Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/00423

 

Д.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02674 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Зт холбогдох,

 

2 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оын илтгэснээр хянан хэлэлцэв.

                                           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2014.01.16-ны өдөр хариуцагчаас Хан-Уул дүүргийн Засаг даргын 224 тоот захирамжтай №0183527 тоот дугаартай газрын гэрчилгээг 2 400 000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл уг гэрчилгээ нь хууль бус байсан. Мөн 2009.8.04-ний өдөр зээлсэн мөнгөний үлдэгдэл 200 000 төгрөг, хашааны банзны үнэ 200 000 төгрөг, нийт 2 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь  нэхэмжлэгчийн худалдан авсан №0183527 тоот гэрчилгээ бүхий газрыг 2013 оны 9 сард 40 000 000 төгрөгөөр Б.Ж, Б гэх иргэдэд мөн давхар худалдсан байсан тул  бидний хэлцэл хэрэгжих боломжгүй болсон юм. Хариуцагч нь нэхэмжлэгчээс  өмнө нь зээлсэн мөнгөний асуудалтай байсан бөгөөд цувуулж  төлсөөр үлдэгдэл 200 000 төгрөг үлдсэн байсан гэжээ.

 

Хариуцагч Д.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх газар нь миний эзэмшлийнх болох нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, Дээд шүүхийн тогтоолоор тогтоогдож Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017.08.24-ний өдрийн №769 албан тоотоор баталгаажсан. БОАЖ-ийн сайдын 2018.01.08-ны өдрийн а/07 тоот тушаалаар Д.Оын уг газрыг ашиглах эрх нь цуцлагдаж, надад олгогдсон юм. Нэхэмжлэгчээс 1 600 000 төгрөг зээлсэн нь үнэн. Нэхэмжлэгч нь 2014.01 сард мөнгө өгсөн 2 баримтаа үрэгдүүлсэн гээд нэг бичигт гарын үсэг зуруулсан. Үүнээс хойш 2014.02.19-ний өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн ба 2015.02.10-ны өдөр 400 000 төгрөг өгч 200 000 төгрөгийн  үлдэгдэлтэй болсон. Нэхэмжлэгч нь 2014.02.19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015.02.10-ны өдөр 400 000 төгрөг авсан эх баримт Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэгдэж байсан хэргийн материалд байгаа. Газрын гэрчилгээ худалдан авах зорилгоор гэсэн, газаргүй гэрчилгээ авсан гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Д.Э мэдүүлж байсан. Гэтэл 2014 онд уг гэрчилгээ газартай байсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2 400 000 төгрөг өгсөн авсан баримт байхгүй. Зээл 200 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.  2014.01.16-ны өдөр 1 600 000 төгрөг төлөөгүй, 2 400 000 төгрөг гэсэн нь зээлсэн 1 600 000 төгрөгийг хэлж байгаа юм. Баримтын он сар өдрийг анхаарч үзнэ үү. Гэрээ байгуулсан боловч мөнгө авсан зүйл байхгүй. Хашааны мөнгө өгөөгүй тул 200 000 төгрөгийг төлөх ёсгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Заас зээлийн гэрээний үүрэгт 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Заас 6 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Оад олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд 2014.01.16-ны өдөр баримт үйлдсэн. Баримтад хариуцагч гарын үсэг зурсан, ашиглах боломжгүй газар эзэмших гэрчилгээг гэдгийг мэдсээр байж нэхэмжлэгчид 24 000 000 төгрөгөөр зарж, хашааны материалын үнэ 200 000 төгрөг нэмж авсан. Хариуцагч нь уг баримтыг үгүйсгэх нотлох баримтыг гаргаагүй. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үлдэгэдэл 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг ба шүүх уг асуудлыг гэрчилгээ худалдах, худалдан авах гэрээтэй холбож тайлбарласан нь ойлгомжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар зөв харьцуулан дүгнээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.Зт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 2-1-1б №0183527 тоот газар эзэмших эрх /гэрчилгээ/ худалдан авах зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 2 400 000 төгрөгийг буцаан гаргуулах, зээл 200 000 төгрөг, хашааны банзны үнэд шилжүүлсэн 200 000 нийт 2 800 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 200 000 төгрөгийн зээлийг төлөхийг зөвшөөрч бусад шаардлагыг эс зөвшөөрч маргажээ./ хх-8, 46, 107-109,115/

 

Зохигчийн хооронд 200 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаад, мөн 2 400 000 төгрөг бэлэн хүлээн авлаа гэх баримтад хариуцагч гарын үсэг зурсанд маргаангүй. Түүнчлэн талуудын болон бусад этгээдийн хооронд 2015-2017 онуудад газрын маргаан үүсч 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ заагаад байгаа газрыг хариуцагч ашиглах эрхтэй зэрэг үйл баримт тогтоогджээ. /хх 90,109/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ .., хариуцагч нь газраа өөр хүмүүст худалдсан байсан тул гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Хариуцагчийн хашааг таглуулахаар 200 000 төгрөг шилжүүлсэн” гэж тайлбарлаж, шаардлагаа нотлохоор мөнгө шилжүүлсэн тухай талуудын гарын үсэг бүхий бичгийн баримтыг гаргасан. /хх-8/

 

Хариуцагч уг бичгийн баримтыг “..,би гэрчилгээ барьцаалж байна гэж ойлгоод баримтад гарын үсгээ зурсан, зээлдүүлсэн  1 600 000 төгрөгөө 2 400 000 болгож өсгөж байгаа юм байна  гэж ойлгосон,загнаад байхаар нь зурчихсан” гэх мэтээр тайлбарласнаас өөрөөр няцааж чадаагүй байна. / хх 46,107 /

 

Зохигчдын хоорондын зээлийн гэрээний харилцааг анхан шатны шүүхээс зөв дүгнэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 200 000 төгрөгийг гаргуулсан нь зөв болжээ.

 

Харин газар ашиглах эрх буюу нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарласнаар гэрчилгээ худалдан авахаар 2 400 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр шилжүүлж, нэгэнт гэрээ хэрэгжээгүй тул уг мөнгийг буцаан гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар бичгийн баримтаар нотолсон байхад уг баримтын агуулгыг талуудын тайлбартай харьцуулан дүгнээгүй нь анхан шатны шүүхийн буруу юм.

 

Талуудын харилцан хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан баримтын агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлахад гэрчилгээг худалдан авах зорилгоор төлбөрт 2 400 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. Бичилтийн агуулга нь тодорхой ойлгомжтой, мөнгийг хүлээн авсан гэж хариуцагч гарын үсгээ зурсан, өөрийнх нь гарын үсэг мөн гэж зөвшөөрсөн.

 

Нэгэнт гэрээ хэрэгжээгүй, талуудын хүсэл зорилго биелэгдээгүй үйл баримт тогтоогдсон тул хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй юм. Хариуцагч нь энэ мөнгийг шилжүүлэн аваагүй, нэхэмжлэгч зохиомлоор өсгөж бичсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй. Хэргийн 6-7 дугаар хуудсанд өмнөх зээлийн харилцааг нотлох баримтуудыг 2009 онд талууд үйлдсэн байхад газрын үнэ гэх 2 400 000 төгрөгийн баримтыг тусад нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, хариуцагчийн тайлбар баримтаар няцаагдаж байна.

 

Харин хашааны үнэ  200 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд уг мөнгөний бичвэрийн доод хэсэгт талууд баримтжуулж гарын үсэг зураагүй тул нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон тул 2 400 000 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгчийн “мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээн авлаа гэх бичилтийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байхад нотлох баримтыг зөв үнэлсэнгүй” гэх гомдлыг хүлээн авч хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02674 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Заас 2 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “6 650” гэснийг “56 550” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                    ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД