2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1868

 

 

 

 

 

 

 

2025       08         01                                    2025/ШЦТ/1868

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, *** овогт С-ийн Мт холбогдох эрүүгийн 2403 00681 0883 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, **************** тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,        

***** овогт С-гийн М /регистрийн дугаар: **********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч С.М нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ******н гудамж, ***** дэлгүүрийн хойд замд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 08 цагийн орчимд Тoyota Prius маркийн ****УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Э.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Мыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2403 00681 0883 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дахь тал/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дэх тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дахь тал/,

Хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 19, 22 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн ослын талаар албан бичиг ирсэн өдөр мэдсэн. ...Жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай байгууллагын зүгээс тээврийн хэрэгслийн жолоочийн гаргасан хариуцлагыг хүлээхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 38 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11476 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-68 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажавын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1656 дугаартай Магадлагаа /хх-ийн 72 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92-93, 99-104-р хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн 2403 00681 0883 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч А.Марал: “...С.М нь Баянзүрх дүүргийн *** дугаар хороо ****** гудамж, **** дэлгүүрийн хойд замд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 08 цагийн орчимд Тoyota Prius маркийн ****УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С.Мыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч С.М: “...Би “ЮБК” компанид жолоочоор ажилладаг. 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр дуудлага аван гэрлэн дохионы зүг явж байтал  таксинд суусан эмэгтэй “Би цирк явна, та эргэж болох уу” хэмээн хэлсэн. Би тухайн үед 3 дугаар эгнээнд байсан ба эргэх үйлдэл хийх явцад хохирогчийг мөргөсөн. Тухайн үед нүдний буланд юм харагдах үед би хөдөлгөөнөө шууд зогсоосон. Тухайн замын хувьд гэрлэн дохио дээр бүтэн эргэх боломж байдаггүй.

Би Э.Мын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна. Хэрэг болсон өдөр би хохирогчийг улсын болон хувийн эмнэлгүүдэд үзүүлсэн. Миний дүрэм зөрчсөн сэдэл, эгнээ байр буруу эзэлсэн үйлдэлд би санал нийлж байна. Би жолоочийн ажил хийдэг. Цагдаа 02 дугаар сард миний бичиг баримтыг хураасан 10 дугаар сард буцааж өгсөн. Тухайн үйлдэл нь надад шийтгэл болсон байх хэмээн бодож байна...” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шинжлэн судалсан: Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл,

Хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 08 цагийн орчимд ертөнцийн зүгээр зуун айлаас сансар тал руу буюу баруун зүүн чиглэлтэй зорчих хэсгийн голын цагаан зураас дагаад явж байсан. Тэгээд дээшээ эргэж ажил руу явдаг учраас хойшоо буюу зүүн гар тал руу эргэх гээд явж байсан чинь хажуу талаас буюу баруун талаас нэг машин огцом эргэх үйлдэл хийгээд тэгээд би мөргөлдсөн. Тухайн жолооч такси ах хүн цирк рүү буцаад эргэчих гэхээр нь ах буцаж эргэх гээд гэнэт эргэчихлээ гэсэн. Тэгээд нөгөө хүнээ замын голд буулгаад явуулсан...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №11476 дугаартай “...Э.Мын биед баруун алганы 4-р шивнүүрийн далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн шуу, зүүн сарвууны 2, 3-р хуруу, баруун, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Бямбажавын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1656 дугаартай “...Унадаг дугуйтай зорчигч Э.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно. Жолооч С.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж,  хөдөлгөөн эдлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэснийг зөрчсөн нь тогтоогдож байна...” гэх магадалгаа,

Жолооч С.Мын жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар С.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдсон, түүний үйлдэл мөн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.

 

Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тэрээр ****УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн “хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж, хүний эрүүл мэндэд хохирол учирсан зам тээврийн осол гарчээ.

 

Жолоодох эрхийн лавлагаагаар С.М нь 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр №762363 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй байх ба тэрээр ****УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэсэн хуулийн нэр томьёоны дагуу түүнийг жолооч гэж үзнэ.

 

Жолооч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг дагаж мөрдөх нь түүний үүрэг юм.

 

Жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй талаарх магадалгаа гаргасан Ганхуяг овогтой Бямбажав нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Авто инженер” хөтөлбөрийн модулын “С” зэрэглэлийн 60 цагийн сургалтад хамрагдаж, замын хөдөлгөөний зохион байгуулалт, автомашины хөдөлгөөний онол зэргийг эзэмшиж Сертификат авчээ.

 

Тэрээр зам тээврийн осол гаргасан С.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан гэсэн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасантай нийцсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Тодруулбал, шинжээч Р.Мөнхбаяр, Б.Баттулга, Г.Басбиш нарын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Toyota Pruis маркийн ****УАМ улсын дугаартай тээврийн  хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 11.2 Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтлана” гэсэн болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт,

1.3 Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ.

1.3 Үргэлжилсэн хос шугам-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана,

1.4 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болох нь ослын газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэгээс тодорхой байна...” гэх дүгнэлтээр Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Бямбажавын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1656 дугаартай магадлал хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Үүнд: Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтээр Осол гарсан зам нь нийт 21.0 метр өргөнтэй хоёр эгнээ, нэг талын зорчих эсэх 3 эгнээ 10.2 метр өргөнтэй зам байх ба Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ****УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 08:56:19 цагт нэгдүгээр эгнээн дээр зогсон байдалтай... 08:56:35 цагт замын 3 дугаар эгнээ өнгөрч А цэг болох Үргэлжилсэн хос шугам дээр дугуйтай зорчигчийг мөргөж зогсон байдалтай байсныг бэхжүүлсэн, тэмдэглэл, камерын бичлэг болон хохирогч Э.Мын “... нэг машин  огцом эргэх үйлдэл хийгээд мөргөлдсөн... тухайн жолооч такси хүн цирк руу буцаад эргэчих гэхээр нь буцаж эргэх гээд гэнэт эргэчихлээ гэсэн...” гэх мэдүүлгээр давхар нотлогдсон.

 

 Тодотгох, шүүгдэгч С.М нь хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэхдээ аюул, ослыг үүсгэсэн буюу нэгдүгээр эгнээд зогсож, улмаар хөдөлгөөн эхлэхдээ “зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож” яваагүй, бусад зорчих тээврийн хэрэгслийг үл харгалзан шууд 3 дугаар эгнээ рүү богино хугацаанд /08:56:19 цагаас 08:56:35 цагийн хооронд/ орж Үргэлжилсэн хос шугам давах үйлдэл хийж зам тээврийн осол гарах үндсэн шалтгааныг бий болгожээ.

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр /болгоомжгүйгээр/ халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

 

Иймд шүүгдэгч С.М нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчоогүй, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1, 11.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан, хохирогч Э.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч С.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй тул түүнийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, анхаарал болгоомжгүй оролцсоноос гэмт хэрэг гарсан байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.М нь хохирол төлбөртэй холбоотой 1,163,000 төгрөгийг баримт гаргаж нэхэмжилснээс шүүгдэгч С.М нь 375,800 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 787,200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Мын сэтгэцэд гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр хор уршиг учирсан эсэхэд баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тэрээр иргэний журмаар сэтгэцэд учирсан хор уршигийн талаарх баримтаа болон хэрэгт хавсаргаснаас бусад, цаашид хийлгэх эмчилгээний баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэхэд хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,

“Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж заасан.

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.М энэ хэргийн улмаас тусламж үйлчилгээ авсан 246,300 төгрөгийг шүүгдэгч С.Маас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулав.

 

Шүүгдэгч С.М нь хохирол, иргэний нэхэмжлэлийг төлөх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах талаар хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч А.Марал: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай...” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.М: “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нь надад хүндрэлтэй байна. Одоогийн байдлаар би ажилд ороогүй байна. Прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналтай санал нийлэхгүй байна. Би дүрэм зөрчсөн хэдий ч хохирогч Э.М мөн адил дүрэм зөрчсөн. Шүүгч өмнө болсон хуралд мөргөсөн талаар тогтооно хэмээн хэлсэн. Э.М нь тухайн үед хурд сааруулагч дарсан шинжгүй байсан...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

            Шүүгдэгч С.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан, шүүгдэгч С.Мын хувийн байдал болон гэмт хэргийн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Бусад асуудлаар

Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт С-ийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун дөч /240/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Хохирогч Э.М нь гэмт хэргийн улмаас хэрэгт хавсаргаснаас бусад эмчилгээ хийлгэсэн баримт болон цаашид гарах эмчилгээний баримт, сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх баримтаа тус тус бүрдүүлэн гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч С.Маас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.Мын энэ хэргийн улмаас тусламж үйлчилгээ авсан 246,300 төгрөгийг шүүгдэгч С.Маас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, мөн түүнээс 787,200 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Мт тус тус олгуулсугай.

 

8. Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ОТГОНБААТАР