| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2034003790525 |
| Дугаар | 2021/ДШМ/37 |
| Огноо | 2021-04-28 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2021/ДШМ/37
Ө.Чд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Мөнхтулга /онлайнаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр,
Шүүгдэгч Ө.Ч /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа хянан шийдвэрлэсэн 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/441 дүгээр шийтгэх тогтоолтой Ө.Чд холбогдох 2034003790525 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Ө.Чгийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Ө.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн нутаг Бор-Өндөр гэх газар 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 94-26 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3. Жолоочийн үүрэг: жолооч дараах үүрэг хүлээнэ: тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, иргэн Б.Үүрийнцолмонг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/441 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Ө.Чг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ө.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Чгийн жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.Ч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ө.Чгийн №1113754 дугаарын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ө.Чгээс 7.767.000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Батбуянд олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Батбуян нь 26.880.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 441 дугаар шийтгэх тогтоолоор түүнд 7 жил хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д "...шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.", мөн хуулийн 38.2 дахь хэсгийн 1-д "...Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана..." гэж тус тус заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ, 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэгээрээ бусад төрлийн гэмт хэргээс ялгагддаг буюу тухайн үйлдэлд хандсан сэдэлт нь болгоомжгүй, санамсаргүй байдаг.
Ө.Чгийн хувьд гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээдэг. Болгоомжгүй үйлдлээр зам тээврийн осол гаргаж бусдын амь насанд хохирол учруулсандаа гэмшдэг. Үүнийгээ анхан шатны шүүх хуралдаанд тодорхой ярьсан.
Анхан шатны шүүх нь гэм буруугаа хүлээсэн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзаж ял шийтгэл оногдуулаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Ө.Чгийн ар гэрээс талийгаачийн гэр бүлд 3 300 000 төгрөгийн хохирол төлсөн. Иймд Ө.Чгийн 7 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон прокурор Б.Мөнхтулга гаргасан дүгнэлтдээ: Шүүх 7 жилийн хорих ялыг шүүгдэгчид оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байна. Уг ялыг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны эрх хэмжээний асуудал юм гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан саналдаа: Анхан шатны шүүх 7 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоол гарснаас хойш хохирлыг бүрэн төлсөн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялыг багасгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Ө.Ч гаргасан тайлбартаа: Хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.Чд холбогдох эрүүгийн 2034003790525 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.
Шүүгдэгч Ө.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн нутаг Бор-Өндөр гэх газар 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 94-26 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3. Жолоочийн үүрэг: жолооч дараах үүрэг хүлээнэ: тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, иргэн Б.Үүрийнцолмонг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-14 тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16 тал/,
- Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18 тал/,
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27 тал/
- Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-80 тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 112 тал/,
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 143-149, 160-165 тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №2741 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн "Өлзийбат Ч" гэсэн хаягтай цуснаас 1,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт, /хх-ийн 63-65 тал/,
- Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №62 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-70 тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №3562 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 89-105 тал/,
- 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн магадлагаа, /хх-ийн 107 тал/,
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мэндсайхан /хх-ийн 32-34 тал/, хохирогч Ү.Батбуян /хх-ийн 37-38 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Сарнайцэцэг /хх-ийн 40 тал/, гэрч Ш.Амгаланбаатар /хх-ийн 42-43, 188-189 тал/, шүүгдэгч Ө.Чгийн гэрчээр мэдүүлсэн гэрч Н.Баттулга /хх-ийн 51-52, 182-183 тал/, гэрч Э.Баянмөнх /хх-ийн 53-54 тал/, гэрч А.Тунгалаг /хх-ийн 55-56 тал/, гэрч Б.Сарнайцэцэг /хх-ийн 59-60 тал/ нарын болон шүүгдэгч Ө.Чгийн гэрч, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 48-50, 185-186, 117, 184-185 тал/ мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс Ө.Чд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын давж заалдах гомдолд дурдагдсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэрэг шүүгдэгч Ө.Чд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан “шүүгдэгч Ө.Чгийн 7 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн утгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2020 оны 10 сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/441 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Чгийн 2020 оны 10 сарын 23-ны өдрөөс 2021 оны 04 сарын 28-ны өдөр хүртэл цагдан хорих арга хэмжээ авагдсан 188 /нэг зуун наян найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Шүүгдэгч Ө.Чд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ