Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 126/ШШ2023/0048

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргасан прокурор: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Х.А,

Дүгнэлтийн шаардлага нь: Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.А-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0063913 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б-ийн холбогдогч Т.Э-д шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0063913 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19/зүйд, хэсэг, заалт/-д заасны дагуу 8.2 /шийтгэлийн төрөл, хэмжээ/ шийтгэл оногдуулсугай ... гэснийг ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т заасны дагуу 445.200 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь ...2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0063913 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.А-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0063913 дугаартай шийтгэлийн хуудсанд прокурорын дүгнэлтэд бичсэний дагуу өөрчлөлт орно гэж ойлгох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтланХөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Б.Б-ийн гаргасан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.А-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0063913 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР