Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 00204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Л.Сүхбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхасранбаатарын Сүхбаатарт холбогдох эрүүгийн 201722000333 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Эх мэргэд овогтой Лхасранбаатарын Сүхбаатар, 1998 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эцэг эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РА98062817 дугаартай.

Шүүгдэгч Л.Сүхбаатар нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 21-18 тоот хашааны гаднаас иргэн Ц.Тэгшжаргалын Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Сүхбаатар нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 21-18 тоот хашааны гаднаас иргэн Ц.Тэгшжаргалын Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ц.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед найз Оросоогийнд очсон. Тэгтэл Оросоо намайг мотоциклио өгч байгаач найз нь 5 дугаар хороонд айлд очоод ирье гээд миний мотоциклийг унаад 10-15 минут орчмын дараа ирсэн. Би тэднийд хөзөр тоглоод сууж байтал эхнэр утасдаад намайг ирж ав гэхээр нь гарах гээд Оросоог түлхүүр хаана байна найз нь явлаа гэхэд гадаа мотоциклийн толгойд байгаа гэсэн. Тэгээд тэднийхээс гараад иртэл хашааны гадаа мотоцикль байхгүй байхаар нь тоглоод байгаа юм уу, мотоцикль байхгүй байна шүү дээ гэхэд Оросоо гүйж гарч ирээд энд л тавьсан шүү дээ гээд заагаад байсан боловч миний мотоцикль байхгүй байсан. ...Мустанг-5 маркийн улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй мотоцикль юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Э.Гантулгын “...Тэгээд гэрийнхээ гадаа толгойг нь түгжилгүй ороод 10 орчим минут болоод гараад ирсэн чинь Тэгшээгийн мотоцикль байхгүй болчихсон байсан. Тэгээд цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Сүхбаатарын “2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр найз Балдандэндэвийн хамт 9 дүгээр хороонд мөнгө зээлэхээр очсон юм. Балдандэндэв эгчийнх рүүгээ ороод гарч ирэхгүй нэлээд удсан. Тэгэхээр нь би дэлгүүр орох гээд явж байтал гудамжинд нэг мотоцикль харагдсан. Яваад очтол руль нь түгжээтэй байхаар нь түрж гудамжны үзүүрт аваачаад кундакторынх нь утсыг салгаад манюлдаж асааж унаад гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод нөгөө мотоциклио хашааныхаа шатны доогуур нуучихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Сүхбаатар нь хохирогч Ц.Тэгшжаргалын  KL09G0286582 арлын дугаартай, тод цэнхэр өнгийн SHINARAY MUSTANG-5 маркийн мотоциклийг хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан тухай 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 37 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Л.Сүхбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Ц.Тэгшжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201722000333 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Эх мэргэд овогт Лхасранбаатарын Сүхбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сүхбаатарыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

      4. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      5. Эрүүгийн 201722000333 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Сүхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ