Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/38

 

 

 

 

С.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Төмөртулга,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан /онлайнаар/,

Шүүгдэгч С.М,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа хянан шийдвэрлэсэн, 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/68  дугаар шүүгчийн захирамжтай С.Мд холбогдох 2034001960236 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч С.М нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах “Шанд” гэх газар 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Энхболдтой маргалдаж түүний биед зүүн мөрний гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/68 дугаартай шүүгчийн захирамжаар:

Шанагаш овгийн Санжаажамцын Мд холбогдох эрүүгийн 2034001960236 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, С.Мд холбогдох хэргийг Төв аймгийн Прокурорын газарт очтол шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг үндэслэн дахин шинжилгээ хийлгэхээр 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 547 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу гаргасан байна.

Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан болох "шинжээч нар биелүүлээгүй" байхад дахин шинжээч томилохоор хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй, прокуророос дахин шинжээч томилох боломжгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж, дахин томилсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, шүүгчийн захирамжийг хангуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон прокурор Б.Мөнхтулга гаргасан дүгнэлтдээ: Шинжээч томилсон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна. Хэрэг прокурорт буцлаа гэхэд дахин шинжээч томилох боломжгүй байгаа. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Мд холбогдох эрүүгийн 2034001960236 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гараагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 03-ны өдрийн 547 дугаартай шүүгчийн захирамжаар С.Мд холбогдох хэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарыг томилсон байна.

Шүүгчийн дээрх захирамжид шинжилгээ хийлгэхээр заасан ажиллагааг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хийгээгүй байхад түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр шүүгдэгч С.Мд холбогдох эрүүгийн 2034001960236 дугаартай хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шинжээч томилсон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байсаар байхад хэргийг прокурорт буцааж хохирогч Х.Энхболдын эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсны дараа С.Мгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаархааргүй байна.

Энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй байх тул хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/68 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч С.Мд холбогдох эрүүгийн 2034001960236 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХДАВАА

 

 

    ШҮҮГЧИД                                                  Т.ЭНХМАА

 

 

                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ