Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 127/ШШ2023/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 116/2021/0013/3

 

Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, шүүгч Г.Баясгалан, Б.Баярцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: С.Г-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ДАЗД болон ДАГХБХБГ-т холбогдох

            Гуравдагч этгээд: Ш.Э-

            Нэхэмжлэлийн шаардлага: ДАЗД-ын 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаар захирамж хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, С.Г-ийн газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгаж өгөхийг ДАЗД-ад даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г-, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч ДАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хамтран хариуцагч ДАГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтантуяа, гуравдагч этгээд Ш.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н-, түүний өмгөөлөгч В.Д, иргэдийн төлөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч С.Г- нь анх 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа, “Ивээл хороолол /хуучнаар Гантиг/ одоогийн Нарлаг бөөний төвийн зүүн талд 275 м2 бүхий талбайтай газрыг хууль ёсоор эзэмшиж байсан нь үнэн болохыг тогтоож, Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 225 дугаартай захирамж хүчин төгөлдөр байсныг тогтоолгох, уг газрыг эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох” гэж бичиж, хариуцагчаар Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг тодорхойлон ирүүлсэн.

            2. Нэхэмжлэгч 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “2000 оны Хэрлэн сумын Засаг даргын 225 тоот захирамжийн дагуу эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг сунгаж эзэмшүүлэхийг аймгийн Засаг дарга Бадамсүрэнд даалгаж өгнө үү”[1] гэжээ. Үүний дагуу Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр захирамж[2] аар ДАЗД-ыг хамтран хариуцагчаар татсан.

            3. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “ДАЗД-ын 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаар захирамж хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, С.Г-ийн газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгаж өгөхийг ДАЗД-ад даалгах”[3] гэж өөрчлөн шүүхэд ирүүлсэн.

            4. Нэхэмжлэгч С.Г- нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 225 дугаар захирамжийн дагуу Хэрлэн сумын Газрын алба, багийн Засаг даргын зааж өгсөн газрыг 2021 оныг хүртэл эзэмшиж ашигласан. 2015 оны 3 сарын 23-нд газар эзэмших эрхийн хугацаа дуусах болж байгаа учир гэрчилгээгээ сунгуулах шинэчлүүлэх хүсэлтээ гаргаж, ГХБХБГт өгсөн. Өргөдлийг хүлээж аваад 2015 оны 4 сарын 29-нд 177 дугаартай тоотоор хариу өгсөн.

            Энэ цагаас хойш би тасралтгүй холбогдох газруудад гомдол хүсэлт гаргаж ... хөөцөлдөн 7 жилийн нүүр үзэж байна.

            Иргэн Ш.Э-ын 1995 оны захирамжид газрын байршил тодорхойгүй байдаг ба 2009 онд гаргуулсан захирамжид СМУ-гийн 32 дугаар байрны баруун талд гэж өөрчлөгдсөн. Миний 2000 оны захирамжид Гантиг төвийн зүүн талд гээд байршлыг тодорхой бичсэн.

            Ийм байхад 2009 онд зориуд миний нэр дээр эзэмшүүлсэн газарт аймгийн Засаг дарга давхардуулан бусдад эзэмшүүлэхээр олгосон нь хууль бус гэж үзэж байна.

            ГХБХБГ нь энэ чиглэлийн дагуу хуулиар хэрэгжүүлэх үүргээ Засаг даргын өмнө ч, иргэд, хуулийн этгээдийн өмнө  хүлээж байгаа газар гэж ойлгож байдаг.

            Газар давхардуулан олгосон 2009 оны 205 дугаар захирамж гарахад ГХБХБГ л материалыг хянаж шалгаж өгсөн байгаа. Засаг дарга захирамжид гарын үсэг зурсан болохоос тухайн газар дээр хэн байгаа, Ш.Э-ын 1995 онд авсан газар нь хаана байдаг, яагаад 2017 он хүртэл газраа ашиглахгүй байсан, Гомбодорж намайг газар эзэмшдэг эсэх, миний газар эзэмших эрхийн хувийн хэрэг материалыг газрын албаныхан алга болгосон зэргийг Засаг дарга мэдэхгүй.

            Би газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлтээ газар эзэмших хугацаа дуусахаас 6 сарын өмнө ГХБХБГт гаргасан. Хариуцагч нар намайг  хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргаагүй гэж байна. Түүнээс өмнө миний эрхийг хөндсөн асуудлын зөв бурууг олоод шийдчихвэл миний газар эзэмших эрхээ сунгуулах, гэрчилгээгээ шинэчлүүлэх эрх аяндаа сэргээгдэнэ гэж үзэж байна” гэв.

            5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Г- нь Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 225 дугаар захирамжаар одоогийн Нарлаг төвийн зүүн талд 275 м2 газар эзэмшиж байсан. 2008 онд газрын шинэчилсэн бүртгэл хийгдэж байгаа тухай зарын дагуу ГХБХБГт газрын бичиг баримтуудаа өгсөн боловч уг байгууллага нь шинэчлэх шаардлагагүй гээд буцааж өгсөн байдаг. Үүнээс 1 жилийн дараа буюу 2009 онд уг газрыг Ш.Э-д олгосон. Ингэхдээ газрыг хэн эзэмшиж байгааг шалгаж тогтоогоогүй. Уг газрыг Гомбодорж нь 2000-2021 онуудад эзэмшиж байсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу газрыг албадан чөлөөлөх ажиллагаа хийх хүртэл эзэмшиж байсан. Гуравдагч этгээд Ш.Э- нь газрын талаар хөөцөлдөж яваагүй, уулзаж байгаагүй. Газрын тухай хуульд газраа гэрээнд заасан зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг.

Хэрлэн сумын Засаг даргын 1995 оны захирамжид Ш.Э-д эзэмшүүлсэн газар нь тухайн үеийн 12 дугаар багт гэснээс өөр байршлыг тодорхой заагаагүй. 2009 оны захирамжид СМУ 32 дугаар байрны баруун талд гэж заасан. Гэтэл иргэн Б.Болдбаяраас “ИГ” ХХК-д шилжүүлсэн газрын байршлыг мөн СМУ 32 дугаар байрны баруун талд гэсэн байдаг. Тэхээр Энхжаргалын газар нь “ИГ” компанийн газартай давхацсан харагдана. Б.Болдбаярт газар эзэмшүүлсэн шийдвэр гэх Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 154 дүгээр захирамж нь байдаггүй.

Нэхэмжлэгч 2015 онд ГХБХБГт газрын гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргахад албан бичгээр хариу өгсөн. Уг албан бичгийг хүлээн авч, газрыг Ш.Э-д эзэмшүүлсэн болохыг мэдсэн. Ингээд уг газрыг анх өөрөө эзэмшиж байсныгаа нотлохын тулд анх гаргаж байсан хүсэлт, тойм зураг зэрэг бичиг баримтуудаа Газрын албанаас шаардахад байхгүй гэсэн хариу өгдөг. Газрын хууль шинэчлэн батлагдсаны дагуу газар эзэмшигчийн бичиг баримтууд Хэрлэн сумаас аймгийн Засаг даргын Тамгын газар руу шилжсэн байх ёстой. Энэ талаар нэхэмжлэгч нь удаа дараа ГХБХБГт хандаж байсан.

Газрын гэрчилгээ сунгуулах хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргаагүй гэж хариуцагч тайлбарлаж байна. Хаана хэнд хандах талаар ГХБХБГ хэлж зөвлөөгүй. Нэхэмжлэгч маань өөрийн газар эзэмших эрхтэйгээ нотлох гэж явсаар энэ боллоо. ГХБХБГ нэхэмжлэгчийг хувийн хэрэг нээлгээгүй байна гэдэг. Үүнийг төрийн байгууллага өөрөө хийх ёстой. Төрийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас ийм байдалд орж, иргэн хохирч байна.

Шинжээчийн гаргасан дүгнэлтэд “ИГ” ХХК нь Засаг даргын захирамжид заасан хэмжээнээс 194 м2 газрыг илүү ашиглаж байна гэсэн. Мөн Ш.Э-ын газар нь 50 м2-аар илүү байна гэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ань Гомбодоржийн газар нь давхцаагүй байх магадлалтай гэсэн хариу тайлбар гаргаж байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагч ДАГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорнод аймгийн Газрын алба нь 2003 онд байгуулагдсан. Үүнээс өмнө аймгийн төвийн Хэрлэн суманд газар эзэмшүүлэх асуудлыг Хэрлэн сумын Засаг дарга шийдвэрлэдэг байсан. Газрын тухай хууль шинэчлэн батлагдсанаар аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэдэг болсон.

Иймээс хамаарал бүхий газрын баримт материалыг Хэрлэн сумын Засаг даргаас шилжүүлж авсан. Мөн 2006 онд зурагтаар зар явуулж, иргэдээс баримт материалыг нь авч, газрын мэдээллийн сан бүрдүүлсэн.

Нэхэмжлэгч С.Г- нь газрын баримт мэдээллээ өгөөгүй, түүний газар эзэмшлийн баримт бүртгэгдээгүй. Манай байгууллагад 2008 онд хандсан гэдэг. Гэвч энэ тухай өргөдөл, гомдлын бүртгэлд байхгүй. Гантулга гэх ажилтанд өргөдлөө өгсөн гэдэг, гэвч Гантулга 2009 оноос бичиг хэргийн ажилтнаар ажилласан байдаг. Шинэчлэх шаардлагагүй гээд буцааж өгсөн гэж байна. Бичиг хэргийн ажилтан нь асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд биш  юм. Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримт нь нэхэмжлэгч 2008 онд манай байгууллагад хүсэлт гаргасныг нотлохгүй байна.

Нэгж талбарын хувийн хэргийг нь манай байгууллага санаатайгаар гаргаж өгөхгүй байгаа юм шиг биднийг гүтгэж байна.

Гуравдагч этгээд Ш.Э-ын газрын байршил нь тухайн үед 12 дугаар баг гэж байсан, одоо 6 дугаар баг юм. 1990-ээд онд газрын байршлыг захирамжид ерөнхий байдлаар тусгадаг байсан юм байна лээ.

2015 онд албан бичгээр хариу өгсөн байхад хаана хандахаа мэдээгүй гэж тайлбарлаж байна. Нэгж талбарын хувийн хэрэг байхгүй ч өөрт байгаа бичиг баримтуудаа хавсаргаад аймгийн Засаг даргад хандах боломжтой байсан гэж үзэж байна” гэв.

7. Хариуцагч ДАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар, аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ.

Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана. Нэхэмжлэгч нь энэ заалтын дагуу аймгийн Засаг даргад ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 225 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй байсан боловч газар эзэмших эрхийн 15 жилийн хугацаа нь дууссан байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д, эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргахаар заасан. Нэхэмжлэгч Гомбодорж нь үүний дагуу хүсэлтээ гаргаагүй. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д, сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан байдаг.

Аймгийн Засаг даргын 2009 оны 205 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ш.Э-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон. 1990-ээд онд кадастрын зураг хийгддэггүй байсан тул газрын байршлууд тодорхой бус байсан. Нэхэмжлэгч С.Г-ийн эзэмшиж байсан газартай давхцал үүссэн бол түүний эрх ашгийг харгалзан, давхцалыг арилгахаар ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын 2009 оны 205 дугаар захирамжаар дан ганц Ш.Э-ын бус, бусад өөр байгууллага, иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохоор шийдвэрлэсэн тул уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Гуравдагч этгээд Ш.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Э- нь Хэрлэн сумын Засаг даргын 1995 оны 03 дугаар захирамжаар Хэрлэн сумын тухайн үеийн 12 дугаар баг Ивээл хороолол Хивсний үйлдвэрийн ажилчдын байрны баруун талд 300 м2 газрыг эзэмшсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээнд 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр заасан.

Газрын тухай хууль өөрчлөгдсөний дагуу аймгийн Засаг даргын 2009 оны 205 дугаар захирамж гарч, гэрчилгээг шинэчлэн олгож, 15 жилийн хугацаагаар эзэмшихээр болсон.

Нэхэмжлэгч С.Г- нь анхнаасаа хүний газар дээр захирамж гаргуулснаа мэдэж байгаа. Уг газрыг Ш.Э- нь “миний эзэмшлийн газар” гэж хажуу талынх нь хүмүүст хэлдэг байсан. Гомбодоржоос газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Ингээд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан” гэв.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Г- нь анх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, ДАГХБХБГ-т холбогдуулан нэхэмжлэлийн 3 шаардлага гаргасан. Ингэхдээ урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй байсан тул шүүх хүлээн авахаас татгалзах боломжтой байсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасныг Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү сэргээсэн нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд сэргээсэн. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э нь 2 хуудас бичиж өгсөн. Үүнд газар эзэмших эрх сунгахыг аймгийн Засаг  даргад даалгаж өгнө үү гэсэн. Уг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн агуулга, хэлбэрийг хангахгүй байгаа. Шүүх үүний дагуу ДАЗД-ыг хамтран хариуцагчаар татсан. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь одоо хэвээр байгаа тул үүнийг ярьж байна.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулах тухай гэж бичиж ирүүлсэн. Үүнийг шинээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна. Энэ шаардлагаар ГХБХБГт хамаарах зүйл байхгүй болсон. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, агуулгын болон хэлбэрийн шаардлага хангаагүй байсан тул нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулах шаардлагатай байсан. Хариуцагчийг тодорхойлох, улсын тэмдэгтийн хураамж төлөх г.м

Аймгийн Засаг даргын 2009 оны захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 13 жилийн дараа гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой. Уг газар нь бусдын эзэмшлийн газар болохыг нэхэмжлэгч нь анхнаасаа мэдэж байсан. Уг газар нь анх дайман хаалгатай байсан, энэ тухай гэрчүүд нотолдог.

ГХБХБГ 2015 оны 177 тоот албан бичгээр хариу өгсөн байдаг. Үүнээс хойш 2022 оны 10 дугаар сар хүртэл аймгийн Засаг даргын 2009 оны 205 дугаар захирамжийн талаар шүүхэд болон бусад газарт гомдол нэхэмжлэл гаргаж байгаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

10.Иргэдийн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “С.Г-ийн талд шийдэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч С.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Ш.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н-гийн өмгөөлөгч В.Д, “нэхэмжлэгч С.Г- нь ДАЗД-ын 2009 оны 205 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул  шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарласан. Үүнийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч С.Г- нь анх 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчаар Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг тодорхойлж, “Нарлаг бөөний төвийн зүүн талд 275 м2 бүхий талбайтай газрыг хууль ёсоор эзэмшиж байсан нь үнэн болохыг тогтоож, Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 225 дугаартай захирамж хүчин төгөлдөр байсныг тогтоолгох, уг газрыг эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасны дагуу Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар захирамж[4]аар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч С.Г-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шүүхээс сэргээсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр байна.

4. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах эрхтэй.

Нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлээс үзэхэд, шүүхэд анх гаргасан, газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь хэвээр,  үүн дээр хариуцагч ДАЗД-ын 2009 оны 205 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага нэмжээ.

5. Нэхэмжлэлийн нэг шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзах тухай өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагад үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч С.Г- нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Ивээл хороолол буюу 6 дугаар багийн Нарлаг бөөний төвийн зүүн талд 275 м2 газрыг эзэмшиж байсан[5] болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 225 тоот захирамж, түүний хавсралт, газар ашиглах, эзэмших гэрээ, газар эзэмших эрхийн 07/14/00266 тоот гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. 2001 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан, газар эзэмших гэрээний 6.1-д[6]  “Энэ гэрээг хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Арван таван жилийн хугацаагаар байгуулав” гэжээ.

7. Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Газрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг баталж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Иймд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой харилцаа энэ хуулиар зохицуулагдах болсон.

Уг хуулиар аймаг, сумын Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлон өгч, хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д, аймгийн Засаг дарга, “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж, хуулийн 21.4.3-д, сумын Засаг дарга “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” бүрэн эрхтэй гэж заасан.

8. Нэхэмжлэгч С.Г-ийн эзэмшиж байсан, Дорнод аймгийн төв-Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Нарлаг бөөний төвийн зүүн талд байрлах газар нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газар бөгөөд энэ талаар маргаан байхгүй болно.

9. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах”-аар заасан.

10. Хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэгч С.Г- нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ Дорнод аймгийн Засаг  даргад гаргах ёстой байсан боловч гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

11. Нэхэмжлэгч С.Г- нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ДАГХБХБГ-т хандаж, газрын гэрчилгээ, гэрээг шинэчлүүлэх хүсэлт[7] гаргаж байсан ч үүнийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтын дагуу гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гэж үзэх боломжгүй юм.

12. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

 Хуулийн энэхүү заалтаас үзэхэд, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад захиргааны акт гаргуулахаар өргөдөл, хүсэлт гаргасан боловч түүнийг нь захиргааны байгууллага шийдвэрлээгүй байхыг “эс үйлдэхүй” гэж ойлгохоор байна.

13. Иймээс нэхэмжлэгч С.Г- нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргаагүй атлаа “газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь ДАГХБХБГ-т хандаж, газрын гэрчилгээ, гэрээг шинэчлүүлэх хүсэлт гарган, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 177 тоот албан бичгээр[8] хариу авсан  ч аймгийн Засаг даргад хандаж, өргөдөл, хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

14. Аймгийн Засаг  даргад хүсэлт гаргаагүй шалтгаанаа нэхэмжлэгч “...Түүнээс өмнө миний эрхийг хөндсөн асуудлын зөв бурууг олоод шийдчихвэл миний газар эзэмших эрхээ сунгуулах, гэрчилгээгээ шинэчлүүлэх эрх аяндаа сэргээгдэнэ гэж үзсэн” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Хаана, хэнд хандах талаар ГХБХБГ хэлж зөвлөөгүй” гэж тус тус  тайлбарласныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

15. Иймд нэхэмжлэгчийн “газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгаж өгөхийг хариуцагч ДАЗД-ад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

16. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болно  гэж заасан.

17. Хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэгч С.Г-ийн Хэрлэн сум 6 дугаар баг Нарлаг бөөний төвийн зүүн талд байрлах 275 м2 газрыг эзэмших эрх 2016 онд дуусгавар болсон байна.

18. Иймд нэхэмжлэгч нь газар эзэмших эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр  хариуцагч ДАЗД-ын 2009 оны  205 дугаар захирамжийн талаар нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэлийн энэхүү  2 дахь шаардлага болох, аймгийн Засаг даргын 2009 оны 205 дугаар захирамж хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын дагуу уг маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон ч тухайн газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй байна.

19. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэх дүгнэлт гаргасан ч энэ нь Газрын тухай хуулийн дээр дурдсан заалтуудын дагуу хууль зүйн үндэслэлгүй байна.

20. Нэхэмжлэгч С.Г- нь эзэмшиж байсан газрыг нь хариуцагч ДАЗД 2009 оны 205 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ш.Э-д эзэмшүүлсэн болохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 177 тоот албан бичгийг авч мэдсэн боловч энэ талаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй байсныг, гуравдагч этгээд Ш.Э- нь газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 онд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсныг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.2, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч С.Г-ийн, хариуцагч ДАЗД болон ДАГХБХБГ-т холбогдуулан гаргасан,  ДАЗД-ын 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаар захирамж хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгаж өгөхийг ДАЗД-ад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАЛЖМАА

ШҮҮГЧ                                                           Г.БАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                           Б.БАЯРЦОГТ

 

 

[1] 1 хавтас , 70 хуудас

[2] 1 хавтас 76 хуудас

[3] 2 хавтас 10 хуудас

[4] 1 хавтас, 40 хуудас

[5] нэхэмжлэгчийн тайлбарласнаар уг газарт зун нь ногоо тарих, өвөл нь машинаа тавих, эд зүйлээ байрлуулах зэргээр ашиглаж байсан

[6] 1 хавтас 11 хуудас

[7] 1 хавтас 151 хуудас

[8] 1 хавтас 97 хуудас