2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1858

 

 

 

 

 

 

 

 

 

2025       07          30                             2025/ШЦТ/1858

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овогт Б-ийн Гт холбогдох эрүүгийн 2506 00479 1622 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ************ тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ************** тоотод оршин суух, урьд

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан,

********* овогт Б-ийн Г /регистрийн дугаар: ******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** тоотод оршин суух хохирогч Д.Дын байнга амьдрах орон байранд нэвтэрч, 26 нэр төрлийн эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид нийт 4,011,520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12-р хуудас/,

Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч А.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

Дамно ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 452 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-43-р хуудас/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 121-р хуудас/,

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 110-111-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2506 00479 1622 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Р.Машлай: “...шүүгдэгч Б.Г нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** тоотод оршин суух хохирогч Д.Дын байнга амьдрах орон байранд нэвтэрч, хохирогчийн 26 нэр төрлийн эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид нийт 4,011,520 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах…” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** тоотод оршин суух хохирогч Д.Дын орон байранд нэвтэрч, 26 нэр төрлийн 4,011,520 төгрөгийн эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны ************ тоот гэх төмөр хаалгатай 4 тал модон хашаа байх бөгөөд төмөр хаалгаар дотогш ороход хашааны зүүн хойд буланд урд зүг рүү харсан 3 ширхэг вакум цонхтой 1 давхар цагаан өнгийн байшин байв....байшингийн зүүн талд байрлах модон хаалга хагас нээлттэй, дотогш ороход цагаан өнгийн модон хүрээтэй цонх гаднаас дотогш чиглэлтэй байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Хохирогч Б.Дын “... 2024 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо ******* тоот гэрээсээ гараад явсан бөгөөд манай гэрт охин гурван зээгийн хамт үлдсэн бөгөөд 08 цаг 50 минутын орчимд манай охин бага хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явсан 12 цаг 48 минутын орчимд манай хоёр зээ хичээлдээ явсан байх бөгөөд 12 цаг 48 минутаас хойш гэр хүнгүй гэрээ түгжээд явсан. Орой 16 цаг 50 минутын орчимд манай охин болох Золзаяа нь гэртээ ирэхэд том өрөөний цонхны хөшиг хөдлөхөөр нь очиж үзсэн гэсэн, тэгээд байшин руугаа орох гээд таампарлуугаа орох гэхэд таампарны цоожийг эвдэлсэн таампар дотор байх байшингийн цонхийг хагалж орсон байсан, тэгээд манай охин гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороход өөдөөс нь үл таних эрэгтэй хүн урдаас нь түлхэж унгаагаад гараад зугтаасан, тэгээд манай охин араас нь хөөгөөд барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч А.З-гийн “... 2024 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед ажилтай гараад явсан байсан... Тэгээд би орой 17 цагийн үед би хүүхэдтэйгээ гэртээ ирсэн. Ирээд хашааны хаалгаар орж байх үедээ манай байшингийн цонхоор нэг хүн хараад гэрийн хөшиг нь хөдлөөд байх шиг болсон. Тэгэхээр нь би нээх юм бодоогүй гэрийнхээ гадна талын хаалгыг онгойлгох гээд түлхүүрээ гаргаж ирээд харсан чинь манай гадна талын хаалганы цоожийг эвдсэн байсан. Тэгээд би шууд дотор талын хаалгыг онгойлгоод гэр луу орох үедээ миний урдаас нэг эрэгтэй хүн гарч ирээд шууд намайг түлхэж унгаагаад, гараад зугтаасан. Тэгэхээр нь би босоод араас нь хөөсөн чинь нөгөө хүний урдаас нь хоёр эрэгтэй хүн гарч ирэхээр нь би "хулгайч байна бариад аваарай" гэж орилсон чинь нөгөө хоёр ах нөгөө хулгайчийг бариад авсан. Тэгээд барьж аваад манай хашааны үүдэнд цагдаа нар иртэл хараад зогсож байгаад цагдаа нар ирэхээр нь хүлээлгэж өгөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

Дамно ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 452 дугаартай дүгнэлт,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгснө тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан ба шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Дын гэрт нэвтэрч эд хөрөнгө авсан үйлдэл нууц, далд аргаар үйлдэгдсэн байх ба Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд энэхүү үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй нууц далд хэлбэрээр ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт авах үйлдэл юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай.

 

Шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдлийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хэрэглэх, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн хамгаалалтаас нууцаар бусдын эд хөрөнгүүдийг авсан буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Дын гэрт нэвтрэн орж, 4,011,520 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирол учирч, гэмт хэрэг төгссөн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хүн байнга амьдрах  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч Б.Дын 26 төрлийн эд зүйлсийг нийт 4,011,520 төгрөгөөр үнэлж, хэргийн оролцогч нар хүлээн зөвшөөрч маргаагүй байх ба шүүгдэгч Б.Г нь эд зүйлсийг хохирогчид биет байдлаар өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Р.Машлай эрүүгийн хариуцлагын талаар “... шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн зүйл, хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” тухай дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлагын талаар “...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт Б-ийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гийг хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэрээр хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР