн 66-70 дахь тал/, Д............................ ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1-1/*** дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 71-72 дахь тал/, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 73 дахь тал/, Д............................ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/*** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 74 дэх тал/, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 75 дахь тал/, Д............................ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/*** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 76 дахь тал/, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн **, ** дугаартай мэдэгдэх хуудаснуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 77-78 дахь тал/, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх тухай бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 79 дэх тал/, Д............................ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/*** дугаартай Ажлын байрыг түр шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 80 дахь тал/, Д............................ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/*** дугаартай Ажлын байрыг түр шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 81 дэх тал/, Д............................ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаартай Ажлын байр өөрчлөх тухай тушаал, тушаалын хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 82-83 дахь тал/, А.Аий 8 дугаар сарын цагийн бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 81 дэх тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгч А.Аий 2021-2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 99-100 дахь тал/, 043**** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн эх хувь /хавтаст хэргийн 103-105 дахь тал/-ийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Д............................ ТӨХК-д холбогдуулан автотээврийн албаны суудлын машины жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А.А нь компанийн нэр хүндэд нөлөөлөх ёс зүйн зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч Д............................ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/*** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйл, 110 дугаар зүйлийн 110.3, компанийн ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №Гэ**** тоот Хөдөлмөрийн гэрээний 6.5.14 дахь заалтыг үндэслэн компанийн авто тээврийн суудлын машины жолооч албан тушаалтай А.А нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт Авто тээврийн албаны ажилчдын дунд компанийн захиргаа жолооч нарыг хоморголон халж байгаа тухай худал мэдээлэл тарааж, үйлдвэрийн төв оффист ажлын цагаар ажилчдыг хууль бусаар цуглуулж, үймээн гаргахыг завдсан, гар утсаар зөвшөөрөлгүй бичлэг хийж, захиргааны албан тушаалтнуудтай зүй бус харьцаж, ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. /хавтаст хэргийн 7 дугаар тал/

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч А.А нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхийг хуульчилсан байна.

Нэхэмлэгч А.А нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлээгүй боловч түүний сонгох эрхийг хуулиар зохицуулсан байх тул шүүх харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн ба хуулийн хугацаанд гомдол гаргасан тул гомдлыг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж ...би 7 дугаар сард ээлжийн амралттай байсан амралтын хугацаа дууссан тул 2022 оны 8 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа ирсэн. Би ажилчдын цуглуулаагүй, энэ талаар мэдээлэл хийгээгүй. Ажилдаа ирэхэд манайхан 14 орчим хүмүүс цугласан, 3 жолооч халагдах мэдэгдэл авсан, удирдлагуудтай уулзана гэж ярьж байсан. Би дагаад л явсан, ямар нэгэн хоморголон халж байгаа талаар яриагүй, утсаараа бичлэг хийгээгүй. Удирдлагуудтай уулзаад ажлаа хийж бай гэсэн тул тарсан. Гэтэл намайг энэ бүхнийг зохион байгуулсан гэж ажлаас халсанд гомдолтой байна. Бидний уулзалтаас болж компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөл үзүүлсэн зүйл огт байхгүй, бичлэг хийж тараасан зүйл байхгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, 63 хоног ажилгүй байсан хугацааны цалин 4,171,740 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ гэж тайлбарласан.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ...А.А нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5.14-д заасан Компанийн нэр хүндэд нөлөөлөх ёс зүйл зөрчил гаргасан буюу ажилчдыг хоморголон халж байна, дараа нь биднийг хална гэж худал мэдээлэл тараасан үйлдэл гаргасан. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Мөн компанийн ерөнхий захирлын тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.3.3-д Компанийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг ноцтой зөрчсөн буюу давтан үйлдэл, эс үйлдэл гаргасан ноцтой зөрчил болохоор заасан байна. А.А нь Д............................ ХК-ийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.1, 6.3.1, 6.4.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 гэсэн дээрх дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж тайлбарласан.

Хариуцагч нь нотлох баримтаар Д............................ Хувьцаат компанийн ерөнхий захирлын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/** дугаартай Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, Дотоод журам, Ёс зүйн дүрэм зэргийг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 27-64 дэх тал/

Хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №Гэ**** дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр нэг талаас Д............................ ХК, нөгөө талаас А.А нар харилцан тохиролцож байгуулсан байх ба А.А нь Д............................ ХК-ийн Авто тээврийн албанд суудлын автомашины жолоочоор, ажлын хэвийн нөхцөлд ажиллахаар, сарын үндсэн цалин 920,000 төгрөг байхаар, ажил амралтын цаг, цалин хөлс олгох журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл зэрэг талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-д заасан шаардлагыг хангасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан гэрч Ж.Уийн ...2022 оны 8 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг 25 минутын орчим Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан өрөөнд жолооч А.А 14 орчим жолооч нарыг дагуулан гар утсаараа бичлэг хийж Урнаа даргаа жолооч нарыг олноор халах талаараа тайлбар өгнө үү. Манай албаны жолооч нар тайлбар авах гээд тань дээр ирлээ гэж хэлсэн. ...хуулийн хэлтсийн дарга Н.Б, техникийн хэлтсийн дарга Г.Ө, хүний нөөц сургалт судалгааны хэлтсийн дарга Ж.У нар даргын өрөөнд асуудлыг ярилцахаар ороход жолооч А.А жолооч нарыг дагуулан хуулийн хэлтсийн өрөөнд орж жолооч нарыг яагаад халах болсон шалтгаанаа хэл гэж чанга дуугаар шаардаж, дарга, хуулийн мэргэжилтнүүдийн үгийг сонсохгүй, ярих боломж олгохгүй байсан. Бусад жолооч нарыг уриалан одоо асуу, өнөөдөр намайг халж байгаа нь маргааш та нарыг хална гэсэн үг, одоо тайлбарыг ав, асуу гэж мэтээр бусдыг турхирч ажил наряд авсан ажилтнуудын ажил үүргийг хийлгэхгүй, албан байгууллагын дэг журмыг алдагдуулсан гэсэн тодорхойлолт нь гарын үсгийг баталгаажуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй нотлох баримтын шаардлага хангаагүй боловч нэхэмжлэгч тал нь уг тодорхойлолтыг үгүйсгээгүй, маргахгүй гэж тайлбар гаргаж, Ж.Уранчимэгийг гэрчээр асуулгах шаардлагагүй гэж үзсэн тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх гэрчийн мэдүүлэг талуудын тайлбараар Д............................ ТӨХК-ийн нэр бүхий 14 жолооч нар жолооч нарыг олноор нь халж байгаа талаар тайлбар авахаар 2022 оны 8 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг 25 минутын орчим Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан өрөөнд орж, улмаар хуулийн хэлтсийн дарга Н.Б, техникийн хэлтсийн дарга Г.Ө, хүний нөөц сургалт судалгааны хэлтсийн дарга Ж.У нартай уулзсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үед жолооч А.Аг утсаараа бичлэг хийсэн, жолооч нарыг хоморголон халж байгаа талаар худал мэдээлэл тараасан, зөвшөөрөлгүй ажлын өрөөнд дайрч орж, зүй бус харьцаж ёс зүйн зөрчил гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 6.5.14-д заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар ажлаас чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулжээ.

Мөн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний Зургаа буюу Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцлах бүлгийн 6.5-д Ажилтан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тусгана гээд 6.5.1-6.5.19 хүртэл зөрчлүүдийг нэрлэсэн байх ба 6.5.14-д Компанийн нэр хүндэд нөлөөлөх ёс зүйн зөрчил гаргасан /хулгай хийсэн, худал мэдээлэл тараасан, бусдыг залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан/ гэжээ.

Нэхэмжлэгч нь нэр бүхий 14 жолооч нарын хамт хүний нөөц сургалт судалгааны хэлтсийн дарга Ж.Уийн өрөөнд орсон үйл баримтын талаар маргаагүй ба харин гар утсаараа бичлэг хийгээгүй, хэн нэгнийг уриалж худал мэдээлэл тараагаагүй, компанийн нэр хүндэд халдах зөрчил гаргаагүй гэж маргасныг хариуцагч тал үгүйсгэж дээрх зөрчлийг нотлохоор нотлох баримтаар 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Д............................ ТӨХК-ийн захиргаа удирдлагын газрын даргын ажил үүргийг хавсран гүйцэтгэгч Н.Б, Д............................ ТӨХК-ийн Хамгаалалт, аюулгүй байдлын албаны дарга Д.Э, Д............................ ТӨХК-ийн ХАБА-ын ээлжийн ахлах Ц.Э нарын мэдүүлгийг ирүүлсэн байна.

Дээрх нотлох баримтуудад тодорхойлолт гаргасан хүмүүсийн гарын үсгийг баталгаажуулаагүй, өөрөөр хэлбэл хэн гаргасан эсэх нь тодорхойгүй байхаас гадна камерын бичлэгт хийсэн үзлэгт гадаад харагдах байдал, дүрсийг бичиж тэмдэглэсэн, дуу авиа бичигдээгүй, хэн юу хэлсэн нь тодорхойгүй зэргээс гадна өөрсдөө уг үзлэгийг хийсэн зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэдийгээр хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар шууд цуцлахаар тохиролцсон боловч А.Агийн гаргасан үйлдэл нь компанийн нэр хүндэд хэрхэн сөргөөр нөлөөлсөн эсэх, А.А бусдыг уриалж худал мэдээлэл тараасан эсэх нь тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч энэ талаар холбогдох байгууллагад хандаж тогтоосон талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Хавтаст хэргийн 46 дугаар талд хариуцагч талаас ирүүлсэн Эрүүгийн цагдаагийн албанд хандсан хүсэлт ирүүлсэн ба энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд холбогдох цагдаагийн байгууллагад хүсэлтийг шилжүүлсэн боловч гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хаасан талаар мэдүүлсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д Ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд шударга бус дараах үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглосон байх ба 11.1.1-д ажилтны эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, уг зорилгоор санхүүгийн болон бусад дэмжлэг амлах, үзүүлэх гэжээ.

Нэхэмжлэгч А.А нь жолооч нарын хамт байгууллагын удирдлагуудтай уулзсан, тайлбар авсан үйл баримт нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын суурь зарчмыг хангасан Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлсэн үйл баримт гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч А.А нь компанийн нэр хүндэд нөлөөлөх ёс зүйн зөрчил гаргасан байдал нь тогтоогдохгүй байх тул Д............................ ТӨХК-ийн автотээврийн албаны суудлын машины жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалд зааснаар Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар 2022 оны 4, 5, 6 дугаар сарын дундаж /1,421,625+1,153,406.28+1,530,495/=4,105,526 төгрөг, 4,105,526:3=1,368,509 төгрөг-нэг сарын дундаж/, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт цагийн тоонд хувааж 21+21+21=63 өдөр, 4,105,526:63=65,167 /нэг өдрийн цалин/ төгрөг болно.

2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 65 хоног*65,167=4,235,855 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Дээрх цалин олговороос Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн С.Ш, Б.Б, Б.О нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, мэдэгдэх хуудас, Ажлын байрыг түр шилжүүлэн ажиллуулах тухай тушаалууд, Ажлын байр өөрчлөх тухай тушаал зэрэг нь тухайн хэрэгт хамааралгүй байх ба үзлэг хийсэн гэх CD бичлэгийг шинжлэн судлуулах шаардлагагүй гэсэн тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хавтаст хэргийн 74-83 дахь тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар А.Аийг Д............................ ТӨХК-нд холбогдуулан автотээврийн албаны суудлын машины жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 4,235,855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан дээрх цалингийн зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Д............................ ТӨХК-нд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д............................ ТӨХК-аас 82,724 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.АЛТАНТУЯА