| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1688/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1942 |
| Огноо | 2025-08-08 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ч.Цэндмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,
Улсын яллагч: Ч.Цэндмаа,
Хохирогч: ***,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505024010795 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 19-с 20-нд шилжих шөнө ***-н автомашины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***ын нүүрэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Ажлын шинэ жил тарсны дараа ***тэй муудалцсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ***, *** руу залгаад дуудсан. *** ирээд шууд миний нүүр рүү цохисон. ***, *** нар намайг нийлж зодсон. Бид нарыг хүмүүс салгахаар нь ***ыг цохисон. Тэгээд би явсан” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “...2024 оны 12 сарын 19-ний өдөр манай ажлын газрын шинэ жил болоод тарах үед энэ асуудал гарсан. Энэ асуудал гарахаас өмнө ***, ***тэй маргалдаж байхыг харсан. Тухайн үедээ архи уусан байсан. Намайг гарч очиход ***, *** нар маргалдсан байдалтай байхаар нь учир зүйг олох гэж ***той ярилцсан байгаа. Эргээд очиход дахин маргалдсан байсан. Тухайн үед цохиулахдаа маш хүчтэй чимээ сонсоод ухаан алдсан. Намайг орхиод явсан байсан. *** намайг харж үлдсэн байсан. *** намайг таксигаар хүргэж өгсөн. Маргааш нь орноосоо босож чадахгүй байхад манай ажлынхаа ирсэн. Би гэмтлээсээ болоод босож чадахгүй байсан. Тэгээд түргэн тусламжийн машинаар гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн байгаа. *** надтай холбогдоогүй. Зурвас бичихийг холбогдсон гэж байх шиг байна. Надаас өнөөдөр л уучлалт гуйж байна. Утсаар ярихаар сонин байдалтай ярьдаг байсан. Надаас зугтдаг байсан. Би ажилдаа ороод өөрөө гуйж байгаад уулзаж ярилцсан. 9.790.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байгаа. Дээрх хохирлыг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагын шинэ жил болоод 23 цагийн үед дууссан. Баярын арга хэмжээ дуусаад бүгд хувцсаа солиод гарцгаасан. Тэгээд *** palace-аас гарч ирээд автомашины зогсоол дээр манай ажлын нэг өрөөний хамтрагч нар болох ***, Г.*** хоёр хоорондоо нэлээн удаан маргалдаж зууралдсан. Тухайн үед би тэр хоёрыг салгаад маргалдахыг нь болиулах гээд тухайн хоёр залууг нэг нэгээр нь холдуулаад өөрсөдтэй нь ярилцаад салгах гэж хичээсэн. Тэгээд салгасны дараа дахиад тэр хоёр маргалдаад байсан. Тэгэхээр нь салгах гээд дундуур нь ороход *** миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд би цохиулснаас болоод дагзаараа саваад уначихсан. Тухайн үед нэлээн хүчтэй унасан. Унаснаас болоод ухаан алдчихсан. Унах үедээ газар дагзаараа мөргөснийг нь сонссон өөр зүйл санахгүй байна. Тэгээд ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэрэхэд тээврийн хэрэгсэл дотор явж байсан. ***намайг гэр рүү хүргэж өгөхөөр явж байсан. Тэгээд би гэр рүүгээ орсон. Гэрт ороход миний толгой дайвалзаад их өвдөлттэй байгаад байсан. Тэгээд би 2-3 удаагийн давтамжтай цусаар их хэмжээгээр бөөлжсөн. Тэгээд маргааш нь буюу 12 дугаар сарын 20-ны өдөр ГССҮТ-д очиж үзүүлсэн. Тэгээд тухайн өдөр үзүүлээд 10-аад хоног гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед намайг цохисон *** гэх хүн надтай огт холбогдоогүй. Би эмнэлэгт хэвтэж гарч ирээд удаан хугацаагаар эмнэлгээр явсан. Тэгээд би 02 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ очоод ***той уулзсан. ***той уулзахад тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан, юу ч санахгүй байна гээд байсан. Тухайн ***той уулзаад эмчилгээний зардал болон ажлаа хийгээгүй сарынхаа цалингийн тооцоогоо гаргаад тухайн хүнээс нийт 12.133.190 /арван хоёр сая нэг зуун гучин гурван мянга зуун ер/ төгрөг нэхэмжилсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад *** манай хадам ээжтэй холбогдоод 800.000 /найман зуун мянга/ төгрөг өгсөн гэсэн, би тэрийг нь сүүлд мэдсэн. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөг миний данс руу *** шилжүүлсэн. Тухайн өдрөөс хойш дахиж огт холбогдоогүй. Би *** руу залган холбогдож үлдэгдэл мөнгөө асуухад би өгч чадахгүй, бараг л чамд мөнгө өгөх албатай биш гэх мэт зүйлс ярьж байсан. Мөн өмнө нь өгсөн мөнгөө надаас нэхсэн. Тэгээд цагдаа шүүхээрээ яваарай, би чамд мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед огт танихгүй биш хамт ажилладаг хүн юм чинь гэж бодоод цагдаагийн байгууллагад хандахгүй явж байсан. Тухайн үед ***той уулзсаны дараа ажлаа хийгээд байж байхад ***ын эгч гэх эмэгтэй надтай холбогдсон. Тухайн хүн надтай холбогдоод яасан их мөнгө нэхдэг юм бэ, хэзээ хүртэл мөнгө нэхэх гээд байгаа юм бэ, би өвчний чинь түүхтэй танилцсан, зүгээр байгаа юм биш үү, өдий зэрэгтээ амьд байгаа чинь их юм гэх мэтээр дарамталсан өнгө аястай яриад байсан. Тухайн хүн би эмч мэргэжилтэй чамтай удахгүй уулзана гэж тэр хүн хэлсэн. Тэгж ярьснаасаа хойш дахиж холбогдохгүй алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 13-18/,
Гэрч Г.Болд-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** palace-д хуучин ажиллаж байсан газар болох Skytel-н шинэ жил болоод би тухайн шинэ жил дээр нь очсон юм. Тэгээд шинэ жил нь 22 цаг 30 минутын үед тараад би гадаа гараад тамхи татаад зогсож байхад *** намайг араас түлхээд унагаасан. Тэгээд тэрнээс болоод маргаан үүссэн бөгөөд *** бид 2 маргалдаад байж байхад *** миний ам руу нэг удаа гараараа цохисон. Тэр үед *** бид хоёрыг салгах гээд голоор орж иртэл *** ***ыг цохих гэж байна гэж ойлгосон уу яасан гараараа шанаа руу нь нэг удаа цохиод унагачихсан *** унахдаа дагзаараа хүчтэй саваад унасан. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ***ын биед учирсан гэмтлийг *** гараараа цохиж учруулсан, *** газарт унахдаа аспалтан дээр дагзаараа нэлээд хүчтэй савж унасан болохоор тэр их нөлөөлсөн байх...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,
Шинжээчийн ЕГ0725/5395 тоот дүгнэлтэд: “...***ын биед хоёр талын чамархай ясны шугаман хугарал, хоёр талын духны дэлбэн дэх тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...” гэжээ. /хх-н 30-31/,
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой баримтууд /хх-н 32-36, 77-88% 91-/, хохирлын баримтууд /хх-н 40-76, 93-117/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 129-142/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 19-с 20-нд шилжих шөнө ***-н автомашины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***ын нүүрэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, гэрч Г.Болд-Эрдний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ хохирогч ***ыг цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.***ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүх хавтас хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж дүгнэн хохирогчийн гаргаж өгсөн 9.790.349 төгрөгийн баримтаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 6.850.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 2.940.349 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.***д олгохоор шийдвэрлэсэн.
Мөн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.*** нь 1.841.160 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас авсан уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар хохирол төлөхөөр ажлын 4 /дөрөв/ хоногийн завсарлага авсан ба эрүүгийн хариуцлагын шүүх хурал эхлэхэд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 3.000.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.841.160 төгрөг тус тус төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч хохирогч Б.*** нь сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй гэсэн тул мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүлийн мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 21.1.-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагджээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шинжилгээний байгууллага ... Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заасан.
Иймд хохирогч сэтгэцийн хор уршиг болон дээрх гэмтэлтэй холбоотой цаашид эмчилгээ хийлгэх, шүүхэд гаргаж өгөөгүй баримтууд байвал тухайн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой тул шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
2.3. Бусад асуудал
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР