Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.У-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0020/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл  нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар  сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарын  гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2039005800003 дугаартай 1 хавтас, 168 хуудас  бүхий хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.У нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний  өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас  иргэн Д.Б-гийн нэг тооны хул зүсмийн 3 настай адууг тээврийн хэрэгсэл ашиглан нууц далд аргаар хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газраас  Б.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг машин механизм  ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй улаан хүрэн өнгөтэй Даюун маркийн мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлэх, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Уийн  эзэмшлийн улсын дугааргүй, улаан хүрэн  өнгөтэй “Даюун” маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 640 см урттай мяндсан олс, 345 см урттай үзүүр хэсэгтэй ногтны толгой зангидсан хар өнгийн ремен зэргийг устгахаар, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах гомдолдоо:

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны  өдрийн 46 дугаартай  шийтгэх тогтоолоор “..Б.Уийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.У-т2 жилийн хорих ял  оногдуулж шийдвэрлэсэн”-ийг эс  зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Б.У нь иргэн Б-ийн  хул зүсмийн  байдсыг  авах болсон шалтгаанаа “Миний  2020 оны хавар алдсан 3 байдасны  маань нэг болох  тамгагүй хул  зүсмийн байдас  адуун дотор  явж  байсан, бусад адуунууд  нь бүгд  тамгатай байсан, би өөрийнхөө хул  зүсмийн  байдас байна  гэж бодоод авчихсан юм” гэж  мөрдөн шалгах  ажиллагаа явуулж эхлэх үеэс хэлж  тайлбарласан байна.

 

Шүүгдэгч Б.У өөрийнхөө адуу гэж  андуурч  авсан нөхцөл байдал нь хохирогчБ-ийн“ Хул  зүсмийн  байдас тамгагүй байсан, бусад адуунууд  бүгд тамгатай байсан, намайг очиход  хул  байдсыг  маань  ажиллачихсан байсан, би Ууганбилэгт хандан  энэ манай  адуу байна гэхэд Ууганбилэг нь урд жил цагаан, хул, зүсмийн 2 адуу  алдсан юмаа, тэрийгээ байна гэж  бодоод хөөж  ирээд ажилласан гэж хэлсэн. Ер нь  Б.У нутаг  усандаа нэр хүндтэй  залуу юм байна лээ, гайгүй шийтгүүлээсэй  гэж хүсэж байна”  гэх мэдүүлгийг өгсөн байна.

Мөн хохирогч Б-ийн хул байдсыг  Б.У нь гэрийнхээ  гадаа  авчирч ажиллах үед байсан  гэрч Б.Намсрайжав “ Надад хавар алга  болсон байдас маань  энэ адуунд явж байна гэж хэлсэн, тэр адуунаас 1 тооны  адуу бариад  бусад  адуунуудыг гаргаж  явуулсан. Азаргандаа хөөгдсөн байдас байгаа  юм гэж  хэлсэн” гэх мэдүүлэгээр  тогтоогдож байна.

 

Б.У нь  тамгагүй хул  зүсмийн  байдсаа  алдаад хайгаад  явж  байсныг гэрч Б.Ариунбат, С.Баярцог, Ц.Эрдэнэхуяг нарын  мэдүүлгээр  тогтоогдож байна.

Ийнхүү нь Б.У нь  тухайн  хугацаанд тамгагүй хул  зүсмийн  адууг  өөрийн алдсан байдас гэж андуурч авсан үйлдэл нь Эрүүгийн  хуулинд заасан  гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул  Б.У-т холбогдох хэргийг  хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

 

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдолдоо: Шүүхээс надад  хулгайн гэмт  хэрэг  үйлдсэн  гэж 2 жилийн хорих ял өгсөн. Миний  хувьд  хул зүсмийн тамгагүй байдсыг  өөрийнхөө  хавар алдсан хул зүсмийн  байдас гэж бодоод авсан нь үнэн. Байдасны  эзэн гээд Батхүү гэж хүн  ирэхэд нь би үнэнээ  хэлсэн. Би чиний адууг хулгайлж аваагүй. Би өнгөрсөн хавар  3 адуу /байдас/  алдчихаад олохгүй байсан чинь  танай адуунд явж  байхаар нь  миний хул зүсмийн байдас гээд  авчихсан гэж хэлсэн. Би урьд  нь хулгайн гэмт хэрэгт холбогдож  байгаагүй, манай нутаг  усныхан намайг  мэднэ.Б-ийнадуунууд бүгд тамгатай  байсан, хул зүсмийн  адуу ганцаараа  тамгагүй байсан. Миний  хавар  алдсан байдас мөн тамгагүй байсан.Би хулгай хийж  ашиг хонжоо ольё гэсэн бодолтой байсан бол  байдас  гэхгүйгээр  арай нас бие гүйцсэн адуу  авна биз дээ. Хул зүсмийн миний байдас  азаргандаа  хөөгдөөд  байсан  дахиад  алга болчихвол гэж  бодоод ажилласан. Мөн тэр  өдөр бой хийж байсан болохоор хамт  ажиллачихъя гэж  бодсон. Надад хүний  адуу  мал  хулгай  хийе гэсэн ямар ч  бодол  санаа  байгаагүй. Тухайн  үед  өөрийнхөө  алдсан  хул зүсмийн  байдас маань байна  гэж бодоод  авсан. Манай нутаг усныхан намайг мэддэг болохоор  өөрийнхөө  адууг  аваад явчихад намайг  хулгай  хийлээ гэж бодохгүй байх, миний л адуу  юм чинь гэж бодож  тэр адууг авсан нь үнэн. Би ийм юм болсонд харамсаж байна...гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан  гэмт хэрэгт үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй. Б.У  тамгагүй, хул  зүсмийн  адууг  өөрийн алдсан байдас гэж андуурч авсан үйлдэл нь Эрүүгийн  хуулинд заасан  гэмт хэргийн шинжийг агуулаагүй, алдсан байдсаа эрж хайж байсныг гэрчүүд мэдүүлдэг тул  Б.У-тхолбогдох хэргийг  хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэжээ.

 

Хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б-ийн адуу эрлийз адуу байсан, өөрийнх нь цэвэр монгол цусны, духандаа сартай адуу байсныг Б.У андуурч авсан  гэх үндэслэлгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар бусдын малыг машин механизм  ашиглаж хулгайлсан үйлдэл нь тогтоогддог. Шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний  өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас  иргэн Д.Б-гийннэг тооны хул зүсмийн 3 настай адууг тээврийн хэрэгсэл ашиглан  хулгайлж, бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Д.Б-ийн: “2020 оны 12 сарын 09-ны өдөр 14 цагийн үед адуугаа хураах гээд Шаварт, Эхэнбүрд  гэх газруудаар яваад адуугаа олоогүй, уулан дээр очоод дурандсан, адуу маань урдаас гараад ирсэн, очиход адуунууд бүгд хөлс болсон, цантсан, амьсгаа нь дарагдаагүй байсан, бүртгээд үзэхэд  хул зүсмийн  шүдлэн байдас байхгүй байсан. Тэгээд би адууныхаа мөрөөр  явахад урдаас хөөж гаргасан  мотоциклийн мөр  байсан, уг мөрийг  дагаад  явсаар байгаад уулын  энгэрт  байсан  айлд очиход манай алдсан хул зүсмийн 1 тооны адууг  алаад талыг нь  өвчсөн байдалтай  танихгүй хоёр залуу байсан. Хурдан удмын адуу юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/,

 

- Гэрч Б.Намсрайжавын: “...Б.У ах  мотоциклтой зүүн хойноос  хүрэн азрагатай  адуунууд  хөөж ирээд  малын саравчинд хашсан. Ах хэлэхдээ  хавар алга болсон байдас маань энэ адуунд байж байна гэж хэлсэн. Нядлах гэж байхад танихгүй  залуу ирээд  манай адуу байна, им тамга байхгүй гэж хэлсэн.Ах надад адуу алдсан  талаар хэлж байгаагүй, азаргандаа хөөгдсөн үрээ байдас байгаа гэж байсан.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 51/,

 

- Гэрч Х.Батхадын: “... орой 16 цагийн орчимд ирсэн, намайг  ирэхэд манай том хүү Ууганбилэг нь  мал нядалдаг газар  1 тооны  адуу ганцаараа нядалж байсан, бас нэг танихгүй залуу ирсэн, манай  алдсан 1 тооны  адууг  ажилласан байна гэсэн зүйл яриад байж байсан. Манайх хул зүсмийн адуугаа 2020 оны 05 сард алдсан, цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/,

 

- Шүүгдэгч Б.Уийн: “Би Б-ийн нэг тооны адууг нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.Б-ийнадуу  бүгд им тамгатай байсан, ганцхан  хул байдас  им тамгагүй байсан. Би өөрийн  алдсан  адууг байна  гэж бодоод  хул зүсмийн адууг  авсан, миний алдсан адуутай адил адуу байсан. Би гэмт хэрэг үйлдэхдээ  машин  ашиглаагүй, мотоцикльтой  явж адууг  тууж ирсэн.” гэсэн яллагдагчаар өгсөн  мэдүүлэг /хх-ийн 76/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-12/, адуу болон мотоциклийн үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны 2020/ШД448, 2020/ШД449 дугаартай  шинжээчийн дүгнэлтүүд /54-56, 62-64/, гэрч Х.Батхад, Б.Намсрайжав нарын мэдүүлгүүд, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд зэрэг  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх Б.У-ийн  үйлдсэн гэмт хэргийн үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

           

            Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарэрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

            Б.У Д.Б-гийн адуунаас барьж нядалсан хул зүсмийн адууг 2020 оны хавар алдсан өөрийн адуутай андуурсан талаар мэдүүлдэг, гэрч Б.Ариунбат, С.Баярцогт, Ц.Эрдэнэхуяг нар 2020 оны 05,06 сард Б.У  3 тооны адуугаа алдсан гээд сураглаж явсан талаар мэдүүлсэн байх боловч Б.Уийн алдсан гэх уг адуу нь духандаа цагаан сартай, им тамгагүй, монгол цусны,  хул  зүсний  байдас байсан болохыг шүүгдэгч Б.У мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ.

           

            Д.Б-гийн хулгайд алдсан адуу нь хурдан удмын,  эрлийз адуу  байсан болох нь “алдсан адуу маань 3 настай, хул зүсний, им тамгагүй, хурдан удмын, эрлийз охин байдас  байсан” гэсэн хохирогчийн мэдүүлэг  болон “Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Улаан өндөр” багийн малчин Дэмбэрэл овогтой Б-ийн хонгор гүү нь “Тод манлай” уяач Билэгдэмбэрэлийн англи цусны хонгор халзан азарганы төл гүү мөн. Хонгор гүүний эх гүү нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын  Бадуу хэмээх Доржийн адууны угшилтай” гэсэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Жаргалант хүлэг” уяачдын холбооны 2020 оны 12 сарын 14-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.У багаасаа хурдны морь унадаг байсан, одоо өөрөө  морь уядаг, адуучин тэмцээн уралдаанд оролцдог, эмнэг адуу булгиулдаг, малчин удамтай, адуучин  залуу болохыг мэдүүлсэн гэрч Б.Ариунбат, С.Баярцогт, Ц.Эрдэнэхуяг, Б.Баярсайхан, Б.Жүмбэрэл нарын мэдүүлгүүд болон хохирогч Д.Б-гийнхулгайд алдагдсан байдас нь духандаа  сартай эсэхийг харах, эрлийз болон монгол аль цусны адуу болохыг таньж ялгах боломжтой байсан талаар мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, Д.Б-гийнхулгайд алдсан адуу нь эрлийз адуу  байсан нь тогтоогдсон зэрэг нөхцөл байдлаар “адууг андуурч авсан” гэсэн  Б.Уийн  мэдүүлэг няцаагдаж байна.

 

 Гэмт хэрэг үйлдэхдээ Б.У өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун”  маркийн мотоциклийг ашигласан болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийг бусдын мал хулгайлахдаа машин механизм ашигласан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

 Шүүгдэгч Б.У нь хохирогч Д.Б-гийн хул зүсмийн адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт  хэргийн үйл баримт  нотлогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор  ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын  гаргасан давж заалдах гомдлуудыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарын  гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Б.Уийн цагдан хоригдсон  119 /нэг зуун арван ес/  хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

 

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

 

                                                                                              Г.БОЛОРМАА