Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/39

 

 

 

 

 

 

Б.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Ганбаяр /онлайн/,

Цагаатгагдсан этгээдийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бямбадаш /онлайн/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/398 дугаар цагаатгах тогтоолтой Б.Мд холбогдох 2034000000437 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

 

Шүүгдэгч Б.М нь Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар баг Зэгэстэй хоолой гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Д.Мөнхтогтохтой адуу хөөлөө гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн нүд рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/398 дугаар цагаатгах тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тугчин овгийн Бямбадашийн Мд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Цагаатгагдсан этгээд Тугчин овгийн Бямбадашийн Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Цагаатгагдсан этгээд Тугчин овгийн Бямбадашийн Маас нийт 1.363.510 /нэг сая гурван зуун жаран гурван мянга таван зуун арав/ төгрөгийг гаргуулж, хохирогч ОГ01290424 дугаарын регистртэй, Хожгор овгийн Дэмбэрэлийн Мөнхтогтоход олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 351.490 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор М.Гансувд давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна", 4 дэх хэсэгт "Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана", 5 дахь хэсэгт "Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгана" гэснийг тус тус зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэжээ.

Учир нь өсвөр насны шүүгдэгч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар баг, Зэгэстэй хоолой гэх газарт Д.Мөнхтогтохтой "адуу хөөлөө" гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн нүд рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь "тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Б.М, Д.Мөнхтогтох нар нь харилцан зодолдсон, Б.М нь өөрийн дүү Б.Энхсайхантай хамтдаа байсан нь нотлогдон тогтоогдсон байхад шүүхээс Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Д.Мөнхтогтох нь өсвөр насны шүүгдэгч Б.Мыг цохисны дараа буюу биед нь халдах үйлдэл хийгдэж, төгссөний дараа Б.М нь Д.Мөнхтогтохыг цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл хийгдсэн байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт хийсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "...Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй" гэж заасныг анхаарч үзэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 398 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, нотлогдвол зохих байдлууд нотлогдсон. Довтолгоо төгссөнөөс хойш үйлдэл хийгдсэн байдаг. Цагаатгасан бол хохирлыг яагаад гаргуулсан нь ойлгомжгүй байна. Хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Ганбаяр гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Бусдын бие махбодид хохирол учруулсан тул хохирол төлбөр гаргуулсан нь үндэслэлтэй. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон цагаатгагдсан этгээдийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бямбадаш гаргасан тайлбартаа: Эсэргүүцлийг буруу гэж үзэж байна. Эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн 2034000000437 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.М нь Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар баг Зэгэстэй хоолой гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Д.Мөнхтогтохтой адуу хөөлөө гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн нүд рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн

хохирогч Д.Мөнхтогтох /хх-ийн 10-12, 13-15 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.М /хх-ийн 18-20 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Энхсайхан 22-24 дүгээр хуудас/, гэрч Ч.Бямбадаш /хх-ийн 25-27 дугаар хуудас/, гэрч Я.Амартөр /хх-ийн 28-30 дугаар хуудас/, гэрч Ч.Лхамжав /хх-ийн 31-32 дугаар хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 33 дугаар хуудас/, иргэний хариуцагч Ч.Бямбадаш /хх-ийн 99-100 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Б.М /хх-ийн 94-95 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 346 дугаартай ...Д.Мөнхтогтохын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 415 дугаартай ...Б.Энхсайханы биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 414 дугаартай ...Б.Мы биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Б.Мөнхтогтохын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, хохирогчийн хохирлын баримт /хх-ийн 72-78 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Мы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 84-89 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.М нь дүү Б.Энхсайханы хамт хохирогч Б.Мөнхтогтохыг адууг нь тууж явж байхад нь очиж яагаад адуу хөөгөөд байгаа юм бэ гэхэд хохирогч Б.Мөнхтогтох нь өөрөө бууж ирэн өсвөр насны шүүгдэгч Б.Мыг заамдаж авахад нь насанд хүрээгүй гэрч Б.Энхсайхан нь болиоч ээ та яагаад байгаа юм бэ гэж салгахаар очиход хохирогч Б.Мөнхтогтох нь хуцаад байгаарай гээд насанд хүрээгүй гэрч Б.Энхсайханы гэдэс хэвлий хэсэг рүү өшиглөж унагаангуут өсвөр насны шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Мөнхтогтохыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт гэж үзэн өсвөр насны шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан хохирогч Д.Мөнхтогтох /хх-ийн 10-12, 13-15 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.М /хх-ийн 18-20 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Энхсайхан 22-24 дүгээр хуудас/, гэрч Ч.Бямбадаш /хх-ийн 25-27 дугаар хуудас/, гэрч Я.Амартөр /хх-ийн 28-30 дугаар хуудас/, гэрч Ч.Лхамжав /хх-ийн 31-32 дугаар хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 33 дугаар хуудас/, иргэний хариуцагч Ч.Бямбадаш /хх-ийн 99-100 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Б.М /хх-ийн 94-95 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 346 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар цагаатгагдсан этгээд Б.М нь хэрэг учрал болох үед буюу Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар баг Зэгэстэй хоолой гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн болон насанд хүрээгүй Б.Энхсайханы амьд явах, халдашгүй байх түүнчлэн бусад эрх, эрх чөлөөний эсрэг хийгдсэн хохирогч Д.Мөнхтогтохын халдлагын эсрэг аргагүй хамгаалалтын  шинжтэй үйлдэл хийсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Мөнхтогтох нь хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, Б.М болон түүний дүү Б.Энхсайхан нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, тэдний амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтолсон нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор цагаатгагдсан этгээд Б.Мы хариу довтолгоо, эсрэг дайралт хийснийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзнэ.

Прокурорын эсэргүүцэлд “...Түүнчлэн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Д.Мөнхтогтох нь өсвөр насны шүүгдэгч Б.Мыг цохисны дараа буюу биед нь халдах үйлдэл хийгдэж, төгссөний дараа Б.М нь Д.Мөнхтогтохыг цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл хийгдсэн” гэсэн нь тогтоогдохгүй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолынхоо тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Б.Мд холбогдох хэргийг цагаатган шийдвэрлэхдээ прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул энэ талаар цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/398 дугаартай цагаатгах тогтоолын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “11.4 дүгээр” гэснийг “11.6 дугаар” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор М.Гансувдын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ