Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Ч.С-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 201722000220 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.Б-,

Шүүгдэгч П.Б- нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутагт айлын эзэнгүй хашаанд иргэн Ч.С-тай хамт архи ууж байгаад маргалдаж, улмаар түүний толгойн тус газар модоор цохиж “...чамархай, дагз ясны цөмөрсөн далд хугарал, чамархай дагз хэсгийн цусан хураа, зовхи, чих, бугалганд цус хуралт бүхий “хүнд” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б- нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутагт айлын эзэнгүй хашаанд иргэн Ч.С-тай хамт архи ууж байгаад маргалдаж, улмаар түүний толгойн тус газар модоор цохиж “...чамархай, дагз ясны цөмөрсөн далд хугарал, чамархай дагз хэсгийн цусан хураа, зовхи, чих, бугалганд цус хуралт бүхий “хүнд” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Ч.С-, Ж.Ө- ах, Д- бид дөрөв архиа ууж дуусаад Ж.Ө- ах 20.000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ир гэсэн. Би дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад Д-гийн арын гудамжны эзэнгүй хашаанд орж бид нар архиа уусан. Ж.Ө- ах чи сүүлд ирсэн юм чинь уу гээд шахаад байсан. Би тэр архийг яаж дууссаныг мэдэлгүй тасарсан байсан. ... би архинд амархан согтдог болохоор өөрийн ухаангүй болсон үедээ Ч.С-ын биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. ... Энэ байдлыг Ж.Ө- гуай харсан байсан... Би тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна. Ганц гэрчийн мэдүүлгээр яллаж байна. Би ийм хэрэг хийх хүн бол биш гэж бодож байна" гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө Ж.Ө-тэй утсаар яриад ПүрэвД-гийнд очсон. ...Ж.Ө- надад 10.000 төгрөг өгөөд “архинд яваад ир” гэхээр нь би явж 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авчирсан. ...П.Б-, Ж.Ө-, ПүрэвД- бид дөрөв нөгөө архиа уусан. Түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Учир нь тархины хагалгаанд орсноос хойш зарим зүйлийг огт санахгүй болсон. Би тухайн үед согтсон байсан болохоор юунаас болж маргаснаа сайн мэдэхгүй байна... Би одоо гомдолтой байна. 5.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Ө-ийн: “... П.Б-, Д-, Ч.С- бид дөрөв үлдээд архиа уусан. Архи ууж байхад Ч.С-, П.Б- хоёр хэрэлдээд байсан. Д- архийг дуусгалгүй гэр лүүгээ явсан. Тэгэхээр нь П.Б-, Ч.С- хоёрыг хэрэлдүүлэхгүй гэж дунд нь орж суугаад байж байтал П.Б- миний дээгүүр Ч.С-ын нүүр лүү цохиод авсан. Тэр хоёр газар унаад өнхрөөд зууралдаад ноцолдоод байсан. Тэгж байснаа П.Б- нь хашааны бололтой мод бариад Ч.С-ын толгой руу нь цохьсон. Би салгах гээд дундуур нь ороод хүчрэхгүй байсан. Ч.С-ын толгой хамраас нь цус гараад нүүр нь тэр чигтээ цус болсон болохоор нь Д-гийнх руу орж ус авч ирээд нүүрийг нь угааж өгсөн. Ч.С- нүүрээ угаачихаад хашааны хажууд П.Б-тай хамт суусан. Би тэр хоёрыг хэсэг харж байгаад гайгүй шиг болохоор нь гэрлүүгээ явсан. ... Ч.С- л хэрэлдээд байсан. Архи уухаар их агсам юм, дандаа хүнтэй хэрэлдэж байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар хуудас/,

Гэрч Н.-н “...Ч.С- архинд яваад ирэхдээ гоол Мягаа, П.Б- нартай хамт ирсэн. Тэд нар нэг шил 0.5 литрийн “Ерөөл” архитай ирсэн. Тэр архиа манайд уучихаад П.Б- Ж.Ө- ахаас мөнгө аваад архинд явсан. Ирэхдээ 0.75 литрийн “Ерөөл” архитай ирсэн. Манай гэрт архи уух гэхээр нь би гэртээ дахиж архи уулгахгүй гээд гаргасан. Тэгээд тэд нар манайхаас гараад арын гудамжны эзэнгүй айлын хашаанд орсон. Би архинаас нь 3 хундага уучихаад гэртээ харьсан. ...Арын хашаан дотор ороод архи ууж байхад тэр хоёр хэрэлдээд байсан. Юунаас болсныг нь мэдээгүй. Намайг байхад зодолдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, 

Гэрч П.С-н  “...Орой 17 цагийн үед хашааны гадаа ирсэн байхаар нь охин оруулж ирсэн. Тэгээд нүүр, толгой нь цус болсон байхаар нь цэвэрлэсэн. Дараа нь эмч дуудсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 16-нд сумын эмнэлэгт очиж хэвтүүлсэн. Эмнэлэгт 4 хоног хэвтэхдээ ухаангүй шахуу байдалтай байж байгаад аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2017 оны 4 дүгээр сарын 21-нд тархины хагалгаанд орж мэс засалд 7 хоног хэвтээд 2017 оны 4 дүгээр сарын 28-нд “Жаргалан” эмнэлэгт хэвтсэн. Одоог хүртэл эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал нь тааруухан, зовиур ихтэй, ухаан санаа сайнгүй. ... Хоёр нүд нь хавдсан, нүүр ам, толгой нь цус болсон, гар нь хөхөрсөн, малгайгаа гээсэн ирсэн. ... Хар өнгийн саравчтай, хиймэл үстэй, чихэвч буудаг хуучин малгайтай явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Хэрэг учрал болсон гэх газарт 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-10 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтад үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, тогтоол /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч шинжээч, Ц.Нандинцэцэгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №278 дугаартай

1. Ч.С-ын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Ч.С-ын биед чамархай, дагз ясны цөмөрсөн далд хугарал, чамархай, дагз хэсгийн цусан хураа, зовхи, чих, бугалгад цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

            5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

              Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/689 дугаартай албан тоот, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

              Иймд шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч П.Б- нь хохирогч Ч.С-т мөрдөн байцаалтын явцад эмчилгээний зардал, хохирол төлсөн тухай 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч П.Б-ын ээж Б.Гэрэлчулуунаас 750.000 төгрөгийг Ч.С-ын эхнэр П.С-н ... тоот данс руу шилжүүлсэн баримт /хх-ийн 17 дугаар хуудас/, мөн 250.000 төгрөгийг эмнэлгийн төлбөрт төлсөн тухай хохирогч Ч.С-, түүний эхнэр П.С-, шүүгдэгч П.Б-ын ээж Б.Г- нарын гарын үсэгтэй гар бичвэр /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.   Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулах зүйтэй байна.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Ч.С- нь эмчилгээний зардал нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримтгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлын тооцоог бүрэн хийх боломжгүй байна. Шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Ч.С- нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 201722000220 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн саравчтай хиймэл богино үстэй малгай 1 ширхэг, 1.5 метрийн урттай, банзны дээд үзүүр хэсгээс 28х5 сантиметрийн хэмжээтэй догол гаргаж тайрсан банз мод 1 ширхэг, 0.75 литрийн “Ерөөл” гэсэн шошготой архины шил 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон П.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 201722000220 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.С- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201722000220 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн саравчтай хиймэл богино үстэй малгай 1 ширхэг, 1.5 метрийн урттай, банзны дээд үзүүр хэсгээс 28х5 сантиметрийн хэмжээтэй догол гаргаж тайрсан банз 1 ширхэг, 0.75 литрийн “Ерөөл” гэсэн шошготой архины шил 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                   Н.АРИУНЖАРГАЛ