| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2022/01329/И |
| Дугаар | 135/шш2022/01564 |
| Огноо | 2022-11-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 135/шш2022/01564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/01329/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******х дүүрэг, **-р хороо, Ц***аа ам***ан хотхон, **-*, *-* тоот хаягт байрлах З с г ХХК /РД: 66****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *-р баг, *******ы *-р гудамж, *** тоотод оршин суух Д овогт Гийн Т /РД: Т*86******, утас: 80******/-т холбогдох
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №2110131 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 106,199,443 төгрөг, тус гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор учирсан хохиролд 1,659,688 төгрөг, нийт 107,859,131 төгрөг гаргуулах, 241 ширхэг хэв хашмалыг биет байдлаар тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З с г ХХК-ийн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З с г ХХК нь хариуцагч Г.Ттай 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр №21***31 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу Г.Т нь нэхэмжлэгчээс 60х120, 50х120, 40х120, 30х120, 20х120 хэв хашмалууд, дотор болон гадна булан зэрэг нийт 1356 ширхэг барилгын материалыг түрээслэхээр болсон байдаг. Хариуцагч Г.Т нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулахад барилгын материалын түрээсийн төлбөрт 10,255,500 төгрөгийг төлсөн бөгөөд мөн оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7,711,500 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хариуцагчид түрээслүүлэхээр бэлтгэсэн байсан бөгөөд материалын түрээсийн төлбөрийг төлж, нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр материалыг тээвэрлэх ёстой байсан ч хариуцагч Г.Т нь тухайн үед тээврийн жолооч хийж байсан жолоочтой тохиролцон, түрээсийн төлбөр төлөлгүй, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр тээвэрлүүлэн авсан байдаг. Хариуцагч Г.Т нь Барилгын туслах материал түрээслэх гэрээний 2.1-т Энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд, зохих үнийн дүнгээр түрээсийг сар бүр төлөх гэж заасан үүргээ биелүүлээгүй. Г.Тогтохбаатар нь ийнхүү барилгын матерал авч явснаас хойш 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх нийт 192 хоногийн түрээсийн төлбөр болон 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №2110121 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.3-т Түрээслэгч түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойшхи эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тус гэрээний хавсралт №1-т заасан худалдах үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүх л зардлыг мөн хамруулан төлнө, 7.4-т Түрээслэгч нь эд зүйлийг эвдсэн тохиолдолд дахин засварлахад зориулж тухайн эд зүйлийг хавсралт №1-т заасан үнийн дүнгийн 100 хувиар бодож төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг сэргээн засварлахаар хүргэсэн буюу тээвэрлэсэн ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг хамруулан төлнө гэж зааснаар хэв хашмал, паннер эвдэрсэн үнийн дүн 10,678,000 төгрөг, гагнуур 345,000 төгрөг, 249 ширхэг хэв хашмалын актын үнэ 19,664,000 төгрөг бөгөөд мөн барилгын туслах материалын түрээсийн төлбөрийн хамт нийт 110,324,863 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс гэрээ байгуулахад түрээсийн төлбөрт төлсөн 10,255,500 байх тул барилгын материал түрээсийн төлбөрт 100,069,363 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Мөн барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2-т ...тус гэрээний хавсралт №2-т заасан түрээсийн нийт үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 192 хоногийн алдангид 6,130,080 төгрөг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч Зайсан сутай групп ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Г.Таас барилгын туслах материалуудыг буцаан авахаар Улаанбаатар хотоос Орхон аймгийн Эрдэнэт хот руу очиж, барилгын туслах материалуудыг буцаан авсан бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардал 1,659,688 төгрөгийг /шатахуун 759,688 төгрөг, тээврийн жолоочийн хөлс 900,000 төгрөг/ гэрээний үүрэг зөрчсөний хохиролд гаргуулан авах эрхтэй гэж үзэж байна.
Иймд №21***31 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээний түрээсийн төлбөрт 100,069,363 төгрөг, алдангид 6,130,080 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 1,659,688 төгрөг, нийт 107,859,131 төгрөгийг хариуцагч Г.Таас гаргуулж, З с г ХХК-д олгож, хохиролгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага өгсөн тайлбартаа: ...Манай байгууллага 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №202***13 гэрээг байгуулан 1356 ширхэг хэв хашмал /пум/ түрээслэн Эрдэнэт хот Гранд гардан орон сууцны хотхоны барилгын талбайд ашиглаж эхэлсэн. Гэрээний дагуу ашиглах явцад барилгын санхүүжилт хүндэрч төлбөр тооцоо хийж чадаагүй. Төлбөр тооцооны асуудлаас үүссэн маргаан гарч эхэлсэн. Манай байгууллага гэрээт ажлаа гүйцэтгэж дуусаагүй байхад З с г ХХК-ийн ажилчид амралтын өдрөөр /бүтэн сайнд/ барилгын талбайгаас хүчээр барилгын материал болох хэв хашмалаа /пум/ манай байгуулагаас хариуцсан ажилтан байхгүй байхад ачиж авч явсан. Ачиж явахдаа барилгын манаачид тоо ширхгийг хянуулахгүй барилгын талбайгаас хэв хашмал /пум/ авч явсан. Манай зүгээс удаа дараа барилгын талбайд хэв хашмал /пум/ тоо ширхэгээрээ байгаа гэдгээ 99999824 дугаартай холбогдон мэдэгдэж байсан бөгөөд барилгын талбайгаас 1356 хэв ачих байснаас 249 ширхэг дутсан гэдэг шалтгаанаар намайг дарамталж эхэлсэн ээжийнд чинь, танайд очно гэх мэтээр муу муухай үгээр хэлж заналхийлсэн. Дээрхи 249ш хэв хашмал дутсантай холбоотой манай байгууллага Орхон аймгийн Цагдаад хулгайд алдсан гэж гомдол гарган шалгуулж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хоёр талаас барилгын хэв хашмал хүлээлгэн өгсөн хүлээн авсан хүээлцсэн баримт акт байхгүйд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнтэй санал нийлэхгүй бөгөөд нэхэмжилсэн төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал гэрээний 7.4-т заасан 249ш хэв хашмалыг акт үйлдэн манайд 19.664.000 төгрөгийг нэхэмжилсэн төлбөр нь хулгайд алдсан бөгөөд өөрсдөө ачиж явсан байхыг ч бид үгүйсгэхгүй байна...
...З с г ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь хариуцагчаар Э х к ХХК бүрэн хариуцах бөгөөд байгууллага хоорондын гэрээг үндэслэн оршин суугаа харьяаллын дагуу ажлын байр түрээслэх гэрээнд заагдсан хаягт байнгын үйл ажиллагаа эрхэлж байна. Нэхэмжлэлийг харьяаллын дагуу шийдвэрлэж өгнө үү. З с г ХХК-иас барилгад хэрэглэдэг пум сапуд түрээслэн ажилласан. Дээрхи түрээсэлсэн пум сапудыг манай ажилчид болон надад мэдэгдэхгүй барилгын талбайгаас авч явсан. Манай зүгээс өөрийн биеэр болон албан хаагч томилж хүлээлгэн өгнө гэсэн боловч З с г ХХК-ийн ажилчид дур мэдэн түрэмгийлэн ачиж явсан. Ачиж явахдаа пумны тоо ширхгийг тодорхойгүй авч явсан бөгөөд манайхаас нэмж мөнгөн төлбөрийг нэмэгдүүлж нэхэмжилж байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилгын талбайгаас пум сапуд хулгайд алдсан асуудалд З с г ХХК-н авч ачиж явсан пумаа худал мэдүүлж явсан гэж манай зүгээс хардаж байна. Манай байгууллагын ажилтан албан хаагч нярав нягтлан болон Г.Т надтай тооцоо нийлсэн акт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад хэв хашмал түрээсэлсэн гэрээ байгуулсан түрээсийн компанид тоо ширхгийг хоёр талын байгууллагын ажилчид байлцуулан тоо ширхгийг хүлээлгэн өгсөнд маргаан одоог болтол гараагүй байна. Дээрхи пумыг ачиж явахдаа манай зүгээс ажилтан албан хаагчдыг байлцуулан хүлээлгэн өгсөн акт үйлдсэн бол бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйл манай зүгээс байхгүй. Миний бие Улаанбаатар хот ****** дүүрэг, **-р хороо **б-** тоотод оршин суудаг. гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсаргасан материал, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зайсан сутай групп ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, З с г ХХК-ийн дүрэм, барилгын туслах материал түрээслэх гэрээ, гэрээний хавсралт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариуцагчийн хариу тайлбар, хүсэлт, бэлтгэн нийлүүлэгч З с г ХХК болон Г.Тт эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, зарлагын баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч З с г ХХК нь хариуцагч Г.Тт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт хэв хашмал, паннер эвдэрсэн үнийн дүн 10,678,000 төгрөг, гагнуур 345,000 төгрөг, 249 ширхэг хэв хашмалын актын үнэ 19,664,000 төгрөг бөгөөд мөн барилгын туслах материалын түрээсийн төлбөрийн хамт нийт 110,324,863 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс гэрээ байгуулахад түрээсийн төлбөрт төлсөн 10,255,500 төгрөг байх тул барилгын материал түрээсийн төлбөрт 100,069,363 төгрөг, 192 хоногийн алдангид 6,130,080 төгрөг, барилгын туслах материалуудыг буцаан авахаар Улаанбаатар хотоос Орхон аймгийн Эрдэнэт хот руу очиж, барилгын туслах материалуудыг буцаан авсан бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардал 1,659,688 төгрөгийг /шатахуун 759,688 төгрөг, тээврийн жолоочийн хөлс 900,000 төгрөг/, нийт 107,859,131 төгрөгийг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нь гэрээний дагуу түрээслүүлсэн 1356 ширхэг хэв хашмалаас дутсан 241 ширхэг хэв хашмалыг хариуцагч Г.Таас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
2.Хариуцагч Г.Т манай зүгээс өөрийн биеэр болон албан хаагч томилж хүлээлгэн өгнө гэсэн боловч З с г ХХК-ийн ажилчид дур мэдэн түрэмгийлэн ачиж явсан, ачиж явахдаа пумны тоо ширхгийг тодорхойгүй авч явсан бөгөөд манайхаас нэмж мөнгөн төлбөрийг нэмэгдүүлж нэхэмжилж байгаад хүлээн зөвшөөрөхгүй, барилгын талбайгаас пум сапуд хулгайд алдсан асуудалд З с г ХХК-ийн авч ачиж явсан пумаа худал мэдүүлж явсан гэж манай зүгээс хардаж байна, манай байгууллагын ажилтан албан хаагч нярав нягтлан болон надтай тооцоо нийлсэн акт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 5123 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн төлөөлөгч Г.Тын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
4.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 21***** дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хэв хашмал 60*120 466 ширхгийг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 3,844,500 төгрөг, хэв хашмал 50*120 55 ширхгийг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 453,750 төгрөг, хэв хашмал 20*120 17 ширхгийг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 140,250 төгрөг, дотор булан 20*20 16 ширхэг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 132,000 төгрөг, гадна булан 2,4 30 ширхэг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 247,500 төгрөг, нийт бараа материалын тоо 774 ширхэг, сарын нийт түрээс 6,385,500 төгрөг, барьцаа 3,870,000 төгрөг, нийт 10,255,500 төгрөг өгч түрээслэн тохиролцож гэрээ байгуулжээ. /хавтаст хэргийн 14-23-р тал/
Мөн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 50*120 пум 100 ширхгийг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 825,000 төгрөг, 40*120 пум 100 ширхгийг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 825,000 төгрөг, 30*120 пум 87 ширхгийг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 717,750 төгрөг, 20*120 пум 160 ширхгийг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 1,320,000 төгрөг, 10*10 булан 60 ширхгийг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 495,000 төгрөг, 2,4 ингел 49 ширхгийг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 404,250 төгрөг, 2,4 ингел 11 ширхгийг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 90,750 төгрөг, 20*20 булан 15 ширхгийг нэг хоногийн түрээс 275 төгрөг, сарын 123,750 төгрөг, барьцаа 2,910,000 төгрөг өгч 582 ширхэг хэв хашмалыг нэмж түрээслэсэн нь хэрэгт авагдсан зарлагын баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 24-р тал/
Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан эд хөрөнгө түрээслэх гэрээний төрөлд хамаарах бөгөөд хариуцагч нь бараа, материалыг ашиг олох зорилгодоо ашиглаж байсан, сар бүр төлбөрийг төлөхөөр тохирсон түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
5.Хариуцагч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагч Г.Т нь ...Манай зүгээс өөрийн биеэр болон албан хаагч томилж хүлээлгэн өгнө гэсэн боловч З с г ХХК-ийн ажилчид дур мэдэн түрэмгийлэн ачиж явсан. Ачиж явахдаа пумны тоо ширхгийг тодорхойгүй авч явсан бөгөөд манайхаас нэмж мөнгөн төлбөрийг нэмэгдүүлж нэхэмжилж байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа гаргаж өгсөн нотлох баримтаар 2022 оны 05 дугаар сарын 02, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдийн хэв хашмалыг буцаан авахдаа үйлдсэн баримтад хүлээлгэн өгсөн эд хариуцагч Батбаяр гэсэн гарын үсэг зурагдсан, энэ нь Г.Тын ажилтан гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй юм. Учир нь хариуцагч Г.Т нь манай ажилтан биш гэж маргаагүй, энэ талаар талууд маргаангүй байна.
Мөн хариуцагч нь 249ш хэв хашмалыг хулгайд алдсан цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа гэсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Г.Т нь хариуцагчаар Э х к ХХК бүрэн хариуцах бөгөөд байгууллага хоорондын гэрээг үндэслэн оршин суугаа харьяаллын дагуу ажлын байр түрээслэх гэрээнд заагдсан хаягт байнгын үйл ажиллагаа эрхэлж байна. гэсэн боловч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №21***31 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээнд түрээслэгч Г вогтой Т гэж гарын үсэг зурсан, мөн гэрээний хавсралт 2-т Г овогтой Т гэж гарын үсэг зурснаас үзэхэд Э х к ХХК-тай гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймд З с г ХХК болон Г.Т нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.
6.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д анзын гэрээг бичгээр байгуулна гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-д Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хуцгацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол тус гэрээний хавсралт 2-т заасан түрээсийн нийт үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заажээ.
Нэхэмжлэгч нь 192 хоногийн алданги 6,130,080 төгрөгийн алданги шаардсан, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй байна.
7.Мөн талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 10.1-т Гэрээний үйлчлэх хугацаа 2021.10.13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл байна, 10.2-т Гэрээний үйлчлэх хугацааг хоёр тал тохиролцсоноор бичгээр сунгаж болно, 1.2-д Түрээслэгч нь гэрээний хавсралт №2-т заасан барилгын туслах материалыг мөн гэрээний 10 дугаар зүйлд заасан хугацаагаар түрээслэх ба гэрээг сунгах шаардлагатай болсон тохиолдолд түрээслэгч талд 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ, 1.3-т Энэ гэрээний 1.2, 2.16 дахь хэсэгт зааснаар бичгээр мэдэгдээгүй тохиолдолд үл маргах журмаар түрээслэгч талын буюу нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг татан авах бөгөөд уг үйл ажиллагаатай холбогдон гарсан зарлыг түрээслэгч тал бүрэн хариуцна, 7.10-т Түрээсийн гэрээний хугацааг 7 хоногоос дээш хожимдуулсан бол түрээслүүлэгч гэрээг дангаар цуцалж өөрч учирсан хохирлыг арилгахыг шаардана гэж заасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэнтэй нийцжээ.
Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч нь гэрээний 7.10-т зааснаар гэрээг дангаар цуцалж өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 741 хэв хашмал, мөн өдөр 180 хэв хашмал, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 205 хэв хашмал авснаас 95 хэв хашмал нь Э х х ХХК-ийнх байсан тул тухайн компанид хүлээлгэн өгсөн нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зарлагын баримтаар, Э х х ХХК нь мөн зөрүүлэн авч явсан байсан 84 ширхэг хэв хашмалыг нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгсөн нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зарлагын баримтаар тус тус тогтоогдсон. /741+180+205+84=1210-95=1115, 1356-1115=241 буюу дутсан хэв хашмал/
8.Түүнчлэн, мөн гэрээний 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол тус гэрээний хавсралт 2-т заасан түрээсийн нийт үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө, 7.3-т Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа матераиалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахааргүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг хавсралт 1-д заасан худалдах үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамруулан төлнө, 7.4-т Түрээслэгч нь эд зүйлийг эвдсэн тохиолдолд дахин засварлахад зориулж тухайн эд зүйлийг хавсралт 1-д заасан үнийн дүнгийн 100 хувиар бодож төлөх үүргийн хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг сэргээн засварлахаар хүргэсэн буюу тээвэрлэсэн ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг хамруулан төлнө. гэж тус тус заасан бөгөөд түрээсийн зүйлийг буцаан авахад гарсан зардал 1,659,688 төгрөг, гагнуур 345,000 төгрөг, хэв хашмал, паннер эвдэрсэн үнийн дүн 10,678,000 төгрөг, 249 ширхэг хэв хашмалын актын үнэ 19,664,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь талуудын гэрээнд заасан нөхцөлөөр илэрхийлэгдсэн, хуульд нийцсэн, хэрэгт авагдсан барилгын материалын түрээсийн тооцоо нийлсэн акт хавсралтаар 2021 оны 10 дугаар сарын 13, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдээс 2022 оны 05 дугаар сарын 02, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдийг хүртэлх буцаан авсан 1115 ширхэг хэв хашмалын түрээс 60,828,625 төгрөг /522ш*201 хоног*275=28,853,550 төгрөг, 388ш*194 хоног*275=20,699,800 төгрөг, 88ш*204 хоног*275=4,936,800 төгрөг, 117ш*197 хоног*275=6,338,475 төгрөг/, 2021 оны 10 дугаар сарын 13, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буцааж аваагүй байгаа хэв хашмал 241 ширхэгийн түрээс 17,149,550 төгрөг /164ш*261 хоног*275=11,771,100 төгрөг, 77ш*254 хоног*275=5,378,450 төгрөг/, 1356 ширхэг хэв хашмалын нийт түрээс 77,978,175 төгрөг гэсэн нь санхүүгийн тооцоо нийлсэн акт баримтаар нотлогдон тогтоогдож байна.
9.Харин гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 1,659,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс тодруулахад энэ талаарх баримтыг гаргаж өгөх боломжгүй байсан талаар тайлбарладаг.
Иймд, хариуцагч Г.Таас 1356 ширхэг хэв хашмалын нийт түрээс 77,978,175 төгрөг, хэв хашмалын эвдрэл, паннерийн 10,678,000 төгрөг, гагнуур 345,000 төгрөг, 249 ширхэг хэв хашмалын актын үнэ 19,664,000 төгрөг, нийт 108,665,175 төгрөг, үүнээс түрээсийн төлбөрт төлсөн 10,255,500 төгрөгийг хасаж 98,409,675 төгрөг, 192 хоногийн алданги 6,130,080 төгрөг, нийт 106,199,443 төгрөг, 241 ширхэг хэв хашмалыг биет байдлаар гаргуулан нэхэмжлэгч Зайсан сутай групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүрэг зөрчсөн улмаас учирсан хохиролд 1,659,688 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 697,245 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 70,200 төгрөг, нийт 767,445 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Таас 688,947+70,200=759,147 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З с г ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Таас 106,199,443 төгрөг, 241 ширхэг хэв хашмал /60*120 хэмжээтэй 164 ширхэг, 50*120 хэмжээтэй 37 ширхэг, 30*120 хэмжээтэй 5 ширхэг, 20*120 хэмжээтэй 2 ширхэг, Булан 10*10 хэмжээтэй 4 ширхэг, Ингел 2,4-тэй 29 ширхэг/-ыг биет байдлаар гаргуулан нэхэмжлэгч З с г ХХК-д олгож, нэхэмжлэлээс гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 1,659,688 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч З с г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Таас 759,147 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З с г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС