Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/04723

 

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  О.Э /рд:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б /рд:9095497/-т холбогдох

3,855,938 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э, хариуцагчийн төлөөлөгч Т.Т, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О овогтой Э миний бие 2022 оны 02 сарын 22-ны өдөр И эмнэлэгт амаржиж охинтой болсон билээ. Нийгмийн даатгалын сангаас олгох амаржсаны дараах тэтгэмжийг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс олгохгүй байгаа тул хуулийн дагуу олгогдох ёстой амаржсаны дараах тэтгэмж буюу 3,855,938 төгрөгийг олгуулж өгнө үү. Миний бие ургийн бүтэлттэй, жирэмсний хожуу хордлоготой, бөөр өрөвсөж, уураг алдаж байсан тул яаралтай кесар хагалгаагаар төрсөн билээ. Төрөх эмнэлгээсээ гарсны дараа гэнэт өндөр халуурч биеийн байдал хүндэрсэн тул шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу өрөвсөлтэй гарсан тул эмчилгээ бичүүлж гэрээр хэвтрийн дэглэм барьж эмчилгээ хийсэн билээ.  2022 оны 04 сарын 19-ны өдөр амаржсаны дараах тэтгэмжээ авахаар бичиг баримтаа Бт аваачиж өгсөн боловч “Бичиг баримтыг чинь хүлээж авахгүй 30 хоног чинь өнгөрчихсөн байна” гээд нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нь аваагүй. Эмнэлгийн хуудасны дуусах хугацаа нь 04 сарын 22 гэж цаасан дээрээ бичигдсэн байна шүү дээ, мөн би гэртээ хэвтрийн дэглэм сахиж өвчтэй байсан учир хугацаанд нь авчирч өгөх боломжгүй байсан юм гэж хэлсэн боловч ямар нэг албан хариу, заавар зөвлөгөө огт өгөөгүй. Гадуур ковидын цар тахал, ханиад томуу ихтэй үед нярай хүүхэдтэй, олон нийтийн газар явах нь эрсдэлтэй байсан тул уг асуудлыг би ээждээ дамжуулан хэлж манай ээж Бтэй дахин уулзахаар очсон. Манай ээж нөхцөл байдлыг нийгмийн даатгалын хэлтэст дахин тайлбарлан хэлж бичиг баримтуудыг маань өгсөн, мөн “төрснийхөө дараа өвчтэй байсан гэсэн эмнэлгийн бичиг авчирч өг” гэж байна гээд нэмэлт бичиг баримтыг авахаар хөөцөлдсөн. Хэлсэн шаардлагын дагуу Өрхийн Эрүүл Мэндийн Төвөөс 05 сарын 25-ны өдөр тодорхойлолт аван Бт аваачиж өгөв. Уг тодорхойлолт дээр төрөх эмнэлгээс гарснаас хойш ӨЭМТөвийн хяналтад гэрээр хэвтрийн дэглэм сахиж байсан гэдгийг тодорхой тусгаж өгсөн. Эмнэлгийн хуудсыг аваачиж өгснөөс бүтэн сарын хугацаа өнгөрсний дараа буюу 06 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс хариу ирсэн. Уг хариунд “П ХХК-ын ажилтан О.Э (РД: -ийн амаржсаны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд бичигдсэн эмнэлгийн хуудас нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 24.4.1-д жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор ирүүлэх гэсэн хуулийн заалтын дагуу амаржсаны тэтгэмж олгох боломжгүй болно.” гэж бичсэн байсан. Дээрх хариу албан тоотод энэхүү үүсээд буй асуудлыг шийдвэрлэх ямар ч хүсэлгүйгээр булзайруулж бичсэнд үнэхээр гомдолтой байна.

1.            Амаржсаны дараах эмнэлгийн хуудсыг 2022 оны 04 сарын 19-нд Бт аваачиж хандсан. Гэтэл албан тоотод 05 сарын 25-нд авчирч өгсөн гэж худал бичсэн байна. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн бичиг нь амаржсаны дараах эмнэлгийн хуудас биш ӨЭМТөвийн бичиг буюу нэмэлтээр авчирч өг гэж шаардсан бичиг байсан.

2.            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24.4.1-д "хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсан өдрөөс хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор" гэж дурдсан байна. Гэтэл албан тоотод хүндэтгэн үзэх шалтгааныг дурдаагүй.

3.            Анх 2022 оны 04 сард энэхүү асуудлын талаар хандсан байхад тодорхой хариу өгөөгүй, нааш цааш олон дахин явуулж, 2 сар сунжруулж, асуудлыг шийдвэрлэх гэж байгаа мэт горьдлого төрүүлж нэмэлт бичиг авчирч өг гэж шаардсан. Асуудлыг угаасаа шийдвэрлэхгүй байсан бол нэмэлт бичиг шаардаж, олон дахин нааш цааш явуулж хөхүүл эхэд хүндрэл учруулах хэрэггүй байсан. Мөн миний гаргасан өргөдлийн хариуг анх хандсан мөчид ямар нэгэн бичгийн байдлаар эсвэл албан тоотоор өгөх ёстой байтал огт өгөөгүй. Аргаа барж 2 сар хоосон хүлээсний эцэст энэ асуудлыг шийдвэрлэхгүй юм бол ядаж хариугаа би албан тоотоор авмаар байна гэж шаардсаны эцэст албан тоот гаргаж өгсөн.

Баянзүрх дүүрэг дээр хандаад асуудал шийдвэрлэгдээгүй тул Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2022 оны 06 сарын 27-ны өргөдөл гарган хандсан. Ерөнхий газраас над уруу утсаар холбогдож төрсөн эмнэлэг буюу И эмнэлгээс тодорхойлолт авчир гэв. Шаардсаны дагуу би И эмнэлгээс тодорхойлолт аваад ерөнхий газарт өгөв. Гэтэл 07 сарын 08-ны өдөр ерөнхий газраас утсаар над уруу залгаад тодорхойлолт дээр чинь хүндрэлтэй гэдэг үг алга, зүгээр л ургийн бүтэлт, жирэмсний хожуу хордлоготой тул яаралтай кесар хагалгаанд орсон л гэж бичсэн байна тийм учраас энэ чинь хүндэтгэх шалтгаан биш гэж хэлэв. Би төрсний дараа эмнэлгээс гараад биеийн байдал хүндэрснээс болоод эмчилгээ хийлгэж гэртээ хэвтрийн дэглэм барьж гэрээс гарах боломжгүй байсан, мөн нотолгоо болгож ӨЭМТөвийн бичиг өгсөн шүү дээ гэхэд наадах чинь хамаагүй ээ гэж хэлээд утсаа тасалсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад дахиад л асуудлыг шийдвэрлэх гэж байгаа мэт горьдлого төрүүлж нааш цааш явуулж нэмэлт бичиг авчирч өг гэж шаардсан. Тэгсэн хэрнээ бичгийг нь авчраад өгтөл ямар ч хамааралгүй буюу төрөх үедээ хүндрэлтэй байх ёстой байсан мэт болгож “хүндрэлтэй гэдэг үг алга” тийм учраас шийдвэрлэж чадахгүй гэж булзайруулаад өргөдлийг минь хаасан. Уг нь би төрөхдөө биш төрснийхөө дараа эмнэлгээс гараад хүндэрсэн учраас гэртээ хэвтрийн байсан. Хэвтрийн байсан учраас бичгээ хожуу авчирч өгсөн. Гэтэл асуудлын гол учрыг өөр чиглэлээр дарж булзайруулсан. Эмнэлгээс төрж гарч ирээд биеийн байдал гэнэт хүндэрч өндөр халуурч, өвчтэй болсон хүн тэгвэл өөр яах ёстой юм бэ?

Миний бие Монгол улсад ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн цагаасаа хойш сар бүр цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж иргэнийхээ үүргийг биелүүлсээр ирсэн. Монгол улсад шинэ иргэн төрүүлж, шинэ гэр бүл болж хүн амынхаа тоонд хувь нэмрээ оруулсныхаа төлөө улс эх орноосоо тэтгэмжээ авах биш харин эргүүлээд чадахгүй, олгохгүй, боломжгүй гэсэн хариуг авч байгаадаа үнэхээр сэтгэл гонсойж байна. Хүн чанар, ёс зүй гэж байдаг бол дөнгөж амаржсан эх хүнээс хүртэх эрхтэй тэтгэмжийг нь харамлаж байгаа нийгмийн даатгалын газар, авахгүй чадахгүй боломжгүй бүтэхгүй гэж зүтгэж байгаа нийгмийн даатгалын ажилтан нарт үнэхээр гомдолтой байна.

Өдийг хүртэл олсон цалингаасаа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийнхээ үр шимд нийгмийн даатгалын сангаас авах ёстой тэтгэмжээ авах эрх байхгүй гэж үү? Дөнгөж амаржаад нялх биетэй байхдаа өвдөөд гэртээ хэвтрийн дэглэм сахисан нь хүндэтгэх шалтгаан биш гэж үү? Өвчтэй хэвтэж байхдаа нярай хүүхдээ тэврээд гэрээсээ гараад дүүрэг дээр олон нийтийн газар дар тахал ихтэй байхад очих ёстой байсан гэж үү? Амаржсаны дараах тэтгэмжээ авч чадаагүйдээ үнэхээр гомдолтой байгаа тул дээрх асуудлыг шийдвэрлэж хуулийн дагуу олгогдох ёстой амаржсаны дараах тэтгэмж буюу 3,855,938 төгрөгийг олгож өгнө үү.

Би 2022.2.22-нд төрсөн. Төрсний дараа эмнэлгийн хуудсыг НД-д өгч чадаагүй. Учир нь эмчилгээ хийлгэж хэвтрийн дэглэм сахиж байсан. Гэтэл НД хугацаа өнгөрсөн байна гээд тэтгэмж олгохгүй гэсэн. Улмаар ерөнхий газарт өргөдөл өгсөн. Би хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа хэлэхэд дахин бичиг авчир гэсэн. Гэтэл төрөхдөө хүндрэлтэй гэсэн үг алга гээд татгалзсан. Би төрсний дараа өвдсөн гэдгээ хэлэхэд авч хэлэлцээгүй байсан тул нэхэмжлэл гаргасан. Энэ үед цар тахлын шар төвшинтэй байсан тул гарч явж чадаагүй. Иймд тэтгэмжид болон 3 855 938 төгрөгийг гаргуулж өгнө үү. Намайг хүндээр өвчлөөгүй гэж байна. Гэтэл ямар тохиолдолд хүндээр өвчилсөн гэж үзэх нь ойлгомжгүй байна. Ажил олгогч буруутай гэж байна. Манай ажил олгогч надаас бичгээ өг гэсэн бөгөөд би нялх биетэй биеийн байдал хүндэрсэн байсан тул яагаад хүнтэй уулзаж босож явах ёстой байсан юм бэ. Шар төвшин нь жирэмсэн, хөхүүл хүмүүс хүнтэй уулзахаас сэргийлэх ёстой гэж байсан юм гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагчийн хүсэлтээр бичиг баримтыг судалсан. Хуулийн 24.1-д зааснаар 4 долоо хоног, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сар гэж заасан. Дээд шүүхийн 2006.7.3-ны өдрийн 33-р тогтоолын 28-д хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлсон. Энд өөрөөс үл хамаарах мөн хүндээр өвчилсөн биш байгаа юм. Хөл хорио тогтоогдоогүй. Өөрөө өөрийгөө тусгаарласан өөрөө л гарахыг хүсээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаан биш. Албан журмын даатгуулагч тул ажил олгогч нь бичиг баримтыг шилжүүлэх үүрэгтэй байдаг. Байгууллагаасаа авчирсан баримтыг харахад хуулийн мэдлэггүй байсан гэдэг нь харагдаж байна. Тэтгэмжийг буруу бодсон, тушаалыг хүүхэд төрөөгүй байхад гаргасан байдаг. Иймд тэтгэмж олгохоос татгалзаж байгаа юм. Даатгуулагч заавал өөрөө ирэх ёсгүй, өөрийн төлөөллөөр дамжуулж бичиг баримтаа ирүүлэх боломжтой байсан гэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд: Бт 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр гаргасан гэх хүсэлт /хх6/, “Амгалан өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тодорхойлолт /хх7/, жирэмсэн болон амаржсаны 0726146 дугаартай эмнэлгийн хуудас /хх8/, Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан гэх өргөдөл /хх9/, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 300 дугаар албан тоот /хх10/, И эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт /хх11/, “П” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22/340 дугаар албан тоот /хх48/, тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ГЗ-22/001 дугаар тушаал /хх49/, тэтгэмжийн бодолт /хх50/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх51/-г нотлох баримтаар ирүүлсэн.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Э нь амаржсаны тэтгэмжид 3,855,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б нь тэтгэмж авах талаарх хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж маргасан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.1-д зааснаар амаржсаны тэтгэмж авах тухай хүсэлт, холбогдох баримтыг эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоног, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх ёстой

И эмнэлэг нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг бичсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ өдөр эмнэлгээс гарахад уг хуудсыг олгосон гэж тайлбарласан. /хх8/

Улмаар эмнэлгийн хуудас олгогдсоноос хойш 4 долоо хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт, холбогдох баримтыг ирүүлээгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Цаашлаад нэхэмжлэгч нь эмнэлгээс гарсны дараа 7 хоног сувилалд, 3 хоног гэртээ өөрийн эхээр сувилуулсан гэж тайлбарлаж байна. Улмаар өөрийн эхээр асруулж байх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргах талаар санаагүй гэж тайлбарласан боловч энэхүү тайлбар нь нэхэмжлэлд “уг асуудлыг би ээждээ дамжуулан хэлж манай ээж Бтэй дахин уулзахаар очсон” гэж дурдсанаар үгүйсгэгдсэн.

Мөн цар тахалтай холбоотойгоор гаднын хүнтэй харилцаагүй, хэвтрийн дэглэм сахиж байсан тул хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан 4 долоо хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

Хэргийн 7 дугаар талд байгаа “А” өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тодорхойлолтод нэхэмжлэгч О.Э-г 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин төрүүлсэн бөгөөд хэвтрийн дэглэм сахиж байсан талаар дурджээ. /хх7/

Гэвч нэхэмжлэгч нь өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар ирж үзлэг хийгээгүй гэж тайлбарласан. Мөн дээрх тодорхойлолтод ямар шалтгааны улмаас ямар хугацаанд хэвтрийн дэглэм сахиж байсан талаар дурдаагүй байна.

Иймд энэхүү тодорхойлолт нь нэхэмжлэгчийг зайлшгүй хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байсныг нотлохгүй.

 

Цаашлаад И эмнэлгээс 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр олгосон эрүүл мэндийн тодорхойлолтод төрсний дараа хүндрэл үүсэж, улмаар зайлшгүй эмчилгээ хийлгэж, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байсан талаар дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, уг эмнэлэг нь амаржсанаас хойш 4 сар гаруйн хугацаанд нэхэмжлэгч нь дахин эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байсан гэдгийг тодорхойлоогүй байна.

 

Үүнээс гадна нэхэмжлэлд дурдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас эмнэлгийн байгууллагаас баримт авчрахыг шаардсан байх бөгөөд ирүүлсэн баримт нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлснийг нотлохгүй байгаа талаар тайлбарласан байна. Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Шүүх 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нотлох баримт гаргуулахаар хуралдааныг хойшлуулсан, мөн 24-ны өдөр хуралдааныг товоор хойшлуулсан.

Иймд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан 4 долоо хоногийн хугацааг хэтрүүлсэн гэх тайлбараа нотлох боломжтой байсан боловч нотлоогүй гэж үзнэ.

 

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар ажил олгогч шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нярай хүүхэдтэй байсан тул цар тахлын улмаас нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргаагүй гэх тайлбар хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нь хуульд заасан 4 долоо хоногийн хугацааг хэтрүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь нотлогдохгүй байх тул хариуцагчид тэтгэмж олгохоос татгалзах эрх үүссэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, 24 дүгээр зүйлийн 24.4.1, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Бт холбогдох амаржсаны тэтгэмжид 3,855,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Э-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД