Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 147/ШШ2022/00074

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .................. тоотод оршин суух, /утасны дугаар ............./, ........ овогт ******* *******

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ................. хорооллын ............ тоотод оршин суух, /утасны дугаар ...................../, ............ овогт ******* *******

Нэхэмжлэлийн шаардлага: Цалингийн зээлийн үлдэгдэл 8,016,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*******

Хариуцагч: С.*******

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Ариунболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмар

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан Талийгаач, нөхөр *******ын цалингийн зээлийн үлдэгдэл 8,016,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 63 тоот шийтгэх тогтоолоор С.*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 279 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Гэмт хэрэг гарах үед талийгаач нөхөр маань ХААН банкнаас цалингийн зээлтэй байсан. Цалингаасаа сар бүр суутгуулж төлдөг байсан. Нас барах үеийн үлдэгдэл 8.016.730 төгрөг байсныг би одоо сар бүр өөрийн тэтгэврээс төлж байгаа учраас амьдрал ахуйд маань хүнд тусч байна.

Хэрэв нөхөр маань *******ы буруугаас амь насаа алдаагүй, амьд сэрүүн, ажил төрлөө хийгээд явж байсан бол надад зээлийн төлбөрийн дарамт ирэхгүй, бид элэг бүтэн, аз жаргалтай амьдарч байх байсан. Шийтгэх тогтоолоор Ц.******* нь хохирогчийн цалингийн зээлийн үлдэгдэл 8,016,730 төгрөгийг ... гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан.

Ийм учраас талийгаач нөхрийн минь цалингийн зээлийн үлдэгдэл 8,016,730 төгрөгийг С.*******аас гаргуулан хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

2. Хариуцагч С.******* хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч С.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбар гаргаж байна.

С.******* намайг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.4-т заасныг тус тус зөрчсний улмаас талийгаач *******ыг мөргөж амь насыг хохироосон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Уг шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар С.******* болон иргэний хариуцагч Х.Одончимэгээс тус бүр нь 5,375,228 төгрөгийг гаргуулж хохиролд талийгаачийн гэр бүлийн гишүүн хохирогчоор тогтоогдсон Ц.*******д олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлыг учруулсан тул амь хохирогчийн ар гэрт оршуулгын зардлыг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-р зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлсон бөгөөд амь нас алдсан хүний хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь оршуулгын зардал байх бөгөөд эрүүл мэндтэй холбоотой эмчилгээний зардал, цаашид гарах эмчлэх зардлыг нэхэмжлэхэд адил олгогдох боломжгүй, талийгаач нас барснаар түүнд шууд учирсан хохирол нь оршуулга болон түүнтэй холбоотой зардлыг нөхөн төлөх юм.

Талийгаач ******* нь нас барахаас өмнө цалингийн зээлтэй байсан бөгөөд хамтран зээлдэгчээр түүний эхнэр Ц.******* байсан ба тэдгээрийн цалингийн зээл банкнаас авч, ахуй амьдралдаа зарцуулсан нь эрүүгийн хэрэгт хамааралгүй, цалингийн зээлээ хуваарийн дагуу төлж байсан нь зээлийн гэрээнд заасан үүргийн асуудал юм.

Өөрөөр хэлбэл цалингийн зээлийн гэрээнд С.******* ямар нэгэн үүрэг хүлээх боломжгүй, тэрээр энэхүү зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг зарцуулж хариуцах хүн нь хууль буюу гэрээгээр аль алинаар нь биш байхад нэхэмжлэгч нь С.*******аас цалингийн зээлтийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөх үлдэгдэл болох 8,016,730 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Цалингийн зээл банкнаас 48 сараас дээш хугацаагаар олгоддог бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс цалингийн зээлийг авсан гэж үзвэл 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар цалингийн зээлийн гэрээний хугацаа дуусч, хамтран зээлдэгч Ц.******* нь нэхэмжлэлтэй зээлийн гэрээг төлж дуусгасан тул нөхөн авах хүсэлтийг илэрхийлсэн байдаг. Үүнээс үзэхэд уг зээлийн гэрээнд заасан үүргээ хамтран зээлдэгч Ц.******* төлж барагдуулж дуусгасан байх бөгөөд зээлийн гэрээнд С.******* үүрэг хүлээх боломжгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч Ц.*******гийн зүгээс нэхэмжлэл, гэрлэлтийн баталгааны хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, ХААН банкны 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 250 дугаартай Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолтын хуулбар, ХААН банкны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримт, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ХААН банк болон зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.******* нарын хооронд байгуулсан ЗГ201843646167 дугаартай Зээлийн гэрээ-ний хуулбар, зээлийн гэрээний хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ХААН банк болон барьцаалуулагч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.******* нарын хооронд байгуулсан БГ201843646167 дугаартай Барьцааны гэрээ-ний хуулбар, *******ын 5630490853 дугаартай Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 279 дугаартай тогтоолын хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

4. Хариуцагч С.*******ы зүгээс хариу тайлбар болон өмгөөлөгч Т.Ариунболдтой 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ-г шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 63 тоот шийтгэх тогтоолоор С.*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 279 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хэрэв нөхөр маань *******ы буруугаас амь насаа алдаагүй, амьд сэрүүн, ажил төрлөө хийгээд явж байсан бол надад зээлийн төлбөрийн дарамт ирэхгүй байх байсан. Шийтгэх тогтоолоор Ц.******* нь хохирогчийн цалингийн зээлийн үлдэгдэл 8,016,730 төгрөгийг ... гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан тул талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 8,016,730 төгрөгийг С.*******аас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарладаг.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талийгаач ******* нь нас барахаас өмнө цалингийн зээлтэй байсан бөгөөд хамтран зээлдэгчээр түүний эхнэр Ц.******* байсан ба тэдгээрийн цалингийн зээл банкнаас авч, ахуй амьдралдаа зарцуулсан нь эрүүгийн хэрэгт хамааралгүй, цалингийн зээлээ хуваарийн дагуу төлж байсан нь зээлийн гэрээнд заасан үүргийн асуудал юм. Өөрөөр хэлбэл цалингийн зээлийн гэрээнд С.******* ямар нэгэн үүрэг хүлээх боломжгүй, тэрээр энэхүү зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг зарцуулж хариуцах хүн нь хууль буюу гэрээгээр аль алинаар нь биш байхад нэхэмжлэгч нь С.*******аас цалингийн зээлтийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөх үлдэгдэл болох 8,016,730 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ201843646167 дугаартай Зээлийн гэрээ-гээр зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.******* нар нь ХААН банкны Сүхбаатар салбараас 8,775,858 төгрөгийн зээлийг цалинийн зээл зориулалтаар жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

5. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 279 дугаартай тогтоолын хуулбараар Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч хатгин овогт ******* *******ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д хариуцлага тооцсон байна.

 6. Дээрх хэргийн улмаас зээлдэгч ******* нас барсан байх бөгөөд зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.******* нь зээлийн төлбөрийг төлж байсан болох нь ХААН банкны 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 250 дугаартай Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн иргэн Ц.******* нь өөрийн нөхөр болох талийгаач *******ын ХААН банкин дахь цалингийн зээлийг төлж байгаа нь үнэн болно. гэх тодорхойлолт, ХААН банкны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.

 

7. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж, мөн зүйлийн 242.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж тус тус зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч Ц.******* үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэх үүрэгтэй байна.

8. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ. гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтаар нэхэмжлэгч Ц.******* болон хариуцагч С.******* нарын хооронд цалингийн зээл төлөх эсэх талаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.*******д холбогдох цалингийн зээлийн үлдэгдэл 8,016,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 143,217 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн хариуцагч С.*******д холбогдуулан гаргасан цалингийн зээлийн үлдэгдэл 8,016,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 143,217 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ................. Ц.ЭРДЭНЭЗУУ