| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2017/0095/Э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2017-08-09 |
| Зүйл хэсэг | 145.2., 148.2., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0095/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Гангантөгс, Д.Ганхуяг
Шүүгдэгч У.Түвшинбаяр, Б.Бямбацогт, Б.Жамъяндорж нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Уртнасангийн Түвшинбаяр, Боржигон овогт Баяраагийн Жамъяндорж, Жонон Ван овогт Баяраагийн Бямбацогт нарт холбогдох эрүүгийн 201623000283 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Баян-Ардарга сумын Дуулиг багт оршин суух, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 416 дугаар захирамжаар тэнссэн суллагдсан. 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2002 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 3 сарын 29-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 12 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуульд нийцүүлэн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар зүйлчилснийг 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, 145.2, 148.3-т зааснаар 5 жил 05 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн. Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй. Бичээч овогт Уртнасангийн Түвшинбаяр /РД: СЭ78122617/
Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 26-ны 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаас 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өршөөлийн хуулиар суллагдсан, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигон овогт Баяраагийн Жамъяндорж /РД: СА83041210/
Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Өргөөгийн 1-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 241 дүгээр зүйлд зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 28-р шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 жил 06 сарын хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Жонон Ван овогт Баяраагийн Бямбацогт /РД: СА79102818/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Уртнасангийн Түвшинбаяр, Баяраагийн Жамъяндорж, Баяраагийн Бямбацогт нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Ардарга сумын төвд байрлах иргэн Б.Гүрцогийн малын хашаанд нэвтэрч иргэн Г.Мөнгөншагайгийн 2 үхрийг хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч У.Түвшинбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 5-38 тоотод оршин суух иргэн Ц.Оюунцэцэгийн өмчлөлийн Huyndai Accent маркийн 66-40 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг залилан мэхлэн авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдэлээр шүүгдэгч У.Түвшинбаяр нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 3-01 тоот хашаанд оршин суух иргэн М.Отгонбаатарын өмчлөлийн Hyundai Accent маркийн 54-82 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг залилан мэхлэн авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч У.Түвшинбаяр, Б.Жамъяндорж, Б.Бямбацогт нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Ардарга сумын төвд байрлах иргэн Б.Гүрцогийн малын хашаанаас иргэн Г.Мөнгөншагайгийн 2 үхрийг хулгайлан 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч У.Түвшинбаяр нь ганцаараа 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 5-38 тоотод оршин суух иргэн Ц.Оюунцэцэгийн өмчлөлийн Huyndai Accent маркийн 66-40 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг залилан авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 3-01 тоот хашаанд оршин суух иргэн М.Отгонбаатарын өмчлөлийн Hyundai Accent маркийн 54-82 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг залилан авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Мөнгөншагайн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дөнгөж босож байхад ээж над руу утсаар залгаад танай 2 үхэр алга болсон байна мөрөөр нь хайгаад үзье хурдан ир гэж хэлсэн, тэгээд би аавынд очоод аав Гүрцог, ээж Алтанцэцэг нарын хамтаар үхрийн хашаанаас зүүн тийш мөрөөр нь хайгаад үзэхэд манай хашааны зүүн талаас ирээд буцаад явсан бакал, эсгий гутал өмссөн 2 хүний мөр байсан. Тэгээд манайхаас 200 метрийн орчимд нэг хонхорт ногоон падны хоёр өөр дугуйны мөр, жижиг суудлын автомашины мөр, мөн Портер машины мөр, орос бакалны мөр, даавууны өөдөс байсныг зургаар баримтжуулан авсан. Тэгээд цаашаа даавуу руу явахад 2 үхэрийн мөр араас нь туусан гэмээр түрийтэй гутал өмссөн хүний мөр байсан. Давааны орой дээр гараад замын хажуу талын ховил руу Портер машин ухарч ороод үхэр ачсан гэмээр мөр байсан ба хажуу талд нь энэ Портер маркийн машиныг татаж өгсөн гэмээр ногоон падны мөр байсан. Ногоон падны мөрийг хээгээр нь хайгаад судлаад үзэхэд тус сумын иргэн Түвшинбаяр гэдэг хүн ногоон падтай явсан байсан. Улаан халзан зүсмийн үнээ 8 настай, улаан халзан зүсмийн охин шүдлэн 3 настай им тэмдэггүй 2 тооны үхэр алдсан. Тус сумын иргэн Түвшинбаярын хэргийн газарт ногоон падны хоёр өөр дугуйны мөр байсан ба уг ногоон өнгөтэй пад трактор нь тэр портер маркийн машиныг татаж өгсөн мөр байсан. Тэгээд суманд падтай явсан хүмүүсийг судлаад үзэхэд Түвшинбаяр гэх хүн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хашаандаа падны дугуй буудсан гээд солиод байж байсан. Уг хэргийн эзэн холбогдогчийг тогтоож, алдсан 2 үхэрнийхээ хохирлыг төлүүлж авах саналтай байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35 хуудас/
Хохирогч Ц.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөх Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгай 5-38 тоотоос Түвшинбаяр гэх залуу миний өөрийн эзэмшлийн 66-40 БРА улсын дугаартай хуйндай акссент маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор соёолон эр үхэр авчирч өгнө гэж хэлээд авч явсан. Тэгэхдээ албан ёсоор гэрээ хийгээгүй. Би машинаа 1,500,000 төгрөгөөр зарна гэсэн чинь соёолон үхэр авчирч өгье гэхээр нь зөвшөөрч зөвшилцөж өгч явуулсан. 98339837 дугаарын утас руу нь залгаж ярихад энд тэнд явж байна гэж олон удаа худал хэлж байсан. 2016 оны 09 дүгээр сард Багануур дүүрэгт айлуудын хашаагаар машинаа байж магадгүй гээд хайсан чинь Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 3-07 тоотод миний машин байсан. Хэд хоногийн дараа нөгөө айлд очиж Отгонбаатар гэх залуутай уулзсан чинь миний машиныг тэр залуу аваад явсан. Би энэ машиныг барьцаанд авч үлдсэн. Миний машиныг 2 үхэр авчирч өгнө гэж хэлээд аваад явсан шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр залуу руу залгаад байлгаж байгаарай гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би хөдөөнөөсөө ирээд Отгонбаатар луу залгаж би одоо машинаа авмаар байна гэж хэлсэн чинь миний машин ирэхээс нааш одоо энэ машин асахгүй гэж хэлсэн. Одоо би өөрийн тээврийн хэрэгслийг 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Миний машины акумлятор, хайлшин обудтай 13-тай дугуй байгүй байсан. Бусад эд анги бүрэн байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би машинаа хүлээж авсан. Дугуй, акумлятор, хайлшин обуд хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 240-243 хуудас/
Хохирогч М.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай гэр болох Багануур дүүрэг 1 дүгээр хороо Хуцаагийн 3-07 тоот хуучин манайх байсан хашааны гадна ирж зогссон нөгөө залуу манай хашаанд орж ирээд миний машиныг хараад энэ хэний машин юм бэ гэж асуухаар нь минийх гэж хэлсэн. Нөгөө залуу машинаа зарчих гэхээр нь би таньж мэдэхгүй хүнд машинаа яаж өгөх юм бэ зарахгүй гэхэд би өөрөө унах гэж байгаа юм гэж хэлсэн. Энэ машиныг үлдээнэ гэж хэлээд хашаанд оруулж ирээд би энэ машины өртөгт үхэр авчирч өгнө гэж хэлээд машинаа тавиад баруун талын урд дугуй, масло, бензин, акумляторыг нь аваад явсан. Өөр машинаас авсан зүйл байхгүй. Би 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш Түвшин гэх залуутай 3 удаа утсаар ярихад удахгүй очно,, би хадланд гарсан байна, санаа зоволтгүй гэх зэргээр аргацаасаар байгаад өнөөдрийг хүрсэн. Түвшин гэх залуу миний машиныг худал хэлж авч явсан нь тодорхой байна. Миний машиныг шүдлэн үхэр, соёолон үхэр авчирч өгнө гэж хэлээд авч явсан. Би автомашиныг одоо 1,100,000 төгрөгөөр үнэлнэ. Би Түвшинбаяртай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай албан ёсны гэрээ хийгээгүй...”, “...Миний машины хайлшин обуд 4 ширхэг, дугуй нь байхгүй өөр төмөр обудтай дугуй байна. Машины урд талын 2 ширхэг гэрлэн дохио байхгүй байна, одоогийн байдлаар харахад машины урд талын салон салгасан, хаалганы самбаруудыг салгасан байна. Би машиныхаа юу нь байхгүй байгааг сайн мэдэхгүй байна гаднаас нь харахад дээрх эд зүйл байхгүй байна. Дотороо өөр юу ч алдагдсан юм билээ бас дээрээс нь үзлэг оношлогоо хоцорчихсон учир авто үнэлгээний газраас үнэлгээ гаргасан 1,100,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би тээврийн хэрэгслийг одоо авахгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 244-245 хуудас, 2хх-ийн 115-116 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 11 сард машинаа Жамъяандоржид 2,000,000 төгрөгөөр бодож зарахаар ярьж тохиролцож өгсөн боловч машины мөнгө өгөхгүй болохоор нь 2017 оны 02 дугаар сард цагаан сарын дараа машинаа буцааж авсан. Одоо энэ Жамъяандорж гэдэг хүнтэй бол ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Миний машины бичиг баримт өөр хүний нэр дээр байдаг, би машинаа 2012 онд хөдөөний хүнээс худалдаж аваад бичиг баримтаа шилжүүлээгүй байсан. Миний машины бичиг баримт Сүхбаатарын Золзаяа гэдэг хүний нэр дээр байгаа. Би машинаа 2,000,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/
Гэрч Б.Гүрцогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны шилжих шөнө улаан халзан зүсмийн үнээ, улаан халзан зүсмийн охин шүдлэн гэх им тэмдэггүй 2 тооны үхэрийг сумын төвд малын хашаанаасаа алдсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө би эхнэртээ ийм хоёр үхэр алга болсон байна. Мөнгөншагайд утсаар мэдэгд гэж хэлээд эхнэрийн хамт мөрөөр нь хайж үзэхэд манай хашааны зүүн талаас ирээд буцаад явсан орос бакал, эсгий гутал өмссөн 2 хүний мөр байсан. Тэгээд манайхаас зүүн тийш 200 метрийн орчимд нэг хонхорт тракторын хоёр өөр дугуйны мөр, ачаатай портер машины мөр, мөн орос бакалны мөр байсан тэгээд давааны орой дээр гараад замын хажуу талын ховил руу портер маркийн машин ухарч ороод үхэр ачсан гэмээр мөр байсан. Тэрний хажуу талд нь энэ портер маркийн машиныг татсан гэмээр мөр байсан. Манай хүү болох Г.Мөнгөншагай тус сумын Засаг даргыг аваачиж харуулж зургаар баримтжуулан авсан тэгээд тракторын мөрийн хээгээр хайгаад судлаад үзэхэд тус сумын иргэн Түвшинбаяр гэж хүн трактортай портер машиныг татаж өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/
Гэрч Т.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өөрийн нөхөр Гүрцогийн хамт Г.Мөнгөншагай гэх хүүгийнхээ малыг сумын төвд хардаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны шилжих шөнө улаан халзан зүсмийн үнээ, улаан халзан зүсмийн охин шүдлэн им тэмдэггүй 2 тооны үхэрийг сумын төвд хашаанаасаа хулгайд алдсан. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө Мөнгөншагай хүүдээ утсаар хэлээд нөхрийнхөө хамт мөрөөр нь хайж үзэхэд манай хашааны зүүн талаас ирээд буцаад явсан 2 хүний мөр байсан. Тэгээд манайхаас зүүн тийш 200 метрийн орчимд нэг хонорт тракторын хоёр өөр дугуйны мөр, ачаатай портер машины мөр, даавууны өөдөс байсныг зургаар баримтжуулан авсан тэгээд цаашаа хүний мөр байсан. Давааны орой дээр гараад замын хажуу талын ховил руу портер машин ухарч ороод үхэр ачсан гэмээр мөр байсан. Тухайн машины хажуу талд нь портер маркийн машиныг татсан гэмээр тракторын мөр байсан. Тракторын мөрийг хээгээр хайгаад үзэхэд тус сумын иргэн Түвшинбаяр гэж трактороор портер машиныг татаж өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/
Гэрч Н.Наранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Жамъяандорж Б.Бямбацогт нар нь 2 жижиг үхэр авчирсан нэгийг нь идшиндээ хэрэглэсэн, нэг нь хөдөө үхчихсэн гэсэн. 4 дүгээр баг баавай гэх газар манай аав дээр байсан. Өвөл үхсэн гэсэн яг хэзээ үхсэн талаар сайн мэдэхгүй байна. Аавын гэр хөдөө байдаг гэхдээ манайд өвөлжсөн. Хөдөө гэрлүүгээ ирж буцан байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/
Гэрч Д.Энхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын эхээр Түвшинбаяр гэх залуу манай эхнэр Оюунцэцэгийн эзэмшлийн акссент маркийн 66-40 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авна гэж хэлээд авч явсан. Тэрнээс хойш авчирч өгнө гэж хэлээд өдий хүрсэн. Тэгээд машинаа хайгаад явж байтал Багануур дүүрэг 1 дүгээр хороо Хуцаагийн 3-07 тоот хашаанд байсныг олоод хүмүүстэй нь уулзахад энэ машиныг үлдээсэн хүн манай машиныг 2 үхэр өгнө гэж хэлээд барьцаанд нь энэ машиныг үлдээгээд явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн ..../
Гэрч Г.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын зун өдрийг нь мэдэхгүй байна. Нөгөө залуу машинтайгаа ирээд машинаа хашаанд оруулж тавиад би танай хүүгийн машиныг авахаар боллоо, оронд нь машинаа үлдээгээд явлаа. Танай хүүд 2 үхэр авчирч өгнө гэж байсан. Мөн эхнэр төрсөн, ээж өвчтэй эмчилгээний зардлыг авчирч өгнө гэж ярьсан байсан. Тухайн үед хоёр машины копудыг сөхсөн байдалтай эд ангийг нь сольсон үгүйг мэдэхгүй. 2016 оны 09 сард нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр ирээд манай хүүд үлдээсэн саарал машиныг “...манай машиныг хөдөлгөж болохгүй шүү гэж хэлж байсан...”. Яг ямар дугаартай машин байсныг мэдэхгүй байна. Өнгө нь бол чернилин ягаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 2-3 хуудас/
Гэрч Ч.Оюунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны намар манай нөхөр Хурцбаатар Биндэр сумын харьяат Чулуунбилэг эгчтэй үхэрийн наймаа хийсэн. Тухайн үед 4-5 тооны үхэр авсан. Ингээд надад мөнгө байсан болохоор Чулуунбилэг эгч над руу утсаар яриад өөрийн охин Одонтуяа болон Наранчимэг, Цэцэгмаа нарын Хаан банкны данс руу 100,000 төгрөгөөс 300,000 төгрөгийн хооронд мөнгө шилжүүлж хамгийн сүүлд зөрөө мөнгө гэж Чулуунбилэг эгчид 250,000 төгрөг өгөөд Чулуунбилэг эгчтэй хийсэн үхэрийн наймаа дууссан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 117 хуудас/
Гэрч Ш.Чулуунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн үед би Наранчимэгийн Хаан банкны данс руу Биндэр сумын харьяат Оюунтуяагийн данснаас Наранчимэг рүү 250,000 төгрөг шилжүүлж өг гэж хэлсэн. Тухайн үед би Оюунтуяагийн нөхөр Хурцбаатартай 5 үхэрийн наймаа хийж Хурцбаатараас мөнгө авах авлагатай байсан юм. Тэгээд 2016 оны намар нь манай хүргэн Түвшинбаяр нада хандаж манай найз Жамъяндоржийн ээжийн бие муу байна гэнээ. Би хэдэн төгрөг найз руугаа явуулах хэрэгтэй байна гэхээр би хүргэндээ би мөнгө өгье харин дараа нь надад мөнгө өгөөрэй гэж хэлээд өөрийн утаснаасаа Оюунтуяа руу яриад Наранчимэг гэдэг хүний Хаан банкны дансны дугаарыг өгөөд Оюунтуяагаар Наранчимэгийн данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн. Би Наранчимэг гэдэг хүнийг огт танихгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 118-119 хуудас/
Гэрч М.Одонгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Биндэр сумын төвд өөрийн аксент маркийн машиндаа сэлбэг хайгаад явж байсан. Гэтэл хар Ганбаа надад нэг асдаггүй аксент байгаа зарна гэхээр нь харахаар очиход Биндэр сумын төв Доржнамжимийн Чулуун-Эрдэнэ гэдэг айлын хашаанд ягаан өнгийн аксент маркийн 54-82 БРА улсын дугаартай автомашин байсан. Тэгэхээр нь асуухад диск нь хий эргэсэн юм. Тэгээд харахад 4 дугуй нь хийгүй болсон, акумлятор байхгүй байсан. Тэгээд 500,000 төгрөг гэхээр нь хязаалан адуу өгье үнэ тохиролцоод аваад тэр хашаанаас нь чирээд Цолмонгийн хашаанд аваачаад тавьсан. Тэгээд хар Ганбаа адуугаа авна гээд очиж авч чадахгүй байсаар өдий хүрээд байгаа юм. Тэр машиныг анх Түвшинбаяр 2016 оны зун унаад ирсэн гэдгийг мэднэ, хаанаас хэнээс хэдэн төгрөгөөр худалдаж авч ирснийг мэдэхгүй юм. Би машинаас гадна талын 4 гэрлийн лампийг нь авсан, компьютер, кадушка гээд сэвчээнд байдаг юмыг нь авсан. Өөр зүйл аваагүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 120 хуудас/
Гэрч Ш.Одонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Түвшинбаяр ягаан өнгийн 54-82 БРА улсын дугаартай аксент маркийн автомашиныг унаж байгаад диск нь эвдрээд Биндэр сумын төвд манай хүргэн ах Хишигжаргалын хашаанд 2016 оны 08 сард тавиад үлдээсэн, тэрнээс хойш би тэр машиныг хараагүй...”, “...Тухайн үед би өөрийн нөхөр Түвшинбаярын хамтаар Хэнтий аймгийн Биндэр суманд ээжийнд байж байхад Жамъяандорж өөрийн эхнэр болон найз нарын хамтаар хөдөө гэрт маань ирсэн. Тухайн үед манай нөхөр “Ононгын ар” гэх газар хадлан дээр гарсан байсан. Тэгээд Жамъяандорж Түвшинбаяртай уулзаад Дадал явах гэтэл мөнгө төгрөг байхгүй гэж хэлэхээр нь Түвшинбаяр надад Жамъяандоржид бензиний мөнгө өгчих гэж хэлэхээр нь би Жамъяандоржийн машинд Баян-Адарга сумын төв ороод өөрийн виза картаар 40,000 төгрөгийн шатахуун хийж өгөөд бэлнээр 60,000 төгрөг Жамъяандоржид өгөөд явуулсан. Тухайн үед шатахуун түгээх станц дээр Алтжингоо гэдэг хүн байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 122 хуудас, 124-125 хуудас/
Гэрч Д.Хишигжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны зун манай эхнэрийн эгч Одонтуяа, нөхөр Түвшинбаярын хамт хоёулаа Баян-Адарга сумаас ягаан өнгийн аксент маркийн 54-82 БРА улсын дугаартай автомашин унаж ирээд диск нь эвдрээд тавьсан. Түүнээс биш бүгд бүрэн бүтэн зүгээр байсан. Тэгээд хар Ганбаа гэдэг хүн намайг байхгүйд өнгөрсөн хавар машинаар чирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 123 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Түвшинбаяр, Б.Жамъяндорж, Б.Бямбацогт нарын бүлэглэн, машин механизм ашиглан бусдын 2 үхрийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан,
Шүүгдэгч У.Түвшинбаярын ганцаараа иргэн Ц.Оюунцэцэг, М.Отгонбаатар нарын өмчлөлийн Huyndai Accent маркийн тээврийн хэрэгслийг давтан үйлдлээр залилан мэхэлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Түвшинбаяр, Б.Жамъяндорж, Б.Бямбацогт нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын 2 үхрийг хулгайлсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэ үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар “бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хассан бөгөөд шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй,
Мөн шүүгдэгч У.Түвшинбаярын ганцаараа иргэн Ц.Оюунцэцэг, М.Отгонбаатар нарын өмчлөлийн Huyndai Accent маркийн тээврийн хэрэгслийг давтан үйлдлээр залилан мэхэлж авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэ үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар “давтан үйлдсэн” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хассан бөгөөд шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тус тус тохирч байна.
Шинэ Эрүүгийн хуулийн дээрх зүйл ангиудад заасан ялын хэмжээ багассан байх тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б.Бямбацогт нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 жил 06 сарын хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар “ял оногдуулахгүйгээр тэнсэх, оногдуулсан болон үлдсэн ялуудыг бүгдийг нэмж нэгтгэх” тухай зохицуулсан нь уг хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүсгэж байгаа тул 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмын дагуу шүүгдэгчид ашигтайгаар буюу 2002 оны хуулиар тэнсэгдсэн ялыг нэмж нэгтгэлгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мөнгөншагайд 1.700.000 төгрөгийн, хохирогч Ц.Оюунцэцэгт 850.000 төгрөгийн, хохирогч М.Отгонбаатарт 1.100.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Г.Мөнгөншагайгийн хохирлыг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн төлүүлж, харин хохирогч Ц.Оюунцэцэг нь өөрийн машиныг буцаан авсан ба машиныхаа зарим эд зүйлүүдийг нэхэмжилж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангах боломжгүй, хохирогч М.Отгонбаатарын залилуулсан гэх 54-82 БРА улсын дугаартай Hyundai Accent маркийн тээврийн хэрэгслийг мөрдөн байцаалтын шатанд олж тогтоон битүүмжилсэн байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэнд нь буцаан олгож, хохирогч Ц.Оюунцэцэг, М.Отгонбаатар нар нь бусад хохирол, зардлуудаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Түвшинбаяр, Б.Жамъяндорж, Б.Бямбацогт нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-29 УБС улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбатын өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, Ч.Мөнхбатад буцаан олгох үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Жамъяндорж, Б.Бямбацогт нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байгаа ба тэдний хувийн байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах, шүүгдэгч У.Түвшинбаяр нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бичээч овогт Уртнасангийн Түвшинбаяр, Боржигон овогт Баяраагийн Жамъяндорж, Жонон Ван овогт Баяраагийн Бямбацогт нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Бичээч овогт Уртнасангийн Түвшинбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Түвшинбаяр, Б.Жамъяндорж, Б.Бямбацогт нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч У.Түвшинбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Түвшинбаярыг 6 сар, Б.Жамъяндоржийг 6 сар, Б.Бямбацогтыг 6 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Түвшинбарыг 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.
5. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Түвшинбаярт оногдуулсан 1 жилийн хорих, шүүгдэгч Б.Жамъяндорж, Б.Бямбацогт нарт оногдуулсан 6 сарын хорих ялуудыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн, 2017 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 63-29 УБС улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ч.Мөнхбатад, 54-82 БРА улсын дугаартай Hyundai Accent маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч М.Отгонбаатарт тус тус буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Hyundai Accent маркийн 54-82 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00528330 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн №0774552 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.Отгонбаатарт буцаан олгосугай.
8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүйг болохыг дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Түвшинбаяраас 566.667 төгрөг, шүүгдэгч Б.Жамъяндороос 566.667 төгрөг, шүүгдэгч Б.Бямбацогтоос 566.667 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Мөнгөншагайд олгож, хохирогч Ц.Оюунцэцэг М.Отгонбаатар нар нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Түвшинбаяр, Б.Жамъяндорж, Б.Бямбацогт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ