Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 112/ШШ2023/0004

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах  би  тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс  аймгийн ******* улсын байцаагч С.Цэд холбогдуулан гаргасан дүгнэлтийг  2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би тус аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч С.Ц нь “...Ш Ш А-ны шинжээч эмч Д.Б-ийн 2022 оны 7, 8, 9 дүгээр саруудын цалинг нийгмийн даатгалд тайлагнаагүй...” гэх 218/01 дугаартай зөрчлийн материалд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч хуулийн этгээд болох “Ш Ш А”-ыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 0009650 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250.000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

          Гэвч эрх бүхий албан тушаалтан С.Ц нь шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсандаа Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул гэж хуульд байхгүй зүйл хэсгийг бичиж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна гэж заасантай нийцээгүй байна.

          Мөн шийтгэлийн хуудсаар оногдуулсан 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250.000 төгрөгөөр торгох шийтгэлийн төлбөрийг төлөхөд Хаан банкны ....................дугаарын Говь-Алтай аймгийн ******* дансны дугаар бичсэн нь Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ын 2.15-т заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь оногдуулсан шийтгэлийн мөнгийг болон хохирол нөхөн төлбөрийн мөнгийг, мөн зөрчил үйлдэж олсон орлогыг /улсын төсөвт/ Төрийн сангийн, алдангийн төлбөрийг Нийгмийн даатгалын сангийн холбогдох дансанд тус тус төлнө” гэснийг зөрчсөн байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж зөвтгөх зайлшгүй шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан С.Цийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0009650 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

            Хариуцагч ******* улсын байцаагч С.Ц шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* байцаагч С.Ц би “Шүүх шинжилгээний алба”-ыг 2022 оны 12 сарын 14-ны өдөр 0009650 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17.4 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн боловч шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 17.4 гэж алдаа гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохиролын хэмжээнд тохирсон байна” гэж заасантай нийцээгүй тул уг шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

          Мөн шийтгэлийн хуудсаар оногдуулсан 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэлийн төлбөрийг төлөхөд ******* ХААН банкин дахь данс бичиж төвлөрүүлсэн нь МУ-ын ЗГ-ын 135 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.15-т заасныг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч оногдуулсан торгох шийтгэлийн төлбөрийг Төрийн сангийн ******* холбогдох дансанд төвлөрүүлж ажиллахаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь аймгийн ******* улсын хяналтын байцаагч С.Цийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0009650 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

         Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч ******* улсын хяналтын байцаагч С.Ц нь хүлээн зөвшөөрч байгаагаа  2023  оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

          Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

 

         Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Нийгмийн даатгалын хяналтын улсын байцаагч С.Ц шийтгэлийн хуудсыг Прокурорын дүгнэлтэд дурдсан Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг гэж өөрчилснөөр Ш  ш а-ыг 250 нэгжтэй

тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн торгуулийн мөнгөн дүн өөрчлөгдөхгүй Ш Ш Аны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. 

         Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан тус аймгийн Прокурорын газрын *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч С.Цийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0009650 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛБАДРАХ