| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2022/01446/И |
| Дугаар | 135/ШШ2022/01537 |
| Огноо | 2022-11-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 135/ШШ2022/01537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2022/01446/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн шүүх танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, * дугаар баг, Дархан *** * дугаар гудамж, ** тоотод оршин суух, Ш овогт К Н /рд: ТЯ******, Утас: 99******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ** сум, Ш г ХК-д холбогдох,
"Нөхөн төлбөр 15,120,000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: К.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Э /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Балжинням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний нөхөр Кийн К нь 1979 оны 07 сард Шарын голын уурхайд эксковаторчинаар ажилд орж 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тасралтгүй 23 жил 3 сар ажилласан. 2002 оны 10 дугаар сарын 03-нд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь тогтоолгож грүппт орсон. Эмчийн хяналтад байнга байж хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь болсон. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Эмчийн хяналтад байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 01-нд тухайн өвчний улмаас нас барсан. Шарын голын уурхайд 2021 оны 12 дугаар сарын сүүлээр өргөдөл гаргасан боловч чимээ сураггүй 2 сар болсон. Хариу өгөхгүй болохоор нь 4 сар, 5 сарын сүүлээр очсон чинь нарийн бичиг нь өгөхгүй гэсэн. Даргатай уулзая гэхэд дарга байхгүй гэхээр нь хүлээж суусаар байгаад даргатай нь уулзахад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажлаас чөлөөлөх тухай захирамж конандаж өгсөн. Уурхайн захиргаан дээр удаа дараа очсон боловч албан ёсны хариу өгдөггүй. Манай өвгөн өөрийн залуу нас, эрүүл мэндээ зориулж ажилласан атал үл тоож байгаа нь гомдолтой байна. одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлээд 15,120,000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Манай нөхөр К.К нь Дархан-Уул аймгийн **** сумын Ш г ХК-д уурхайд 1979 онд экскаваторчнаар ажилд орсон. Манай нөхөр Шарын голын уурхайд нэр хүндтэй ажиллаж байсан хүн. Ажиллаж байх хугацаандаа мэргэжлээс шалтгаалах өвчтэй болж улмаар нас барсан. Миний бие талийгаачийг ажлаасаа шалтгаалж нас барсан болохоор нөхөн олговор болох 15,120,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...К.Ны нөхөр болох К.К нь 1979 оны 07 дугаар сард *** ХК-ий уурхайд эксваторчинаар ажилд орж 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тасралтгүй 23 жил 3 сар ажилласан. 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэргэжилээс шалтгаалах өвчин уушигний шохойжилтын улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь тогтоолгож группт орсон. Эмчийн хяналтанд байнга байж хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь болсон. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. К.К нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уушигний шохойжилтын улмаас нас барсан. Нас барсны гэрчилгээн дээр мэргэжилээс шалтгаалах өвчний улмаас нас барсан талаар бичигдсэн байдаг. Мөн уушигны шохойжитын улмаас нас барсан болох нь эмч нарын комиссын дүгнэлт гарсан байдаг. Хуульд мэргэжилээс шалтгаалах өвчний улмаас улмаас нас барсан бол ар гэрт нь нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан байдаг. Уг заалтын дагуу өнөөгийн Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлж 15,120,000 төгрөгийг хариуцагч **** ХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаач К.К нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Мөн талийгаач нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэргэжилээс шалтгаалах өвчингүй болсон талаар эмнэлгийн байгууллагын шийдвэр гарсан байдаг. 2014 оноос хойш мэргэжилээс шалтггаалах өвчингүй болсон учир тухайн өвчний улмаас нас барсан гэдэг нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд мэргэжилээс шалтгаалах өвчний улмаас нас барсан бол нөхөн төлбөр авах эрхтэй байхаар хуульчилсан. Мөн холбогдох баримтаар тогтоогдохгүй талийгаачийг мэргэжилээс шалтгаалах өвчнөөр нас барсан гэдэг нь тогтоогддоггүй. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа нас барсан эсхүл өвчин туссан тохиолдолд нөхөн олгговор авах эрхтэй байдаг. Талийгаач К.К нь 2002 онд Шын г ХК-ий ажлаас гарч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байдаг. Энэ нь ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна. Нэхэмжлэгч талын Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасныг баримталж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 36 сарын хугацаагаар үржиж нийт 15,120,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч тал хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргаж байна гэж үзэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч Шын г ХК-д холбогдуулан, нөхөр К.Кны мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан тул 36 сарын дундаж цалин хөдөлмөрийн доод хэмжээгээр бодож 15,120,000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
2.Хариуцагч Ш г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш мэргэжлээс шалтгаалах өвчингүй болсон гэж үзэхээр байгаа. Учир нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай акт гарсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтанд мэргэжлээс шалтгаалах өвчинтэйн улмаас нөхөн төлбөр олгохоор зохицуулсан. Гэтэл Шын г ХК болон К.К нарын хооронд ажилтан, ажил олгогч гэх харилцаа 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсний улмаас дуусгавар болсон байна. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчингүй болсон талаар 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссийн дүгнэлт гарсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхөн төлбөр олгохоор заасан байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ямар ч хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлж нэхэмжлэх үндэслэл байхгүй гэж маргадаг болно.
3. К.К нь 1979 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Шын гын уурхайд зохион байгуулалттай элементэд /хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг үндэслэв/ ирсэн тул төмөр замын хэлтэст замчнаар түр орж, 1979 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байгаад мөн өдрөөс уурхайн сургууль комбинатад эксковаторын туслах машинчийн ангид элсэж, 1979 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс курсээ төгссөн учир нүүрс гаргах хэсэгт нүүрсний эксковаторын туслах машинчаар ажиллаж байгаад нүүрс гаргах хэсэгт экскаваторын машинчаар томилогдон улмаар 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажлаас чөлөөлж, нийт 23 жил ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар групп тогтоолгон 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 12 жил хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан талаарх үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгохоор зохицуулсан байна.
Иймд Шын г ХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан, К.К түүний ар гэр нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн дааталын сангаас тэтгэмж авч байгаад ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдааны дагуу тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхтэй бөгөөд нэг ба түүнээс дээш удаа нөхөн төлбөр олгоно гэсний дагуу ажиллаж байсан ажил олгогч хуулийн этгээдээс шаардах эрхтэй боловч 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдааны дагуу хөдөлмөрийн чадвар алтдалтын хувь, хугацааг цуцалсан байна.
5. Нэхэмжлэгч нөхөн төлбөр болох 15,120,000 төгрөгийн хэмжээг хэрхэн яаж тодорхойлсон талаар тодруулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч тухайн үеийн нэг сарын дундаж цалин хөлс нь одоо төгрөгийн ханш унасан учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг гэж тодорхойлж, үүнийг 36 сараар үржүүлж гарсан дүн гэж байгаа боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийн тодорхойлж чадаагүй.
Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.
Иймд Шын г ХК-д холбогдуулан нөхөн төлбөр 15,120,000 төгрөг гаргуулах тухай К.Ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлйин 115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дүгээр зүйлийн 125.1.2-т заасныг баримтлан К.Н нэхэмжлэлтэй Ш г ХК-д холбогдох нөхөн төлбөр 15,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС