2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1570

 

 

 

 

 

 

 

 

 

2025         06           10                                 2025/ШЦТ/1570

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч О.Нандинцэцэг,

хохирогч Б.Т, С.Ц, Б.Д,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Б,

шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2411 00889 0090 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймаг Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, .........цахилгаан цехэд ахлах инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, ................-нд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,*******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь согтуугаар 2024 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ………….. сургуулийн орчим үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж Б.Т, С.Ц, Б.Д нарын биед хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Э.Т нь найз нараа өмөөрч *******ийн биед хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах оролцогчид оролцож мэдүүлэг өгснийг сонсов. Үүнд:

Шүүгдэгч*******, ******* нар шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөсөн болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав. 

Хохирогч Б.Т, С.Ц, Б.Д, ******* нар мэдүүлэхдээ “Гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй” гэцгээв.

Хохирогч Б.Д мэдүүлэхдээ “*******ийн үйлдлээс гэмтэл авсан гомдол санал байхгүй” гэв.

Хохирогч Т мэдүүлэхдээ “Хохиролд 1.500.000 надад төлсөн тул гомдол санал байхгүй” гэв.

Хохирогч Ц мэдүүлэхдээ “Гомдол саналгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав.

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 990643.. дугаараас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 38 минутад “Хүмүүс зодолдоод шил хагалаад байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 11 дэх тал/,

Хохирогч *******ийн “Би 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлынхаа 2 дүү болох А, Бнарын хамт гэрийнхээ урд талд ганц хоёр пиво уучихаад тэндээсээ гараад бид 3 хамт тамхи татаад гэр рүүгээ явж байсан. Тэгээд 23 дугаар сургуулийн зүүн талд шөнийн 00 цагаас 01 цагийн хооронд гэрийнхээ гадаа ирээд орох гэтэл хэдэн согтуу залуучууд хашхиралдаад байсан. бид гурвыг тэр хэдэн залуучууд хөөе нааш ир гээд дуудсан. Яасан гээд бид 3 хамт тэр залуус дээр очтол яасан том бацаанууд вэ гээд тэр хэд бид 3 руу зодох гээд дайрсан. Тэгээд тэр залуучуудтай бид 3 хэрэлдээд байж байсан. Тэд нар бараг арвуулаа байсан. Тэгтэл тэр залуучуудаас нэг нь миний зүүн талын нүд рүү гараараа цохисон. Тэгээд нөгөөдүүл нь зэрэг дайраад би тэд нартай өөрийгөө хамгаалах гээд зодолдсон. Мөн над руу хүмүүс дайрахаар нь би ухарч алхсан. Тэгээд би газар унаад гялс босож иртэл над руу тэр залуучууд дайраад байсан. Тухайн үед над руу дайраад байгааг хүнийг нь би зөрүүлээд гараараа цохисон. Тэгээд би дахиад газарт унатал тэд нар намайг өшиглөөд зодохоо болихгүй байсан. Би газраас босохдоо хогийн сав түшээд босож ирсэн. Тэгтэл миний гарт хогийн саван дээрээс нэг юм тэмтрэгдэхээр нь би гартаа тэр зүйлийг барьж аваад тэд нарыг би айлгах гээд ухраад зүгээр байгаарай гээд гартаа барьсан зүйлээ 2 тийш  савчуулж хөдөлгөсөн. Гэтэл тэд нар ээлжилж над руу дайраад байсан … Дахиад миний нүд рүү нэг нь гараараа цохисон. Би тэд нарыг айлгах гээд хогийн саван дээрээс баригдсан шилээр нэгийг нь цохисон байж магадгүй гэж бодож байна. Дараа нь би шилээр цохисон талаар мэдсэн тэрнээс хойш би хашаа руу тойроод зугтаасан. Намайг газарт унахад тэд нар наадуул чинь зугтаах гээд байна бариад ав явуулахгүй шүү гээд бөөнөөрөө хэлж байсныг би санаж байна. Хамт явж байсан 2 дүүгийн урт үстэй нь буюу Аын үсийг тэр залуучуудаас нэг нь зулгаагаад атгачихсан зогсож байсан над руу 4-5-аараа дайрч байх хооронд манай Бгэх дүү рүү 2 нь дайраад байсныг би харсан. Тэгээд цагдаа нар ирсэн ... над руу дайрч намайг цохисон хүн рүү би өөрийгөө хамгаалж цохисон гэж бодож байна. 4-5 хүн над руу дайрч байхад би зүгээр байгаа хүнийг цохино гэж байхгүй. Ийм учраас би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцахад Б.Т гэх хүн эхлээд миний нүд рүү гараараа 1 удаа цохисон, харин зодооны дунд үед Ц гэх хүн миний нүд рүү 1 удаа гараараа цохих үед би зөрүүлээд нүдээ аниад цохисон. Би энэ 2 хүний биед мөн гэмтэл учруулсан гэж бодож байна. Намайг газарт унасан байх үед нуруу хэсэг рүү нэг нь өшиглөсөн. Мөн гар луу нэг нь өшиглөсөн. Хэн намайг өшиглөснийг бол би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/,

Хохирогч Б.Тын “2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн найзууд болох Б.Д,*******, Зт, О, Ц нарын хамт 23 дугаар сургуулийн хажууд ........нэртэй пабад сууцгаагаад 1 шилтэй виски болон пиво ууцгаасан. Бид нар дундаас******* машин барьж явсан учраас согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд бид нар тухайн пабаас 00 цаг өнгөрөөгөөд гарсан шиг санагдаж байна. Гадаа тамхилаад******* бид 2 зогсож байтал ард талд баахан хүмүүс шуугилдаад эхэлсэн. Эргэж хараад******* бид 2 салгах гээд очтол 3 танихгүй залуу манай найзуудтай ноцолдож байхаар нь дундуур нь ороод салгах гэж байсан чинь бондгор намхандуу хөгшиндүү гэмээр залуу гартаа шил барьчихсан хана руу шилээ цохиж хагалаад миний нүүр лүү тухайн шилээрээ хүрээд хацрыг маань зүсэх шиг болсон. Тэгээд манай найзууд хүн аллаа гээд орилолдоод эхэлсэн. Би тэр чигтээ газарт хэвтээд түргэн ирэхийг хүлээсэн ба Зт намайг түшээд сууж байсан. Харин нөгөө хэд юу болж байгаа талаар би харах боломжгүй доошоо хараад суугаад байсан. Миний зүүн талын хацрын эрүү хэсгээс хацрын товгор хэсэг хүртэл шилээр зүсэгдсэн ба 29 оёдол тавиулсан одоо энэ сорвио эмчлүүлэхийн тулд 1,500,000 төгрөгөөр Үзэсгэлэнт гэх эмнэлэгт гоо сайхны ажилбар хийлгэхээр үзүүлсэн. Энэ гэмтлийг тухайн намхан махлаг залуу учруулсан өөр хэн нэгэн надад гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/,

Хохирогч С.Цын  “Би тухайн өдөр өөрийн найзууд болох О, Б.Д, З,*******, Б.Т нарын хамт ......... нэртэй пабаас гараад харих гээд машинд суух гээд гадаа зогсож байсан. Гэтэл хажуугаар зөрж явсан 3 залуутай хэл амаараа муудалцаад тэр нь даамжраад зодоон болсон. Нөгөө 3 залуугийн зүс царайг нь би сайн санахгүй байгаа ч гурвуулаа хар бараан хувцастай байсан. Тухайн үед би өөрөө өндөр хэмжээний согтолттой байсан. Тухайн бужигнаан дунд миний санаж байгаагаар О, Б.Д, бид гурав л оролцсон. Харин Б.Т,*******, З гурав зодоонд оролцоогүй ээ. Энэ талаар би яагаад санаж байна вэ гэхээр Б.Тын нүүр нь цус болчихсон З цусыг нь дараад газарт сууж байсныг би санаж байна. Тэр үед бид нар зодолдоцгоосон. Үүний өмнө миний хамарт гэмтэл учирсныг бас би санаж байна. Хамар руу маань хэн юугаар цохьсныг би сайтар санахгүй байгаа ч хатуу зүйлээр цохисон байх аа гэж бодож байна. Ямартай ч сэтэрсэн шархыг нь харахаар шилээр л цохиж сэтэлсэн байх л гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дэх тал/,

Хохирогч Б.Дий “Би тухайн өдөр*******, Б.Т, Ц, З, О нарын хамт .............L гэх нартай пабад 2024 оны 03 дугаар сарын 18-ны оройны 21-22 цагийн үед орцгоосон. Тэндээ бид нар юм яриад пиво, виски зэрэг зэрэг зүйлс уугаад сууж байгаад тухайн газрыг хаах үед буюу 00 цаг өнгөрөөд гарсан шиг санагдаж байна. Пабад байх үед******* огт уугаагүй. Машин бариад бид нарыг хүргэж өгөх гэж байсан юм. Ингээд пабын гадаа гараад иртэл юунаас болж маргаснаа мэдэхгүй байгаа ч нэг мэдсэн чинь зодоон болоод бужигнаж байсан ба гурван танихгүй залуу манай найзуудтай зодолдож байгаа байдалтай байсан ба тэднээс арай ах намхан бүдүүн залуу нь газраас шил аваад 2 удаа хагалсныг би санаж байна. Эхний нь шилээр Тын хацрыг зүссэн, тэгээд дараагийн шил хагарахад хүн амьтан цохисон эсэхийг мэдэхгүй байна. Ингээд бид нарын дунд зодоон дуусаад цагдаа ирсэн. Тухайн гурван залуугийн хоёр залуухан залуу нь зодоонд гэх их оролцоогүй тэр хөгшин нь арай атамандуу байдалтай байгаад байсан. Ингээд Б.Т, С. Ц, Э.Б.Д бид дөрвөн түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очсон чинь миний духны зүүн хэсэг юмаар зүсэгдсэн байсныг 4 оёдол тавьсан. Цын хамар юмаар зүсэгдсэн байсан бас оёулсан. Б.Тын хацар нь нэлээн зүсэгдэж яарагдсан байсан учраас нэлээн олон оёдол тавиулсан. Эдгээр гэмтлүүдийн тухай гурван залуугийн арай хөгшин шил бариад байсан залууг учруулсан гэж бодож байна. Учир нь нөгөө хамт явж байсан 2 залуу нь шил барьж дайраагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 27 дахь тал/,

Гэрч Х.Оын “Тухайн шөнө би .......эх нэртэй пабаас Ц Б.Д, Б.Т,*******, З нарын хамт гарч яваад хэсэг бүлэг залуучуудтай маргалдаж хоорондоо зодолдсон асуудал гаргасан. Тухайн үед бид нар бүгдээрээ согтуу байсан ганцхан******* нь машин барьж байсан учраас эрүүл байсан. Нэг харахад Б.Тын хацар нь зүсэгдчихсэн газар хэвтэж байсан.******* нь цагдаад дуудлага өгсөн. Яг тухайн үед болсон асуудал гэвэл хэн нь зодорн эхлүүлснийг мэдэхгүй. Нөгөө талд маань гурван эрэгтэй хоёр нь арай залуухан нэг нь арай хөгшин байсан. Би тухайн пивоны шилийг хаанаас авсныг мэдэхгүй. Арай залуу хоёрын нэг буюу урт үстэй нь салгах гээд гүйгээд байсан. Нөгөөх нь буюу богино үстэй нь харин зодолдоод байсан ... ер нь бол арай хөгшин залуутай нь би, Б.Д, Ц нар зодолдсон. Тэгээд тэр хөгшин дүү залуу нь пивоны шил бариад дайраад байхаар нь би күртикнийхээ энгэрийг задлаад чаддаг юм бол дүрчих гэхэд цаашлаад зодсон. Би мөн нөгөө зодолдоод байсан нэг залуухан богино үстэй заамдалцаж байснаа санаж байна. Гэхдээ би тэр залууг цохиогүй. З болохоор Б.Тыг газарт унасан байхаар хацрыг нь дараад цусыг тогтоож байсан,******* зодоон хийгээгүй байдлыг ажиглаад байж байгаад цагдаа дуудсан. Б.Т зодоон хийгээгүй хацраа зүсүүлээд газар сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дэх тал/,

Гэрч*******ын “Би тухайн өдөр өөрийн найзууд болох О, Б.Д, Ц, З, Б.Т нарын ......нэртэй пабаас гараад тэр хэдийг би гэр лүү нь хүргэж өгөх гээд пабын гадаа нь зогсож байсан. Гадаа зогсож байх хугацаанд хажууд байсан гурван залуутай муудалцсан. Нэг нь урт үстэй 170см орчин өндөртэй нөгөөх нь малгайтай 25 орчим настай нөгөөх нь 33 насны орчим бондгордуу биетэй залуус, байсан. Анх тэр 3 залуутай миний анзаарсанаар манай найз Б.Д эхэлж муудалцсан. Би тэр хэдийн хооронд зөрчилдөөн гаргахгүй үүднээс машины хойд суудалд Б.Дийг суулгасан. Тэр хооронд манай найзууд нөгөө гурван залуутай бас муудалцаж байсан. Би тэд нарыг салгах гээд очсон. Хэсэг хугацааны дараа манай найз Б.Д нөгөө гурван залуугийн малгайтай залуутай нь зууралдаж байсан. Би тэр хоёрыг мөн салгах гэж оролдсон. Байшингийн булан хэсэгт бондгор залуу нь эхний шил хагалж Б.Тын толгой руу цохьсон. Б.Т газарт хөБ.Дгүй хэвтчихсэн З Б. Тыг маш ноцтой гэмтэл авсан, эсвэл үхсэн гэж бодсон. Тэр гурван залуус хүйтэн зэвсэг ашиглан бид нарын амь насанд санаатайгаар заналхийлсэн гэж үзээд би найзуудтайгаа хамгаалах ёстой гэж бодон цагдаа, эмнэлэг дуудсан. Би өөрсдийгөө хамгаалах ёстой гэж үзээд тухайн зодоонд оролцсон. Газарт нэг нь хэвтэж байхаар нь би жийсэн. Би хэнийг жийснээ санахгүй байгаа ч хүчтэй жигээгүй. Мөн тухайн гурван залуугийн хоёр арай залуухан нь шил гэх мэт зүйл барьж дайрсан асуудал байхгүй. Манай найзуудаас З тухайн зодоонд огт оролцоогүй газарт унасан Тын цусыг нь тогтоох гээд сууж байсан. Б.Тыг тэр бондгор залуу эхлээд 1 шил аваад шилээрээ цохиж байгааг би харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дэх тал/,

Гэрч Б.Аын “2024 оны 03 сарын 18-ны өдөр 23 цаг өнгөрөөд Бадар-Ууган, Б, бид гурав цэцэг төвийн хажууханд .......... нэртэй пабад сууж хэдэн пиво ууцгаагаад суусан. Тэгээд сууж байгаад бид хэд дуусгахаар болоод Ббид 2 Б ахыг гэр лүү нь оруулж өгөх гээд 23 дугаар сургуулийн хажууд талын жүр үрийн тийшээ алхаад явж байсан замдаа бид 3 тамхилаад 23 дугаар сургуулийн хажууханд зогсож байтал танихгүй бөөн залуучууд орилолдоод та нар үзэх юм уу яах юм гээд байсан. Тэгэхээр нь би цаашаа байж бай гэсэн гэтэл тэр залуучууд бөөнөөрөө орж ирээд дайрсан. Би тэд нарыг салгах гэж оролдсон боловч намайг 5-6 удаа тэр залуучуудаас нэг нь цохисон. Би яг хэн цохисныг нь мэдэхгүй байна. Тухайн үед би согтууруулах 2-3 пиво хэрэглэсэн байсан. Яг тухайн зодсон юу болсон талаар би ойлгоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дахь тал/,

Гэрч Х.Бы “Би тухайн шөнө ажлын газрын Б, А гэх хоёр хүнтэй ....... нэртэй пабаас гараад шөнийн 00 цагийн үед байх Б ахыг гэр рүү нь оруулж өгөх гээд пабын гадна талд бид 3 юм яриад зогсож байсан гэтэл тухайн үед танихгүй хэдэн залуучууд хоорондоо муудаад байгаа юм шиг чанга яриад байж байснаа бид гурвыг хүүе гээд дуудаад шиг болсон. Тэгээд яасан гээд манай хоёрын нэг нь асуутал тэд нараас арай жижигхэн биетэй урт үстэй бор шаргал куртиктэй залуу нь ямар овоо бацаанууд вэ гээд байсан. Тэгээд бид нар хоорондоо маргалдаж эхэлсэн ба энэ хооронд нэг мариалагдуу урт үстэй залуу цаанаас гүйж ирээд Бийг нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд зодоон эхэлсэн зодоон болох үед 4, 5 залуу нь миний нүүр, толгой руу гараараа цохиж эхэлсэн. Би тэр залуучуудтай зууралдаж явсаар байгаад Б, А хоёроос нэлээн зайтай холдчихсон байсан. Яг тэр үед шил хагарах чимээ гарч харахад Б гартаа шил барьчихсан ойртоод үзээрэй гээд байж байсан. Урт үстэй жижигхэн залуу нь 4, 5 залуутай хамт Б рүү дайрч байсан. Б шилээ нааш цааш савчуулж байсан тэр үед л тэд нараас шилэнд нь оногдсон байх гэж бодож байна. Би 4 залуугаас салчихаад Б дээр очиход байр руу шахагдан газарт унасан байсан. Нэг залуу нь Бийг өшиглөөд гараараа цохиж байсан гэхдээ яг ямар хүн гэдгийг нь би дүрсэлж хэлж чадахгүй ээ. Одоо харвал танихгүй. Би цаанаас ирээд зодооныг салгаад Мэндээ ахыг аваад ухраад явах гэж байтал тэд нараасаа хамгийн өндөр нь гэх нэг эрэгтэй бацаанууд байна ш дээ наадуул чинь зугтах гээд байна ш дээ бариад ав гэж байсан. Тэгээд л цагдаа ирээд бид нар салцгаасан. Тухайн үед манай найз А зодооныг салгах гээд л гүйгээд байсан ба тэр хооронд өөрөө хүмүүст цохиулаад байсан байх Миний санаж байгаагаар урт үстэй жижигхэн залуу нь бусдаасаа арай урд гарчихсан давшлаад байсан ба тэр үед Б гартаа шил барьсан дайраад байсан учраас тэрэнд оногдсон байх. Бусдыг нь бол хараагүй ээ. Б ахын биед хамгийн эхлээд урт үстэй мариалаг залуу нүүр рүү нь цохиж байсныг би санаж байна. Мөн зодоон дундуур Бийг газарт хэвтүүлчихсэн өшиглөөд цохиж байсныг би санаж байна. Тухайн хүний царайг би санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дахь тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4030 дугаартай “*******ийн биед зүүн нүдний зовхи, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, сарвууны 1-4 дүгээр хуруунд зулгаралт, зүүн дал, бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 дахь тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3997 дугаартай “Б.Тын биед зүүн шанаа, хацарт зүсэгдсэн шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43 дахь тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4131 дугаартай “С.Цын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын хянганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49 дэх тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4061 дугаартай “Б.Дий биед духанд шарх, зүүн шагайн зулгаралт гэмтэ тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх шарх гэмтэл нь дангаараа эрүүл мэндййг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба зулгаралт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй туд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-54 дэх тал/,

Б.Т, С.Ц, Б.Д, ******* нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-80 дахь тал/,

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 57 дахь тал/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургиин үзүүлэлт /хх-ийн 104-107 дахь тал/,

Шинжээч Ц.Бын “Зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь хохирлын хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд нь дангаараа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэгт хамаарахгүй ... Зүүн нүдний зовхинд учирсан гэмтэл нь биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй боловч эрүүл мэндийн эдгэрэлт нь 4 долоо хоног хүртэл сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэп хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 103 дахь тал/,

Яллагдагч*******ын “Би тухайн өдөр өөрийн найзууд болох О, Б.Д, Ц, З, Б.Т нарын хамт OWL нэртэй пабаас гараад тэд хэдийг би гэр рүү нь хүргэж өгөх гээд пабын гадаа нь зогсож байсан. Гадна зогсож байх хугацаанд хажууд байсан 3 залуутай муудалцсан. Нэг нь урт үстэй 170 см орчим өндөртэй, нөгөөх нь малгайтай 25 орчим настай нөгөөх нь 33 насны орчим бондгордуу биетэй залуус байсан. Анх тэр 3 залуутай миний анзаарснаар манай найз Б.Д эхэлж муудалцсан. Би тэр хэдийн хооронд зөрчилдөөн гаргахгүй үүднээс машины хойд суудалд Б.Дийг суулгасан. Тэр хооронд манай найзууд нөгөө 3 залуустай бас муудалцаж байсан. Би тэд нарыг салгах гээд очсон. Хэсэг хугацааны дараа манай найз Б.Д нөгөө 3 залуугийн малгайтай залуутай нь зууралдаж байсан. Би тэр хоёрыг мөн салгах гэж оролдсон. Байшингийн булан хэсэгт бондгор залуу нь архины шил хагалж Б.Тын толгой руу цохьсон. Б.Т газарт хөБ.Дгүй хэвтчихсэн З, Б.Тын толгойг тэврээд сууж байсан. Хүн алчлаа ш дээ гэж З орилж байсан. Би Тыг маш ноцтой гэмтэл авсан, эсвэл үхсэн гэж бодсон. Тэр 3 залуус хүйтэн зэвсэг ашиглан бид нарын амь насанд санаатайгаар заналхийлсэн гэж үзээд би хамгаалах ёстой гэж үзээд тухайн зодоонд оролцсон. Газарт нэг хэвтэж байхаар нь би жийсэн. Би хэнийг нь жийсэнээ мэдэхгүй байгаа ч хүчтэй жийгээгүй ээ. Мөн тухайн гурван залуугийн хоёр нь арай залуухан нь шил гэх мэт зүйл барьж дайрсан асуудал байхгүй. Манай найзуудаас З тухайн зодоонд огт оролцоогүй газарт унасан. ...Тэр бондгор залуу шил бариад байсан. Тэр залуу энэ гурвын биед үүссэн гэмтлийг учруулсан Б.Тыг тэр бондгор залуу эхлээд нэг шил аваад шилээрээ цохиж байгааг би харсан. Тэр залуу дүрчихнэ шүү гэж орилоод байсан. О чаддаг юм бол дүрчих гээд хэлж байхыг би сонссон. Б.Дий духанд үүссэн шархыг эмч хэлэхдээ шилээр зүссэн байна гэж байсан. Би яг Б.Дийг шилээр цохиулж зүсүүлж байгааг хараагүй. Ямартай ч тэр бондгор залуу гурван удаа шил хагалж дайрсан” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 дахь тал/,

Ялладагч *******ийн “Би 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлынхаа хоёр дүү болох А, Бнарын хамт гэрийнхээ урд талд ганц хоёр пиво уучихаад тэндээсээ гараад ажлынхаа хоёр дүүгээр хүргүүлээд бид хоёр хамт тамхи татаад гэр рүүгээ орох гээд явж байсан. Тэгээд 23 дугаар сургуулийн зүүн талд 2024 оны 03 дугаар сарын 18-19 нд шилжих шөнийн 00 цагаас 01 цагийн хооронд гэрийнхээ гадаа ирээд орох гэтэл хэдэн согтуу залуучууд хашгиралдаад байсан. Тэгээд бид гурвыг тэр хэдэн залуучууд хөөе нааш ир гээд дуудсан. Яасан гээд бид гурав хамт тэр залуус дээр очтол яасан том бацаанууд вэ гээд тэр хэд бид гурав руу зодох гээд дайраад байсан. Тэгээд тэр залуучуудтай бид гурав хэрэлдээд байж байсан. Тэд нар бараг арвуулаа байсан. Тэгтэл тэр залуучуудаас нэг нь миний зүүн талын нүд рүү гараараа цохьсон. Тэгээд нөгөөдүүл нь зэрэг дайраад би тэд нартай өөрийгөө хамгаалах гээд зодолдсон. Мөн над руу хүмүүс дайраад би тэд нартай өөрийгөө хамгаалах гээд зодолдсон. Мөн над руу хүмүүс дайрахаар нь би ухарч алхсан. Тэгээд би дахиад газарт унатал тэд нар намайг өшиглөөд зодхоо болихгүй байсан. Би газраас босохдоо хогийн сав түшээд босч ирсэн байх. Тэгтэл миний гарт хогын саван дээрээс нэг юм тэмтрэгдэхээр би гартаа тэр зүйлийг барьж аваад тэд нарыг би айлгах гээд ухраад зүгээр байгаарай гээд гартаа барьсан зүйлээ хоёр тийш нь савчуулж хөдөлгөсөн. Гэтэл тэд нар ээлжилж над руу дайраад л байсан. Дахиад миний нүд рүү нэг нь гараараа цохьсон. Би тэд нарыг айлгах гээд хогын саван дээрээс баригдсан шилээр нэгийг нь цохьсон байж магадгүй гэж бодож байна. Дараа нь би шилээр цохьсон энээ тэрээ гэдгийг сонсоод би энэ талаар мэдсэн.  Тэрнээс хойш би хашаа руу тойроод зугтаасан. Намайг газарт унахад тэд нар надуул чинь зугтаах гээд байна бариад ав явуулахгүй шүү гээд бөөнөөрөө хэлжж байсныг би санаж байна. Миний хамт явж байсан хоёр дүүгийн урт үстэй нь буюу Аын үсийг тэр залуучуудаас нэг нь зулгаагаад атгачихсан зогсож байсан. Над руу 4, 5-аараа дайрч байх хооронд манай Бгэх дүү рүү хоёр нь дайраад байсныг би харсан. Тэгээд цагдаа нар ирсэн юм. Тухайн үед харанхуй байсан. Над руу дайрч намайг цохьсон хүн рүү би өөрийгөө хамгаалж цохьсон гэж бодож байна. 4-5 хүн над руу дайрч байхад би зүгээр байгаа хүнийг цохино гэж байхгүй. Ийм учраас би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцахад Б.Т гэх хүн эхлээд миний нүд рүү гараараа 1 удаа цохисон, харин зодооны дунд үед Ц гэх хүн миний нүд рүү нэг удаа гараараа цохих үед би зөрүүлээд нүдээ аниад цохьсон. Би энэ хоёр хүний биед мөн гэмтэл учруулсан гэж бодож байна. Намайг газарт унасан байх үед нуруу хэсэг рүү нэг нь өшиглөсөн. Мөн гар луу нэг нь өшиглөсөн. Хэн намайг өшиглөсныг бол би мэдэхгүй ээ. ...Би Ц, Т хоёр миний нүд, нуруу гар руу цохисон. Би энэ хоёр хүнд гомдолтой байна. Би компьютер томограф, гарны рентген зураг авахуулсан, эмчилгээ хийлгэсэн баримтууд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 129-131 дэх тал/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дэх тал/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90 дахь тал/,

Шүүгдэгч*******ын хувийн байдалтай холбоотой

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дахь тал/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90 дахь тал/,

Өмгөөлөгч Э.Баас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн

Шүүгдэгч *******ийн “миний бие ******* нь*******т гомдолгүй цаашид нэхэмжлэх зүйлгүй сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх хүсэлт 1 хуудас, 

Хохирогч С.Цын “Миний бие С.Ц нь *******эд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй болно” гэх хүсэлт 1 хуудас,

Хохирогч Б.Дий “Миний бие Б.Д *******эд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт 1 хуудас,

Хохирогч Б.Тын “Б.Т миний бие *******ээс хохирол 1,500,000 төгрөг хүлээж авлаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх хүсэлт 1 хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

  Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

******* нь 2024 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ................. сургуулийн орчим үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж Б.Т, С.Ц, Б.Д нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,******* нь найз нараа өмөөрч *******ийн биед хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Т, С.Ц, Б.Д, *******, гэрч Х.О,*******, Б.А, Х.Б, шинжээч Ц.Б, яллагдагч*******, ******* нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Хохирогч, гэрч нар мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаанд хууль зөрчигдөөгүй, тус мэдүүлгүүдийг давхар шинжээчийн дүгнэлтүүдээр нотолсон, эдгээр нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай байна.

Шүүгдэгч  *******,******* нь хүний эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа зориудаар хийж хохирол учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл хийсэн гэж үзнэ.

*******,******* нар дээрх үйлдлээрээ хохирогчдын биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирчээ.

Иймд *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд,  Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, олон нийтийн газарт шөнийн цагаар тодорхой шалтаг шалтгаангүйгээр харилцан бие биенээ дуудсан, үгээр өдсөн харилцаа хандлага нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т, С.Ц, Б.Д, ******* нарын  эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******ээс хохирогч Б.Тын эрүүл мэндийн хохиролд 1,500,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нараас хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн хүсэлтийг шүүхийн шатанд гаргаж өгсөн болохыг тэмдэглэвэл зохино.

    

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******,******* нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял,*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Э.Баас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, шүүгдэгч*******аас тусгайлан санал гаргаагүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Шүүгдэгч*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.

Шүүхээс *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, согтуугаар олон нийтийн газарт үл ялих зүйлээр шалтаглан шилийг хүч нэмэгдүүлэн хэрэглэж халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар,

Шүүхээс*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, согтруулуулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ харилцан маргаан зодооныг салгах явцад найзынхаа нүүрийг шилээр зүсүүлсэн нөхцөлд өмөөрөх сэдлээр хүний биед халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ийн бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалахаар тогтов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тэмдэглэвэл зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл, *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******эд 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ