Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2022/00684/И |
Дугаар | 148/шш2022/00804 |
Огноо | 2022-11-10 |
Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 148/шш2022/00804
2022 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 148/ШШ2022/00804 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 баг, Орхон 3 хэсэг, 9-4 тоотод оршин суух Сүрэнхор овогт Балдангийн ******* /РД: МЮ60030651/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймгийн Эрүүл мэндийн төвийн байранд оршин суух Боржигин овогт Алтангэрэлийн ******* /РД: МР73102601/-д холбогдох
Газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч А.******* / онлайн /, гэрч Б.******* / онлайн /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... А.******* нь 2020 оны 6 сарын 26, 2020 оны 6 сарын 29, 2020 оны 7 сарын 22-ны өдөр 3 удаа нийт 15,000,000 төгрөгийг 10%-н хүүтэй 2 сарын хугацаатай зээлийн гэрээ хийсэн. Сэлэнгэ аймаг,Сүхбаатар сум, 6-р баг, 1-р хэсэг, 70 тоотын 0117853 гэрчилгээний дугаартай, 151мкв сууц болон 000072647 гэрчилгээний дугаартай, 103мкв газрын хамт барьцаанд тавьж зээл аваад мөнгөө төлөөгүй 1 жил болсон. 2021 оны 6 сарын 22-ны өдөр уг байрны тал болох 75,5мкв байраа надад өгөхөөр тохирч худалдах, худалдан авах гэрээ хийн нотариат болон кадастр мөн татварын албанд татвар төлөн эцэст нь газрын албанд бүх материалаа бүрдүүлж өгсөн боловч А.******* нь маргааш нь очиж бүх материалаа буцаан аван гэрээгээ цуцалсан байдаг. Иймд 2022 оны 2 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж 2022 оны 4 сарын 27-ны өдөр 323 дугаартай шүүгчийн захирамж гарч 75,5мкв байрыг авахаар болсон боловч А.******* нь суллаж өгөхгүй байсан тул ахин шүүхэд хандаж 2022 оны 6 сарын 13-ны албадан гүйцэтгэх захирамжаар суллуулж авсан боловч А.******* нь газрын гэрчилгээгээ өгөхгүй байгаа тул уг байрыг өөрийн нэр дээр болгох боломжгүй байна. А.******* нь очих бүрт согтуу байдаг ба газрын гэрчилгээгээ өгөхгүй өдий болтол намайг хохироож байгаа тул 75,5мкв байрны 62мкв эзэмшлийн газрыг миний нэр дээр шилжүүлж өгнө үү....гэх.
Мөн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 35, 36 дугаар тал/ Нэхэмжлэгч Балдангийн ******* би өөрийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж нэмж тайлбар гаргаж байна. Үүнд: Хариуцагч Алтангэрэлийн ******* нь иргэн ******* надад Сүхбаатар сумын 6-р баг 1-р хэсгийн 70 тоотод байрлах 0117853 гэрчилгээний дугаар бүхий гэрчилгээтэй 151м.кв орон сууцны байшингиийн тал 75,5м.кв байрны доорх 62 м.кв эзэмшил газрын хамт худалдаж худалдан авах гэрээ хийж надад төлбөл зохих өрөндөө худалдаж авсан юм.
Энэ ажиллагаа буюу иргэд хоорондын бичгийн хэлэлцлийн дунд үүссэн маргааны дагуу Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 27-ны 328-р захирамж гарч хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн үндэслэлийг баталснаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон билээ.
Ингээд хуулиар олгогдсон эрхийн дагуу дээрх нэр бүхий үл хөдлөх хөрөнгө болох байр буюу газрыг өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад, А.*******гийн газрын гэрчилгээн дэх 103.0 /0.0103/ м.кв бүхий газраас өөрийн худалдаж авсан 75,5 м.кв байрны доорх 62 м.кв эзэмшлийн газрыг чөлөөлүүлж авах шаардлага гараад байгаа юм.
Энэ дунд А.******* бид 2 үг хэлээ ойлголцохгүй байгаа ба энэ хүн газрын албанд очиж гэрчилгээндээ хасалт хийлгэхгүй байгаа тул шүүхэд хандах болсон юм.
Тэгэхээр Иргэний хуулийн 84.3-д газар түүнээс салшгүй зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх хөрөнгө хамаарна гэж. Газар-үл хөдлөх хөрөнгө болон байшин барилга салахгүй холбоотой болохыг заажээ. Мөн хуулийн 89-р зүйлийн 89.5-д нэг эд хөрөнгийн тодорхой хэсгүүдийг хэд хэдэн этгээд эзэмшиж байгаа бол тус тусдаа өөрт оногдох хэсгийн эзэмшигч байна гэсэн байсан тул хуулинд олгогдсон энэ эрх хөндөгдөж худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх алдагдан хохирч байна. (ИХ-ийн 110-р зүйлийн 110.1)
Мөн Газрын тухай хуулинд иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол шүүхийн журмаар сэргээн тогтооно гэсэн үндэслэлийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан юм.
Нэхэмжлэгч Балдангийн ******* би өөрийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж нэмж тайлбар гаргаж байна. Үүнд:
Хариуцагч А.******* нь 2020 оны 6 сарын 26, 6 сарын 29, 7 сарын 22-нд 3 удаа нийт 13.000.000 төгрөгийг 10-н хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж зээл авч байсан болно.
Жич: 2020 оны 07 сарын 22-нд А.******* нь өөрийн утаснаас надтай холбоо барихад нь би Шаамар суманд айлд машинаа янзлуулж байна гэхэд Батчулууны хамт такси барин ирж мөнгө шалсан. Би үгүй ээ та нар хоорондоо ямар холбоотой юм, хамаатан юм уу гэхэд А.******* нь үгүй ээ хамаатан биш гэж хариулсан. Тэгвэл наад 2 чинь залилан хийгээд байгаа юм биш үү гэхэд А.******* нь манай ах хотод цагдаа, цагдаа ахаасаа би асууж лавласан. Батчулууны хөөцөлдөж байгаа ажил үнэн гэсэн би байраа барьцаалж зээл авч байгаа учраас бүх хариуцлагыг өрөө бүрэн хариуцна тиймээс та мөнгө гаргаад өг гээд шалсаар намайг 3 цаг гаран хүлээж байгаад намайг дагуулан нотариат орж нэмж гэрээ хийн мөнгө авсан. А.******* нь 3 удаа зээлж мөнгө авахдаа өөрийн 5675380690 тоот дансаар шилжүүлэн авсан. Ер нь А.******* нь анхнаасаа надад удаа дараа худлаа ярьж хуурсаар ирсэн.
1. 2021 оны 06 сарын 22-ны өдөр байрныхаа тал /75,5м.кв/-ыг авахаар тохирч худалдах, худалдан авах гэрээ №1419, газар эзэмших, шилжүүлэх гэрээ №1420 байгуулж нотариат, татварын алба, кадастр, газрын албанд материал бүрдүүлж өгсөн боловч А.******* нь надад мэдэгдэлгүй маргааш нь газрын албанд өгсөн байсан бүх материалаа буцаагаад авсан байсан мөртлөө надаар төлүүлсэн 200,000 төгрөгийг хүртэл авсан байсан.
2. 2021 оны 11 сарын 09-ний өдрийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн №473 захирамжаар эвлэрлийн гэрээ байгуулж 2022 оны 01 сарын 31-ний дотор хохирлыг бүрэн барагдуулна гэж эвлэрлийн гэрээ байгуулсан боловч нэг ч удаа мөнгө өгөөгүй учраас 2022 оны 02 сарын 10-ны өдрийн №348 албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гаргуулсан боловч мөн л А.******* нь төлбөр барагдуулаагүй.
3. 2022 оны 04 сарын 27-ны өдрийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн №328 захирамжаар 151м.кв байрны тал болох 75.5м.кв-ыг 2022 оны 06 сарын 01-ний дотор надад шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэвч тохирсон хугацаандаа суллаж өгөөгүй тул 2022 оны 06 сарын 13-ны өдөр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн №1403 албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж уг байрыг суллуулсан.
А.******* нь иймэрхүү маягаар удаа дараа худлаа ярьж, 2 жил гаран намайг хохироож байгаа тул А.*******тай дахин тохиролцох болон тайлбарыг нь хүлээж авахгүй болно. Иймд миний нэр дээр шилжих болсон үл хөдлөх хөрөнгө болох 75,5 м.кв байрны доорх 62м.кв газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгч хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.
Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2020 оны 6 дугаар сард А.*******, *******, Батчулуун нар надаас мөнгө зээлж барьцаанд нь байраа тавьсан. Эхлээд 3,000,000 төгрөг дараа нь 7,000,000 төгрөг авсан. Аль алиныг нь танихгүй учир ах дүү нар гэж бодсон. Тухайн үед ******* манай нөхөр цагдаа байсан нэг жил оруулчихвал тэтгэвэрт гарна. Улаанбаатар хотын цагдаагийн ерөнхий боловсон хүчинтэй тохирсон байгаа хүнд өгнө гээд 10 саяыг авсан. 20 гаран хоногийн дараа 3 сая асуухад нь би тийм юм байхгүй гэсэн. Маргааш нь *******тай ирэхэд нь энэ хүмүүс залилан хийгээд байгаа юм биш үү гэхэд тийм юм байхгүй үнэн гээд нотариат дээр очсон. 2021 онд бид 2 тохиролцсон жилийн дараа би А.*******д хугацаа нь жил болчихлоо анх авахдаа 2, 3 сарын дараа өгнө гэсэн А.******* тохиролцоно гээд байрныхаа талыг танд өгий гээд би сая төгрөг өгөхөөр тохирч нотариат ороод, дараа нь кадастр хийлгэсэн төлбөрийг би гаргасан. Татвар дээр очиж 10,000,000 төгрөгөөр тохиролцож байгаа гээд 2 хувийн хүүг би төлсөн. Маргааш нь над руу залгаад манай хүү 2 сая төгрөгөөр тохиролц гэнээ гэхээр нь би зөвшөөрөөгүй байтал газрын албанаас А.******* очиж гэрчилгээг авсан байсан. Надад өгөхөөр тохирсон байшингийн доод хэсгийн газрын гэрчилгээг авах хүсэлтэй байна, тэр нь 6 дугаар багийн зүүн захад байрлалтай 150 метр кв байрны 75,5 метр кв байрыг би авсан, үүний доод талын хэмжээний 62м2 газрын гэрчилгээ, эзэмшлийн газар байгаа юм. Худалдаж худалдан авах гэрээг албан ёсоор хийсэн. Албан ёсоор цуцлаагүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрээг сайн ойлгоогүй байсан. Гэрээг сайн ойлгоогүй нотариатаар батлуулаад болно гэж бодсон гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 31 дүгээр тал/...Миний бие Алтангэрэл овогтой ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан 6 баг 1 хэсэг, 70 тоотод оршин суугч 2022.04.27-ны шүүхийн тогтоолын дагуу иргэн Б.*******т тус хаягт орших өөрийн өмчийн байшингийнхаа 75 м2 -ыг 2022 оны 06 сарын 01-ний дотор хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан тохиролцсон. Уг шүүхийг даргалагч н.Мөнхзул шүүгч иргэн Б.*******ээс газрыг нь авах эсэхийг асуухад шүүх хуралдаан дээр нийтийн эзэмшлийн шазар тул авахгүй, зөвхөн байшинг авахаар 2 тал гарын үсэг зуран тохиролцсон билээ. Иймд миний бие Б.*******т эзэмшил газрын асуудал яригдаагүй, шүүхийн тогтоолын хүрээнд та миний байшингийн тал болох урьд хэсгийг буулган авах талаар хэлсэн боловч иргэн Б.******* нь эзэмшил газрын асуудлаар шүүхэд хандсан тул уг асуудлыг... хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед иргэн Б.******* ажилгүй орлогогүй гэдэг шалтгаанаар барьцаанд байх хөрөнгө авах санал гаргасныг хүлээн зөвшөөрсөн байсан одоо бол 2022 оны 09 сарын 01-нээс Төв аймгийн Алтанбулаг сумын ЭМТ-д дүн бүртгэгч баг эмчээр ажиллах болсон өрхийн тогтмол орлоготой, 2023 оны 10 сарын 26-нд ахмад настны тэтгэвэрт гарч давхар орлоготой болох тул уг иргэн өгөх 15,415,079.50 төгрөгийг 2024 оны 12 сарын 31 гэхэд барагдуулж дуусгавар болно. Жич: сар бүр 400,000 төгрөгийг Б.*******т 400,000 төгрөгийг өгье...гэжээ.
Тэрээр шүүх хуралдаанд / онлайн / гаргасан тайлбартаа: 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдөр 2,500,000 төгрөгөөр тохиртол бичиг баримтад 500,000 төгрөг шаардлагатай гээд 2,000,000 төгрөг авахаар тохиролцож бичиг баримтаа шилжүүлсэн. Гэтэл 1 сая төгрөг өгнө гэсэн учир би гэрээгээ цуцлаад мөнгийг нь төлье гэтэл мөнгө авахгүй байшинг авна гэсэн. Барьцаанд байхгүй тул би газраа өгөхгүй байшингийн талыг буулгаад аваад яв гэсэн. Би газар өгөхгүй барьцаанд байгаа байраа өгч болно гэж хүлээн зөвшөөрсөн. 75,5 метр кв байшин авна гэсэн гэрээ байгуулж Б.******* өөрөө газрыг авахгүй байшинг авна гэж хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Б.******* мөнгөө төлөөгүй тул гэрээ цуцлагдсан. Газар шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
Гэрч Б.******* шүүх хуралдаанд / онлайн / өгсөн мэдүүлэгтээ: А.*******гийн байшинг барьцаанд тавьж иргэн Б.*******ээс 13,000,000 төгрөг зээлсэн. Төлөх ёстой мөнгөнөөс хэсэгчилж төлсөн. Би Б.*******т сарын 10 хувийн хүүтэйгээр эхний 3 сарын хүү гэж 1,300,000 төгрөгийг төлсөн. 4 дэх сард нь надад мөнгөний боломж байхгүй 2, 3 хоног хэтэрсэн. Гэтэл Б.******* ах алданги боллоо гээд намайг 1,600,000 төгрөг өг гээд би 1,600,000 төгрөгийг гэрт нь аваачиж бэлнээр өгсөн. Газраа барьцаанд тавиагүй байшингаа барьцаанд тавьсан гэж би ойлгосон. Худалдах худалдан авах гэрээ хийтэл Б.******* надад 2,000,000 төгрөг өгнө гэж хэлээд өгөөгүй нь үнэн гэх.
Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******гаас Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 баг, Хайрхан 03-304 тоот байрлах 103 м.кв талбай бүхий газрын тал буюу 62 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбараар ... нэхэмжлэгч нь уг 75,5 м.кв талбай бүхий байшингийн доорх 62 м.кв талбай бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч ... уг 75,5 м.кв байшингаа буулгаад ав гэж зөвшөөрсөн болохоос түүний доорх 62 м.кв газрыг өгөх талаар бид хоёр тохиролцоогүй, дараа нь наймаа буцсан бөгөөд Б.******* 2 сая төгрөг нэмж өгөхгүй гэсэн тул, бид хоёрын дээрх гэрээ цуцлагдсан учир газраа өгөхгүй гэж маргаж байна.
Хавтаст хэргийн 4-5 дугаар талд зохигчийн хооронд байгуулагдсан 2021.06.22-ны өдөр 151 м.кв-с 75.5 м.кв талбай бүхий орон сууцыг 10 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ, мөн оны 06 сарын 22-нд зохигчийн хооронд байгуулагдсан 103 м.кв-с 62 м.кв талбай бүхий гэр, орон сууцны хашааны газрын эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ, хавтаст хэргийн 40-41 дүгээр талд 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 328 дугаартай шүүгчийн захирамжаар А.******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 75,5 м.кв талбай бүхий байшинг нэхэмжлэгч Б.*******т шилжүүлэн өгөхөөр хариуцагчийн зөвшөөрлийг баталсан хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж тус тус авагдсан байна.
Зохигчийн дээрх тайлбар болон хэргийн 4-8 дахь талд авагдсан гэрээ зэрэг баримтуудаас үзэхэд: ... 75.5 м.кв байшин буюу үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 06 сарын 29-нд зээлийн барьцаанд тавьж уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх - 7 тал/ байх бөгөөд талууд дээрх зээлийн гэрээний барьцааны зүйлээ үргэлжлүүлэн 2022 оны 06 сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болгон өөрчилсөн байдал тогтоогдож байна.
Эндээс үзэхэд; Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д; ... аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэх бөгөөд, 84.3-д; газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т; түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж тус тус зохицуулжээ.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д; үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д; үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор тус тус зохицуулсан байна.
Гэтэл зохигчийн хооронд 2022 оны 06 сарын 22-ны өдөр байгуулагдсан / хх 4- 5 тал / үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 103 м.кв газрын тал буюу 62 м.кв газрыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр болсон ба уг гэрээний 6.3-д; Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болж, эрх шилжүүлэгч талын эзэмших эрх дуусгавар болохоор харилцан тохиролцсон хэдий ч Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д; ... улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэхээр заасны дагуу талууд ийнхүү бүртгүүлээгүй нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн буюу хуулиар хуулиар тогтоосон хэлбэрийг /Иргэний хуулийн 110.1/ зөрчсөн бол хэлцэл хүчин төгөлдөр бус болох бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д; ...энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Иймд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар А.*******гаас 62 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар А.*******гаас 62 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН