Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 147/шш2022/00132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: “Зам, замын байгууламж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч:Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газар

                                     

            Хариуцагч:Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг дарга нарт холбогдох

 

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдааны оролцогчид:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг, 

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ариунжаргал,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “Зам, замын байгууламж” ХХК нь хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг дарга нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. “Зам, замын байгууламж” ХХК нь 2014 онд Түмэнцогт суманд зам засварын ажил гүйцэтгэсэн. Энэ хугацаанд сумын Засаг даргаас гэр хороолол дахь шавар намагтай замыг тэгшилж засуулах санал гаргасныг тус компани хүлээн авч хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Ингээд 2014 оны 06 сарын 16-ны өдөр Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Саруултуяатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон.

Бид гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэн Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Саруултуяа холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгч тэрээр 2014 оны 07 сарын 04-ний өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гүйцэтгүүлэх гэрээ дүгнэсэн тухай акт үйлдэн “Зам, замын байгууламж” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж гүйцэтгэх ажлуудаа чанартай гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн. Үүнд ямар нэг гомдол гараагүй. Гэвч одоог хүртэл тохирсон ажлын хөлс 7,000,000 төгрөгийг төлж барагдуулахгүй байна. Төлнө гэдэг боловч санхүүгийн эх үүсвэргүй гэсэн шалтгаанаар гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй байна.

 

Иймд Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газраас 2014 оны 06 сарын 16-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Саруултуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын Засаг даргын Тамгын газрын даргын хувьд хууль тогтоомжоор олгогдсон эрх нь уг асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг бүрдүүлээгүй. Тодруулбал орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл хуулиар олгогдоогүй. Захиалагч байгууллагын даргын хувьд тухайн үеийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой шийдвэрийг бүрэн гаргасан. Ийм учраас Засаг даргын Тамгын газраас гэр хорооллын гудамжийг тэгшлэх ажлын гүйцэтгэлийн төлбөрийг нэхэмжлэх үндэслэл байхгүй.

Тухайн үед гарсан шийдвэрүүдийг гүйцэтгэгч байгууллага бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй шалтгааны улмаас төлбөр төлөгдөөгүйг тус байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас тодруулан нэмэлт тайлбар өгч байна.

“Зам, замын байгууламж” ХХК-ийн удирдлага нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт танилцуулж гэрээний үүргийн биелэлтээ Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 07 сарын 04-ний өдрийн А/45 тоот тушаалаар дүгнүүлсэн. Тухайн ажлыг хүлээлцэх ажлын хэсгийг мөн өдрийн А/44 тушаалаар томилсон. Гэтэл тухайн компани ажлын хэсэгт гүйцэтгэсэн ажлыг хүлээлцээгүй гүйцэтгэсэн ажлынхаа гүйцэтгэлийн төсөв нэхэмжлэлийг төрийн санд ирүүлээгүй. Энэ нь ажил хүлээлцсэн тухай ямар нэг нотлох баримт ирүүлээгүй байгаагаас харагдаж байна.

“Зам, замын байгууламж” ХХК-аас 2015 оны 02 сарын 24-ний өдөр төлбөр нэхсэн албан бичиг ирсэн бөгөөд уг албан бичигт төрийн сангаас шаардаж буй баримт материалуудыг хавсаргаж ирүүлээгүй. 2015 оны 03 сарын 11-ний өдөр тус компанийн захирал Л.Эрдэнэбаатартай утсаар холбогдож төлбөр ямар шалтгаанаар хийгдэхгүй байгаа талаар тайлбарлаж шаардагдах баримтуудыг нэхсэн боловч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй.

“Зам, замын байгууламж” ХХК нь тухайн үед 2 км хайрган хучилттай замын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох бүхий л материалуудыг бүрдүүлж гүйцэтгэсэн ажлыг хүлээлцэж хүлээлцсэн акт үйлдэж төлбөрөө авсан байдаг тул тухайн компанийн холбогдох албан тушаалтнууд тухайн ажлыг хүлээлгэж өгөх ямар баримт бичиг материал бүрдүүлэх үүрэгтэйгээ мэдэж байсан.

Нэхэмжлэгч байгууллага удаа дараа төлбөрөө нэхсэн боловч мөнгө байхгүй шалтгаанаар өгөөгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Манай байгууллагын хувьд тухайн үед төлбөрийн чадваргүй байгаагүй. 2014 оны төлөвлөгөөнд төсөвлөгдсөн байсан. Баримт материал дутуу учир гүйцэтгэгч байгууллагад шилжүүлэхээр 2014 оны жилийн эцэст үлдэгдлээр үлдсэн байсан гэжээ.

 

3. Хамтран хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг дарга Г.Энхтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Зам, замын байгууламж” ХХК-ийн удирдлага нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг сумын Засаг  дарга, Тамгын газрын дарга нарт танилцуулж, гэрээний үүргийн биелэлтээ Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 07 сарын 04-ний өдрийн А/45 тоот тушаалаар дүгнүүлсэн.        Тухайн гүйцэтгэсэн ажлыг хүлээлцэх ажлын хэсгийг мөн өдрийн А/44 тушаалаар томилж, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгөхийг зөвлөсөн байна. 

“Зам, замын байгууламж” ХХК-аас 2015 оны 02 сарын 14-ний өдөр төлбөр нэхсэн албан бичиг ирсэн бөгөөд уг албан бичигт төрийн сангаас шаардаж буй баримт материалуудыг хавсаргаж ирүүлээгүй. 2015 оны 03 сарын 11-ний өдөр тус компанийн захиралтай утсаар холбогдож, төлбөр ямар шалтгаанаар хийгдэхгүй байгаа талаар тайлбарлаж, шаардлагатай баримтуудыг нэхсэн боловч ирүүлээгүй байна.

“Түмэнцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 сарын 16-ны өдрийн 11 тоот тогтоолоор батлагдсан сумын 2014 оны төсөвт батлагдсан боловч хүлээн авах ажлын хэсгийн акт байхгүй учир төлбөр хийгдээгүй болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасны дагуу 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газар, тус сумын Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд гэрээ байгуулагдсан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн гэр хорооллын 600 метр замыг тэгшлэх ажлыг Зам замын байгууламж ХХК нь хийж гүйцэтгэсэн байсан. Үүнийг хариуцагч талаас татгалзаж байгаа үндэслэл нь гэрээ дүгнэсний дараа ажил хүлээлцсэн актыг үйлдээгүй байсан. Мөн санхүүгийн зарцуулалтынхаа тайланг бичгээр үйлдэж ирүүлээгүй. Гэрээг удирдах түвшинд дүгнээд ажил хүлээн авах комисс томилогдсон. Тухайн комисст ажлаа хүлээлгэж өгөөгүй байсан. Санхүүгийн эх үүсвэр нь байхгүй байна гэж ирүүлсэн бичиг болон нэхэмжлэлдээ бичсэн байсан. Санхүүгийн эх үүсвэр нь 2014 оныхоо орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажил байсан бөгөөд тэр ондоо төлөгдөөгүй учраас үлдээд 2015 ондоо бас үлдээд, хадгалаад төсөвтөө тусгагдаад явсан байсан. Санхүүгийн хуулгыг аваад ирсэн байгаа.

 Ажил хүлээн авах комисс, гэрээ дүгнэх гэдэг нь хоёр өөр асуудал юм. Анх ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа ажлын даалгавар гэж өгдөг. Гэрээ дүгнэх гэдэг нь гэрээний хугацаанд болсон уу, хийгдэж дууссан уу гэх мэтчилэн дүгнэхийг хэлж байгаа. Гэрээ дүгнэх ажлын хэсэг болон хүлээж авах ажлын хэсэг нь тусдаа байгаа. Хүлээж авах комисс нь гэрэл зургаар баталгаажуулж, газар дээр нь очиж үзэж, харилцан тэмдэглэл үйлдэж хоёр талаас гарын үсэг зуруулаад / тодорхой урттай замыг сайжруулсан / гэх мэтчилэн бүтцийн хувьд нарийвчлан тусгаж үзээд явцдаа болон ажил дууссаны дараа харилцан тохиролцон үзэж, хүлээн авч акт үйлдэхийг хэлээд байгаа юм. Нэхэмжлэгч тал нь гэрээ дүгнэсэн акттай хольж ойлгоод байна.

Хамгийн анх хэрэгт авагдаад анхан шатны шүүхээр ороход болон сая гаргасан тайлбартаа ажил хүлээлцсэн актаа өгөөгүй гэж маргаад байгаа. Гэрээг дүгнэх болон худалдан авах ажиллагаа нь өөр юм. Төрийн мөнгөөр ажил үйлчилгээ хүлээн авах журмынхаа дагуу ажил хүлээлцсэн акт гэдэг зүйлийг тусдаа үйлддэг. Гэрээг бол байгуулсан хүн нь дүгнэчихээд байгаа. Дахиад тушаалаараа тус гэрээний ажлыг хүлээж авах ажлын хэсэг томилогдоод ажлын хэсэг нь акт үйлдэх ёстой. Мөн тухайн ажлын хэсэгтээ санхүүгийн зарцуулалтын тайлангаа өгөөгүй байсан. Төрийн байгууллага учир эргээд аудит ороод энэ хөрөнгөөр хийгдсэн ажлын санхүүгийн зарцуулалт хаана байна гэсэн асуудлыг аудитаас тавиад байдаг. Бичиг цаасны хувьд нь учир дутагдалтай санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл дутуугаас төлбөрөө төлөхгүй байсан. Төлбөр төлөгдөөгүй үндэслэл нь ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж татгалзсан байсан. Манайд 2015 онд нэг, 2016 онд нэг алба бичиг, нийт хоёр албан бичиг ирж байсан. Тухайн үед нь санхүүгийн баримтаа бүрдүүлээд мөнгөө авахыг хэлж байсан. 3-4 удаагийн албан бичиг манайд ирээгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2014 оны хэрэг байхад 2019 онд нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг төлсөн баримт ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 07 сарын 04-ний өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ дүгнэсэн акт, фото зураг,  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Зам, замын байгууламж” ХХК-ийн 2016 оны 04 сарын 13-ны өдрийн 015 тоот алба бичиг, “Зам, замын байгууламж” ХХК-ийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 003-15/139 тоот албан бичиг, “Зам, замын байгууламж” ХХК-ийн 2015 оны 06 сарын 09-ний өдрийн 003-15/052 тоот албан бичиг,  “Зам, замын байгууламж” ХХК-ийн 2015 оны 02 сарын 04-ний өдрийн 003/15/06 тоот албан бичиг, 2019 оны 07 сарын 19-ний өдрийн 23 тоот эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, “Зам, замын байгууламж” ХХК-ийн  2015 оны 12 сарын 18-ны өдрийн 003-15/138 тоот санхүүжилт хүсэх тухай албан тоот, “Зам, замын байгууламж” ХХК-ийн  2017 оны 04 сарын 12-ны өдрийн 017/013 тоот үлдэгдэл санхүүжилт хүсэх тухай алба тоот зэрэг баримтууд,

 

6. Хариуцагч нараас нэхэмжлэлийн хариу тайлбар, ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ гэх бичилт бүхий албан бичиг хавсралтын хамт, Түмэнцогт сумын Засаг даргын 2014 оны 07 сарын 04-ний өдрийн А/44 тоот захирамж, 2015 оны 02 сарын 04-ний өдрийн 003/15/06 тоот албан бичиг, Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 07 сарын 02-ны өдрийн А/59 тоот тушаал, барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт, Түмэнцогт сумын ИТХ-ын 2013 оны 12 сарын 16-ны өдрийн 11 тоот тогтоол, Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 07 сарын 04-ний өдрийн А/45 тоот тушаал, Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын   даргын 2014 оны 07 сарын 04-ний өдрийн А/44 тоот тушаал зэрэг нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “Зам, замын байгууламж” ХХК нь Түмэнцогт сумын Засаг даргын тамгын газар, Засаг даргад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 7,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

            1.1. 2014 оны 6 сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гэр хорооллын төв гудамжны 600м шороон замыг хусч, сайжруулах ажлын гэрээ байгуулсан. Ажлыг 7 хоногийн хугацаанд хийхээр тохирсон. Тохирсон хугацаанд ажлаа хийгээд гэрээ дүгнэсэн актаар ажлыг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч тал гэрээний үүргээ зөрчиж ажлын хөлс 7.000.000 төгрөгийг төлөөгүй гэж,

 

            2. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж няцаасан. Үүнд:

           2.1. Хийсэн ажлаа комисст хүлээлгэн өгөөгүй.

 

            2.2.Холбогдох санхүүгийн анхан шатны баримт болох зарцуулалтын тайлангаа гаргаж ирүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн.

             3. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэжээ.

 

             4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

             5. Талуудын хооронд 2014 оны 6 сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гэр хорооллын төв гудамжны 600м шороон замыг хусч сайжруулах ажлын гэрээ байгуулагдаж, гэрээний нийт дүн 7,000,000 төгрөг, гүйцэтгэгч нь ажлыг 2014 оны 6 сарын 18-аас 2014 оны 6 сарын 25-ны өдөр буюу 7 хоногийн хугацаанд хийж дуусгахаар тохиролцож гэрээ байгуулагдсан байна.

 

             6. Зохигчийн хооронд байгуулагдсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гэр хорооллын төв гудамжны 600 м шороон замыг засаж сайжруулах ажлын гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна. Нэхэмжлэгч хариуцагч нар гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнийн дүнгийн талаар маргаагүй.

 

             7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх тул гэрээний дагуу нэхэмжлэгч ажлын хөлс 7,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

       

             8. Талууд 2014 оны 7 сарын 4-ний өдөр гэрээг дүгнэж, акт үйлдэн, “Зам, замын байгууламж” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, гүйцэтгэх ажлуудаа чанартай гүйцэтгэснийг тэмдэглэсэн байна. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгсөн нь гэрээ дүгнэсэн актаар тогтоогдож байна.

 

              9. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг нь хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй байсан байна.

 

            10. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхыг хуулиар зохицуулсан.

 

             11. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т: ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхыг заажээ.

 

             12. “Зам, замын байгууламж” ХХК Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газар нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 7 сарын 4-ний өдөр дүгнэсэн байх ба гэрээний 3,2-т ажлын үр дүнг харгалзаж, гэрээ дүгнэсэн тухай байгууллагын даргын дүгнэлт үйлдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор төлбөрийг гүйцэтгэгчийн харилцах дансанд гэрээний дүнгээр бүрэн шилжүүлэхийг тохирсон байна.

 

             13. Уг гэрээ дүгнэсэн акт болон гэрээнд заасан хугацаагаар авч үзвэл 2014 оны 7 сарын 11-ний өдрөөс уг гэрээний үүрэгтэй, ажлын хөлстэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн байх ба уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 2017 оны 7 сарын 11-ний өдөр дуусгавар болохоор байсан байна.

 

             14. Нэхэмжлэгч “Зам, замын байгууламж” ХХК нь сумын Засаг даргын Тамгын газарт 2015 оны 2 сараас 2017 оны 4 сарын 12-ны хооронд нийт 4 удаа албан бичиг явуулж, ажлын хөлсөө шаардаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан албан бичгүүдээр тогтоогдсон. Нэхэмжлэгч “Зам, замын байгууламж” ХХК нь хариуцагчид мөнгөө шаардсан албан бичиг явуулж байснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлах боловч энэ нь хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох болон тасалдсан гэж үзэх Иргэний хуулийн 78,79 дүгээр зүйлд заасан  үндэслэлүүдэд хамаарахгүй байна гэж шүүх үзлээ.

 

             Мөн 2019 оны 04 сарын 26-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаа буюу 3 жилийн хугацаа өнгөрснөөс хойш эвлэрүүлэн зуучлалд хандсан гэж үзэхээр байна.

 

            15. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой гомдол гаргах хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хэтрүүлсэн гэж үзээд нэхэмлэгчийн 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

             16. Нэхэмжлэгч “Зам, замын байгууламж” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.       

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлрийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Зам, замын байгууламж” ХХК-ийн хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.БОЛОРМАА