| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2021/00469/и |
| Дугаар | 147/шш2022/00262 |
| Огноо | 2022-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 147/шш2022/00262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, Залуус хотхоны 3-20 тоот хаягт оршин суух, утасны дугаар:88068921-тай, Зээрднүүд овогт Сумъяажавын Бат-Очирын,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Асгат сумын 3-р баг, “Эрэгцэгийн хөндий” гэх газарт оршин суух, утасны дугаар:85284207-тай, Зээрднүүд овогт Эрдэнэсангийн Оюунтунгалаг,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, Бага дөрвөлжийн 21-12 тоот хаягт оршин суух, утасны дугаар:94325665-тай, Боржигон овогт Жанцангийн Жавзмаа нарт холбогдох
үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үнээ 1 тооны, бяруу 1 тооны, хязаалан эр үхэр нэгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Хариуцагч *******, *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан тугалтай үнээ, шүдлэн үхэр буюу 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2021 оны 11 сард анх нэхэмжлэл гаргахад миний нэхэмжилсэн тугал нь өнөөдөр бяруу, шүдлэн үхэр нь хязаалан болсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа үнээ 1 тооны, бяруу 1 тооны, шүдлэн үхэр нэгийг тус тус гаргуулна. Малаа зүсээр нь авна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Манайх 2018 онд шуурганд үхрээ уруудуулж, алдсан. Манай үхэртэй хамт манай хөрш *******ийн үхэр уруудаж, явсан байсан. Үхрээ сурахад Сүхбаатар сумын Дөхөмжийн худаг гэдэг газраас талыг нь олж, талыг нь Эрдэнэцагаан сумын нутаг Хангай гэх газраас 2019 оны 01 сард олсон. Тухайн өвөл цас ихтэй байсан учраас үхэр байсан газрынхаа ойролцоо байх айлд захиж үлдээж, сарын 150,000 төгрөг төлж, хавар хүртэл хөлсөөр тохиролцож, хариулуулж байгаад 2019 оны 4 сард хөөж ирсэн. Ингэхдээ намар гарсан үхрээс 7 үхрээ олоогүй. Үүнээс сүүлд нэг үнээг 2019 оны намар олсон. Дахин ойролцоо газраар хайж, сураг тавьсан ч үхрээ олж чадаагүй. Гэтэл 2021 оны 07 сард манай аав Сумъяажав, ээж Үржинханд нар нь Асгат сум руу ороод буцахад замд тааралдсан үхэр дотор 2018 онд алдаад олж чадаагүй 6 үхрийн 1 үнээ нь байж таарсан. Ингээд ойр орчмын айлаас сураглахад Оюунтунгалагийн үхэр гэж хэлсэн. Оюунтунгалагтай очиж уулзахад өөрийн үхэр гээд хүлээн зөвшөөрөөгүй тул Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Энэ үнээ нь манай аавынд байдаг миний үнээ юм. Миний өргөдлийн дагуу аймгийн Цагдаагийн газраас Нямдорж гэдэг хүн очиж уулзахад өөрийнд нь байгаа манай үхрийг 2019 онд манай алдсан үхрээ олж авсан газрын ойролцоо газраас Батхолбоо гэх хүнтэй ачиж ирсэн болж таарсан. Нямдорж нь надтай хамт Оюунтунгалагаас мэдүүлэг авахад манай үхэр болохыг хүлээн зөвшөөрч байсан. Мөн түүний хадам ээж нь үхрээ мэднэ гэж байсан ба танай үхэр мөн бол үхрээ ав гэж хэлсэн. Оюунтунгалагийнх мөн үхрээ алдсан байсан. Манай үнээг авчраад 2 жил хариулсан тул үнээг дагаж ирсэн тугал буюу 2021 онд шүдлэн үхэр болсон үхрийг хөлсөнд нь өгье, тугалтай үнээгээ би авъя гэхэд хүлээн зөвшөөрч тохиролцсон. Тухайн үед манай аав, ээж хамт байсан. Хүлээн зөвшөөрч байгаа учраас эрүүгийн хэрэг үүсгээд яах вэ? Та настай хүн байна, энэ хүний үхрийг дараа ирэхэд нь шууд өгнө гэвэл би таны өгсөн мэдүүлгийг гомдлоор хүлээн авахаа больсон шүү, та үхрийг өгөөрэй гээд Нямдорж эрүүгийн төлөөлөгч хэлээд явсан. Тухайн үед наадмын олон хоногийн амралт эхэлсэн түүний дараа ээлжийн амралтаа аваад ажил ихтэй байсан учраас очиж, авч чадахгүй байж байгаад 8 сард авах гэтэл урьд ярьж байснаасаа огт өөр юм яриад тугалтай үнээг минь өгөөгүй.
Маргаж байгаа үнээ бол 2015 оны тугал, 2015 оны 02 сард өвөл төрөөд 1 чих, сүүл нь хөлдөөд, 2 чих нь хулгар, сүүл нь тасарч оодон болсон. Зүсний хувьд хоёр эврийнхээ араар хар, хонго нь хар, их бие нь цагаан үнээ. Энэ үнээний төрсөн дүү нь манайд байдаг. Адилхан зүстэй, хариуцагч ******* нь өөрийн гэж маргаж буй үнээгээ 2008 оны тугал, хөгшин үнээ гэж байгаа. Зурагт байгаа үнээ бол манай үнээ мөн, хөгшин харагдахгүй байгаа.
Би 2021 оны 11 сард энэ нэхэмжлэлийг гаргасан байсан тухайн нэхэмжлэл гаргах үед тугалтай үнээ 1,500,000 төгрөг, шүдлэн үхрээ 1,300,000 төгрөг гэж үнэлсэн. Өнөөдрийн байдлаар тугал маань бяруу болсон. Шүдлэн үхэр нь хязаалан болсон. Иймд мал нь байгаа учраас зүсээр нь л авна. Мөнгөөр үнэлэхгүй гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 01 сард 16 тооны үхрээ шуурганд алдсан 2017-2018 он хүртэл хайж байгаад 6 үхрээ олсон. 2019 оны намар явж оодон сүүлтэй цагаан үнээгээ олж авчирсан. 2019 онд ирэхдээ тугалтай ирсэн. 2020 онд тугалаагүй сувайрсан. Цагаан үнээ маань алга болохдоо 3 тугалсан байсан одоо нийт 5 тугалаад байгаа. Манай унаган үнээ. Сумъяажав болон түүний хүү Бат-Очир нар манай үнээ гээд эзэн суугаад байгаа тул шийдэж өгнө үү. Манай цагаан үнээг Дошнуудын баазад танихгүй хүн байхгүй. Тэр усандаа ажаагийн алаг нэртэй оодон цагаан алаг үнээ бий, бүгд мэднэ. Цагдаа ирээд надаас мэдүүлэг авсан би тэдний үнээ гэж хэлээгүй, хүлээн зөвшөөрөөгүй байхад худал хэлж намайг авчирсан. Намайг хүлээн зөвшөөрсөн гэж худал хэлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг өдөр Сумъяажав манай алдагдсан үхэр танайд байна гэхээр нь энэ чинь манай үхэр шүү дээ. Би хүний үхэр аваагүй. Би нийгэмдээ 40 гаруй жил ажилласан, хүн луйвардахгүй хүнд ч луйвардуулахгүй. Нэхэмжлэгчийн ээж нь анх хэлэхдээ хүрэн толгойтой бөгсөн тал нь хүрэн үнээ гэж хэлсэн. Манайх хар толгойтой бөгсөн тал нь хар үнээ байсан. Миний үнээ бол залуу үнээ 8 литр сүү гардаг. Хоёрхон тугалсан гэж хэлсэн. Тэрний маргаж буй үнээ нь хөгшин, хэн ч очоод харсан 5-6 тугалсан үнээ байна гэхээр үнээ. Би гарын таван хуруунд багтах л үхэртэй хүн. Тэгээд одоо шүүх сэргийлэхээр орж үнээгээ авна гэсэн асуудал гарлаа. Би заавал шүүхээр яваад яахав ямартай ч өөрийнхөө харьяа газар хэлье гээд хэлсэн. Манай бэлчээр дээр ирээд үхрийн зураг аваад байхаар нь юун цагаан машин ирж зогсоод байна вэ гэхэд эдгээр хүмүүс үхрийнхээ зургийг барьчихаад үхрээ авъя гээд байна гэж төлөөлөгч хэлсэн. Тэгэхээр нь энэ чинь манай үнээний зураг байна. Эд нар манай үнээний зургийг барьчихаад л авъя гээд байна гэхэд өөрсдийнхөө алдсан үнээний зургийг аваад ир, толбо нь ч гэсэн зөрдөг юм байгаа биз дээ гэсэн. Адгийн зарга арав хоног гэгчээр нэг үнээгээ ч гэсэн өгье гэж бодоод зөвшөөрсөн. Тэгсэн дараа нь хүүхдүүд өөрийнхөө малыг арай гэж өсгөчихөөд зэлнээсээ уясан тугалан үнээгээ хүнд өгнө гэж юу байсан юм гэхээр нь би бодлоосоо буцсан. Манайхыг ямар цагаан үнээтэй гэдгийг захын айлууд мэднэ гэв.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан гэрч *******ийн шүүхэд өгсөн: ******* нь намайг жижүүрт гарч байх үед “бид замд явж байгаад айлын үхэр дунд манай алга болсон үхэр байхаар нь ойрын айлаас сураглаж асуухад Оюунтунгалаг гэх айлын үхэр гэж хэлж байсан, тэгэхээр нь бид цагдаа энэ асуудлыг шийдвэрлэж өгөх байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж ирлээ” гэсэн асуудлаар тухайн үед ирж уулзаж байсан. Тухайн үед би жижүүрээр гарч байсан, мөн би энгийн хувцастай явж байсан /эрүүгийн төлөөлөгч нар энгийн хувцастай ажил үүргээ гүйцэтгэж явдаг/ дээрх асуудлын дагуу дуудлага ирэх үед нь өөрсдийнх нь машинтай шууд Асгат сум руу явсан.
Дээрх айл руу очихоос өмнө ******* гэх хүнтэй худаг дээр нь очиж уулзаад гэрчийн мэдүүлэг авсан. Оюунтунгалагийн гэрт очиход тухайн маргаан бүхий үхрийн эзэн нь гэх хөгшин хүн /Арсланбаатарын ээж/, хүү Арсланбаатар /Оюунтунгалагийн нөхөр/, Оюунтунгалаг нар байсан. Оюунтунгалагаас хэдэн онд хаагуур үхрийнхээ эрэлд явсан, ямар хүмүүстэй явж үхрээ авч ирсэн бэ гэхэд Оюунтунгалаг нь ******* гэх хүнтэй явж, түүний машинаар үхрээ олж ирсэн гэсэн мэдүүлгийг өгч байсан. Тухайн үед Бат-Очирын аав, ээж нар хамт байсан. Аав, ээж 2 нь Оюунтунгалагийн хадам ээж гэх хүнтэй ярилцаад сууж байсан. Тухайн айлын малыг зүсэлж мэдэх ганц хүн нь тэр хөгшин хүн байсан, тэгээд тэд нар ярилцаад бид тохирчихлоо. Манай үхэр биш юм шиг байна, манайх шүдлэнгээ авч үлдээд танайх тугалтай үнээгээ аваад яв тугал нь бага юм чинь эхээс нь салгаад яахав дээ гэж хэлж байсан. Тэгэхээр нь миний бие та нар яг тохирч байгаа биз, би бичлэг хийх үү гэхэд Оюунтунгалагийн нөхөр Арсланбаатар гэх хүн бид тохирчихлоо, миний дүү наад мэдүүлгээ шатаачих, одоо ямар нэг асуудал байхгүй, энэ хүмүүс ирсэн дээрээ одоо малаа аваад явсан ч болно, гэхэд нь ******* нь одоо машин тэрэг алга, маргааш ирээд аваад явъя гэж хэлж байсан. Тэгээд л бид бүгд аймаг руу буцсан.
Гэрч *******, Оюунтунгалаг нараас гэрчийн мэдүүлэг авахад манайх бас үхрээ алдаад эрэл хайгуул хийж, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс үхрүүдийг *******ын хамтаар машинтай нь явж байгаад олж авчирсан гэх мэдүүлгийг өгч байсан. Тухайн үед ямар нэг хүн тухайн мэдүүлгийн талаар асууж, сураглаагүй, авъя гэж ирээгүй учраас, тухайн асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзээд өөртөө 2 сарын хугацаанд байлгаж байгаад шаардлагагүй гэж үзээд устгасан. Асгат сумын төлөөлөгчид мэдүүлэг авч байсан талаар болон танай сумын нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу гарсан хэрэг учраас өөртэй чинь очиж уулз, гомдлоо гарга гэж хэлээд явуулсан зэрэг асуудлын талаар тухайн үед хэлж байсан ч Асгат сумын төлөөлөгч мэдүүлгийн талаар надтай холбоогүй бариагүй, мэдүүлгийг ч надаас аваагүй гэх мэдүүлэг,
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: 2018 оны өвөл манай гэрийн ойролцоо шуурганд уруудаж 20 гаруй тооны үхэр очсон байсан. Гэтэл үхрийн эзэд гэх Бат-Очир, Сээгий нар ирж манай үхрүүд байна гэсэн. Өвлийн улирал учир үхрүүдээ тууж явахад хэцүү байсан учраас манайд захиж үлдээгээд явцгаасан. 2019 оны 04 сард манайхаас үхрүүдээ авна гэж Сээгий, Бат-Очирын дүү 2 ирсэн. Тэд үхрээ ирж авахдаа надад үхрийн хариулганы мөнгө гэж хэдэн төгрөг өгч байсан гэх мэдүүлэг,
6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: Би 40 гаруй тооны малаа шуурганд уруудуулж байсан. Би Сүхбаатар сумын зүүн урд талаар, Эрдэнэцагаан сумын хойд талаар л хайсан. Эхний 2,3 хоног ганцаараа хайсан, дараа нь олдохгүй болохоор нь миний бие найз Анхаа, Сүхбаатар нарын хамт гурвуулаа Сүхбаатарын машинаар явж, *******ын дүү Мөнхбат нь өөрийнхөө мотоцикльтэй явсан. Бид Цагаан тэмээний говьд эхний малаа олж, цаашаа Хангайн булаг гэх газар руу явахдаа дөрвүүлээ хамт нэг машиндаа сууж явж, үлдсэн малаа олсон. Би Сүхбаатар сумын нутаг Цагаан тэмээтийн говь гэх газраас хагас тооны /тоог нь сайн санахгүй байна/ малаа олж, говийн наана нутаглах Алтангэрэл гэх айлынд олсон малаа үлдээж, цаашаа явж Хангайн булаг гэх газраас үлдсэн малаа олж, тэнд нутаглах /нэрийг нь сайн санахгүй байна/ айлд малаа үлдээгээд гэртээ ирсэн гэх мэдүүлэг,
7. Нэхэмжлэгч *******ын аав гэрч *******ын шүүхэд өгсөн: 2016 оны тугал хоёр эврийнхээ араар хар, хонго нь хар, их бие нь цагаан хоёр чих нь хулгар, оодон сүүлтэй. Манайх үхрээ 2018 оны 12 сард тугалтай бяруун гунж байхад нь алдсан. 2021 оны наадмын үед айлын бэлчээр дээрээс олж харсан. Эднийх шүдлэнг нь авна, манайх тугалтай үнээгээ авахаар тохиролцсон боловч алийг нь ч өгөөгүй. Дахиж нэг ч удаа уулзаагүй гэх мэдүүлгүүд
8. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 59,750 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 сарын 10-ны өдрийн 198 дугаар тогтоол, фото зураг зэрэг нотлох баримтууд,
9. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үнээ 1 тооны, бяруу 1 тооны, хязаалан эр үхэр 1-ийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
3.1. Манайх 2018 онд шуурганд үхрээ уруудуулж, алдсан. Хариуцагч нартай цагдаагийн эрүүгийн төлөөлөгч Нямдорж гэдэг хүнтэй хамт очиж уулзсан. Маргаж буй үхрийн төрсөн дүүгийн эгчтэйгээ ижил зүстэй зургийг нь авч, очоод харуулахад за миний дүү танай үхэр юм байлгүй дээ наад үхрээ аваад яваарай гэж зөвшөөрсөн. Жавзмаа эмээ тугалтай, шүдлэнтэй байгаа гээд манайх шүдлэн үхрээ аваад танайх тугалтай үнээгээ аваад яв гэж хэлсэн. Би ч зөвшөөрсөн.
Манай үнээний содон зүс болон содон шинж тэмдэг оодон сүүл, хулгар чих бүгд таарч байгаа тул гаргуулна гэв.
4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж няцаасан. Үүнд:
4.1. Хариуцагч *******, Оюунтунгалаг нар “энэ маргаж байгаа үхэр бол манай үхэр. Нэхэмжлэгч нэг өдөр манай алдагдсан үхэр танайд байна гэхээр нь энэ чинь манай үхэр шүү дээ. Бид хүний үхэр аваагүй гэдгээ хэлсэн. Адгийн зарга арав хоног гэгчээр нэг үнээгээ ч гэсэн өгье гэж бодоод цагдаагийн эрүүгийн төлөөлөгч ирэхээр нь өгье гэж хэлээд явуулсан нь үнэн. Тэгсэн хүүхдүүд өөрийнхөө малыг арай гэж өсгөчихөөд хүнд өгнө гэж юу байсан юм гэхээр нь би бодлоосоо буцсан. Бид энэ маргаж байгаа үнээгээ шуурганд алдаад олж, авсан нь үнэн. Манай үнээ 2008 оны тугал хөгшин үнээ. Эдний үнээ нэхэмжлэгчийн ярьж байгаагаар залуу үнээ гэж, татгалзжээ.
5. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэхэмжлэгч С.Баточир нь 2018 оны 8 сард тугалтай бяруун гунж байхад нь алдсан хулгар чихтэй, оодон сүүлтэй, хоёр эврийнхээ араар хар, хонго нь хар, их бие нь цагаан, үнээгээ 2021 оны наадмын үед хариуцагч нарын үхэрт байхыг олж, хариуцагч нартай уулзаад үнээг дагаж ирсэн тугал буюу 2021 онд шүдлэн үхэр болсон үхрийг хариуцагчид өгөхөөр нэхэмжлэгч тугалтай үнээгээ авахаар зохигчид тохиролцсон үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч цагдаагийн эрүүгийн төлөөлөгчийг байлцуулж тохиролцсон тохиролцооноосоо буцсан болохоо “..хариуцагч тухайн үед би олон хүн чирээд яахав, адгийн зарга арав хоног гэгчээр гэж бодоод тэгж хэлсэн нь үнэн. Гэхдээ дараа нь бодохоор би өөрийн унаган үхрээ яагаад энэ хүмүүст өгөх ёстой юм гэж бодож бодлоосоо буцсан гэж тайлбарлаж байна.
6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй бөгөөд 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгч С.Баточирын нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021.09.10-ны өдрийн 198 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол “...нэхэмжлэгч С.Баточирын аав Сумьяажавын хариулж байсан үхрээ 2019 оны өвөл алдсан талаар гаргасан гомдлыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр татгалзсан..” тухай, Нэхэмжлэгчийн “..хариуцагч нар нь цагдаад өргөдөл гаргаад цагдаагийн эрүүгийн төлөөлөгчтэй хамт очиж уулзаад маргаж буй үнээний төрсөн дүүгийнх нь ижил зүстэй зургийг харуулахад за миний дүү танай үхэр юм байлгүй дээ наад үхрээ аваад яв гэсэн. Жавзмаа эмээ манайх шүдлэн үхрээ аваад танайх тугалтай үхрээ аваад яваарай гэж хэлж байсан. Өнөөдөр ч авч явж болно гэхээр нь жижиг тэрэгтэй явж байгаа, дараа ачих машин авчраад авья гэж тохирсон байсан гэх мэдүүлэг, хариуцагч тус үхрийг би олж, ачиж ирсэн нь үнэн, гэхдээ уг үнээ нь хадам ээж Жавзмаагийн үхэр гэх мэдүүлэг, хариуцагч Жавзмаагийн цагдаагийн газраас хүн ирээд зураг үзүүлээд байхаар нь нэхэмжлэгчийн хэлсний дагуу зөвшөөрсөн нь үнэн. Гэхдээ одоо бодлоосоо буцсан гэх мэдүүлэг, өөрийн үхэрт байгаа болон маргаж буй үхрийн зургийг харьцуулсан фото зураг, зургаас харахад уг маргаж буй үнээ нь нэхэмжлэгчийнд байгаа төрсөн дүү нь гэх үнээнээс олон эгч, насаар хөгшин үнээ гэж харагдахгүй байгаа байдал, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримтуудыг үндэслэн уг маргаж буй цагаан алаг үнээ нь нэхэмжлэгчийн алдсан үхэр байх үндэслэл тогтоогдож байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
8. Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн тус үхрийн төл бяруу 1 тооны, хязаалан эр үхэр 1-ийг тус тус нэхэмжилснийг хамтад нь гаргуулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа мал нь зүсээрээ байгаа тул малаа зүсээр нь авна, мөнгөөр үнэлж нэхэмжлэхгүй, гэсний дагуу үнээг төлийнх нь хамт гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
9. Хариуцагч нар маргаж буй үнээний нас зөрүүтэй манай үнээ хөгшин гэж маргаж буй боловч татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Оюунтунгалаг, Жавзмаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 59,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Оюунтунгалаг, Жавзмаа нараас нэхэмжлэгч *******ын зүсээр нь авна гэж нэхэмжилж буй хоёр эврийнхээ араар хар, хонго нь хар, их биеэрээ цагаан зүсмийн хоёр чих нь хулгар, оодон сүүлтэй үнээ 1 тооны, түүний төл бяруу 1 тооны, түүний төл хязаалан эр үхэр нэгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Оюунтунгалаг, Жавзмаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 59,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА