Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 00203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Оюун-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201722000182 тоот хэргийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Жаргалант овогт Балдандоржийн Оюун-Эрдэнэ, 1964 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын 4 дүгээр багт оршин суух, Цагаан Үүр сумын “Оюу” шатахуун түгээх станцын эрхлэгч ажилтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РР64032074 дугаартай.

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын төвд иргэн Ж.Буянбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын төвд иргэн Ж.Буянбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

              Хохирогч Ж.Буянбатын: “...Тэгээд Анхбаяртай гар утсаар яриад зогсож байсан чинь гэнэт нүднээс гал манараад явчихсан. Тэгээд би юу болов гэсэн чинь Оюун-Эрдэнэ намайг цохисон байсан. Оюун-Эрдэнэ миний нүд рүү маш хүчтэй цохисон яг юугаар цохисныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36-42-р хуудас/,                 

              Гэрч А.Сэрсэнгийн: “...Б.Оюун-Эрдэнэ манайд ирээд Буянбат хаана байна гэж асуухаар нь би гадаа юм хийж байгаа гэж хэлсэн Оюун-Эрдэнэ Буянбатын араас хөөж аваад явсан, буцаад ороод ирэхэд Буянбатын шүд амнаас нь цус гоожсон байдалтай орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

              Гэрч А.Цэндсүрэнгийн: “Орой 18 цагийн үед байхаа гэртээ байж байхад Буянбат надруу залгаад нөгөө Оюун-Эрдэнэ чинь ирээд намайг цохичихоод яваад өглөө гэж ярьсан. Буянбат дээр явж очиход Буянбатын баруун талын нүд тагларчихсан, нэг шүд нь хугарсан, нэг шүд нь сэтэрчихсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

               Гэрч А.Жамбаагийн: “2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр намайг гэртээ байхад миний төрсөн хүү Буянбат надруу залгаад би Оюун-Эрдэнэд шүдээ хуга цохиулчихлаа гэж хэлж байсан, тэгэхээр нь би яагаад зодуулчив гэхэд мэдэхгүй ээ намайг утсаар яриад зогсож байхад л цохьчихсон гэж хэлж байсан. Би хүү Буянбатыгаа над руу тэгэж ярих үед нь л Оюун-Эрдэнэд зодуулсан гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

              Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 289 дугаартай:

              - Жамбаагийн Буянбатын биед баруун ухархайн дотор цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учирсан байна.

              - Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх болон шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

              - Урьд өмнө нь тогтоогдсон тархи доргилт, нүдний дээд, доод зовхи салстад цус хуралт, нэг шүдний хугарал, нэг шүдний сэлтэрсэн хугарал бүхий гэмтлүүд, баруун ухархайн дотор хана цөмөрсөн хугарал гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

              - Дээрх гэмтлүүд хатуу, мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгднэ.

              - Тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, салстад цус хуралт, баруун ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.2-т зааснаар эгнийн хөдөлмөрийн чадварт тогтонги байдлаар бага хэмжээгээр нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 72-р тал/,

              Мотоцикльд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25-26-р тал/,

              Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 28-29-р тал/

              Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 30-р тал/,

              Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 32-33-р тал/

              Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 76-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирогч Ж.Буянбатад хохирол 2.500.000 төгрөг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Жаргалант овогт Балдандоржийн Оюун-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Оюун-Эрдэнэд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5-р зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ