Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0019/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор М.Мэндбаяр /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч С.Мөнхтулга /цахимаар/,

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /цахимаар/ нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр  сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Д-ийнгаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2040000890011  дугаартай 1 хавтас 198 хуудас бүхий хэргийг 2021 оны 05 дугаар  сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Л.Д нь 2020 оны 10 сарын 22-ны өдөр 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан флюорит” ХХК-ын  хашаанд байх оффиссын  гэрийг 00-82 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр  мөргөсний улмаас бусдад 2255000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Бор-Өндөр сум дахь сум дундын  прокурорын газраас  Л.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Л.Д-г бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт дөрвөн цагаар хийхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-гээс 5000 төгрөг гаргуулж “Дархан флюорит” ХХК-ын гүйцэтгэх захирал А.Л-долгуулахаар, мөн хохирогч үнэлгээний төлбөрт төлсөн 50000 төгрөгийг  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлүүлэх журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, 00.82 УНУ улсын дугаартай  “Лексус LX470” маркийн машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж Г.Сүхбаатарт олгох, машины үнэ болох 19871538.40 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод шилжүүлэж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Д давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь сум  дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 04 сарын сарын 19-ний  өдрийн 2021/ШЦТ/19 тоот  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах  гомдол гаргаж байна. Үүнд:

 

1. Миний бие Л.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт  яллагдагчаар татагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1-р зүйлд зааснаар  хялбаршуулсан журмаар  журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа  прокурорт гаргаж өгсөн боловч хүлээн  авалгүйгээр  шууд гэм буруугийн хурлаар  шийдвэрлснийг  хүлээн зөвшөөрөхгүй. Надад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонд Зөрчлийн хуулиар шийтгэл  оноосон мөртлөө дахин эрүүгийн хуулиар  давхар ял  оноосон нь шууд эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл архи ууж, тээврийн хэрэгсэл жолоодсон  үйлдэл  нь буруу боловч намайг шууд санаатайгаар  бусдын эд хөрөнгийг эвдэн  сүйтгэсэн  гэсэн нь  огт үндэслэлгүй бөгөөд  ямарч санаатай үйлдэл байхгүй болно. Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар давхардуулан  ял оноосон нь намайг  хэтэрхий нэг талыг барьж  бусдын зохион байгуулалтай үгсэн тохиролцсон худал мэдүүлгээр  давхар давхар шийтгэл  оногдуулсан,  өмгөөлөгчөөр  өмгөөлөх эрхийг  хэргийг чинь хялбаршуулан шийдвэрлэх  боломжтой гэж  худал итгүүлэн  эдлүүлээгүй атлаа гэм буруутайд маргасан мэтээр  шийдвэрлэж  намайг хууран мэхэлсэн тул одоо өмгөөлөгч авах эрхээ  хэрэгжүүлж хэргийг  анхнаас нь дахин шалгуулах шаардлагатай  гэж үзнэ.

 

2. Шийтгэх тогтоолд  миний гэм  бурууг  нотолсон гэх  байдалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн 1.3, 1.5, 1.6-г огт шалгаж тогтоогоогүй. Энд  мөн л хялбаршуулсан журмаар  шийдвэрлэнэ гэж худал итгүүлсэн байдал нөлөөлсөн бөгөөд  хохирогч гэх А.Л нь “Дархан флюорит” ХХК-ны итгэмжлэгдсэн  төлөөлөгч  мөн эсэх нь тодорхойгүй буюу  хуулийн этгээдийн  ерөнхий захирлаас олгосон итгэмжлэл нь хуурамч /Л өөрөө өөртөө  итгэмжлэл  олгосон ерөнхий захирлын  гарын үсэг нь биш, ерөнхий захирал нь өөрөө энэ  талаар мэдэхгүй, итгэмжлэлийн утгыг асууж байсан огт мэдэхгүй байсан энэ талаар  бичлэг байгаа/ байх ба  энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-р зүйлийн 1-д заасан хуулийн этгээд хохирогч  болсон тохиолдолд уг зүйлийн  3-т зааснаар  хууль ёсны  төлөөлөгчөөр  дамжуулан  хохирогчийн эрхээ хэрэгжүүлэх заалт зөрчигдөж хохирогч хуулийн этгээдийг  төлөөлөх эрхгүй  этгээдийг  хохирогчоор тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Мөн уг  хэргийн сэдэлт,  зорилго,  гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцлийг  шалгаж тогтоогоогүй  атлаа  намайг санаатай  гэмт хэргийг  үйлдсэн гэж  үзэж  байгаа бол А.Л-д залилуулан  мэхлэгдсэн 100 гаруй сая төгрөгийн хохиролтой хэргийг  яагаад  хамтад нь шийдвэрлэхгүй  тусад нь  шийдвэрлэж  байгаа болон  санаатай эвдэн  сүйтгэсэн гэдгийг  нотлох баримт  хэрэгт авагдаагүй байхад ял оноосон нь туйлын  эргэлзээтэй, хүний газарт ганцаараа яваа  эмэгтэйг хэтэрхий дээрэлхсэн, шүүх цагдаагаар  дарамтлуулсан, хууль шүүхийн өмнө  адил тэгш  байх зарчмыг  ноцтойгоор зөрчсөн гэж үзэж гомдолтой байна. Энэ талаар давж  заалдах  шатны шүүхэд тодорхой тайлбар  нотлох баримтыг гаргана.

3. Итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн А.Л-ын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  зааснаар шалгуулах гомдол  гаргаж байна. Хохирогч  гэх А.Лнь  санаатайгаар эрх олгосон баримт бичиг хуурамчаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1-р зүйл, 22.12, 23.4-р зүйлд заасан  гэмт хэргийн шинжийг  шууд бүрэн агуулж  байна гэж  үзнэ. Энэ талаар  дэлгэрэнгүй үндэслэлийг  гомдлыг хэлэлцэхэд  тодорхой гаргана.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэнэ гэж  хуурч мэхлэн  гэм буруугийн талаар маргахгүй  гэж мэдүүлэг авсан хамгийн гол хор уршиг нь  өмгөөлөгч оролцуулах эрхийг минь хясан боогдуулсан, төөрөгдөлд оруулсан, дээрх хуулийн заалтуудыг  зөрчих үндэслэл болсон нь шүүхийн  шийдвэр  хууль ёсны бөгөөд   үндэстэй байх  зарчмыг  шууд алдагдуулсан тул  уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж чадахгүй, мөн 19 сая төгрөгийн өрөнд оруулж  байгааг хэрхэвч хүлээн  зөвшөөрөх  аргагүй, хэтэрхий хууль ёсыг гажуудуулсан, иргэн  яллагдагчийн  эрх ашгийг  хөсөрдүүлсэн  гэж үзэж байна.

5. Мөн удаа дараа цар тахалтай, бүх нийтийн хөл хориотой  үед  дуудаж дарамтлах, өмгөөлөгчгүйгээр байцаах, тусгаарлалтад оруулж  чирэгдүүлсэн үйлдэлд прокурорт  гомдолтой ба  хохирогч гэх итгэмжлэлгүй / хуурамч итгэмжлэлтэй / этгээд болох А.Лтай  ашиг сонирхолын  зөрчилтэйгөөр  илэрхий нэг талыг барьж ажилласан  гэж үзэж  прокурор, шүүхэд иргэний хувьд  гомдолтой байгаагаа үүгээр илэрхийлэв.

Иймд  дээрх байдлуудыг  үндэслэн шийтгэх тогтоолд заасан  үндэслэлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2-р зүйл, 1.3-р зүйл, 1.4 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 7.6-р зүйл, 8.1 дүгээр зүйлийн 3, 9.5 дугаар зүйлийн  1.2, 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.5, 1.6, 16.14-р зүйл, 16.15, 20.1, 33.1-р зүйлийн 6.6-р зүйлүүдийг  ноцтой зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-р зүйлийн 1.2, 1.3, 39.6-р зүйлийн 1.2, 1.3, 1.4, 39.7-р зүйлийн 1.3-т тус тус заасан хуулийг зөрчил болохыг  тогтоож, мөн хуулийн  39.9-р зүйлийн 1.3-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг  бүхэлд нь хүчингүй  болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлүүлэхээр  давж заалдах гомдол гаргав...гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Д-д Зөрчлийн хуулиар  арга хэмжээ авсан мөртлөө эрүүгийн хэргээр ял оногдуулсан нь хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй байдал үүсгэж байна. Мөн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг  шийдвэрлээгүй, хуурамч  итгэмжлэлээр хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотлоогүй гэсэн нь  үндэслэлтэй, гомдлоо дэмжиж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Д-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд  эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл Захиргааны шүүхэд гомдол  гаргах ёстой. Зөрчил, эрүүгийн хэрэг хоёрыг  тусд нь зөв шийдсэн. “Дархан флюорит” ХХК итгэмжлэл олгож А.Л-ыг байгууллагын төлөөлөгчөөр томилсон. Шүүгдэгчийн гаргасан гомдол  үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

  

Хяналтын прокурор М.Мэндбаяр  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Д-гийн үйлдсэн хэрэг нотлогдсон тул  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Л.Д-г эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх ба гэмт үйлдлийн улмаас хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид хохирол учирсан байдаг. Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдийн өмчид яаж халдсан, ямар хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй тогтооно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хөрөнгийн үнэлгээний “Фейр валуэшн” ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр  “Дархан флюорит” ХХК-ын  хашаанд байсан  гэр эвдэрч, бусдын эд хөрөнгөнд  2255000 төгрөгийн хохирол учирсан гэх бөгөөд машинд мөргүүлж хохирол учирсан гэр хэний өмч болох нь тодорхойгүй, энэ талаар  мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй  байх тул гэр хэний өмч болохыг тогтоох шаардлагатай. Ингэснээр хохирогчийг зөв тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.

- “Дархан флюорит” ХХК-ын  гүйцэтгэх захирал А.Л-ын  2020 оны 12 сарын 09-ны өдрийн №20/26 дугаартай албан бичгийг үндэслэн А.Л-ыгхохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Гэтэл тус компаны захирал Г.Гандулам 2021 оны 04 сарын 16-ны өдрийн №2021/08 дугаартай албан бичгээр тухайн хэрэгт компаныг төлөөлөн А.Лоролцохыг илэрхийлж, итгэмжлэл олгосон бичгийг сум дундын шүүхэд ирүүлсэн байх ба  “Дархан флюорит” ХХК нь нэг гишүүнтэй, Ганбат овогтой Гандуламыг  захирлаар томилсныг бүртгэсэн МУ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-34/ хэрэгт авагдсан байна.

 

Дээрх байдлуудаас дүгнэхэд А.Л “Дархан флюорит” ХХК-ыг төлөөлөх эрх бүхий, хуулийн дагуу томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэх  нь эргэлзээтэй байна.

 

Шүүх, прокурор, мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  хууль ёсны байх шаардлагад нийцүүлэн явуулснаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн шаардлага хангагдана.

 

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаагүй байна.

Иймд  Л.Д-дхолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан  үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр  сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  Л.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын  газарт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэргийг прокурорт очих хүртэлх хугацаанд Л.Д-дхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

 

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

 

                                                                                               Г.БОЛОРМАА