Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 147/ШШ2022/00084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг,................ тоот хаягт оршин суух, 1993 онд төрсөн, эрэгтэй, /РД:.............., утасны дугаар:................./-тай ................ овогт Адъяагийн Отгонбаатар

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1-р баг, “Таван хашаат” гэх газар нутаглах, 1979 онд төрсөн, эрэгтэй, /РД:.............../ утасны дугаар:.......................-тай, ................ овогт Жадамбын Баттөрд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 42 толгой бог мал буюу 3,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

 Нэхэмжлэгч: А.Отгонбаяр

 Хариуцагч: Ж.Баттөр

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмар нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч А.Отгонбаяр нь хариуцагч Ж.Баттөрд холбогдуулан 42 толгой бог мал буюу 3,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Би 2017 оноос эхлэн Амарбаатар гэх хүний малыг 2 жил маллаж, малчнаар нь ажилласан. Манайх Баттөрийнхтэй ойрхон голын баруун, зүүн талаар нутагладаг байсан. 2019 оны 5 сарын эхээр Баттөрийн мал тасарч манай малд ирж нийлсэн. Нийлсэн мал нь 38 толгой мал байсан. Би 30 тооны малыг ялгаж, Жанчив гэдэг айлын малд аваачиж тавьсан. 8 толгой малыг үлдээсэн. Баттөрийн малчин ирээд 8 толгой малаа аваад явсан. Баттөр Жанчивын малыг шүүж миний тавьсан 30 малыг таньж, авсан байсан. Баттөр нь эргэж ирээд манай малаас нийт 72 тооны мал дутсан чи л авсан, одоо үлдэгдэл 42 толгой малыг төл, төлчих юм бол ахдаа хэлээд чамд гомдолгүй гэж хэргээс чинь салгана гэж хэлсэн. Би өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдээд ялтай байсан тул айгаад 42 толгой малыг өөрийнхөө малаас барьж өгсөн. Энэ асуудлаар шалгагдаж эрүүгийн хэрэг үүсэж, шүүхийн шатанд 72 толгой малаас 42 тооны мал хулгайлсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гээд шүүх 42 хонь хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Хүний мал хулгайлсан гэх хэрэгтээ ял эдлээд ирсэн. Баттөр нь цагдаа ахаараа айлган сүрдүүлж, манай малд ирж нийлээгүй 42 толгой малыг илүү төлүүлж намайг хохироосон гэв.

 2. Хариуцагч Ж.Баттөр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн А.Отгонбаярын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 2019 оны 05 сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг “Харгилтайн гол” гэх газар хаваржиж байгаад 72 тооны малаа хулгайд алдсан тул тус сумын Цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. Миний гаргасан өргөдлийг цагдаа шалгаад уг хэргийг үйлдсэн хүмүүсийг олж тогтоон, хэрэг бүртгэлийн шатанд иргэн миний хохирлыг хэргийн холбогдогч нараар төлүүлсэн нь үнэн . Уг хэргийг үйлдсэн этгээд хохирлоо төлсөн бөгөөд өөрийн хийсэн хэргээ хүлээсэн боловч шүүхээр шийдүүлж, ял авсан.  /тэнсэн харгалзах ялтай үедээ дахин хулгай хийсэн./ Би 72 тооны малаа алдсан үлдсэн 42 тооны хонийг чи л авсан гэхэд өөрөө л үдийн хойно манайд буцаж, ирээд уйлан дуулаад төлсөн. Иймд 42 толгой малыг буцаан төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 2/361 тоот тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн Засаг даргын 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 834 тоот тодорхойлолт, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 198 тоот шийтгэх тогтоол, “Линзийн өгөөж” ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн.

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Д.Адъяагаас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.Отгонбаяр нь хариуцагч Ж.Баттөрөөс гэмт хэргийн хохиролд илүү төлсөн 42 тооны мал буюу малын үнэ 3,370,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

2.1. 2019 оны 5 сарын эхээр Баттөрийн мал тасарч манай малд нийлсэн. Ж.Баттөр нийлсэн малаа бүгдийг нь буцаан авсан. Гэсэн хэдий ч Баттөр нь буцаж ирээд манай малаас 72 толгой мал дутсан. Чи л авсан. Одоо үлдэгдэл 42 толгой малыг төлчих юм бол цагдаа ахдаа хэлээд, чамд гомдолгүй гэж хэлээд ялаас чинь салгана гэсэн. Би өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдээд ялтай байсан болохоор айгаад хэлснээр нь 42 толгой малыг өөрийнхөө малаас барьж өгсөн. Шийтгэх тогтоолоор намайг Ж.Баттөрийн 30 тооны бог малыг хулгайлсан болохыг тогтоож ял оногдуулсныг биечлэн эдэлсэн. 42 тооны малыг хулгайлсан гэх үйлдэл нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр уг үйлдлийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд илүү төлсөн 42 толгой мал /хургатай эм хонь 9х140,000=1,260,000 төгрөг, борлон 11х70,000=770,000 төгрөг, төлөг 11х100,000 төгрөг=1,100,000 төгрөг, сувай эм хонь 2х120,000=240,000 төгрөг/-ыг буюу малын үнэнд 3,370,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч Ж.Баттөр нь миний малыг хулгайлж, учруулсан хохирлоо л төлсөн. Иймд 42 толгой малыг буцаан өгөх үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.

4. Нэхэмжлэгч А.Отгонбаяр нь мал хулгайлах гэмт хэргийн улмаас эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцдаа Ж.Баттөрийн 72 тооны бог малыг хулгайлсан гэж 72 толгой малыг Ж.Баттөрд хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. Уг хэргийг 2019 оны 11 сарын 13-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ 72 толгой мал хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 42 тооны бог малыг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 30 толгой бог малыг хулгайлсан үйлдэлд нь ял шийтгэсэн болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,4-т “..шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зааснаар тус шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй бөгөөд тус гэмт хэргийн хохиролд А.Отгонбаяр нь 42 тооны бог малыг илүү төлсөн байна.

6. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар өөрийн өмчлөлийн 42 тооны бог малыг хариуцагчаас шаардах эрхтэй.

7. Тодруулбал, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч дурдсан гэмт хэрэгт холбогдсоноор түүний шаардсан 42 толгой бог малыг өөрийн хониноос өгч барагдуулсан ба тус үйлдэл нь хэрэгсэхгүй болсон болох нь маргаангүй байх тул үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр өөрийн хөрөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй юм.

8. Иймд нэхэмжлэгчийн шаардсан 42 толгой мал буюу 3,370,000 төгрөгийн шаардлагаас тус малыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Линзийн-Өгөөж ХХК-ийн үнэлгээг үндэслэн эм хонь 11х101,000=1,111,000 төгрөг, хурга 9х69,000=621,000 төгрөг, төлөг 11х 80,800=888,800 төгрөг, борлон 11х65,066,67=715,733 төгрөг, нийт 3,336,533 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,467 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493,6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Баттөрөөс 42 толгой бог мал /хургатай эм хонь 11 тооны, хурга 9 тооны, борлон 11 тооны, төлөг 11 тооны/-ыг буюу 3,336,533 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Отгонбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,467 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А.Отгонбаяр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Баттөрөөс 68,334 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.БОЛОРМАА