Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 147/ШШ2022/00001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хорооллын .............. тоот оршин суух, 1973 онд төрсөн, эмэгтэй, РД:........ утасны дугаар:............-тай, ............ овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, ................ тоот хаягт оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, РД:..........., утасны дугаар:.................-тай, ............... овогт ******* *******  холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 9 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар цахимаар хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай харилцан тохиролцож, 2018 оны 8 сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн өвс боогч машин, чирдэг тракторын хамт нийт 35,000,000 төгрөгөөр худалдаж, худалдах, худалдан авах гэрээг байгуулан урьдчилгаа 15,000,000 төгрөгийг авч, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2018 оны 12 сарын 20-ны өдөр гэрээний дагуу авахаар тохиролцсон. Гэтэл ******* нь гэрээний үүргийн дагуу тогтоосон хугацаандаа үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд энэ хугацаанд мөнгөө нэхэж удаа дараа 3 жил орчим, өнөөдрийг хүртэл шаардсан боловч гар утсаа авахгүй, авсан ч мөнгө өгөхгүй, заргалдаад шүүхдээд аваарай гэх мэт зүйл ярьж, доромжилж, заримдаа утсаа авсан ч ярихгүй зугатааж байгаа бөгөөд 2020 оны 9 сард өөрийнх нь гэрийн хаягаар Улаанбаатар хотоос хайж очсон боловч гэртээ ******* нь байхгүй, эхнэр хүүхэд нь гэртээ байсан бөгөөд гэрээний төлбөрөө төлөхийг дамжуулахыг хэлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүрэг биелэгдэхгүй байна.

Иймд *******ас худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч ******* гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд, шүүх хуралдаанд ч гаргасан. Харин түүний өмгөөлөгч нь дүгнэлт хэлэхдээ гэрээг цуцлуулах саналтай гэж байна. Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгох, цуцлах нь гэдэг нь эрх зүйн хувьд өөр, өөр асуудал. Өмгөөлөгч нь гэрээг цуцлуулах асуудал ярьж байгаа бол шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байсан байх. Гэвч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгаа учраас гэрээг цуцлах асуудал яригдахгүй байх гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би*******, гэх улсуудтай хамтран хадлан хадуулж, өвс авах талаар ярилцаад бид анх иргэн Ц.тэй 2017 онд хадлан хадуулж өвс авна гэж харилцан тохиролцож, 36,000,000 орчим төгрөг өгч байсан. Гэтэл техник болон хадсан өвсөө аваад 1 жил орчим алга болж, бид ч түүнийг хайж гэр орноор нь очиж, уулзаж, өвсөө авахаар болсон Ц. нь та нар өвс ачих хүнээ бэлдэж бай одоо асуудалгүй гэхээр нь бид ЗХ-327-р ангиас 12 цэргийг өдрийн 30,000 төгрөгөөр цалинжуулж, ажиллуулахаар болж цэргүүд авчирсан боловч техник эвдэрсэн өвс авах боломжгүй байна гэсэн. Ингээд бид ажлын хөлс болон бусад зардалд 7,500,000 төгрөг зарцуулсан байдаг. Дахин бид 2018 оны 8 сарын 10-ны өдөр өвс боогч машин, чирдэг тракторын хамт 35,000,000 төгрөгөөр авахаар болж худалдах, худалдан авах гэрээ байгуулан барьцаанд байсан техникийг нь 15,000,000 төгрөг төлж авсан. Бид үлдэгдэл 20,000,000 төгрөгөө өгөхийн тулд 2018 оны 8 сарын 20-оор Дорнод аймгийн суманд хадлангийн газар авч, хадлан эхлэхэд техник ажиллахгүй болж ажил зогссон. Бид ч т худалдаж авсан техник чинь ажиллахгүй байна, бидний ажил явахгүй боллоо, гэхэд манай гэдэг ах л янзална гэж хэлээд утасны дугаар өгч, бид ч холбогдож өдрийн 100,000 төгрөгөөр засуулахаар болсон. гэх хүн нь өөрөө нэг залуутай ирж, 3 хоног ухаад би янзалж чадахгүй юм байна гэж хэлээд хөлсөө аваад бид нараар хүргүүлсэн. Бид удаа дараа тэй холбоо барих гээд чадаагүй, арга буюу хажуу хадлангийн хүмүүсийн техникийг ашиглан 1 ширхэг өвсийг 800 төгрөгөөр боолгуулсан. Өөрсдийн боогчгүй болохоор их өвс хадаж чадаагүй. Бид ажилчдын цалин хөлс, хоол унд, түлш, тосны мөнгийг дарахын тулд тухайн техникийг 12,000,000 төгрөгийн барьцаанд гуйж байж тавьсан. Бидний техник мэдэхгүй байдлыг ашиглан нь эвдэрхий эд хөрөнгийн доголдолтой хаман боогч зарсан тул худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож өгнө үү. Мөн гэрээг цуцлах саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 20.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.

            Хариуцагч уг өвс хаман боогч машин гэмтэлтэй эвдэрхий байсан тул шаардлагыг зөвшөөрөхгүй, хүчин төгөлдөр бус гэрээ гэж татгалзжээ.

            Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “LХ-654 маркийн 31126826 хөдөлгүүрийн дугаартай трактор, Star-3060 ногоон өнгийн өвс боогч машиныг худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг трактор, өвс хаман боогчийг 35,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаанд 15,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл  20,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах, худалдан авагч нь төлбөр төлөх хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар алданги тооцохоор талууд харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасан эд хөрөнгө буюу “LХ-654 маркийн 31126826 хөдөлгүүрийн дугаартай трактор, Star-3060 ногоон өнгийн өвс боогч машиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг.  

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т төлбөр төлж дуусгах эцсийн хугацаа 2018 оны 12 сарын 20-ний өдөр гэж тодорхойлсноос дүгнэхэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. 

Иймд нэхэмжлэгч уг шилжүүлсэн эд зүйл болох трактор, өвс хаман боогчны төлбөрийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч уг эд зүйлийг худалдаж авсан талаар маргаагүй бөгөөд худалдан авсан өвс хаман боогч машин нь доголдолтой эвдэрхий техник худалдсанаас хадсан өвсөө боож чадаагүй. Хэдийгээр хуучин техник авсан боловч өвс хадаж, боох боломж бүхий техник байх байсан боловч тухайн шаардлагаа хангаагүй бөгөөд энэ талаар худалдагчид мэдэгдэхэд  гэх хүн засна гэж хэлсний дагуу дуудаж үзүүлэхэд тухайн техникийг засварлаж чадаагүй тул бид ашиглаж чадаагүй. Худалдагчид мэдэгдэхэд гэрээг цуцлахгүй гэж татгалзаж, холбогдохгүй болсон. Ингээд хадлангаас өртэй буусны улмаас эвдэрхий өвс хаман боогчийг бусдад 12,000,000 төгрөгийн барьцаанд тавьж үлдээсэн. Энэ тухайгаа худалдагчид утсаар мэдэгдсэн, мессеж ч бичиж үлдээсэн. Уг техник одоо барьцаанд байгаа, гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тайлбарлажээ.

Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан гэрч ын шүүхэд өгсөн: ”..Миний бие сүүлийн 6-7 жилийн турш гэх хүний хамтаар хадланд гардаг байсан. 2018 онд ах ******* хүнээс өвс боогч машин, чирдэг тракторын хамт худалдан авсан. Ахдаа туслаад өгөөч гэсний дагуу ахын хадланд гарсан. Хадланд очиход Стар 30-60 маркийн өвс боогч машин, 654 маркийн чирдэг трактор хоёр байсан. Хадлангийн ажил эхлээд техникүүдийг хэрэглэх гэтэл өвс боогч машин огт ажиллаагүй. Чирдэг трактор бол ажиллаж байсан. Уг машины хоёр зүү хугархай, оёдлын машин нь гагнаас ихтэй, задлах нөхцөлгүй, их олон хүний гар дамжсан техник байсан. Миний бие олон жил хадланд гарсан хүний хувьд тухайн техникүүдийг засчих хэмжээний мэдлэгтэй. Улиастайгаас хоёр зүү захиж авчруулсан боловч зүү нь таараагүй, засаж чадаагүй. Тухайн боогч машины мяндсаа зангидаж боодог оёдлын машин нь засагдах боломжгүй байсан. /машинаар ярихад мотор нь гэсэн үг/ Сэлбэгийг нь захья гэхээр монголоос олдохгүй байсан. Хятадаас захья гэхээр дор хаяж 45 хоногийн хугацаа орох байсан учраас боломжгүй байсан. Тухайн техник ажиллаагүй учраас хажуу хадлангийн өвс боогч машиныг авч, бага зэргийн талбайг хадсан. Уг машиныг засуулахаар Эрдэнэцагаан сумаас , Цолмон гэх хүмүүсийг дуудаж үзүүлсэн боловч засаж чадаагүй буцсан” гэж,

Гэрч : “..тухайн техникүүд ажиллахгүй байсан. Тракторын диск нь эвдэрхий байсан. Өвс хаман боогч машин огт ажиллаагүй” гэж,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан гэрч Ч.ын “..2017 онд нэхэмжлэгч Б.******* хадланд гарч байсан. Би 2018 онд Д. ******* зарагдсан техникүүдийг хүлээлгэн өгч байсан. Тэр техникүүд нь шинэ биш ч гэсэн ажилладаг техникүүд байсан. Хашаанаас гарахад техникүүд бүрэн бүтэн трактор асч байсан. 2018 оны 9 сард байхаа, над руу залгаад зарагдсан өвс хаман боогч ажиллахгүй байна гэнэ, очоод үзээд өг гэсэн. Би Хөөтийн хадланд очиход өвс хаман боогч ажиллахгүй байсан. Боогч нь нэг талаа боогоод нэг талаа боохгүй байсан. Би нэг хоноод янзалж чадахгүй буцсан. Боогчийн ерөнхий тохиргоо алдагдсаны улмаас хоёр зүүгээ хугалаад гагнасан байсан. Тухайн техник миний хүлээлгэн өгсөн техник мөн байсан гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Д.******* худалдсан трактор хэвийн ажиллагаатай, өвс хаман боогч нь эвдэрхий, доголдолтой эд хөрөнгө байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Гэвч эд хөрөнгийн доголдлыг эрсдэл шилжих үе буюу өөрийн эзэмшилд уг эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш  нэг сарын дотор худалдан авагч мэдсэн мөртлөө уг доголдлыг арилгуулахаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254,6-д “..худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлага гаргах эрхтэй гэж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254,1-д “..худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж заасны дагуу хариуцагч дээрх шаардлагуудыг шүүхэд гаргаагүй бөгөөд өмгөөлөгчийн дүгнэлтдээ дурдсан гэрээг цуцлуулах саналтай гэснийг хариуцагчийн зүгээс шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин гэрээг хүчин төгөлдөр бус гэж хариуцагчийн тайлбарт дурдсаны тухайд дээрх худалдах худалдан авах гэрээ нь талуудын хүсэл сонирхлын үндсэн дээр хийгдсэн, худалдах, худалдах авах гэрээний ерөнхий нөхцлийг тохирсон хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үнэлсэн бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн худалдагчийн тухайд уг зөрчлийг арилгуулахаар шаардах эрх нь хуулиар худалдан авагчид олгогдсон бөгөөд энэ эрхээ хариуцагч эдлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254,7-д “..эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж зааснаар уг өвс хаман боогч 2018 оны 8 сарын 10-ны үед ажиллахгүй байсан нь уг техник зарагдах үедээ гэмтэлтэй байсан гэж шүүх үзэхээр байна. Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл уг асуудлаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг шүүх гаргуулах үндэслэл тогтоогдож байна. Харин алдангийн тухайд тухайн техник зарагдах үедээ гэмтэлтэй байсан байна гэж шүүх үзээд алдангийг гаргуулах боломжгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******ас 20.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.БОЛОРМАА