Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2022/00503

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2022/00438/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х аймгийн МХГ,

Хариуцагч: Ө цахим ертөнц нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага,

Нэхэмжлэлийн шаардлага: 848.500 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б

Хариуцагч Ө цахим ертөнц нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын захирал Ө.О,

Гэрч: Т.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х аймгийн МХГ нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ө цахим ертөнц ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан ба хамтран ажиллах гэрээний дагуу сар бүр 83.000 төгрөг төлсөн. 10 сарын хугацаанд 830.000 төгрөгийг Ө цахим ертөнц НҮТББ-ын Хаан банкны 5954306607 тоот дансанд төлсөн. Гэтэл гүйцэтгэгч тал одоо болтол гэрээнд заасан үйлчилгээг үзүүлээгүй тул учирсан хохирол, зардал болох 830.000 төгрөг, нотлох баримт нотариатаар баталгаажуулсан 18.500 төгрөг, нийт 848.500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Ө цахим ертөнц ТББайгуулага нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд хийсэн Түмний төлөө, төрийн хяналт нэвтрүүлэг, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Миний ажил, миний амьдрал нэвтрүүлэг, Улаанбаатар хотоос ирсэн иргэдэд хяналт шалгалт хийж байна нэвтрүүлгүүдийн тус тус бэлтгэж цацсан ба нэг нэвтрүүлэг нь 83.000 төгрөг, 4 нэвтрүүлэг нь 332.000 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлага 848.500 төгрөгөөс 332.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 498000 төгрөг болон нотариатын зардал 18.500 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч талаас 516.500 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэв.

2. Хариуцагч Ө цахим ертөнц төрийн бус байгууллагын тэргүүн Ө.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Х аймгийн МХГ нь Ө цахим ертөнц ТББайгуулагатай хамтран ажиллаж гэрээг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 1 жилийн хугацааатай, 1.000.000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэвч манай байгууллагаас гэрээний үлдэгдэл болох 830.000 төгрөгийг нэхэмжилснийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага нь гэрээний хугацаанд Төрийн төлөө түмний хяналт нэвтрүүлгийн 3 дугаар, Миний ажил миний амьдрал нэвтрүүлгийн 1 дугаар, хяналт шалгалтын мэдээ 5, хяналтын чиглэлээр 10 шторк, ковид цар тахалтай холбоотой цаг үеийн шууд лайв мэдээллийн тогтмол хийж ажилласан.

Тодруулбал 2020 оны 05 дугаар сард Өнөөдрийн зочин нэвтрүүлэгт Мэргэжлийн хяналтын газрын Шараа гэдэг хүн оролцсон. Мөн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Хэрлэн голын сав газар гэх 4 байгууллага тус ярилцлагад орсон. Нэхэмжилж буй үнийн дүнгээс Шараа гэдэг хүний орсон нэвтрүүлэг, мэдээний төлбөрүүд, 10 төрлийн шторк зэргийг хасуулмаар байна.

Манайх 15 минутын туршид шторкуудыг явуулдаг байсан. Хандалт аваагүй гэх шалтгаанаар хэдэн хүн үзсэнийг ч харалгүй тооцсонгүй. Мэдээн, шторк хийж цацсан байхад үнийн дүнгээс хасахгүй байгаад гомдолттой байна. Иймд манай байгууллага гэрээний дагуу мэдээ, нэвтрүүлэг, шторкын бэлдэж, олон нийтэд хүргэж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн дараах нотлох баримтыг шүүхэд өгсөн байна. Үүнд:

 

3.1 Х аймгийн МХГ гэх 9073655 регистрийн дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 03 хуудас)

3.2 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сгээс хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ажилтан Ж.Бт олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 04-05 хуудас),

3.3 Нотариатын үйлчилгээний хөлс үзүүлсэн тухай 114 дугаартай нэхэмжлэх (хх-ийн 06 хуудас),

3.4 Х аймгийн МХГ, Ө цахим ертөнц ТББ нарын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №07 дугаартай хамтран ажиллах гэрээ-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 07-09, 57-59 хуудас),

3.5 Нэхэмжлэгч Ө цахим ертөнц ТББ, төлөгч Мэргэжлийн хяналтын газар 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №1 дугаартай 3 дугаар сарын гэрээний төлбөр 83.000 төгрөг гэх нэхэмжлэх, төлбөрийн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 10-11 хуудас),

3.6 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн төлбөрийн хүсэлт №85 дугаартай Х аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ө цахим ертөнц ТББ-д 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 83.000 төгрөгийн шилжүүлгийн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 12 хуудас),

3.7 Нэхэмжлэгч Ө цахим ертөнц ТББ, 4 дүгээр сарын гэрээний төлбөр 83.000 төгрөг гэх нэхэмжлэх, 83.000 төгрөгийн шилжүүлгийн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 13-14 хуудас),

3.8 Нэхэмжлэгч Ө цахим ертөнц ТББ, 5 дугаар сарын гэрээний төлбөр 83.000 төгрөг гэх нэхэмжлэх, 83.000 төгрөгийн шилжүүлгийн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 15-17 хуудас),

3.9 Нэхэмжлэгч Ө цахим ертөнц ТББ, 6 дугаар сарын гэрээний төлбөр 83.000 төгрөг гэх нэхэмжлэх, 83.000 төгрөгийн шилжүүлгийн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 18-20 хуудас),

3.10 Нэхэмжлэгч Ө цахим ертөнц ТББ, 7 дугаар сарын гэрээний төлбөр 83.000 төгрөг гэх нэхэмжлэх, 83.000 төгрөгийн шилжүүлгийн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 21-23 хуудас),

3.11 Нэхэмжлэгч Ө цахим ертөнц ТББ, 8 дугаар сарын гэрээний төлбөр 83.000 төгрөг гэх нэхэмжлэх, 83.000 төгрөгийн шилжүүлгийн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 24-26 хуудас),

3.12 Нэхэмжлэгч Ө цахим ертөнц ТББ, 9 дүгээр сарын гэрээний төлбөр 83.000 төгрөг гэх нэхэмжлэх, 83.000 төгрөгийн шилжүүлгийн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 27-29 хуудас),

3.13 Нэхэмжлэгч Ө цахим ертөнц ТББ, 10 дугаар сарын гэрээний төлбөр 83.000 төгрөг гэх нэхэмжлэх, 83.000 төгрөгийн шилжүүлгийн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 30-32 хуудас),

3.14 Нэхэмжлэгч Ө цахим ертөнц ТББ, 11 дүгээр сарын гэрээний төлбөр 83.000 төгрөг гэх нэхэмжлэх, 83.000 төгрөгийн шилжүүлгийн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 33-35 хуудас),

3.15 Нэхэмжлэгч Ө цахим ертөнц ТББ, 12 дугаар сарын гэрээний төлбөр 83.000 төгрөг гэх нэхэмжлэх, 83.000 төгрөгийн шилжүүлгийн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 36-38 хуудас),

3.16 Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/286 дугаартай албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 39 хуудас),

3.17 Мэргэжлийн хяналтын газраас Ө телевизтэй гэрээний дагуу хамтран ажиллах төлөвлөгөө, түмний төлөө төрийн хяналт нэвтрзүүлэгт оролцох хувиарь зэргийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 40-41 хуудас),

3.18 Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/572 дугаартай нэмэлт тайлбар (хх-ийн 60-62 хуудас),

4. Хариуцагчаас хариу тайлбараас гадна дараах баримтуудыг ирүүлсэн байна.

4.1 Ө цахим ертөнц гэх 8102384 регистрийн дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 46 хуудас),

4.2 хариуцагчийн хариу тайлбар (хх-ийн 50 хуудас),

4.3 Ө телевизийн гэрээний дагуу цацсан контентын жагсаалт (хх-ийн 54-55 хуудас),

4.4 Гал хөгжил орон нутгийн телевизүүдийн холбооны тэргүүний 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0050/2022 дугаартай тайлбар, орон нутгийн телевизүүдийн үйлчилгээний зах зээлийн үнэлгээ (хх-ийн 67-68 хуудас),

4.5 Дотор нь бэлтгэсэн нэвтрүүлэг шторкууд бий гэх плаш диск (хх-ийн 69 хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х аймгийн МХГ нь хариуцагч Ө цахим ертөнц нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 848.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 516.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хамтран ажиллах гэрээний 2.6-д заасан үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн 830.000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 498.000 төгрөг, нотариатын зардал 18.500 төгрөг, нийт 516.500 төгрөгийг буцаан гаргуулна.. хэмээн,

Хариуцагч Ө цахим ертөнц нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ..хамтран ажиллах гэрээний хавсралт хуваарийн дагуу нэвтрүүлгүүдийг бэлтгэж цацсан. Мөн нэмж шторк, мэдээ телевизээр нэвтрүүлсэн. Хамтран ажиллах гэрээ бүрэн биелэгдсэн. Ковид цар тахлын улмаас тухайн хугацаанд гэрээ хэрэгжих боломжгүй болсон дан ганц бидний буруутай ажиллагаанаас болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.. хэмээн маргаж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х аймгийн МХГ, хариуцагч Ө цахим ертөнц нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагатай 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хамтран ажиллах гэрээ (хх-ийн 57-59) байгуулж, гэрээний дагуу 9 төрлийн ажлын тусгасан төлөвлөгөө гаргаж, 9 төрлийн ажлын 1 дэх ажил болох Төрийн төлөө түмний хяналт гэх ажлын хүрээнд 12 төрлийн нэвтрүүлэг хийхээр харилцан тохиролцсон, энэ тухай маргаангүй (хх-ийн 40-41) байна.

4. Талуудын хооронд байгуулсан гэрээний зорилго нь гүйцэтгэгч тал болох Ө цахим ертөнц нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь захиалагч буюу Мэргэжлийн хяналтын газрын захиалгаар мэдээ, нэвтрүүлэг, зар сурталчилгааг ямар нэгэн доголдолгүй гүйцэтгэн захиалагч талд үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсийг хугацаанд нь төлөхөөр тохирлцсоноос үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээг талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу зохигчид дээрх гэрээгээр талуудын хүлээх эрх үүрэг, гэрээний гол нөхцөл, гэрээний салшгүй хэсэг болох хамтын ажиллагааг хэрхэн явуулахгэрээ зөрчснөөс учирсан хохирлыг төлж барагдуулах талаар зааж, уг нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан зэргээс үзвэл хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээ хүчин төгөлдөр эсэх тал дээр зохигчид маргаагүй, гагцхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болж байна.

 

5. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч буюу захиалагч тал тодорхой нэвтрүүлэг, мэдээг гүйцэтгэгч талд хүлээлгэн өгч, гүйцэтгэгч тал нэвтрүүлгийг ямар нэгэн саадгүйгээр нэвтрүүлэх үүргийг хүлээсэн байх бөгөөд зохигчдын тайлбарлаж буйгаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудаст авагдсан төлөвлөгөөний дагуу хамтран ажиллахаар тохиролцож, уг төлөвлөгөөгөөр Төрийн төлөө түмний хяналт нэвтрүүлэгийг сар бүр, (хх-ийн 41 хуудаст 12 сарын хугацаанд хийх ажлын тусгасан), телевизийн мэдээллийн хөтөлбөрт оруулах, Шторк реклам хяналт, томилолт сурвалжлага мэдээ, хяналт шалгалтын телевизтэй хамтран ажиллах, мэндчилгээ, байгууллагын видео тайлан гэх мэт ажлыг нэвтрүүлэхээр гэрээний хавсралт төлөвлөгөөнд тусгасан, энэ тухай хэн аль нь уг ажлыг хийхээр төлөвлөсөн хэмээн тайлбарлаж байна.

6. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний дагуу шилжүүлсэн 10 сарын төлбөр 830.000 төгрөг, нотариатын зардал 18.500 төгрөг нийт 848.500 төгрөг нэхэмжилсэн боловч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад дээрх төлөвлөгөөнд тусгагдсан Төрийн төлөө түмний хяналт нэвтүүлэгийн хүрээнд хийгдэх ёстой 12 сарын нэвтрүүлгээс 3 нэвтрүүлэг 1 мэдээ нийт 4 сарын ажил хийгдсэн хэмээн үзэж, 332.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч олгогдсон эрхийхээ дагуу татгалзаж, 498.000 төгрөг нотариатын зардал 18.500 төгрөг нийт 516.500 төгрөгийг нэхэмжилсэн, дээрх төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэх ёстой байсан талаар хариуцагч маргаагүй, зарим ажил цар тахлын улмаас шалтгаалан хийгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх боловч Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Шараа гэх хүний орсон нэвтрүүлэг, Х аймгийн Мөрөн суманд жонш, уул уурхайн чиглэлээр сурвалжилсан нэвтрүүлэг, 10 төрлийн шторк зэргийг нэвтрүүлсэн тул 498.000 төгрөгөөс дээрх нэвтрүүлэг, шторкийг үнийг дээрх үнээс хасаж тооцох ёстой хэмээн тайлбарлаж байна.

7. Зохигчид гэрээний үнийг 1.000.000 төгрөгөөр тохиролцож, нэхэмжлэгч талаас гэрээний 5.2, 5.3-т заасны дагуу хариуцагч Ө цахим ертөнц нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын нэр дээрх 5954306607 тоот дансруу 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд сар бүр 83.000 төгрөг, нийт 830.000 төгрөг шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 10-38 хуудаст авагдсан нэхэмжлэх, төлбөрийн баримт, төлбөрийн хүсэлтийн баримтуудаар тогтоогдож байна.

8. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж, зохигчид гэрээгээр харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэгч гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

9. Нэхэмжлэгч тал төлбөр шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь төлбөрийн баримтаар тогтоогдсон ба хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 01/286 дугаартай албан бичгээр шаардаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан авахаар гэрээний татгалзлаа илэрхийлсэн мэдэгдлийг хүргүүлсэн болох нь хавтаст хэргийн 39 хуудаст авагдсан албан бичгээр нотлогдож байна.

 

10. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талууд аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч гэрээнээс татгалзах боломжтой, энэ тухай шаардах эрхтэй гэж үзнэ.

11. Хариуцагч .... гэрээний хавсралт төлөвлөгөөнд заасан ажлыг биелүүлсэн, зарим ажил ковид 19 цар тахлын улмаас хийгдээгүй, зарим нэвтрүүлэг хийгдээгүй нь үнэн, гэрээнд заасан заримт нэвтрүүлэг хийсэн гэж хавтаст хэргийн 51-55 хуудаст зурган баримтууд хавсарган ирүүлсэн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, шүүхийн хэлэлцүүлэгт плашинд хуулсан нэвтрүүлэг хийсэн тухай баримтыг өгсөн боловч нэг нэвтрүүлгээс өөр бусад файл нээгдэхгүй, гэрчээр Дөлгөөнийг асуулгахад гэрч нь ...Мэргэжлийн хяналтын газрын нэвтрүүлэг болон 10 гаруй төрлийн шторк нэвтрүүлсэн... хэмээн тайлбарлаж байх ба хариуцагч талаас төлөвлөгөөнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн, бүх нэвтрүүлэгийг хийсэн гэдгээ баримтаар нотлоогүй, хариуцагч Төрийн төлөө түмний хяналт нэвтрүүлгийг цар тахылн улмаас хийгдээгүй, хэмээн тайлбарлаж байх боловч уг гэрээгээр хүлээсэн ажлыг шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэл хугацаанд гүйцэтгэх боломжтой байсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс нэхэмжилж буй 5 сарын төлбөр болох 415.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч талын 10 төрлийн шторк нэвтрүүлсэн ажлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....шторк нэвтрүүлсэн хэдий ч энэ нь хандалт аваагүй, бүхэл бүтэн нэг сарын ажил гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй ... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, шторк нэвтрүүлсэн гэдэг нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдохоос гадна зохигчдын байгуулсан гэрээний хавсралтын 3 дугаар сард хийх ажлын төлөвлөгөөнд (хх-ийн 40 хуудас) 2-3 төрлийн шторк хийхээр заасан, шторкийг нэвтрүүлсэнтэй зохигчид маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь зохигчийн тайлбар... гэрчийн мэдүүлэг... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасны дагуу шүүхээс талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгийг үнэлж, шторк нэвтрүүлэх ажлыг хариуцагч тал гүйцэтгэсэн хэмээн үзэж нэг сарын төлбөр болох 83000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6 нэвтрүүлэгийн төлбөр 498000 төгрөгөөс 83000 төгрөгийг хасаж, 415000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл өгөхтэй холбогдон гарсан зардал болох нотариатын үйлчилгээний хөлс 18500 төгрөг нийт 433.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 83000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч талаас шүүхийн хэлэлцүүлэгт Гал хөгжил орон нутгийн телевизүүдийг холбооны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0050/2022 дугаартай албан бичиг, орон нутгийн телевизийн зах зээлийн дундаж үнэлгээг ирүүлж татгалзын үндэслэлтэйгээ холбогдуулан үнэ ханшийг тайлбарлаж байгаа


боловч зохигчид гэрээгээр үнийг тохирсон, тэдгээрийн хооронд үүссэн хамтран ажиллах гэрээний үүргийг харилцаатай холбоотой маргаан тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 13.655 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 225 дугаар зүйлийн 225.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Ө цахим ертөнц нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагаас 433.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х аймгийн МХГт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 83.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 13.655 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь энхүү шийвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА