Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0091

 

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0091

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ө э Б Э ХХК, /РД:******/.

Хариуцагч: ******* төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Ю.Л-д холбогдох зөрчлийн хэрэг дэх шийтгэлийн хуудас, албан даалгаврыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, түүний өмгөөлөгч Ө.Э-О, хариуцагч Ю.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, гуравдагч этгээд Г.Ц, түүний өмгөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Ө э Б Э ХХК нь ************** улсын байцаагч Ю.Л-д холбогдуулан ******* төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Ю.Л-ийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 00***** дугаар шийтгэлийн хуудас, албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.

2. ************** улсын байцаагч Ю.Л, Ө э Б Э ХХК-ийг Төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй болох нь хохирогчийн мэдүүлэг, холбогдогчийн санхүүгийн тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзэн маргаан бүхий акт болох 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсыг үйлдэж, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай албан даалгавар хүргүүлсэн байна.

3. Гомдол гаргагч Ө э Б Э ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг эс зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд гомдол гаргажээ.

4. Гомдол гаргагч Ө э Б Э ХХК шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани 2021-2022 онд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт В g-V хотхоныг барьж байгуулах төслийг хэрэгжүүлсэн. Ө э Б Э ХХК, иргэн Г.Ц-тэй 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №** тоот Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж тус хотхоны ** дугаар давхар, ** тоот, 67 м.кв 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулж 134,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Г.Ц гэрээнд заасан 70 хувийн үлдэгдэл төлбөр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 135/1 дугаар албан бичгээр 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөр төлөөгүй бол гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Тус шаардлагыг биелүүлээгүй тул 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 168/1 тоот албан бичгээр гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэн өгсөн. Гэтэл гэрээ цуцалсны дараа Г.Ц-ээс дахин шинээр гэрээ байгуулах санал гаргаж 1 м.кв-ын үнийг тухайн үеийн зах зээлийн ханшинд дөхүүлж /зах зээлийн ханшаас харьцангуй хямдхан/ буюу 1м.кв-ыг 2,500,000 төгрөгөөр тооцон нийт 167,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож шинээр гэрээ байгуулсан. Тухайн үед гэрээг байгуулахдаа Г.Ц мөнгө хүрэхгүй байна, байрны үнэ хямдхан байх нь л чухал байна, нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж олгох хүсэлт гаргасны дагуу манай компанийн нягтлан Б.Б=тай /гэрээнд борлуулалтын менежер н.А гэсэн боловч гарын үсгийг Б.Б/ тус гэрээг байгуулсан. Тус ашиг сонирхлоо 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр огноолон нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй тухайгаа манай компанид хандаж гаргасан хүсэлтдээ мөн дурдсан.

Гэтэл Г.Ц нь нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гарган өгөөгүй гэх үндэслэлээр манай компанид холбогдуулан Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст гомдол гаргасан байдаг. Мөн н.Б нь гэрээ байгуулах эрхгүй этгээд бөгөөд Ө э Б Э ХХК-г төлөөлөх эрхгүй атлаа төлөөлж гэрээ байгуулсан байна. Бид нягтлан бодогч Б.Б-г өөрт гэрээ байгуулах эрх байхгүй байхад компанийг төлөөлж гэрээ байгуулсан, үүндээ Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль зөрчиж гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан. Улмаар Г.Ц-тэй байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 19-ний ** тоот гэрээг /гэрээ байгуулсан бодит цаг хугацаа 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр/ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1. хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8. хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Энэ талаар татварын улсын байцаагчид тайлбарласан боловч ************** Улсын байцаагч Ю.Л нь манай байгууллагад 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 00****** дугаар шийтгэлийн хуудсаар Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасныг үндэслэн 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Түүнчлэн Зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авхуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаврын дагуу 134,000,000 төгрөгийн төлбөрийн баримтыг иргэн Г.Ц-д хэвлэж өгөх арга хэмжээ авч зөрчлийн үр дагаврыг арилгахыг манай компанид даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл тус 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэл оногдуулах тухай 00***** дугаар шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлгүй, нөхцөл байдлыг бодитойгоор тогтоогоогүй, түүнчлэн зөрчил биш байхад зөрчил гэж үзэн татварын байцаагч хуулийг буруу хэрэглэн төөрөгдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дараах үндэслэлээр тус актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах үндэслэлтэй байна. Үүнд: Нэг. Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн тухайд: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.1. Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ гэж заасан. Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын татвар төлөх үүрэг бүхий этгээд нь тухайн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, В g-V цогцолборын ** дугаар давхар ** тоот орон сууцыг худалдан авч буй Г.Ц бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгч мөн. Манай компанийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50,000,000 ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна, 5.2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн гэж заасны дагуу суутган төлөгч этгээд юм. Суутган төлөгч нь Татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл Г.Ц-ийн төлөх ёстой татварыг аван улсын төсөвт шилжүүлэх этгээд юм. Гэтэл Жижиг татвар******* Улсын байцаагч Ю.Л нь манай байгууллагад 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 00****** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан 2. Татвар төлөгч хүн, хуулийн этгээд, 2.7. төлбөрийн баримтыг татварын нэгд системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар шийтгэлийн хуудас гаргасан байна. Өөрөөр хэлбэл татвар төлөгч нь төлбөрөө төлөөгүй байхад ийм шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тус зөрчлийн зохицуулалт нь татвар төлөгч хүн, хуулийн этгээдэд холбогдуулан хариуцлага ногдуулах заалт атал татвар төлөгч бус харин татвар суутган төлөгчид шийтгэл оногдуулснаараа хууль бус байна. Тухайн тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ мөн хуулийн 11.1. Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж тус тус заасны дагуу татвар төлөх үүргээ биелүүлээгүй иргэн Г.Ц-д Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж нөхөн татварыг төлүүлэх арга хэмжээг авах ёстой юм.

Хоёр. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухайд: Жижиг татвар******* Улсын байцаагч Ю.Л нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж манай байгууллагад 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1. Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, 1.1. зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, 1.2. зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол, 1.3. зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол гэж тус тус заасан. Гэтэл дээрх 3 үндэслэлийн аль нь ч байхгүй байхад хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулж шийтгэлийн хуудас оногдуулсан. Харин тус тохиолдолд зөрчлийн хэрэг нээх зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж холбогдох баримт тайлбарыг гаргуулан авах ёстой байсан бөгөөд тийнхүү ажиллагаа хийсэн бол шийтгэлийн хуудас гарахгүй байх боломжтой байсан. Тухайн тохиолдолд зөрчил гаргасан этгээд нь Ө э Б Э ХХК биш харин гомдол гаргасан иргэн Г.Ц өөрөө юм. Тус үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан Г.Ц-ийн хэлцэл нь хууль бус хэлцэл бөгөөд шүүхээр тогтоолгохоор хэрэг шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй гэсэн баримтаа хэрэгт өгсөн байдаг. Г.Ц нь манай компаниас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, В g-V цогцолборын ** давхар ** тоот орон сууцыг худалдан авч, нэр дээрээ шилжүүлсэн. Ингэхдээ Г.Ц нь татвар төлөхөөс зайлсхийж тус үл хөдлөх хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татварын баримтгүй худалдан авах саналыг бичгээр гаргасан байдаг. Энэ нь хууль бус хэлцэл. Нэгдүгээрт Татварын хууль тогтоомж зөрчсөн хууль бус хэлцэл. Хоёрдугаарт Компани тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх цор ганц этгээд нь гүйцэтгэх захирал байдаг. Гэтэл гүйцэтгэх захиралтай биш компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд манай компаниас тус хууль бус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүгээрээ тус хэлцэл бүхэлдээ хүчин төгөлдөр бус болох эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцвол тус худалдан авалтын бүх харилцаа буцаж татвар төлөх болон татвар суутган төлөх аль ч харилцаа байхгүй болно. Дээр дурдсан үйл баримтыг шалган тогтоолгүйгээр татварын байцаагч шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах үндэслэлтэй байна.

Гурав. Эрх бүхий албан тушаалтны даалгавар үндэслэлгүй болох тухайд: Жижиг татвар******* Улсын байцаагч Ю.Л-ийн бичсэн албан даалгаварт 134,000,000 төгрөгийн төлбөрийн баримтыг иргэн Г.Ц-д хэвлэн өгөхөөр шаардсан. Гэтэл Г.Ц-тэй байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №** тоот Орон сууц захиалгаар барих гэрээ 67 м.кв, 3 өрөө сууцыг захиалгаар бариулж 134,00,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэрээг Ө э Б Э ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны 168/1 тоот албан бичгээр цуцалсан. Үүний дараа талууд дахин тохиролцож Г.Ц-ээс шинээр гэрээ байгуулах санал гаргаж м.кв-ын үнийг тухайн үеийн зах зээлийн ханшинд дөхүүлж /зах зээлийн ханшнаас харьцангуй хямдхан/ буюу 1 м.кв-ыг 2,500,000 төгрөгөөр тооцон, нийт 167,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож шинэ гэрээ байгуулсан. Баримтын бичилт хийх талаарх албан даалгаврыг үзвэл татварын улсын байцаагч нь цуцлагдсан гэрээний харилцаанд шийтгэлийн хуудас болон албан даалгавар гаргасан.

Иймд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Жижиг татвар******* улсын байцаагч Ю.Л-ийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 00***** дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас болон албан даалгаврыг тус тус хүчингүй болгох гомдлын шаардлагаа дэмжиж байна гэв.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ө.Э-О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой дурдлаа. Үүнд маш тодорхой зөрчил үүсээд байна. Энгийн үед албан татвар төлөгч, суутган төлөгч нарыг ялгаж ярьдаггүй. Гэтэл уг тохиолдолд татварын улсын байцаагч нь тухайн асуудлаа ялгахгүй байна. Ямар ч үед хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байдаггүй. Гэтэл төлөгдөөгүй нэмэгдсэн өртгийн албан татварт албан шаардлага тавьж буцаан Г.Ц-д олгох талаар алдаатай шийтгэлийн хуудас гаргасан. Г.Ц, Ө э Б Э ХХК-д гаргасан хүсэлтэд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлбөл буцаан олголтын 10 хувиа авахгүй талаар хэлсэн нь татвар төлөгч Г.Ц өөрөө татвар төлөх үүргээ зөрчсөн байна. Гэхдээ иргэн андуурсан байж болно энэ тохиолдолд хариуцагч тал Г.Ц-г Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож Г.Ц н.Бнарын хооронд байгуулсан гэрээн дээрх нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй, төлөхөөр бол 10 хувийг нэмж төлнө гэсэн заалтуудыг дүгнэж байгаад 10 хувийг нэмж нийт 13,400,000 төгрөгийг Ө э Б Э ХХК буюу суутган төлөгч компанид шилжүүлж өг. Үүнийг төлсний дараа Ө э Б Э ХХК суутган төлөгчийн үүргээ гүйцэтгэж, татварын байгууллагад тайлагнаж, тайлагнасны үр дүнд жилийн эцэст 2 хувь буцаан олголтыг авах эрх нь байгаа. Орон сууц худалдсаны үр дүнд нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувийн буцаалтыг авах зорилгоор энэхүү өргөдлийг гаргаж байгаа. Хамгийн ноцтой эндүүрэл нь төлөөгүй татвараас буцаалт авах явдал юм. Эндээс суутган төлөгч ямар хохирол хүлээж байгаа вэ гэхээр Г.Ц-ээс төлөгдөөгүй татварыг Ө э Б Э ХХК төлөх болоод байна. Суутган төлөгч нь татвар төлөгчийн үүрэг гүйцэтгэх учир татвар төлөгч болж хувираад улмаар татварын байцаагч татвар төлөгч гэж нэрлэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дугаар зүйлийн 11.19.2-т заасан зөрчлийг оногдуулсан. Тодруулж хэлэх зүйл юу вэ гэхээр 134,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээг албан мэдэгдлээр цуцалчихсан байхад нэмэгдсэн өртгийн албан татвар суутгахаар ярьж шийдвэр гаргачихсан. 2022 оны 08 дугаар сард дахин гэрээ байгуулж 167,500,000 төгрөгийн үнийн дүнтэй шинэ гэрээ Ө э Б Э ХХК болон Г.Ц нарын хооронд байгуулагдсан. Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар 167,500,000 төгрөгийг Г.Ц-д буцаан өгч харин байрыг буцааж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Тиймээс Г.Ц-тэй байгуулсан гэрээ аль ч тохиолдолд хүчингүй буюу хүчин төгөлдөр бус байна. Харин одоо өгсөн авснаа буцаах харилцаа үүсэж байгаа. Г.Ц-ийн өгсөн мөнгийг буцааж өгсний дараа ч Ө э Б Э ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын бичилт хийх талаар дуусгавар болсон харилцаанд үндэслэж шийдвэр гаргасан нь улсын байцаагчийн бодит нөхцөл байдлыг бүрэн судлаагүйгээс болсон. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Ө э Б Э ХХК тайлангаа өгч байсан. Үүнд хоёр гэрээ байсны эхний гэрээг цуцалж дахин шинээр гэрээ байгуулсан гэтэл гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан учраас цуцалж тухайн байраа Ө э Б Э ХХК буцаан шилжүүлж авах ёстой талаар тайлбар гаргасан боловч үүнтэй холбоотой дүгнэлтийг огт өгөөгүй. Мөн дуусгавар болсон харилцаанд акт тавьсан нь буруу, албан даалгавар гаргасан нь бодит нөхцөл байдлаас хол болсон тул Зөрчлийн тухай хуульд нийцээгүй. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч үүргээ биелүүлээгүйтэй холбоотой зөрчил гэж дүгнэх хуулийн зохицуулалт байхгүй. Татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллага үүргээ биелүүлээгүйтэй холбоотой зөрчлийн зохицуулалт гэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.2.2.7-т төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчтэй холбоотой зохицуулалт биш. Тэгэхээр процесс болон шийдвэрийн хувьд ч хууль зөрчсөн үйл ажиллагаа байх тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв. 

6. Хариуцагч Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Жижиг татвар******* улсын байцаагч Ю.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Г овогтой Ц /РД:********/-ийн И-баримт аппликейшнээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гомдлыг 24-ний өдөр хүлээн авч 2206******* дугаар зөрчлийн хэрэг нээж Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-ийн хяналтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 00***** дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн.

Гомдол 1. Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн тухайд: Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. Албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно. Иймд Ө э Б Э ХХК нь бараа ажил үйлчилгээг худалдан борлуулсан тухай бүрд төлбөрийн баримт олгохоор хуульд заасан. Мөн хуулийн 10 дугаар үйлийн 10.2. Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд өдрөөр тогтооно, 10.2.1. борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр, 10.2.2. бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт нэхэмжлэл үйлдсэн өдөр гэж тус тус заасан байдаг. Иргэн Г.Ц нь орон сууц худалдан авч төлбөрийг татвар төлөгч Ө э Б Э ХХК-ийн дансанд шилжүүлэн гэрээний үүргээ биелүүлснээр Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөр тогтоон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байна. Үүнээс харахад Ө э Б Э ХХК болон иргэн Г.Ц хоорондоо бараа ажил үйлчилгээг худалдан борлуулсан нь нотлогдож байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна гэж заасан. Гэтэл Ө э Б Э ХХК нь суутган төлөгчийн үүргээ биелүүлээгүй нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байна.

Гомдол 2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан. Гэтэл иргэний гомдлыг хүлээн авснаар зөрчил үйлдэгдсэн гэж шууд үзэх боломжгүй хэргийн холбогдогч нараас мэдүүлэг авах, төлбөр төлсөн эсэх, гэрээ хийгдсэн эсэх талаар тодруулах, нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бөгөөд дан ганц иргэний гаргасан гомдлоор хэргийг хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргах нь өөрөө дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа үйлдэл тул зөрчлийн хэргийг нээсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үед хэргийн оролцогчийн оролцоог хангах, Ө э Б Э ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх үүргийг танилцуулах зэрэг ажиллагааг хийсэн бөгөөд оролцогчдыг нотлох баримт, тайлбар гаргах бүрэн боломжоор ханган ажилласан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно, 10.2.1. борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл. Иргэн Г.Ц-ээс 134,000,00.00 төгрөгийн төлбөр шилжүүлсэн нь дансны хуулга болон хэргийн оролцогчийн мэдүүлгээр бүрэн нотлогдож байна.

Гомдол 3. Эрх бүхий албан тушаалтны даалгавар үндэслэлгүй болох тухайд: Эрх бүхий албан тушаалтан нь иргэд хоорондын маргааныг шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд борлуулсан бараанд төлсөн төлбөрийн дүнд төлбөрийн баримт олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэн ажилласан. Ө э Б Э ХХК-ийн төлбөрийн баримт олгоогүйн улмаас иргэн Г.Ц нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1. энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох, Хувь хүний орлогын татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэх хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж нь хязгаарлагдаж байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авсан нь хуулийн үндэслэлтэй, Ө э Б Э ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна гэж заасан. Ө э Б Э ХХК нь уг хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8-т нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь 50 сая төгрөгт хүрсэн даруй Татварын ерөнхий газарт хүсэлт гаргаж нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-т заасны дагуу суутган төлөгчийн гэрчилгээ олгосны дагуу суутган төлөгчийн үүргээ биелүүлж байгаа. Зөрчлийн хэрэг нээсэн тухайд анх 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр татварын улсын байцаагч Ю.Л-д зөрчлийн хэргээр хуваарилагдсан байгаа. Гэтэл гомдол гаргагчаас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн гэсэн гомдлыг гаргасан. Хуульд заасан хугацаанд 2206******** зөрчлийн хэргийг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд явуулсан үндэслэл нь татвар төлөгчийн хоорондын эрх тэгш байдлыг хангах, мэдээллээ гаргаж өгөх бүрэн боломжоор нь хангаж зөрчлийн хэргийг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн компанитай холбоотойгоор гуравдагч этгээдийн гаргаж өгсөн Ө э Б Э ХХК-ийн захирал н.О 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 204/1 дугаартай албан бичиг болон улсын бүртгэлийн 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гэрчилгээ гарсан талаарх баримтуудыг гаргаж өгсөн. Уг баримтад захирал Б.О нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, *** дугаар хороолол **** гудамжны үйлчилгээний орон сууцны зориулалттай **** байрнаас 67 м.кв бүхий 3 өрөө ** тоот байрыг Г.Ц  2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу  дээрх орон сууцны урьдчилгаа төлбөр болох 40,200,000 төгрөгийг шилжүүлсэн болно, н.О миний дансанд шилжүүлсэн нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг н.О гэдэг хүн гаргаж өгсөн. Тухайн банкны дансны гэрчилгээ болон 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн албан татварын гэрчилгээнүүд татварын албанд ирсэн. Үүнээс үзэхэд тухайн гэрээтэй холбоотой н.Бгэх хүн гарын үсэг зурсан талаар ярьж байна. Гэтэл компанийн эрх бүхий албан тушаалтан тамга тэмдгийг бусдад шилжүүлэхгүй үүрэг болгосон. Үүнээс гарсан хариуцлагыг компани өөрөө хариуцна, арилгана гэж заасан хуулийн зохицуулалттай. Гэтэл нэгдүгээрт, компани нь тухайн үл хөдлөх хөрөнгийн Орон сууц захиалгын гэрээг байгуулсан байна. Хоёрдугаарт, өргөдөлд тооцохгүй гэсэн баримтыг бүрдүүлж ирсэн. Тухайн татвар төлөгчийн гаргасан бичгийн дагуу Голомт банкны татвар төлөгчийн зээлийн гэрээг байгуулсан, улсын бүртгэлээс Г.Ц гэсэн баримтыг гаргаад ирсэн. Мөн дансны хуулгаар зээлээр болон бэлнээр төлсөн тухай байрны үнийн дүнгийн /134,000,000/ хамт гаргуулаад ирсэн байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-т Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно гэж заасан. Иймд дансаар орлого орсон гэдэг нь тогтоогдож байх тул 134,000,000 төгрөгийн баримтыг шивж өгөх нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан байгаа.

Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг үндэслэлгүй болгох тухай иргэд хоорондоо маргааныг шийдвэрлэх нь хуулиар олгогдоогүй бөгөөд борлуулсан бараанд төлсөн төлбөрийн дүнд төлбөрийн баримт болгох хуулийн заалтыг татварын газраас хэрэгжүүлж ажилласан. Төлбөрийн баримтыг олгоогүйн улмаас иргэн Г.Ц-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан 20 хувь хүртэлх буцаан олголт, мөн хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан анх удаа орон сууц худалдаж авсан, шинээр барьсан иргэдэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг олгодог. Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  онцлог нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тохирсон хариуцлагыг хүлээлгэнэ. Мөн зөрчлийн улмаас учирсан хохирлыг нөхөн барагдуулах хуулийн зохицуулалттай байгаа. Тиймээс манай байгууллага эрх бүхий албан тушаалтны даалгаврыг биелүүлж ажилласан гэв.  

8. Гуравдагч этгээд Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө э Б Э ХХК-ийн ажилтан н.Б, н.Анартай нэг нутгийн хүмүүс байдаг. 2020 оны 08 дугаар сард н.Б-тай таарч 11 сард надад санал тавьсан. Миний бие тухайн үед байр хайж буй талаараа хэлж байсан. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын эхэн үед над руу ярьж байраа авсан эсэх талаар асуухад би аваагүй гэдгээ хэлж очиж уулзахаар болсон. Улмаар н.Б-тай хамт очиж байр таалагдсан учраас Г овогтой Ц миний бие Ө э Б Э ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** худалдааны төвийн урд залгаа баригдсан В g-V орон сууцны байрны ** давхрын 67 м.кв ** тоот орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,000,000 төгрөгөөр урьдчилгаа төлбөр болох 30 хувь буюу 40,200,000 төгрөгийг тус компанийн захирал Б.О-ийн хувийн данс болох 51340****** тоот дансанд шилжүүлж үлдэгдэл төлбөр болох 93,800,000 төгрөгийг банкны ипотекийн зээлээр улсын комиссын акт гарсны дараа буюу 2021 оны 1, 2 дугаар улирал, сүүлийн хугацаа 06 дугаар сард байрыг ашиглалтад оруулж төлөх нөхцөлтэйгөөр 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №16 дугаартай, 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар тусган гэрээ байгуулсан ч компани гэрээний үүргээ биелүүлэлгүй гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтад оролгүй хойшлогдон гэрээний үүргээ зөрчиж, 2021 оны 08 дугаар сард улсын комиссын шалгалтаар орсон. Тэгэхээр нь байр ашиглалтад орох болж байгаа юм байна гэж бодоод ипотекийн зээл авах гэтэл улсын комисс акт тавьснаас болж банктай байгуулсан ипотекийн гэрээг зөрчсөн. Тухайн үед корона вирусын цар тахлын үе байсан бөгөөд надаас биш банкнаас шалтгаалж цаг хугацаа их хойшилсон. Гэтэл тэр хугацаанд Ө э Б Э ХХК-аас байрны төлбөрөө төлөх шаардлагыг тавьж байсан бөгөөд би өгч чадахгүй байгаа шалтгаанаа тайлбарлаж хэлсэн. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Ө э Б Э ХХК-ийн менежертэй ярилцаад байрандаа амьдарч эхэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад орсон. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ө э Б Э ХХК-ийн ажилчид ирж одоо байр суллаж өг гэсэн. Мөн Ө э Б Э ХХК-тай гэрээ байгуулах тухай намайг санал тавьсан гэж байгаа нь худлаа би нэг ч удаа санал тавьж байгаагүй. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр банкнаас зээл гарч төлбөрөө төлөх гэтэл Ө э Б Э ХХК-аас 1м.кв-ийг 500,000 төгрөгөөр тооцож худалдаж ав гэсэн.

2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ө э Б Э ХХК-ийн захирал Б.О төлбөр тооцоо бүрэн дууссан тул Баянгол дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт захиалагч Г.Ц миний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулах тухай 201/1 дугаартай албан бичиг хүргүүлснээр Ү-********** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ 2022 оны 08 дугаар сарын 08-ний өдөр гарч Голомт банканд хүргүүлж ипотекийн зээлийн гэрээ байгуулан үлдэгдэл төлбөр болох 93,800,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус компанид шилжүүлснээр №16 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээ дуусгавар болсон болно.

Ө э Б Э ХХК шүүхэд гаргасан гомдолд тайлбар гаргах нь: Ө э Б Э ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна гэж заасны дагуу албан татвар суутган төлөгч хуулийн этгээд бөгөөд Орон сууц захиалгын гэрээ байгуулан орон сууц худалдан авсан захиалагч Г.Ц миний худалдан авсан орон сууцны байрны үнийн дүнгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгоогүй нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5. Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн, 7 дугаар зүйлийн 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн тус компанийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ нягтлан бодогч Б.Б-г нэмэгдсэн өртгийн албан татварын хууль зөрчиж гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан гэж дурдсанаар дээрх хуулийн заалтуудыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.

Ө э Б Э ХХК-ийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайд: Миний бие тус №16 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэл нь: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд тус №16 дугаартай гэрээний нэмэгдсэн өртгийн албан татвар олгохгүй гэх тухайн хэсэг заалт, миний өргөдөл бичихдээ нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй гэж бичсэн нь тус компанийн зүгээс тулган шаардаж болзол тавьж хийсэн хэлцлийн тухайн хэсэг бөгөөд Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан. Иргэний хуулийн 56.1.8. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тус заалт нь эрх бүхий этгээд болох захирал Б.О нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт үл хөдлөхийн гэрчилгээг Г.Ц миний нэр дээр гаргуулах тухай 201/1 дугаартай албан бичиг хүргүүлснээр, 2022 оны 08 дугаар сарын 12-ний өдөр Голомт банк руу өөрийн 5134********* тоот дансаар үлдэгдэл төлбөр болох 93,800,000 төгрөгийг хүлээн авахаар хүргүүлсэн албан бичиг, миний нэр дээр ирүүлж байсан албан мэдэгдлүүд зэрэг үйлдэл эс үйлдэхүйгээр хамаарахгүйг нотолсон бөгөөд Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1. Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж зааснаар тус гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл болох нь тогтоогдож байна.

Иймд Ө э Б Э ХХК нь худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнтэй төлбөрийн баримт олгоогүйн улмаас худалдан авалт хийсэн захиалагч миний Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15,2.1.энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ, 23.4. Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6,000,000 төгрөг хүртэл байна гэж заасан хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг хязгаарласан. Миний бие эдгээр эрхээ эдлэхээр татварын байгууллагад гомдол гаргасан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Ю.Л-ийн Ө э Б Э ХХК-д Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ нь авсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд татвараа төлөх нь хуульд нийцнэ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар гэрээнд оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэнд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэсэн заалт байдаггүй. Тиймээс тухайн байгууллагын хувьд манайх чөлөөлөгдөх ёстой учир нь иргэн төлнө гэсэн талаар ярьж буй нь учир дутагдалтай байна. Гаргасан зөрчлийн тухай ярилцмаар байна тэрнээс биш гэрээний үнийн дүнтэй холбоотой асуудал иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэнэ. Тэгэхээр татварын байцаагчаас хуульд заасан журмын дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6.2-т заасны дагуу тухайн байгууллагад нэмэгдсэн өртгийн албан татварт олгогдсон 134,000,000 төгрөгт  Ө э Б Э ХХК баримт өгөөгүй байна. Үүнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчилд тооцно. Мөн татварын мөнгийг эзэнд нь олгоогүй байгаа бас зөрчилд тооцогдоно. Гэтэл  Ө э Б Э ХХК-аас манайх зөрчил гаргаагүй гэж ярих нь хуульд нийцэхгүй. Мөн улсын байцаагчаас татвараа төлөхийг үүрэг болгосон байхад  Ө э Б Э ХХК үүргээ биелүүлээгүй байна. Иймд татварын байцаагч хуульд заасан үндэслэлээр   Ө э Б Э ХХК-д 1,500,000 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд татварын улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч Ө э Б Э ХХК-ийн гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах, шалгах улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

3. Энэ утгаараа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч, 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар зөрчил гарсан байдлыг тодруулахаар хохирогчоос болон холбогдогчоос мэдүүлэг авах, мөн хуулийн 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зэргээр гүйцэтгэхдээ хариуцагч татварын улсын байцаагч нь хууль зөрчөөгүй, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэж, энэ байдал нь 2206********* дугаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн материал түүнд авагдсан баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

4.Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан:

4.1. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд: хохирогч Г.Ц, Ө Э Б ЭнХХК-аас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулан, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан байрны ** тоотыг худалдан авахаар урьдчилгаа төлбөр болох 40,200,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тухайн компанийн данс уруу шилжүүлж нийт 134,000,000 төгрөгөөр байр худалдан авсан боловч төлбөрийн баримт олгохгүй гэж мэдэгдэн өргөдөл бичүүлж авсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл зөрчиж байх тул тухайн байгууллагаас төлбөрийн баримт гаргуулан өгч хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж,

4.2. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолоор Ө Э Б Э ХХК-аас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулан, Баянгол дүүргийн 6 дугаар хороонд баригдсан байрнаас 134,000,000 төгрөгөөр байр худалдан авсан боловч төлбөрийн баримт олгоогүй гэх гомдолд холбогдогч Ө Э Б Э ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Б-г тогтоож,

4.3. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ: иргэн Г.Ц-ийн хүсэлтээр 20 хувийн хямдралтай үнээр, орон сууц худалдан авах гэрээ байгуулсан, тухайн иргэн төлбөрийг 100 хувь төлж барагдуулаагүй тул төлбөрийн баримт олгоогүй. ...иргэн Г.Ц урьдчилгаа 40,000,000 төгрөг төлчхөөд байрандаа орж хадаг уях нэрийдлээр худал хэлэн түлхүүр хувилан 2021 оны 12 дугаар сараас хойш амьдарсан. Тухайн иргэн дээр Голомт банкаар 93,800,000 төгрөгөөр ипотекийн зээлийн шийдвэр гарсан. Гэрээний 2.1 дэх заалтын дагуу үлдэгдэл 10 хувийн төлбөрийг барагдуулаагүй ч зээлийн шийдвэрийн хугацаа дуусах гэж байсан тул үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг Г.Ц-ийн нэр дээр гаргаж өгсөн. Одоо манай компани Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцны гэрээг цуцалж байраа буцааж авахаар гомдол гарган Г.Ц-г хариуцагчаар татсан гэж,

4.4. Гомдол гаргагч Ө Э Б Э ХХК-аас Голомт банканд хүргүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Тодорхойлолт гаргах 204/1 дугаар албан бичигт: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар хороолол, ******** гудамж, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай *** тоот байрнаас 67 м.кв бүхий 3 өрөө ** тоот байрыг Г.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулан захиалсан, орон сууцны урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөгийг Ө Э Б Э ХХК-ийн захирал Б.О миний ХААН банкны 51340****** тоот дансанд шилжүүлсэн нь үнэн болно гэж,

4.5. Эрх бүхий албан тушаалтан Ю.Л-ийн үйлдсэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд: Г овогтой Ц /РД:*******/-ийн И-баримт аппликейшнээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гомдол мэдээлэлтэй танилцаад зөрчлийн талаар гомдол гаргасан иргэн Г.Ц-ээс мэдүүлэг, орон сууц худалдан авах гэрээ, төлбөр шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтад үндэслэн тодруулахаар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр холбогдогч Ө Э Б Э ХХК-ийн нягтлан бодогч Б.Б-г дуудан уулзаж мэдүүлэг авахад Г.Ц-ийн хүсэлтээр 20 хувийн хямдралтай үнээр орон сууц худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-т нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг оруулсан ч тухайн иргэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, урьдчилж орсон орлогоор бүртгэж татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасны дагуу нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний торгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж,

4.6. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд иргэн Г.Ц /**********/-г Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар хороолол, ********** гудамж, ** байр ** тоот хаягт байршилтай, 67 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж Ү-220********** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон гэх.

5. Эдгээр үйл баримтын хүрээнд төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй зөрчилд Ө Э Б Э ХХК-ийг буруутган Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгож, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан, зөрчлийн 220********* дугаартай гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5. Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй нөхцөл байдлыг тогтоож, орон сууц худалдан авахад төлсөн 134,000,000 төгрөгийн төлбөрийн баримтыг иргэн Г.Ц-д хэвлэж өгөх арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг холбогдогч Ө Э Б Э ХХК-д даалгаж шийдвэрлэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай албан даалгавар үйлдэж холбогдогчид хүргүүлсэн эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагчийн хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

6. Яагаад гэвэл, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9. суутган төлөгч гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг, 6.1.20. татвар төлөгч гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8. нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг, 4.1.19. нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг гэж зааснаар гомдол гаргагч хуулийн этгээд нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэстэй харилцдаг, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн, ийнхүү бүртгүүлсэн суутган төлөгч гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг.

7. Энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна, 5.2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн, 7 дугаар зүйлийн 7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 8 дугаар зүйлийн 8.1. Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна, 8.1.1.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд гэж зааснаар гомдол гаргагч хуулийн этгээд нь өөрийн барьсан барилгаас гуравдагч этгээдэд борлуулалт хийснээр мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14. ...төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг гэж зааснаар борлуулсан бараа /орон сууц/-даа төлбөрийн баримт гаргах үүргийг Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5.Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж заасны дагуу хүлээж байна.

8. Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2. ...хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэн тооцно гэж заасны дагуу мөн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, хяналт шалгалт, даатгалын журмын эсрэг зөрчил-д хамаарах Татварын хууль зөрчих зөрчлийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /татвар төлөгч хуулийн этгээд нь/-ийн 2.7. төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар зөрчилд тооцсон нь үндэслэлтэй, гаргасан зөрчил нь тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

9. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1. Хууль, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, ...арга хэмжээ авна, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1. Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа ... албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1. Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ...арга хэмжээ авч болно, мөн зүйлийн 2. энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авахыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд, ...хугацаа тогтоон даалгаж болно гэж зааснаар хариуцагчийн бичсэн албан даалгавар хууль зүйн үндэслэлтэй.

10. Өөрөөр хэлбэл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол ...төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ, 23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ...албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1.энэ хуулийн ...татвар төлөгчийн ...суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад ...буцаан олгох гэж тус тус зааснаар гуравдагч этгээдийн 134,000,000 төгрөгийн худалдан авалтад төлбөрийн баримт гаргаж өгөөгүй гомдол гаргагч хуулийн этгээдийн зөрчлийн үр дагаврыг арилгаж ийнхүү даалгаж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3. Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасантай нийцсэн байна.

11. Шүүх, эрх бүхий албан тушаалтан /татварын улсын байцаагч/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 7.6 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9, 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасныг баримтлан гомдол гаргагч Ө э Б Э ХХК-ийн *******,******* улсын байцаагч Ю.Л-ийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудас, албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН