2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1717

 

 

 

 

 

 

 

 

 

   2025        07         03                                    2025/ШЦТ/1717

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, 

улсын яллагч А.Марал /томилолт/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Галтаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2503 00284 0606 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр .......... аймаг .....суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Да хүрээ зах дээр авто машины сэлбэгийн худалдаа эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ........... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Hyundai Porter маркийн .............УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...........тоот ......... эзэмшлийн хашааг мөргөж, улмаар зорчигч З.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд .............. дугаараас 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 52 минутад “Машин хашаа мөргөж орж ирээд жолоочийн бие муу байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “Осол болсон гэх газарт үзлэгийн баг очиход ...........дүүрэг 19 дүгээр хороо Цагаан давааны ............ тоот хашааг мөргөсөн байна. Үзлэгээр H.Porter маркийн .............УНМ улсын дугаартай автомашины жолооч ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигтэй уулын уруу явж байсан байна. Асфалтан зам, шороо хөрс, уруу хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй тогтуун байв. Анх хашаа мөргөсөн гэх цэгийг А үсгээр тэмдэглэв. А цэгээс В цэг буюу үл хөдлөх цэг хүртэл тэгш өнцөгт гаргаж шалгахад 1,50м*6,80м, А цэгээс хашлага хүртэл 6,70м, porter маркийн машины урд дугуйнаас хашлага хүртэл 6.10м, хойд дугуйнаас хашлага хүртэл 6,70м, зорчих хэсгийн өргөн 9,50м байв. Дотор зорчигч гэмтсэн байв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 6-9 дэх тал/,

*******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан “спиртын агууламж 0.00 %” гэсэн баримт /хх-ийн 12 дахь тал/,

Хохирогч З.Аын “... найзтайгаа айлд оччихоод гарч явсан тэгээд уруу газар байсан учраас уруудаад явж байсан чинь гэнэт тооромсгүй болоод тэгээд дор овгор шороо байхаар нь тэнд тулаад зогссон. Тэгээд эмнэлэгт ирсэн. Одоо миний нуруу босож суухад хөндүүр байна. Хурдтай биш, уруу учраас зөөлөн явж байсан. Гэнэт тооромсгүй болоод шороо мөргөж арай гэж зогсоосон. Манай эхнэр хүүхэд төлбөр хийсэн, даатгалтай болохоор их гаргаагүй. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Зэрэгцэж яваад ийм асуудал гарсан гэнэт л ийм асуудал болсон, эвдрэл гарсан энд гомдол байхгүй. Манай найз эмчилгээний зардал гаргасан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан баримт /хх-ийн 16 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.М “... Хохирол төлж хашаа бүрэн бүтэн болгосон. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгчээс Тээврийн цагдаагийн албанд аргаж өгсөн “............ 665А тоот манай хашааг 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөргөж хохирол учруулсан. 23-ны өдөр 250,000 төгрөгөөр хашааны мод, жорлонгийн материал авч засаж барьж өгсөн. Мөн суултуурын 67,000 төгрөг шилжүүлж нийт 371,000 төгрөгийн хохирол барагдуулсан тул гомдолгүй болсон” гэх хүсэлт /хх-ийн 21-22 дахь тал/,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай “Тус төвд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн Huyndai загварын Porter маркийн .............УНМ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул шинжилгээний хуулийн 19.1.6 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэсэн албан бичиг /хх-ийн 27 дахь тал/,

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4746 дугаартай “З.Аын биед сээрний Th12 дугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-38 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0225/521 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Урд бамбай, нүүр, баруун урд талын их гэрлийн бүрхүүл хагарсан, баруун хаалга хойш шахагдаж гажсан гэмтлүүд нь ослын үед шууд үүссэн байх үндэслэлтэй. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн тоормосны системтэй, тоормос нь эвдрэл гэмтэлгүй ажиллаж байна. Дугуйнууд нь хийтэй, ил харагдах гэмтэлгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-57 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 756 дугаартай “Зорчигч З.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл тогтоогдож байна” гэсэн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 63-64 дэх тал/,

*******гийн яллагдагчаар өгсөн “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг хагалгаанд орсон цаг үеэс эхлэн зардлыг төлөөд явсан. Нийт 3,260,000 төлбөр төлж барагдуулсан. Гомдлыг бүрэн барагдуулсан. Золгүй осолд орж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байдалд харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дахь тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчид нөхөн төлсөн баримтууд /хх-ийн 76-78 дахь тал/,

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ц.Галтаа дараах нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчийн шинжлэн судалсантай давхацсан баримтууд /хх-ийн 10-11, 12, 14-15, 16, 19, 21, 27, 78 дахь тал/,

Гэрч Р.Агийн “Манай бэр ******* нь дайчин тусархуу их өөлөх юм байхгүй. Манай хүүхдүүдийг өсгөж өгсөн. 1992 онд манай бэр болсон. 2 охинтой, том нь гадаадад суралцахаар явсан, бага нь 8 настай хожуу гарсан. Нөхөртөө их халамжтай их дайчин хүн. 10 жилээ төгсөөд анагаахын дунд төгссөн. Аав ээжийгээ их асардаг байсан. 2003 онд хот руу орж ирээд зах дээр наймаа хийж амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дэх тал/,

*******гийн гэрчээр өгсөн “...  манай нөхөр бид 3 айлаас юм авах гээд явсан. Манай нөхөр түрүүлээд буугаад явчихсан араас нь би портер унаад уруудаад явж байсан. Тэгээд гудамжны гол хэсэгт явж байтал гэнэт тооромсгүй болчихсон, зогсоох гээд чадахгүй өнхрөөд хурдаа аваад байсан. Төв зам руу орох гэхээр олон машин байсан учир овгор шороо айлын хашаа тулаад тэгээд тэр рүү чиглээд зогссон. Гаднаас нь харахад түлээний саарж байна даа гэж бодтол айлын жорлон байсан. Цаахан талд нь айл байсан хүн харагдахгүй хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд хажуугаар явж байсан хүн ирээд хүүе юу болов гээд асуухад нь түргэн дуудаад өгөөч хүн муудаад байна гэж хэлсэн. Тэгээд түргэн ирсэн. Тэгээд түргэн ГССҮТ рүү аваад явсан. Яанаа энэ зогсохгүй нь ээ гэхэд Ариунболд аваад гишгээд бай гээд байсан тэгээд ч зогсоогүй. Уулын уруу учир нэгдүгээр араандаа хийсэн байсан. Тэгтэл тормос ажиллахгүй болоод хурд нэмэгдчихсэн. Нэг зорчигч байсан тэр нь Ариунболд. Зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй байсаан байх гэж бодож байна. Шил мөргөөд буцаад ойгоод хойшоо унасан. Энэ миний тээврийн хэрэгсэл” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дахь тал/,

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4747 дугаартай “*******гийн биед зүүн агтаал ясны далд хугарал, шууны мэдрэлийн няцрал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой, тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-45 дахь тал/,

2015 онд төрсөн охин Г.Н-н төрсний гэрчилгээ /хх-ийн 83 дахь тал/,

Да хүрээ трейд ХХК болон ******* нарын хороонд байгуулсан Да хүрээ авто худалдааны төвд байрлах 20тн багтаамжтэй контейнер түрээслэх гэрээ /хх-ийн 84-86 дахь тал/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 дахь тал/,

 “Жолоочийн үнэмлэхийн дугаар: 453675, жолооны үнэмлэхийн төлөв: хүчинтэй, тээврийн хэрэгслийн ангилал: В, хүчинтэй хугацаа: 2016/05/20-2026/05/20” гэсэн Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 89 дэх тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90 дэх тал/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 дэх тал/,

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 93 дахь тал/,

Хохирогч З.А-ын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 100 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Санхүүгийн бүртгэлийн хэлтсийн “З.А Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 6,476,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгадын ерөнхий газрын Төрийн сан дахь ... тоот дансанд 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-ийн 101 дэх тал/,

Тээврийн прокурорын газарт хохирогч З.Аоос гаргасан “Миний бие З.А нь зам тээврийн осолд орсон, одоо миний бие зүгээр болсон учир цаашид сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 106 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Эрүүл мэндийн даатгалын санд 6,476,000 төгрөг төлсөн талаар баримт 1 хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Галтын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол хор уршиг зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

           Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Hyundai Porter маркийн .............УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж .......... тоот ........ эзэмшлийн хашааг мөргөсний улмаас зорчигч З.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч З.А, иргэний нэхэмжлэгч Д.М, яллагдагч ******* нарын мэдүүлэг, З.Аын эрүүл мэндэд хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, *******г замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоосон мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч гэж авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамаарна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойлсон байдаг. 

            ******* нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх-ийн 89 дэх тал/-гаар 2016 оын 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй жолооч болох нь тогтоогджээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.  

Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн байх, үүний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******гийн үйлдэл, хохирогч З.Аын эрүүл мэндэд учирсан хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.

Тээврийн прокурорын газраас *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч З.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тогтоогдсон *******гээс хохирогч З.Аод 2,943,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Мд 317,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 6,476,000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогч З.Аын зүгээс цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулахгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан болохыг тэмдэглэвэл зохино.

Хохирогч З.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******гээс нэхэмжлэх эрхтэйг дурьдах зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх санал гарсныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэснийн 1.1 дэх заалтад “… хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх …” гэж тус тус заажээ.

Хохирогч З.А нь шүүгдэгч талтай найз нөхдийн холбоотой, тэрээр хэдийгээр гомдолгүй гэх боловч 58 буюу өндөр настай, түүний сээрний нугаламд хугарал гэмтэл учирсан тул үүнийг шүүхээс хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй тул дээрх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүхээс *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарласан байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, оршин суух тодорхой хаягтай, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас өөрийн болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******гийн бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Хохирогч З.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******гээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ