Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/40

 

 

 

 

 

Э.Жт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхдаваа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнхтулга /онлайн/,

Яллагдагч Э.Ж /онлайн/,

Яллагдагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг /онлайн/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/1140 дүгээр шүүгчийн захирамжтай Э.Жт холбогдох 2034005350528 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Э.Ж нь Төв аймийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан хөтөл" гэх газар 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ниссан Тида маркийн 14-98 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.4 дүгээр зүйл "Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно.", 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг тус тус зөрчин эсрэг урсгалд орж С.Энхмөрөнгийн жолоодож явсан Тоёота Хайлюкс маркийн 97-77 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.Хорлоогийн эрүүл мэндэд хүнд, насанд хүрээгүй А.Гарьдын эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Цэвээнгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр, Р.Цэцэгчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй С.Энхдусал, С.Энхдалай нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/1140 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Галдан Энхбатын Жт холбогдох эрүүгийн 2034005350528 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэг Прокурорын газар очтол яллагдагч Э.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор А.Азжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулж, хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцаасан байна. Үүнд:

1. Хэрэгт Төв аймгийн Цагдаагийн газрын Баянхангай сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мэнд-Амарын гаргасан магадлагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, жолооч С.Энхмөрөнг ямар учраас Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзсэнээ тайлбарлаагүй магадлагаа гаргасан нь учир дутагдалтай байна гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т "мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй", мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус заасныг зөрчсөн, прокурор хянавал зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан асуудлуудыг хянаагүй гэжээ.

Шүүгчийн захирамжийн дээрх заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэсэн заалтыг зөрчсөн.

Учир нь хохирогч С.Энхмөрөнгийн тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэн олон тооны зорчигч тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогддог боловч дээрх зөрчлийн улмаас уг зам тээврийн осол гарахад шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй, харин яллагдагч Э.Жын жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон эсрэг урсгалд орсны улмаас зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт цугларсан үйл баримтуудаар тогтоогдож, мөрдөгч магадлагаа гаргасан. Хохирогч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудал нь тусдаа зөрчлийн тухай хуулиар шийдэгдэх асуудал.

2. Шүүх "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэсэн заалтыг тус тус хэрэгжүүлээгүй гэжээ.

Гэтэл хэргийн бодит байдлыг буюу гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, шалтгаант холбоог бүрэн тогтоосон, мөн яллагдагчийн цагаатгах, болон яллах талын бүхий л баримтыг тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдсон болно.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/1140 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон прокурор Б.Мөнхтулга гаргасан дүгнэлтдээ: Э.Жт холбогдох хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдоогүй. Хохирогч нь даац хэтрүүлсэн, зогсоох арга хэмжээ аваагүй, зорчигчдыг хамгаалах бүсийг нь бүслүүлээгүй тээвэрлэсэн, өөрөө хөл нь гипстэй машин жолоодож явсан байдаг. Мөн машины үнэлгээг үндэслэлгүй тогтоосон. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Жт холбогдох эрүүгийн 2034005350528 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлэг явуулан яллагдагч Э.Жт холбогдох хэргийг прокурорт буцаах тухай 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/1140 дүгээр шүүгчийн захирамж гаргажээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдээс  “1. С.Энхмөрөн нь зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан атал зогсоох арга хэмжээ аваагүй нь Замын хөдөлгөөний дүрмийн 23.9 дэх заалт,

2. Даац хэтрүүлж, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 12.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн” гэсэн хүсэлтүүдийг хүлээн авчээ.

Шүүгчийн захирамжид өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийн 2 дахь хүсэлтийн талаар “...мөрдөгчийн гаргасан магадлагаа нь жолооч С.Энхмөрөнг ямар учраас Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзсэнээ тайлбарлаагүй, магадлагаандаа гэрч, хохирогч нарын дээрх мэдүүлгийг тусгалгүй магадлагаа гаргасан нь учир дутагдалтай болсон байна “ гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх мөрдөгчийн магадлагааг учир дутагдалтай болсон гэж дүгнэлт хийсэн байх боловч шүүгчийн захирамжид яллагдагч Э.Жт холбогдох хэргийг прокурорт буцааж мөрдөгчийн магадлагааг дахин гаргуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах эсэхийг тодорхой заагаагүй орхигдуулсан нь тодорхой бус болсон өөрөөр хэлбэл хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх нь ойлгомжгүй болжээ.

Мөн “1. С.Энхмөрөн нь зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан атал зогсоох арга хэмжээ аваагүй нь ЗХДүрмийн 23.9 дэх заалт зөрчсөн” гэх өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хангав гэсэн атлаа ямар үндэслэлээр хүлээн авсан талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан, энэ талаар цаашид ямар ажиллагаа хийлгэх талаар тодорхой заагаагүй байна.

Дээрхээс дүгнэж үзвэл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгон яллагдагч Э.Жт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/1140 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, яллагдагч Э.Жт холбогдох эрүүгийн 2034005350528 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч Э.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурор А.Азжаргалын гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХДАВАА

 

    ШҮҮГЧИД                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ