| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2022/00186/И |
| Дугаар | 147/ШШ2022/00254 |
| Огноо | 2022-06-23 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 147/ШШ2022/00254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын .............. тоотод оршин суух, утасны дугаар ........., .....овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .................. тоотод оршин суух, утасны дугаар ..............., .......... овогт ******* *******,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .............. тоотод оршин суух, утасны дугаар 98519616, ....... овогт ******* ******* нарт холбогдох
Газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ******* /цахимаар/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг
Хариуцагч Ч.*******
Хариуцагч Ш.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.*******, Ш.******* нарт холбогдуулан Газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, Дэнж-ийн ......... тоотод гэр бүлийн хэрэгцээний 0.6 га газартай байсан юм. Энэ хашаанд би бага насаа өнгөрөөсөн, ээжтэйгээ хамт хориод жил амьдарсан. Эвдэрч хэмхэрэхэд өөд нь татаж янзалдаг байсан. Амьдралын эрхээр Дорнод аймаг шилжсэн. 2020 онд миний төрсөн эгч , хүргэн ах ******* нар газрын эзэмшлээ хүү *******ийн нэр дээр шилжүүлчих, газар дээр чинь хүнсний зах барина, дүү нараа ажиллуулна, чамд хувь эзэмшүүлнэ, ашигаа хувааж авна гэж утсаар ярьцгаасан. Олон удаа ярьж ятгасан, зөвшилцсөн. Захиа бичсэн. Ингээд газар дээрээ хүнсний зах барьж, түрээсийн орлогоор би өөрийн гэсэн орон байртай болох, орлогоос хувь, ашиг авах талаар хэлэлцэж тохиролцсон. Харин газар маань өмчлөлийн биш эзэмшлийнх учраас эрх шилжүүлэх итгэмжлэлээр энэхүү болзлыг тавьж баталгаажуулах боломжгүй байсан учраас би өөрийн захиан дээр болзлыг маш тодорхой бичиж явуулсан. ******* ах бүрдүүлэх бичиг баримт, итгэмжлэл хийх талаар надад заавар, зөвлөгөө өгч байсан. Ингээд би ах, эгч нартаа, түүний хүү *******эд итгэж найдсан. Олон жил өвчтэй явсан, хүний асрамжид байгаа төрсөн эгчийгээ бодсон, настай ахынхаа сэтгэлийг бодсон. Хүүгийнх нь нэр дээр газраа шилжүүлэхийг зөвшөөрч, зааврынх нь дагуу нотариатаар итгэмжлэл хийлгэн, газрын гэрчилгээгээ эх хувиар нь өгч явуулсан.
******* нь тухайн үед би танил талынхаа хүрээгээр газрыг чинь өөрийнхөө нэр дээр өмчлөлөөр шилжүүлээд авчихна, барилга байшингаа барьчихна, эзэмшлийн газар учраас танд болохоор өмчлүүлэхгүй гэж ярьж байсан.
Газрын гэрчилгээ, бичиг баримтыг минь авснаас хойш ******* надтай харьцахаа больсон. Барилга байшингаа бариагүй. Хэлсэн амалсандаа хүрэхгүй болзлоо биелүүлэхгүй өдийг хүрлээ. Газраа шилжүүлж авъя гэж ******* ахтай уулзсан, *******тэй удаа дараа утсаар ярьсан, зөвшөөрөөгүй. Сүүлдээ элдвээр хэл амаар доромжилдог болсон. Гэр рүү нь очихоор нуугдчихна. Уулзахгүй зугтаах болсон. Орлогоосоо хувь хүртэнэ, орон байртай болно гэдэгт итгэж, эцэст нь хохирсон. Гэтэл хөрөнгийг минь ямар ч үнэ төлбөргүйгээр өөрийн болгож авчихаад дэндүү хүн чанаргүй авирлаж байгаа тул одоо газраа буцааж авахыг хүсч байна.
Миний *******д олгосон итгэмжлэлийг үндэслэн газрын эзэмшлийг *******эд шилжүүлэх гэрээ хийгдэж, гэрээг үндэслэн Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/645 тоот захирамжаар миний газрыг Ч.*******эд шилжүүлэн 8 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байна.
*******, ******* нар нь хэлэлцэж, тохиролцсон болзлоо биелүүлээгүй намайг хохироосон тул газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний ээж С. нь нэхэмжлэгч С.******* төрсөн хамгийн том эгч нь. Эднийх 7 хүүхэдтэй бөгөөд одоо миний ээж С., дүү , *******, нар нь өдгөө амьд сэрүүн байна. 1990 оны өмч хувьчлалаар ээжийн дүү нь ах дүү бид нарын ягаан, цэнхэр тасалбарыг цуглуулж өөрөө нэмэн хуучнаар Дэнжийн агент гэх жижиг байшинг дүү талийгаач дэмжих зорилгоор хувьчилж худалдан авч өгсөн байдаг. Ингээд С. нь дэлгүүрээ ажиллуулахын тулд энэ хашаанд өөрийн ээж , мөн охин гийн хамт нүүж ирсэн. Түүнээс нэхэмжлэгч С.******* хэлснээр бага насаа өнгөрөөсөн, ээжийнхээ хамт хориод жил амьдарсан гэдэг нь худлаа. Мөн ******* нь 80 хэдэн онд 10-р ангиа төгсөөд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотод уул уурхайн чиглэлээр суралцаж төгсөөд Дорнод аймгийн Адуун чулуу-ны нүүрсний уурхайд ажиллаад тэндээ гэр бүлтэй болж суурьшин амьдарсныг нь манай ах дүү, хамаатан садан бүгд мэднэ. Тийм учир нэхэмжлэгчийн ярьж хэлж байгаагаар тэр Сүхбаатар аймагт бараг байгаагүй, ээж дээрээ ч тоотойхон ирдэг байсан. Ингээд эгч охин даа газар эзэмших гэрчилгээгээ нэр дээр нь шилжүүлж өгсөн. Охин нь нөхөртэй болоод тус жижигхэн байшинд нь амьдардаг болсон. Энэ хүртэл миний эмээ амьд байсан. Пунцаг нь хань ижилгүй болж, архинд ороод өөрийн Дорнод аймаг дахь байр орноо зарж үгүй хийчихсэн гэж би сонссон. Ингээд орох оронгүй подвальд хоноглодог болсон. Пунцаг нь гаас газар эзэмших гэрчилгээг нь авахыг аль эртнээс санаархдаг байсныг миний аав тайлбартаа дурдсан байсан. Харин үүнийг нь би мэдээгүй. гийн нөхөр нь эзэмшлийнхээ газрыг зарж үрэх гэж зар тавьсан байсныг нь би мэдээд ээжийнхээ дүү итгэж түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл Пунцаг нь анхнаасаа өөрийн эзэмшлийн газартай мэт солиорч, мөн зарж үрэн зөвхөн өөртөө ашиглах гэсэн атгаг санааг нь ойлгосны үндсэн дээр аав, ээжтэйгээ ярилцан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Төвд байрлалтай 600 м2 талбай бүхий ашигтай хашаа л даа. Ах дүү нар нь бүгд эрх тэгш ашгийг нь хүртвэл дээр л гэж би боддог. Түүнээс Пунцаг ганцаараа үүнийг ашиглах ямар ч эрх байхгүй. Тэгээд энэ дэлгүүрийг худалдан авахад түүний ямар ч оролцоо байгаагүй. Тийм учраас миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Намайг хүүтэйгээ нийлж эзэмшиж байгаа газрыг нь булааж авсан мэтээр гүтгэснийг зөвшөөрөхгүй. Пунцаг дүү гаас эзэмшиж байсан газрыг амьд сэрүүн байхад нь ахаараа түрий барьж, өөрийн нэр дээр болгуулаад хэдэн жил ямар ч ашиглалтгүй байлгасан. Өөрөө энд амьдарч байгаагүй. Энэ хугацаанд хүргэн нь ээж дүү нарынх нь амьдарч байсан байшинг нураагаад хураачихсан, хашаа газар нь ашиглалтгүй харж хандах хүнгүй эзгүйрсэн, улсад буцаад хураагдахад хүрсэн байхад нь би чи энд ирж газраа ашигла гэсэн. Тэр би Сүхбаатарт амьдрахгүй гэсэн. Тэгвэл энэ газрыг хураалгачихгүйн тулд манай хүү *******ийн нэр дээр шилжүүлбэл хэн хэндээ хэрэгтэй биш үү гэсэн санал тавьсныг Пунцаг өөрөө зөвшөөрч өөрийнхөө газрын эзэмшил шилжүүлэх гэрээн дээр гарын үсэг зурах эрхийг надад олгосон. Би тэр ёсоор нь гарын үсэг зурсан. Үүнээс өөр миний оролцоо огт байхгүй.
Пунцаг багаасаа энэ хашаанд ээжтэйгээ хориод жил амьдарсан гэжээ. Энэ худал. Пунцаг 1982 онд 10-р анги төгсөөд Эрхүүд 5 жил суралцаж ирээд Адуун чулуу-ны уурхайд ажилласан. Энэ дэлгүүрийн байшин, хашааг дүү нь 1989 онд ах дүү нарынхаа бүх ягаан тасалбарыг цуглуулж, бусдаас тасалбар худалдан авах замаар анх хувьчилж авсан. Үүнд манай ам өрхийн 8 хүний ягаан тасалбар орсон. ******* тасалбар гэж юм байгаагүй, ороогүй.
Газар дээр чинь хүнсний зах барина, дүү нараа ажиллуулна, чамд хувь эзэмшүүлнэ, ашигаа хувааж авна гэж ярьж тохирсон мэт бичжээ.
Би тийм санал тавиагүй. Харин өөрөө ингэж ашиглаж болно гэсэн санал хэлж байсан. Өөрт нь болоод манай хүүд тэгж хүнсний зах барьчих бэл бэнчин байхгүй. Энэ зөвхөн мөрөөдөл байсан. Тэгээд ажиллах ажилгүй хүүхэд ч манайд байгаагүй.
Би танил талаараа газрыг чинь өөрийнхөө нэр дээр өмчлөлөөр шилжүүлээд авчихна, барилга байшингаа барьчихна гэж амласан гэжээ. Үүнийг нь би мэдэхгүй. Одоо ч газар нь зөвхөн эзэмших эрхийн гэрчилгээтэй байгаа.
Нэгэнт *******ийн нэр дээр шилжүүлсэн газраа буцааж авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь уул газрыг өөрөө ашиглах гэсэн хэрэг бус бусдад дамлах, өөртөө ашиг унагаах гэсэн далд санаа. Би энэ явдалд анхнаасаа ч оролцоогүй, цаашид ч оролцохгүй. Надад хамааралгүй гэдгийг дахин хэлье гэсэн тайлбар гаргасан.
4. Нэхэмжлэгчээс ............ овогт ******* ******* иргэний үнэмлэхийн хуулбар,
-улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт,
- Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000457921 дугаартай гэрчилгээний хуулбар,
-Хариуцагч Ш.*******оос нэхэмжлэгч *******т бичсэн захидал /итгэмжлэл бичих талаар/
-Хэрээд овогт ******* ******* иргэний үнэмлэхийн хуулбар,
-*******аас Ш.*******д дээрх газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, газрын албанд төлөөлөх зэрэг бүрэн эрх олгосон итгэмжлэлийн хуулбар,
-*******аас Ш.*******д бичсэн захидлын хуулбар,
-Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/645 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс болон Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/645 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн хуулбар, нэгж талбарын 2207070298 дугаартай газрын кадастрын зураг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Ч.*******ийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, Шарга 401 тоот хаягт байрлах нэгж талбарын 2207070298 дугаартай газар эзэмших эрхийн 0000058707 дугаартай гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие энэхүү газар дээр хүнсний зах бариулах, улмаар түрээсийн орлогоос хувь, ашиг авах талаар болзол тавьж хэлцэл хийсэн боловч хариуцагч нар энэ болзлыг биелүүлээгүй тул газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэнэ гэв.
3. Хариуцагч Ч.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Энэхүү маргаж буй газар дээр хүнсний зах барих, түрээсийн орлогоос ашиг хүртэх гэдэг нь ******* өөрийнх нь бодол болохоос хэлцэл биш, бид гэрээ, хэлцэл байгуулаад гарын үсэг зурсан асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Хариуцагч Ш.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Газрын төлбөрийг төлж, эзэмшиж байгаа хүн алга, улсын эзэмшил болох нь. Тиймээс эзэнтэй болгохгүй бол болохгүй байна, *******ийн нэр дээр шилжүүлчихвэл яасан юм бэ? гэсэн саналыг Пунцаг өөрөө хүлээж аваад намайг өөрийг нь төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон. Газар нь одоо ч гэсэн хэвээрээ байж байгаа. Пунцаг ч тэр, хэн нь ч гэсэн үйл ажиллагаа явуулах эрхтэй. ******* нь газрын эзэмшил шилжүүлэх гэрээн дээр гарын үсэг зурах эрхийг надад олгосон. Би тэр ёсоор нь гарын үсэг зурсан. Үүнээс өөр миний оролцоо огт байхгүй.
Газар дээр чинь хүнсний зах барина, дүү нараа ажиллуулна, чамд хувь эзэмшүүлнэ, ашигаа хувааж авна гэж ярьж тохирсон гэж байна.
Би тийм санал тавиагүй. Харин өөрөө ингэж ашиглаж болно гэсэн санал хэлж байсан. Өөрт нь болоод манай хүүд тэгж хүнсний зах барьчих бэл бэнчин байхгүй. Энэ зөвхөн мөрөөдөл байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000457921 дугаартай гэрчилгээний хуулбар, Дорнод аймгийн тойргийн нотариатч Ц.Сарангуагийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 32 минутад үйлдсэн бүртгэлийн 1063 дугаартай Итгэмжлэл, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/645 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн хуулбар, Иргэний газар эзэмших эрхийн 0000058707 дугаартай гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар Сүхбаатар аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/239 тоот захирамжийг үндэслэн Баруун-Урт сумын 7-р баг, Дэнж-ийн 5 тоот хаягт байрлах, 600 /0,06/ м2 /га/ газрыг 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар *******т эзэмшүүлсэн үйл баримт, нэхэмжлэгч *******аас дээрх газрыг эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, газрын албанд төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг Ш.*******д олгосон үйл баримт, С.******* гэр, орон сууцны хашааны зориулалтаар, Баруун-Урт сумын 7-р багийн нутаг дэвсгэр Дэнж-ийн 5 тоотод байрлалтай 2207070298 нэгж талбарын дугаартай, 0,06 га /600м2/ газар эзэмших эрхийг иргэн Ч.*******эд 8 жилийн хугацаагаар шилжүүлэн, 7-р баг, Шарга-401 тоот хаяг олгон эзэмшүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.
6. Талууд нь газар эзэмших эрх шилжүүлэхдээ болзол тавьсан эсэх талаар маргаж байх бөгөөд газар эзэмших эрх шилжүүлсэн үйл баримтын талаар маргахгүй байна.
7. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ:, 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн гэж заасны дагуу нэхэмжлэгч *******, хариуцагч Ч.******* нарын хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хэлцэл байгуулагдсан байх бөгөөд аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/645 тоот захирамжийг үндэслэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ............. тоот хаягт байрлах, нэгж талбарын 2207070298 дугаар бүхий 600м2 газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар Ч.*******эд 8 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж Иргэний газар эзэмших эрхийн 0000058707 дугаартай гэрчилгээ олгожээ.
8. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. гэж зааснаар улсын бүртгэлд бичигдсэн эрх шилжүүлэх тухай тэмдэглэлийг буруу ташаа гэж үзэх үндэслэлгүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... . гэжээ.
10. Нэхэмжлэгч ******* 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бичсэн захидалдаа газар эзэмших эрхийг шилжүүлэх тохиолдолд уг газар дээр хүнсний зах бариулж, түрээсийн орлогоос хувь, ашиг авах гэсэн болзол тавьж хэлцэл байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч уг захидал нь хуульд заасан дээрх шаардлагыг хангахгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
11. Нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.
12. Иймд шүүх нэхэмжлэгч С.******* хариуцагч Ч.*******, Ш.******* нарт холбогдуулан гаргасан газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндлэслэлтэй байна гэж дүгнэлээ.
13. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 43.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас хариуцагч Ч.*******, Ш.******* нарт холбогдуулан гаргасан Газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ...................... Ц.ЭРДЭНЭЗУУ